Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/07-2

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдолдоо:

“******* *******” ХХК гэмт хэрэг үйлдээгүй талаар болон шүүхийн шийтгэх тогтоолыг няцаах үндэслэлүүдийн тухайд:

“******* *******” ХХК-ийг ... байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672 652 394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг нотлох хангалттай баримт байхгүй. “******* *******” ХХК-ийг буруутгаж байгаа үндэслэлүүд бүрэн няцаагдаж байгаа, мөн шүүхээс өмгөөлөгчдийн болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан тайлбар, баримт, үндэслэлүүдийг няцаан үгүйсгээгүй, энэ талаар тогтоолд тусгаагүй болно. Үүнд:

 

Нэг. Хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ зэрэг бодисоор бохирлогдсон ус санаатай хаясан үйлдэл байхгүй, гэмт хэргийн субъектив талын шинж байхгүй тухайд:

Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан “Байгаль орчныг бохирдуулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь материаллаг бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “******* *******” ХХК-ийг ... хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох  хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас ... байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672 652 394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон гэж үзжээ.

“******* *******” ХХК-ийг химийн аюултай, хортой хог хаягдлыг газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсний улмаас их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдээгүй, шүүх ч тэгж дүгнэж тогтоол гаргаагүй байна. Харин ... байгаль орчинд нийтдээ 672 652 394 төгрөгийн их хэмжээний хохирол учирсан үйл явдал буюу хууль зүйн фактад “******* *******” ХХК-ийг гэм буруутайд тооцсон.

“******* *******” ХХК-ийн холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч байгаа бол /энэ нь нотлогдоогүй/, энэ нөхцөл байдлыг химийн аюултай, хортой хог хаягдлыг газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт хаяж байгаа санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Нөгөөтэйгүүр “хаягдах" болон “хаях” гэдэг хоёр үг нь хоорондоо утгын хувьд ялгаатай бөгөөд аливаа зүйл хаягдахад хүний ухамсарт үйлдэл оролцоо байдаггүй ба харин аливаа эд зүйлийг хаяхад хүний ухамсарт үйлдэл оролцоо, санаа зорилго заавал байдаг.

... Гэтэл шүүх ч, прокурор ч аливаа хүн өөрийн санаа зорилго, ухамсарт үйлдэл буюу “химийн аюултай, хортой хог хаягдлыг хаясан" гэх шинжийг “бохирлогдсон ус шүүрч хаягдсан" гэх хэн нэгний хүсэл, санаа зорилгоос үл хамаарах байдлаар явагдсан хууль зүйн факттай адилтган, Эрүүгийн хуульд тусгайлан заагдаагүй үйлдэл, эс үйлдэхүйгээр буруутган яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх алдаа болно.

Хоёр. Хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй, хууль буцаан хэрэглэх журмыг зөрчиж яллагдагчаар татсан талаар:

Эрүүгийн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан хэрэг нь тодорхой сэдэл санаатай, зорилго чиглэлтэй үйлдэгддэг. “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэж тухайн бодисыг хориглосон газар хаяж, хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл мөхөлд хүргэх нөхцөл бүрдүүлэх үйлдэл хийх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх, химийн хорт, аюултай бодис, хортой хог хаягдлыг зориулалтын газар төлбөр төлж устгуулах, саармагжуулах зардлыг хэмнэх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэнийг ойлгоно.

Уг хэргийг үйлдэхдээ тухайн аж ахуйн нэгж өөртөө эдийн болон эдийн бус ямар нэг давуу тал, ашиг хонжоо бодож, үйлдлээ ашигтай гэж тооцож хэрэгжүүлдэг. Гэтэл “******* *******” ХХК нь тухайн үйлдлийг эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болно гэж тооцож, дээр дурдсан зорилго сэдлээр хэрэгжүүлсэн, хаягдлын далангаас бохирлогдсон ус шүүрэх, нэвчих талаар урьдчилан мэдсэн, хүсч үйлдсэн зүйлгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаагаар нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй.

Хууль буцаан хэрэглэх журам зөрчигдсөн талаар:

... 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн Есдүгээр бүлгээр хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг иж бүрэн хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 31 гэмт хэрэгт хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр байгаа болно.

...“******* *******” ХХК-ийн Улааны холимог металын уурхайд цахилгааны саатал гарч хаягдлын далангийн ус хальж тодорхой газарт урссан үйл баримтад холбогдох хэрэг Уурхайн хаягдлын далангийн засвар шинэчлэлийн ажлыг тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий гүйцэтгэгч “Зост газар” ХХК, Хятадын “Өнгөт металл боловсруулах дөрөвдүгээр констракшн” ХХК, “Усны инженерингийн нэгдүгээр товчоо” ХХК-иудын хамтарсан консорциум хийж гүйцэтгэж 2016 ны 06 сарын 10-ны өдөр байнгын ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөнөөр өмнөх зөрчлийн шинжтэй үйлдэл бүрэн дуусгавар болж, таслан зогсоогдсон ба түүнээс хойш тухайн далангийн нэвчилт шүүрэл үргэлжилж байгаатай холбоотой үндэслэл бүхий баримтгүй, харин ч үгүйсгэх баримтууд багагүй байна. Үүнтэй холбоотой цагаатгах баримтуудыг шүүх хуралдааны үед маш дэлгэрэнгүй шинжлэн судалж танилцуулсан болно.

Гэтэл “******* *******” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд эрх зүйн байдлыг нь илт дордуулсан, хуулийн этгээдийг Эрүүгийн хариуцлагад татах зохицуулалт нь тухайн зөрчил таслан зогсоогдож, далангийн засварын ажил дууссанаас хойш 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхад хуулийн этгээдийнх нь хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, улмаар ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” зөрчил мөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг зөрчиж, өмнө нь хуулийн этгээдийг тухайн төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татдаггүй байсан атал, хуулийн этгээд үйлдсэнээр шинээр гэмт хэрэгт тооцдог болсон, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хуулийг буцаан хэрэглэж, хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл бүрдсэн талаар:

...Эрүүгийн хуулийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.” гэж заасан. Энэ агуулгаар нь үзвэл зөвхөн торгох ялын зохицуулалттай хэрэгт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж үзвэл нэг жил өнгөрсөнөөр, харин тухайн зүйл хэсэгт заасан хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 5 жил өнгөрсөнөөр дуусахаар байна. Энэ хугацааг хаягдлын далангийн засвар шинэчлэлийн ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээн авсанаас тооцвол 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа бүрэн дууссан байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай" тогтоол 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх хугацаанаас даруй 4 сар 10 хоногийн дараа гарсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүхээр хэлэлцүүлж ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчиж байгаа болно.

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 35 дугаар талд шүүгч нэгэнт хүчингүй болж, эрх зүйн ямар ч үйлчлэлгүй болсон хуулийг тогтоолдоо иш татаж, өөрийн зүгээс хийсэн алдаатай дүгнэлтдээ ашиглажээ. Тодруулбал, тогтоолд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.” гэж тусгажээ. Гэтэл энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарч, тус хуулийн бүх заалтууд хүчингүй болсон. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болсон хуулийг шийтгэх тогтоолдоо үндэслэл болгосон нь шүүгч хүнд байх ёсгүй мэргэжлийн алдаа төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, төөрөгдөл мөн.

 

Гурав. Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөнөөс хойш шүүрэл явагдаагүй, зөрчил бүрэн таслан зогсоогдсон талаар:

3.1 Шүүрэлт, нэвчилт бүрэн зогссон, бохирдол тархахгүй байгаа талаарх үндэслэл баримтууд:

“******* *******” ХХК-ийн хаягдлын далангаас ус шүүрч байгаль орчин бохирдуулсантай холбоотой асуудал тус байгууламжийг засварлан сайжруулж, улсын комисст хүлээлгэн өгсөнөөс хойш бүрэн зогссон талаар хэргийн материалд баримт нотолгоо хангалттай авагдсан, эдгээрийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан. Улсын комисс хүлээн авахаас өмнө ч хаягдлын далангаас бохирдолтой ус шүүрэх нь бүрэн зогссон талаарх баримтууд ч байдаг.

... Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байхад бүр прокурорын хяналтын шат, шүүх процессын үед ч гэмт хэрэг үргэлжилж байсан, одоо ч үргэлжилж байгаа мэтээр прокурор яллах дүгнэлтдээ тодорхойлжээ.

Үүнийг үгүйсгэж шинжээч мэдүүлэхдээ “...Шинжээчдийн баг хамтран хаягдлын байгууламжийг бодитоор үзэж, судалж, хэмжилт хийж байх явцад ил харагдах эвдрэл гэмтэл тогтоогдоогүй, мөн ил харагдах нэвчилт, шүүрэлт ажиглагдаагүй.” гэжээ. Мөн тухайн хаягдлын далангийн засварын ажлыг хүлээн авсан комиссын гишүүд уг “ажлыг сайтар шалган авсан, шүүрэлт нэвчилт зогссон.” гэжээ. Харин “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлтийг гаргасан шинжээчдийн багийн гишүүн хаагуур шүүрч байгааг нь тогтоогоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн байгаль орчны мэргэжлийн байгууллага усны барилга байгууламжид шинжилгээ хийх эрхгүй талаар мэдүүлж, далангаас шүүрэл явагдаж байгааг тогтоох нарийн мэргэжил тусгай мэдлэгтэй хүн шинжээчдийн багт нь байгаагүйг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн.

Далангийн засвар шинэчлэлтийн ажлыг хүлээн авах багт ажилласан ын мэдүүлэгт “...Улсын комиссын бүрэлдэхүүн ажиллахдаа ямар ямар шаардлага тавьдаг тэр бүгдийг үзэж танилцаж Улсын комиссын 16-24 дугаартай Уурхайг ашиглалтанд оруулах актыг үйлдсэн.” гэжээ. Шүүрэл, хаягдал усны алдагдлыг зогсоох зорилгоор олон тэрбум төгрөгийн төсөв зардал гарган хийгдсэн ажил амжилттай дууссан. Улсын комисс болон яамны холбогдох албан тушаалтнуудын баг ирж ажиллан шаадлагад нийцнэ гэж үзэн хүлээн авсан. Үүнээс хойш нэвчилт шүүрэл явагдсан гэх баримт байхгүй. Шинээр байгуулсан хяналтын систем, тоног төхөөрөмжөөр далангаас шүүрэл явагдахгүй байгаа нь нотлогдож байгаа болно.

...Шүүх, хууль хэрэгжүүлэх байгууллагаас “боломжтой”, “болзошгүй” гэх зэрэг таамаглалд бус, эргэлзээгүй үндэслэл, хөдөлшгүй нотлох баримтад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой бөгөөд хуулийн шаардлага ч ийм болно. Гэтэл шүүхээс хаягдлын усан сангийн аль хэсгээс ямар хэмжээгээр шүүрэлт явагдаж байгааг нотолсон баримтгүйгээр таамаглалд үндэслэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Шинжээч нарт энэ талаар дүгнэлтдээ тусгах талаар шинжээч томилох тогтоолоор даалгасан боловч үүнийг тодорхойлоогүй, шинжилгээг бүрэн бус хийсэн.

...Шинжээч ахлагчтай “ Ассесмент” ХХК-ийн шинжээчид мөн 2010 оны 9 сараас дүгнэлт гарах хүртэл нийт 10 жил 3 сарын хугацаанд хаягдлын далангийн ус шүүрсээр байгаа гэж шууд дүгнэсэн нь ч илт алдаатай дүгнэлт болсон.

Тодруулбал, шүүрч байгаа гэх хаягдал усны урсацын хэмжээг “ Ассесмент” ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлтэд хээрийн судалгааны үед хэмжсэн шүүрлийн ус нь 3.96 л/с буюу хоногт 342,1 м.куб, жилд 124866,5 м.куб, нийт 10,3 жилийн хугацаанд 1 286 125 м.куб шүүрлийн ус алдагдсан гэж тооцоонд тусгасан.” гэж тооцсон бөгөөд ийм хэмжээний урсац нэвчилттэй байхад гадаргад бий болсон усны хэмжээ нэмэгдэхгүй байх, түүнчлэн тус газар орчноос авсан ус, хөрсний шинжилгээгээр хорт бодис, түүнээс үүдэлтэй бохирдлын хэмжээ нэмэгдэхгүй байх ямар ч үндэслэлгүй билээ. Энэ хэмжээний урсацын хурдаар шүүрсэн тохиолдолд хаягдлын байгууламж дахь ус бүрэн шавхагдах, мөн түүний бохирдолтой гэх гадаргын ус бий болсон газарт хаягдлын усан сангаас багагүй хэмжээний нуур үүссэн байх нь хэн бүхэнд тодорхой зүй тогтол юм.

Мөн бохирдол, түүнээс учирсан хохирлын хэмжээ 7 жилийн зайтай хийгдсэн хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтүүдээр нэмэгдсэн бус буурсан үзүүлэлттэй байгаа нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд хэрэв шүүрэлт үргэлжилсэн тохиолдолд шүүрлээс гадаргад тогтох усны хэмжээ ч, мөн хөрс усны бохирдлын хэмжээ ч аль аль нь нэмэгдсэн байх ёстой болохыг шийдвэр гаргахдаа зайлшгүй анхаарах ёстой байсан боловч энэ үндэслэлд шүүхээс ямар нэгэн няцаалт, дүгнэлт өгөлгүйгээр буруутган шийдвэрлэсэн.

Түүнчлэн “ Ассесмент” ХХК-ийн шинжээчдийн багт далангийн барилга байгууламжийн ашиглалт, хийцлэл, технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн тусгай мэдлэгтэй хүн ажиллаагүй ба үүнтэй холбоотой асуулт шинжээч томилох тогтоолд тусгагдсан боловч хариулт өгөөгүй. Харин ШУТИС-ийн эрдэмтдийн багийн хийсэн шинжилгээ энэ асуудалд нэг мөр хариулт өгч, далангаас шүүрэлт нэвчилт явагдахгүй байгааг тогтоосон ба шинжээчдийн багт хаягдлын далангийн байгууламжаар нарийн мэргэшсэн, тусгай мэдлэг бүхий эрдэмтэн, доктор профессор оролцсон ба шүүх хуралдаанд дүгнэлтээ хамгаалж, эргэлзээгүй хариултуудыг өгч байсан.

Эргэлтийн усан сангаас хойш байгаа гадаргын ил ус нь ундаргатай, байгалийн булаг гэдгийг, мөн “******* *******” ХХК-ийг тус газарт олборлолтын үйл ажиллагаа явуулахаас өмнө уг булаг байсан талаар гэрч Б.Балжмаа, нар тодорхой гэрчилж байгаа юм.

3.2 Хөрсний бохирдлын хохирлыг тооцсон дүн, дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр буурч тооцоологдсон нь нэвчилт, шүүрэлт явагдахгүй байгааг илтгэх үндэслэл болох талаар:

Шинжээч , экологич Ж.Урансайхан, Э.Тунгалаг, нарын хамтран / ХХК/ гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр хөрс бохирдсон бодит хохирол 534 488 547.46 төгрөг, байсан бөгөөд харин “ Ассесмент” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр хөрсөн дэх хүнд металлын тархалтаас учруулсан бодит хохирол 427 516 977 төгрөг байгаа нь бохирдлын хэмжээ болон бодит хохирлын хэмжээ илтэд буурсан байгаа нь нотлогдож байна.

Прокуророос яллах дүгнэлтээрээ 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ахлах шинжээч , шинжээч А.Доржготов, , Б.Энхбаяр, нарын бүрэлдэхүүнтэй “ Ассесмент” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр бодит хохирлыг мөнгөн дүнгээр тооцсон дүгнэлтэд тусгагдсан хоёр тусдаа ойлголтод хамаарах хохирлыг тусд нь авч үзэлгүй зөрүүтэй ойлгосноос нөхөн төлбөрт тогтоогдсон мөнгийг бодит хохиролд нэмж тооцсон нь хохирол 2014 оноос 2021 он хүртэл нь өссөн мэт дүгнэлт хийхэд хүргэсэн. Харин бодит хохирлоор тооцвол хөрсний бохирдол буурч, хохирол ч анхны гаргасан дүгнэлтээс 106 971 570,046 төгрөгөөр багассан байгаа нь харагдаж байгаа юм.

“Дахин шинжилгээ хийлгэх тухай" 15 дугаартай прокурорын тогтоолын дагуу “ Ассесмент” ХХК-ний 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийн Хариулт 5-д: ... талбайн хөрсөн дэх хүнд металлын тархалтаас учруулсан хохирол 427 516 977 төгрөг, хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245 135 417 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрт ногдуулсан нийт төлбөрийн дүн 672 652 394 төгрөг гэж ялгаа заагтайгаар тогтоосон байна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “... хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр болох 245 135 417 төгрөгийг шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцсон нь үндэслэлгүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эрүүл мэнд.... бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөрийг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар гэж үзэхгүй тул прокурор хохиролд тооцож нэмсэн нь буруу юм.

Далангийн шүүрлийн хаягдал усанд ногдуулсан нөхөн төлбөр нь шууд учирсан үр дагавар биш тул хохиролд тооцохгүй талаарх үндэслэл нь:

Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар “******* *******” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор хаягдал усны даланд хуримтлагдсан усанд тогтмол төлбөр төлж байгаа бөгөөд гагцхүү далангийн шүүрлийн ус нь даланд хуримтлагдсан уснаас илүү хэмжээ, эзэлхүүнээр буюу хэтэрсэн агууламжаар хаягдсан байгаа гэж үзсэнээр Усны тухай хууль болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу зайлшгүй тогтмол төлвөл зохих төлбөр дээр нэмэгдэж буюу төлөгдөөгүй төлбөр тогтоож, түүнийгээ нөхөн авахаар дүгнэлтэд тусгасан байна.

Иймд уг төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэмж тооцсон нь буруу бөгөөд нийт хохирлоос ус бохирдуулсны төлбөрийг хэргийн шууд хохирол гэж үзэхгүйгээр хасч тооцох ёстой байсан болно.

Хөрсний бохирдлын үнэлгээ хийсэн бүх шинжээчдийн мөрдлөг болгож буй хүчин төгөлдөр шинжилгээний аргачлал нь “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/117 тоот тушаал, “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах тухай”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалаар батлагдсан аргачлал байсан бөгөөд энэ талаараа ч дүгнэлтдээ тусгасан. Өөрөөр хэлбэл бүх шинжээчийн дүгнэлт гаргаж, хохирлын үнэлгээг тогтоохдоо баримталсан аргачлал нь нэг юм.

Ийнхүү бодит хохирлын хэмжээ нь ижил аргачлалаар тооцсон, эхний гаргасан шинжээчийн дүгнэлтээс 7 жилийн дараах шинжилгээгээр бодитоор буурч тогтоогдсон нь “******* *******” ХХК нь хаягдлын далангийн шүүрлийг таслан зогсоож, шинэчлэн засварласан тул хөрс нэмж бохирдоогүйтэй холбон тайлбарлахаар байна.

Харин хөрсөнд тодорхой хэмжээний хүнцэл, цайр, хар тугалгын агуулга илэрч байгаа нь гэрчүүдийн болон шинжээч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд өмнө бохирдсон ус урссан газрын хөрсөнд нэвчсэн хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд нэвчсэн бохирдол нь бүрэн арилаагүй, арилдаггүй учраас сүүлийн дүгнэлт гарах үед өмнө нь хаягдлын далан хальснаас бохирлогдсон байсан хүнд метал, хөрсний үлдэц, ул мөр, бохирдол нь хадгалагдсан, харин нэмж шүүрээгүй тул бохирдлын хэмжээ, хохирлын үнэлгээ нь буурсан гэж үзэх үндэслэл болж байна.

Дөрөв. Хөрсөн дэх хүнцэл, цайр, хар тугалганы агуулга, хэмжээ их байгаа нь уурхайн хаягдлын даланг засварласнаас хойшхи олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаатай холбоогүй талаар:

Хаягдлын далангийн засвар, шинэчлэлтээс хойш бохирдолтой усаар хөрс, ус бохирдсон гэх шууд нотлох баримт байхгүй. Харин өөр хүчин зүйлсийн нөлөө, үйлчлэлээр уурхайн талбайн орчмын хөрс болон усанд зарим бодис стандартад зааснаас өндөр агуулагдах боломжтой талаарх нотолгоо баримтууд хэрэгт хангалттай авагдсан байна.

4.1 Зарим бодисын агуулга, найрлага үйлдвэрлэлийн бус хүчин зүйлсээс шалтгаалан стандартад зааснаас их байж болох шалтгааны талаарх баримт үндэслэлийн тухайд:

Төслийн талбайд зонхилох хүнд элементүүдийн хувьд байгалийн гаралтай геохимийн бодис, элементийн хуримтлалаас үүдэлтэй аномаль гажиг үүсэхтэй холбоотойгоор хөрсөнд хуримтлагдах боломжтой талаар хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850 стандартыг боловсруулсан эрдэмтэн, доктор О.Батхишиг судалгаандаа тэмдэглэсэн ба хүнцэл нь Монгол орны хэмжээнд хөрс, хурдас чулуулгийн онцлогоос шалтгаалан нилээн өндөр хэмжээтэй илэрдэг байна.

Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагааг болон бүс нутгийн хөрс үүсгэгч эх чулуулгийн найрлага, онцлогоос шалтгаалан зарим элементийн хуримтлал үүсэх боломжтой байдаг. Улааны холимог металлын орд орчмын уулархаг газар болон уурхайн орчмын бүсийн чулуулаг, хөрс нь найрлагадаа хар тугалга, цайр, хүнцэл зэрэг хүнд металлын агууламж өндөртэй нь олон удаагийн судалгаагаар /О.Батхишиг нар, 2013, нар 2014, нар 2017/ тус тус тогтоогдсон.

Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх хүнцэлийн агууламж, тархалтыг 2013 онд судалсан судалгааны тайлан 29 дүгээр хавтаст хэргийн 1-49 дүгээр  талд авагдсан бөгөөд уг тайланд Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх хүнцэлийн дундаж агууламж Монгол Улсын стандарт (MNS 5850:2008)-аас өндөр байгаа нь бүс нутгийн хөрс үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамаарсан геохимийн аномаль гэж үзэж байна гэж тусгажээ.

Улааны холимог мателлын уурхай орчим хөрсөн дэх хүнцэлийн агууламж нь уурхайн үйл ажиллагаа явуулахаас өмнөх үеийн хөрсөн дэх агууламжаас ихсээгүй болохыг судалгааны явцад тогтоосон бөгөөд энэ нь тухайн газар орчинд хүнцэлийн агуулга өндөр гарсан нь үйлдвэрлэл, холимог металын баяжуулалт, уурхайн үйл ажиллагаанаас хамааралгүй болохыг нотолж байгаа болно.

Судлаач нарын 2014 онд хийсэн судалгаагаар хүнцэлийн дундаж агууламж жалганд 45 мг/кг байсан бол, н.Энхбаяр нарын баг 2020 онд хийсэн судалгаагаар хүнцэлийн дундаж агууламж 42,4 мг/кг байсан. Эндээс үзэхэд тухайн газар орчны хөрсөнд агуулагдах хүнцэлийн хэмжээ нэмэгдээгүй байна. Энэ нь тухайн хөрс, усанд хаягдлын сангийн шүүрэлт, нэвчилт нэмж явагдаагүй, бохирдол нэмэгдээгүйг илтгэж байгаа юм.

... Улааны баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчмын хөрсний бохирдлыг ихээр төлөөлөх магадлалтай жалганы хөрсөн дэх хүнцэлийн агууламж 45,46 мг/кг, энэ орчмын хөрсний дундаж агуулга нь 27,83 мг/кг бөгөөд байгалийн цэвэр хөрсний агууламжтай ойролцоо агууламжтай буюу бохирдолгүй байна. ...Улааны уурхайн хувьд хаягдлын сангийн ойр орчмын хөрсөн дэх хүнцэлийн агууламж МУ-ын стандарт /MNS 5850:2008/- аас өндөр байгаа нь хаягдлын сангийн нөлөөлөл бус байгалийн суурь агууламж нь өндөр байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна.” /график 1/ гэж тусгажээ.

Шинжээч 2018 оны 09 сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “2. ...Тэр орчмын газар нь тэр чигтээ хүнцлийн хэмжээ нь байгалийн нөхцлөөрөө өндөр агууламжтай. Кадьми нь тийм өндөр биш ч гэсэн Монгол орны бусад газрын хөрстэй харьцуулахад өндөр хэмжээтэй тархсан байдаг. Тэгэхээр хөрсөнд агуулагдаж буй химийн бодис нь салхиар дамжиж хөрсөнд ил тогтсон усыг бохирдуулах боломжтой.” гэжээ. /18 хх-ийн 4-5 тал/

Монгол улсад, тэр тусмаа тухайн бүс нутагт хүнцэл болон хар тугалга, цайрын агуулга хөрс, усанд их байдаг талаар тодорхой судалгааны үр дүнд түшиглэн гэрч , , шинжээч нар тус бүртээ 19 дүгээр хавтаст хэргийн 151-169 дугаар талуудад мэдүүлсэн нь нотлох баримтаар авагдсан. Энэ нь усны найрлага дахь зарим хүнд металл, бодис зөвхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хаягдал уснаас үүдэн бий болохгүйг хангалттай нотолж байгаа болно.

Мөн 16-р хавтаст хэргийн 166-167-р талд 2014-10-28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Хүнцэл гэдэг нь химийн элемент бөгөөд эрдэс чулуулагтай хамт газрын гүнд оршдог зүйл юм. ...”******* *******” ХХК газрын гүнээс олборлосон хүдрийг дагаж хүнцэл нь агууламж өндөртэйгээр гарч ирж байгаа тийм газар орчмоос бол хүнцэл байх хэмжээнээсээ илүү тодорхойлогдох магадлал ихтэй.” талаар мөн баталж мэдүүлжээ.

Энэ бүгдээс дүгнэхэд хаягдпын далангийн орчимд, мөн уурхайн бүст хүнцэл болон цайр, хар тугалгын агуулга их тодорхойлогдож байгааг “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаатай шууд холбон авч үзэх, буруутгах боломжгүй юм.

4.2 Эргэлтийн усан сан 2010 онд хальсанаас үүдэлтэй бохирдол, хүнд металлын үлдэц “ Ассесмент” ХХК-ийн шинжээчдийн авсан дээжнээс илрэх боломжтой талаарх баримт үндэслэл:

2010 онд уурхайн Эргэлтийн усан сан хальснаас газрын хэвлий тодорхой хэмжээгээр бохирлогдсон бөгөөд уг бохирдлоос үүдэлтэй зарим хүнд металлын үлдэц тухайн хөрсөнд хадгалагдан дараа дараагийн шинжилгээний дүнд нөлөөлсөн байх үндэслэлтэй талаар гэрч шинжээч нар шинжпэх ухааны үндэслэлтэйгээр гэрчилж баталж байгаа болно.

Энэ талаар 20-р хавтаст хэргийн 135-137-р талд, шинжээч “... өмнө нь үйлдвэрт ашиглаж байсан ус төслийн бус шүүрэлт явагдаж орчны хөрс, усыг бохирлуулсан тохиолдолд тэнд байгаа хүнд металл алга болж, цэвэршинэ гэсэн ойлголт байхгүй. Учир нь хүнд металл богино хугацаанд шингэсэн хөрс, уснаасаа өөр тийш шилжих буюу алга болох шинжлэх ухааны үндэслэл байхгүй...” гэж маш тодорхой мэдүүлсэн.

Үүнийг шинжээч “Ер нь бол үйлдвэрт ашигласан хүнд металлтай ус тухайн ойр орчимд нэвчсэн гэж үзвэл хөрс өөрөө хүнд мателлын тодорхой хувийг шүүж авч үлддэг гэж үздэг. Тэр шүүгдэж үлдсэн хүнд металл байгалиас өөрөө цэвэршинэ гэсэн ойлголт байхгүй. Нягт ихтэй учир харин хуримтлагддаг. Агаар усанд уусна гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож болно.” гэж баталгаажуулж мэдүүлсэн. /20хх 35-37-р тал/

Иймд “ Ассесмент” ХХК-ийн шинжээчид өмнө авсан цэгээс дээж авч шинжилсэн нь дээжлэлтийн цэгийн зураг болон мэдүүлгүүдээр батлагдаж байгаа тул судаг дагуух хөрс болон гадаргад тогтсон усанд хийгдсэн шинжилгээгээр хүнцэл, хар тугалга, цайрын агууламж өмнө нь дээрх бодисуудаар бохирлогдож, хөрсөнд уг бодисууд одоог хүртэл хадгалагдаж байгаатай холбоотойгоор өндөр гарах боломжтой байна.

... Түүнчлэн тухайн орон нутаг өөрөө холимог мателлын орд газар, олборлолт хийгдэж байгаа учир энэ үзүүлэлт бусад газар орон нутгаас харьцангүй өндөр байх нь байгалийн зүй тогтол болох талаар ч хэрэгт холбогдох мэргэжилтнүүд мэдүүлсэн болно.

Тав. Объектив талын шинж болох хүн амьтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, үхэл мөхөлд хүргэх нөхцөл бий болоогүй талаар:

... Шүүх “******* *******” ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутай үйлдэл эсэх, тухайн үйлдэл эс үйлдэхүй нь тус хуулийн этгээдэд хамаарах эсэх, хохирол хор уршиг учирсан эсэх, учирсан бол энэ нь “******* *******” ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэхийг хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон эсэхэд зөв дүгнэлт өгөх үүрэгтэй. Тухайн хэрэгт “******* *******” ХХК буруутгагдан шийтгэгдэх ёсгүй байсан. Мөн тус компанийн үйл ажиллагаанаас шалтгаалж хуульд заасан үр дагавар, хуульд заасан эрсдэлтэй нөхцөл байдал бий болоогүй болно.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын тухайд илэрхий төөрөлдөж ... үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм гэжээ. Объектив талын заавал байх шинжид нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, шалтгаант холбоо хамаарах ба энэ нь зөвхөн материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэгт л гарч ирнэ. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт зөвхөн нийгэмд аюултай үйлдэл л эс үйлдэхүйг шаардана. Энэ хэргийн тухайд хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдсэн эсэх нь хамгийн гол шинж болох бөгөөд үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг, үр дагаврыг бий болгож, ингэснээрээ тухайн гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг төгс үйлдэгдсэн эсэх нь тодорхойлогддог. Харин хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдсэн талаар хөдөлбөргүй баримт хэрэгт байхгүй, үүнийг шинжлэн тогтоогоогүй болно.

5.1 Хөрс, усны бохирдлын хэмжээ нь стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй тул байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэхгүй тухайд:

Бохирдсон гэгдэх судаг, гадаргын ил урсац гэх газруудын хөрс, усны тухайд Монгол улсад мөрдөгддөг стандартаар тогтоосон хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний дотор байгаа тул байгаль орчныг бохирдуулсан гэж үзэхгүй. Энэ нь хуулиар зохицуулагдсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-д зааснаар “байгаль орчинд учруулсан хохирол гэж зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан. ...” -ыг ойлгохоор заасан.

Хөрсний тухайд: "Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хүлцэх агууламж, хортой агууламж, аюултай агууламж гэсэн гурван зэрэглэлд хамааруулж, хүн ам оршин суудаг газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад зөвшөөрөгдөх дээд хэмжээг “хүлцэх агууламжаар” тодорхойлдог. Харин тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулах бодисын хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээг “хортой агууламж”-аар тодорхойлно" гэдэг нь MNS 5850:2019 стандартын 3.9.2 дахь заалтаас тодорхой харагдана.

Мөн стандартын 3.8-д “Хөрс бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г “хөрс бохирдуулах бодисын хөрсөнд байж болох хамгийн их хэмжээ” гээд тухайн ангиллын хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдолд тухайн хөрсийг бохирдсон гэж тооцно гэж заажээ.

Бохирдуулсан гэж буруутгаж байгаа судаг, гадаргын ил урсац байгаа газар нь хүн ам оршин суудаг газраас хол, уурхайн бүс болох нь тодорхой бөгөөд хөрсний шинжилгээнд авсан дээжүүдийг хаягдал ус урссан гэж үзэж буй, хашаан дотроос буюу уурхайн лицензийн талбайн бүсээс авсан тул энд хөрс бохирдсон эсэхийг уул уурхайн бүсэд бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу “хортой агууламж”-аар тооцох ёстой. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч оос хуралдаан даргалагч “гаргасан дүгнэлтээ хүлцэх агууламжаас давсан гэж бичсэн байна. “Хүлцэх агууламжаас давж, хортой агууламжид хүрсэн зүйл байна уу.” гэхэд “Хортой агууламжийг давсан үзүүлэлт байхгүй байсан.” гэж хариулсныг ч мөн шүүх харгалзан үзэх ёстой байсан.

Үндсэндээ “ Ассесмент” ХХК-ийн дүгнэлт хүлцэх агууламжийн хязгаараас хэтэрсэн гэж дүгнэж, үүгээрээ хөрс бохирдсон гэж буруутгасан нь үйлдвэрлэл, уул уурхайн бүсийн хөрс гэдгийг харгалзан үзээгүйгээрээ буруу бөгөөд энэ нь MNS 5850:2019 стандартыг буруу хэрэглэсэн явдал юм.

Усны тухайд: “ Ассесмент” ХХК-ийн шинжээч нар дүгнэлт гаргахдаа усны чанарт хамаарах стандартыг ч мөн буруу хэрэглэсэн нь хэргийн материалаас тодорхой харагдана. Бохирдсон гэх судаг, гадаргын ил урсацыг хаягдлын сангаас хальсан, шүүрсэн, хаягдсан ус гэж прокурор ч, шүүх ч, “ Ассесмент” ХХК-ын шинжээчид ч үзэж байгаа. Усны тухай хуулийн 3.1.24-д “хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг ойлгохоор тайлбарласан бөгөөд баяжуулах үйлдвэрт ашиглагдсан, эргэлтийн усан санд байгаа усыг хаягдал ус гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэгэнт хаягдлын сангийн ус тул эндээс гарсан усны чанарыг “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартаар тогтоосон хэмжээнд нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой. Энд заасан стандарт хэмжээнээс тухайн усны бохирдлын түвшин хэтрээгүй байдаг.

Гэтэл “ Ассесмент” ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлт гадаргын ил урсацын усны чанарыг “Усан орчны чанарын үзүүлэлт. Ерөнхий шаардлага MNS 4586:1998” стандартын шаардлагатай харьцуулсан нь ноцтой алдаа гэж үзэж байна. Учир нь тухайн гадаргын ил урсац нь уурхайн бүсд байгаа бөгөөд MNS 4586:1998 стандартын 1.2-т “Энэхүү стандарт нь тусгай төрлийн шаардлага, байгалийн эрдэсжилт, агууламж ихтэй болон зохих журмын дагуу урьдчилан тогтоосон үйлдвэрлэлийн нөлөөллийн бүсийн усан орчинд хамаарахгүй.” гэж заасан. Ийм байтал уурхайн бүсэд, үйлдвэрлэлийн нөлөөллийн бүс дэх байгалийн эрдэсжилт, агууламж ихтэй усанд дээрх стандартаар харьцуулалт хийж, цайрын бохирдлыг тодорхойлсон нь хэрэглэх ёсгүй стандартыг хэрэглэсэн, улмаар буруу дүгнэлт гаргахад хүрсэн.

5.2 Хүнцэл, цайр, хар тугалга зэрэг химийн элементүүдийн талаарх зарим ач холбогдол бүхий нөхцөл байдлууд:

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан ба буруутгаж буй хэргийн зүйлчлэлд хамаарах хэд хэдэн нэр томъёог хууль болон олон улсын гэрээнд хэрхэн тусгасан талаар авч үзвэл:

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг; 3.1.2. “химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг; 3.1.6. “химийн хорт болон аюултай бодисын хаягдал” гэж олон улсын гэрээгээр ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис, түүнчлэн хадгалах, ашиглах хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон, тэрчлэн нэр томъёо, ашиглах хугацаа тодорхойгүй химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн үлдэгдэл болон сав, баглаа боодлыг хэлэхээр нэр томъёоны тодорхойлолтоор тайлбарласан байна.

Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтад химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг баталсан ба тус жагсаалтад дээрх хар тугалга, цайр зэрэг химийн бодисууд дангаараа бус бусад хортой химийн нэгдлүүдтэй нэгдсэнээр аюултай хорт бодис гэх ангилалд хамаарч байна. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтуудаар хар тугалга, цайр зэрэг нь өөр ямар нэг бодистой нэгдэл болж, хүн, амьтан ургамалд хортой нөлөө үзүүлж байгаа талаар нотолсон баримтгүй. Хүнцэлийн тухайд органик байдлаараа хүн, амьтан ургамалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэггүйг мэргэжлийн шинжээчид нотолсон нь хэрэгт байгаа болно.

Мөн 1989 онд батлагдсан Базелийн конвенцид Аюултай бодисын шалгуурыг авч үзэхдээ “Зарим төрлийн хаягдлын аюулын тодорхойлолт нь бүрэн гүйцэд баримтжаагүй, аюулын хэмжээг нь тооцоолон үнэлэх арга зүй одоогоор байхгүй байна. Эдгээр бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй аюулыг судлах арга зүйг боловсруулах шаардлагатай байна.” гэж заасан. Гэтэл манай оронд аюултай бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй аюулыг судлах батлагдсан арга зүй байхгүй байна.

5.3 “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаа нь хуульд заасан үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүлээгүй талаарх баримт үндэслэлийн тухайд:

Хаягдлын далангаас үйлдвэрлэлд ашиглагдаж байсан ус хальж урссанаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн гэх байдал нотлогдоогүй, харин ч үгүйсгэгдэж байгаа болно. Тухайлбал,

“******* *******” ХХК-ийн ашиглаж буй Дорнод аймгийн ******* сумын нутагт орших Улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд 2017 онд гүйцэтгэсэн “Эрдэнэжас” ХХК, “Зост газар” ХХК-иуд хийсэн тайлангийн дүгнэлт хэсэгт “Далангийн байгууламж нь үйлдвэрлэлийн талбайн хэмжээнд оршиж байгаа бөгөөд хөрсний өөрчлөлт үүссэн талбайн хэмжээ 2 га-аас бага байгаа бөгөөд тухайн талбайн хожим нөхөн сэргээлтэнд бүрэн хамрагдах бүсэд байгаа зэргээс үзэхэд бусдын амьдрах орчинд нөлөөлөл үзүүлэх хэмжээний хөрсний бохирдол энд явагдаагүй гэж дүгнэж байна.” гэжээ.

...Мөн “******* *******” ХХК-ийн ашиглаж буй Дорнод аймгийн ******* сумын нутагт орших Улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд 2017 онд гүйцэтгэсэн хөрсөн дэх микроэлементийн тархалт ба хаягдал усны далангийн шүүрлийн байдлыг судалсан судалгааны үр дүнгийн тайлангийн дүгнэлт хэсгийн 4-т “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөлөөллийн талбайн хэмжээнд далангийн байгууламжтай холбоотой өөрчлөлтөөс өөр ноцтой хэмээн үзэх өөрчлөлт хөрсөнд явагдаагүй байна. Далангийн байгууламж нь үйлдвэрлэлийн талбайн хэмжээнд оршиж байгаа бөгөөд хөрсний өөрчлөлт үүссэн талбайн хэмжээ 2 га-аас бага байгаа бөгөөд тухайн талбай нь хожим нөхөн сэргээлтэнд бүрэн хамрагдах бүсэд байгаа зэргээс үзэхэд бусдын амьдрах орчинд нөлөөлөл үзүүлэх хэмжээний хөрсний бохирдол энд явагдаагүй гэж дүгнэж байна.” гэж тусгасан байгаа нь хаягдлын усан сан, далан, түүнтэй холбоотойгоор хүн амьтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, үхэл мөхөлд хүргэх нөхцөл бий болоогүйг давхар илэрхийлнэ.

Мөн “Шинжлэх ухааны Академийн Гео-экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторын 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №01/2013 дүгнэлтэд “2-р сорьц буюу далангаас нэвчиж байгаа ус нь дээрх стандартын шаардлагыг хангаж байна.” гэж тусгасаныг шүүх анхааран үзээгүй.

...Гэрч Л.Отгонбаатар, ,, нарын мэдүүлгийн хэсгээс тусгаж, тэдгээр малчдын хонь үхэрт 2012 онд тус бүр нэг удаагийн тохиолдлоор ургийн гажигтай гэж үзэж болохуйц мал гарсан гэх боловч энэ өөрчлөлт байсан эсэх, байсан бол энэ нь хаягдлын далангаас шүүрсэн бохирдолтой уснаас шалтгаалсан гэх ямар ч баримт хэрэгт авагдаагүй, гажгийн шалтгааныг шинжлүүлсэн зүйлгүй байна. Хэрэв тухайн газар орчинд амьдарч байгаа иргэд, малчдын эрүүл мэнд, мал зэрэгт хохирол учирсан бол тэдгээр иргэдийг мөрдөгч, прокурор иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоох шаардлагатай, үүрэгтэй байсан. Ийм нөхцөл байдал бий болоогүй тул энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Тэдгээр болон бусад малчид, гэрч нарын мэдүүлгээр энэ олон жилийн хугацаанд гэр бүл, ойр дотны хүмүүс, мал ахуйд нь хохирол үр дагавар учраагүй, хордсон зүйлгүй талаараа бүгд 15 дугаар хавтаст хэргийн 56-59 дугаар талуудад тодорхой мэдүүлсэн. Мөн хавтаст хэргийн 60-67 дугаар талуудад гэрч Г.Базар, , Б.Алтанцэцэг, Б.Сэржмядаг, Б.Балжмаа, Д.Мэндбаяр, Д.Оюунбилэг нар энэ олон жилийн хугацаанд хүн мал химийн бодист хордсон зүйлгүй, гажигтай мал гараагүй, энэ шалтгаанаар эмнэлэгт үзүүлж байгаагүй гэдгийг гэрчлэн баталгаажуулсан болно.

Тухайн аймгийн мал болон хүн эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага ямар нэгэн хордлого, түүнтэй холбоотой өвчлөл зэрэг шалтгаанаар аливаа дуудлага мэдээлэл ирж байгаагүй, бүртгэгдээгүй талаар мэдүүлж, холбогдох баримтууд ч хэрэгт хавсаргагдсан.

Хэрвээ хаягдлын усан сан, далангаас бохирдолтой ус шүүрч, тэр нь бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж, өвчин эмгэг үүсгэн, үхэл мөхөлд хүргэхүйц нөхцөл байдалд хүргэсэн бол 10 гаруй жилийн хугацаанд энэ үр дагавар бодитойгоор тодорхойлогдох байсан нь хэнд ч ойлгомжтой. Ийм нөхцөл бий болсон, тодорхой үр дагаврууд гарсан бол энэ нөхцөл байдлыг нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авч, эргэлзээгүй нотлох үүрэг нь хуульд зааснаар мөрдөгч прокурорт байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нь нотлогдоогүй.

Зургаа: Хууль зөрчсөн бусад асуудлууд болон шүүхийн алдаатай дүгнэлтүүдийн талаар:

6.1 Хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, буруу дүгнэлт хийсэн тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолд усан сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт хортой бодисоор бохирлогдсон ус хаягдсан мэтээр дүгнэж, буруутган ялласан нь үндэслэлгүй. Учир нь “******* *******” ХХК-ийн лицензийн талбай нь усан сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газартай ямар нэг давхцалгүй байгаа талаарх Байгаль орчны яамнаас ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан.

6.2 Цагаатгах талаас шинжлэн судалсан, өмгөөлөгчдийн саналын үндэслэл болсон баримтыг няцаан үгүйсгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд:

... Өмгөөлөгчдөөс шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугүй талаар маш олон үндэслэлүүдээр санал гарган, тодорхой нотлох баримтуудад тулгуурлан мэтгэлцсэн бөгөөд эдгээр саналын үндэслэл болсон баримтуудыг хэрхэн үгүйсгэн няцаасан талаараа шийтгэх тогтоолдоо тусгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр...”-ийн талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг заавал тусгахаар заасан ч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн мөн зүйл хэсгийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг орхигдуулж, бидний гаргасан баримт үндэслэлүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчдийн тухайд өөрсдийн гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гарган өгсөн бөгөөд уг дүгнэлтэд тусгагдсан үндэслэлүүдийг нэг бүрчлэн нотолгоотойгоор няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шүүх бичих ёстой.

6.3 Тогтоолд тодорхойгүй дүгнэлт хийсэн тухайд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, 34 дүгээр талд нийлмэл, нэгдмэл хэрэг, мөн үргэлжилсэн, удааширсан гэмт хэргүүдийн ойлголт, онцлогийн талаар тодорхойлон бичсэн байх ба “******* *******” ХХК-д холбогдох хэрэг нь эдгээрийн чухам алиных нь шинжийг агуулж байгаа гэж үзсэн нь тогтоолоос ойлгогдохгүй байна. Хэрэгт нэг зүйл тодорхой байгаа бөгөөд энэ нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хаягдлын далангийн засвар шинэчлэлийн ажлыг улсын комисс хүлээн авсанаас хойш ямар нэгэн шүүрэлт явагдахгүй байгаа, ус эргэлтийн усан сангаас алдагдаж байгааг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй.

6.4 Хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, ял хүндрүүлсэн тухайд:

Шүүх шийтгэх тогтоолд “... шүүгдэгч “******* *******” ХХК-ийн өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх хуралдаанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч “******* *******” ХХК-д хохирол төлөх ажлын 5 хоногийн хугацаа олгосон боловч хохирлоо төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно." гэж тусгажээ.

Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” зөрчил болно.

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэж заасан ба хуралдааны бүхий л явцад бидний үйлчлүүлэгч гэм буруугүйдээ итгэлтэй байсан, өмгөөлөгч бид ч бидний үйлчлүүлэгч ч гэм буруугаа хүлээсэн байр суурь илэрхийлээгүй, харин ч үндэслэл бүхий баримт нотолгоог гарган, үйлчлүүлэгч, төлөөлүүлэгчээ цагаатгуулахаар мэтгэлцсэн. Хуулийн дээрх зүйл хэсгийн агуулгаас харахад 1-рт гэм буруугаа хүлээсэн байх, 2-рт хохирлоо төлөх үүрэг хүлээсэн байх, 3-рт хохирол нөхөн төлөх талаар шүүхээс үүрэг хүлээлгэсэн байх нөхцлүүд байхаар зохицуулагдсан бөгөөд бидний тухайд энэ нөхцлүүд хангагдаагүй. Ял оногдуулах шүүх хуралдааны өмнө төлбөр төлөөгүй шалтгаанаа тайлбарлахдаа миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдох магадлалтай гэсэн үүднээс төлөөгүй болохоо ойлгомжтой тайлбарласан. Анх завсарлага авахдаа ч шууд хохирол нөхөн төлье гэсэн агуулгаар бус төлөх эсэх асуудлаар компанийн дээд удирдлагатай ярилцах, зөвлөлдөх, санал солилцох шаардлагатай байгаагаа тодорхой илэрхийлсэн. Иймд бидний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж, хүндрүүлж шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна.

6.5 Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны танхимд яригдсанаас зөрүүтэй тэмдэглэгдсэн тухайд:

Бидний үйлчлүүлэгч, “******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах, дуу-дүрсний бичлэгтэй танилцах талаар Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хангаагүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад хэргийн оролцогч, бусад оролцогчийн хэлсэн зарим зүйлийг орхигдуулан бичсэн, зарим хэлээгүй зүйлээ дэлгэрүүлэн, хэлсэн мэтээр тэмдэглэлд тусгасан, зарим хэлсэн зүйлийг зөрүүтэй сонсож, буруу тусгасан зэрэг байдал тогтоогдож байгаа болно.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, “******* *******” ХХК-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн болон нотлох баримтын үндэслэлгүй гарсан тул тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч “******* *******” ХХК-г цагаатгаж өгөхийг хүсч байна. Давж заалдах гомдлоо 5 үндэслэлээр, бичгээр гаргаж өгсөн. Энэ гомдлоо дэмжиж байна.  

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бодитойгоор дүгнээгүй, нэг талыг баримталсан, субъектив хандлагаар хандсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн улмаас хөрөнгө оруулагч, ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, харилцагч байгууллагууд,  нутаг орон бүгд хохироход хүрээд байна. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийг судлан үзэж, анхан шатны шүүхийн алдааг засч залруулан, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартан: “Би гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар дүгнэлтээ тайлбарлана. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлд заасан Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг нь гэмт буруугийн шууд санаатай хэлбэр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдлаар үйлдэгдэх ёстой байдаг. ... Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол дээр ч гэсэн яг хаясны улмаас энэ үр дагавар үүссэн гэж дүгнэхгүй байгаа. Гэтэл хуульд “хаяж” гэж тодорхой тусгагдсан байгаа. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол дээр “хаягдсаны улмаас” гэж бичигддэг. Энэ нь хүний ухамсарт үйл ажиллагаа биш, өөрөө зоргоороо гэх юм уу эсвэл зөнгөөрөө тухайн ус хаягдсан байгаа мэтээр дүгнэсэн байгаа нь буруу. Хэл зүйн утгаараа ч гэсэн “Хаях, хаягдах” гэдэг нь ялгамжтай ойлголт юм. Дараагийн дугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байдаг. Гэтэл энэ талын баримт байхгүй гэж үзэж байна. Түүнээс гадна 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэг тооцогдох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж бичсэн. Гэвч энэ шинж нь байхгүй байна.

... Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж их хэмжээний хохирол учруулсан гэж шийтгэх тогтоолын 35 дугаар талд дурдсан байгаа. “******* *******” ХХК нь байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг хамгийн бага байхаар зорьж үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж байгаа. Тухайлбал даланд хуримтлагдсан хаягдал усыг эргэх усны технологийг хэрэглэдэг. Эргээд баяжуулалтад тухайн усыг ашигладаг. Баяжуулалтад ашигладаг цэвэр усны хэрэглэглээг 90 хувиар бууруулсан. Энэ нь нэгдүгээрт байгаль орчинд муугаар нөлөөлөхгүй байх ашигтай, нөгөө талаас компанид ч гэсэн эдийн засгийн хувьд үр ашигтай юм. ... Хэрэв энэ хэргийг үйлдэгдсэн гэж үзэх юм бол компани ямар нэг эдийн засгийн ашиг сонирхол бодож үйлдсэн байх ёстой. Ямар нэг хэмнэлт бий болгох сэдэлтэй байх ёстой юм. Гэтэл компанид ямар нэг давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Харин ч алдагдалд оруулахаар үр дагавартай байна. Хүн амьтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ хэргийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирол хор уршиг бодитой бий болсноор, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнээр гэмт хэрэг төгсдөг онцлогтой хэрэг юм. ... Усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, хүний эрүүл мэнд, мал амьтан, ургамалд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн. Гэтэл байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “дээрх үр дагавар гараагүй” гэсэн албан бичиг ирсэн. Үүнээс гадна яг энэ усан сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт хамаарахгүй газар юм гэж дүгнэсэн байдаг. Энэ баримтыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үгүйсгээгүй. Хуульд заасан хэсгийн яг аль хэсэгт багтаж байгааг шийтгэх тогтоолдоо дурдаагүй, ялгаж зааглаагүй юм. Гэмт хэрэг нь хууль зөрчсөн шинжтэй байх ёстой. Ядаж дүрэм журам зөрчсөн байх ёстой. Гэтэл яг энэ хуулийн энэ хэсгийг зөрчсөн гэдэг дээр тодорхой дүгнэлт хийгдээгүй байгаа.

... Хуулийн этгээдийг татсантай холбоотой хууль хэрэглээний гол агуулга яригдана. Тусгай зөвшөөрөл бүхий чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн хийх ёстой ажил юм. Энэ аж ахуй нэгжүүд нь өөрсдийнхөө зардлыг хөнгөвчлөх, ажиллагааг нимгэлэх санаатай үйлдэл гаргаж энэ гэмт хэргийг үйлддэг юм. Далай тэнгист ч хаясан тохиолдол байдаг. Хуурамч материал бүрдүүлж экспорт ч хийдэг тохиолдол байдаг. 1989 онд батлагдаад 1997 онд Монгол Улс нэгдэн орсон конвенц байдаг. Энэ конвенцийн дагуу бүх зүйл явагдах ёстой. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэдэг нь санаатай гэмт хэргийн шинжийг тодотгож өгдөг.

... Хуулийг буцаан хэрэглэсэн асуудал яригддаг. Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлдлийн хувьд 2010 оноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа мэт дүгнэсэн. Тухайн гэмт хэргийн субъект биш байх үеийн цаг хугацааг ярьдаг. Энэ нь хууль буцаан хэрэглэх журмыг зөрчиж байна гэсэн үг юм. 2010, 2011 онд үүссэн зөрчил нь 2016 онд шинэ хаягдлын далан бий болгоод улсын комисс хүлээн авснаар таслан зогсоогдсон гэсэн үг. Үүнээс хойш үйлдлийг ярих ёстой. ...1989 оны конвенцид хог хаягдлыг аюултай шинжээр нь ялгасан байдаг. Үүний 1 дүгээр хавсралт буюу хяналт тавих хог хаягдал гэдэгт хүнцэл, цайрын нэгдэл, хар тугалга зэрэг нь дангаараа хортой аюултай гэдэг ангилалд багтахгүй, бусад бодисуудтай нэгдээд, урвалд орж байж хортой аюултай гэсэн бүлэгт хамаарагддаг байна.

... Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүхээс маш ноцтой алдаа гаргасан. ... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөнтэй холбоотой мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар заасан байна гэж бичигдсэн. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар хуулийн дээрх заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр хүчингүй болсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн ноцтой зөрчил болж байна

Эдгээр нөхцөл байдлыг үндэслээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож “******* *******” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, үйл ажиллагааг нь сэргээж өгнө үү, давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байгаа тул гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд “ ” ХХК-ийн дүгнэлтийн талаар ярина. ...Яллах нотлох баримт болж буй “ ” ХХК-ийн дүгнэлт үндэслэлгүй гэдэг нь дараах байдлаар тогтоогддог. Анхан шатны шүүхээс дүгнэлтийг гаргасан хүн болох Батболд гуай өөрөө шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан. ... тухайн шинжээч нь хаягдал усны далан дээр дүгнэлт гаргахаар очихдоо ямар нэг дээж авахгүйгээр “******* *******” ХХК-ийн удирдлагуудын хажууд “мэдээж хэрэг, шүүрч байгаа нь ойлгомжтой шүү дээ” гэж хэлсэн байдаг. Дараа нь дүгнэлт нь яг адил гарсан байгаа. ... Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 16.1-ийн 17 дахь хэсэгт зааснаар “Тавьсан асуултанд шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол дүгнэлт гаргахаас татгалзана.” гэж нарийвчлан зааж өгсөн. Гэтэл энэ хэсгийг зөрчсөн байна. Мөрдөн байцаагч, прокуророос нэг л асуулт асуусан. “******* *******” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас нэвчилт шүүрэлт өгч байгаа эсэх, хэрэв тийм бол хаанаас ямар хэмжээгээр гэдгийг тогтоох боломжтой байна уу” гэсэн байдаг. Гэтэл шинжээч нь “нэвчилт шүүрэлт өгч байна гэж дүгнэсэн атлаа хаагуур нь ямар хэмжээгээр нэвчилт шүүрэлт өгч байгааг тогтоох боломжгүй байна.” гэсэн. ...Багажгүй, тогтоох боломжгүй гэдгээ ч өөрөө хэлсэн байгаа.

Дүгнэлт нь өөрөө хууль зүйн болон бодит үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдоно. ... Энэ дүгнэлтэд ерөнхий шаардлага буюу MNS 4586:1998 стандартыг авч хэрэглэсэн. Гэтэл үйлдвэрлэлийн усан орчингийн бүсэд энэ стандарт хамаарахгүй гэж зааж өгсөн байгаа. Ингэж заасаар байтал энэ стандартыг баримталж байгаа нь буруу юм.

... Дараагийн дугаарт хөрсний чанар. Ингэхдээ ямар тохиолдолд хүлцэх агууламжийг авч хэрэглэх, ямар үед хортой агууламжийг авч хэрэглэхийг зааж өгсөн байгаа. ...Тухайн бүс нутагт “хортой агууламжаар тооцох уу, эсвэл хүлцэх агууламжаар тооцох уу” гэж асуухад хортой гэж хэлсэн боловч хүлцэх агууламжаас дүгнэлт гаргасан.

... Газарзүйн мэдээллийн системийн анализын арга хэмжээ авч хэрэглэсэн. Ингэхдээ хиймэл дагуулын зураг ашигласан. Усны нормчилсон индексээр тогтоох боломжгүй байна гэж дүгнэлтдээ дурдсан. Дараагийнх нь буюу ургамлын нормчилсон индекс гэх аргыг авч хэрэглэсэн байна. ...Ингэхдээ тухайн жилийн хур тунадасын хэмжээг шинжээч нар огт анхаарч үзээгүй. ...  Ингэхээр 2011 оныг хүртэл хур тунадасын хэмжээ бага байсан. Үүнээс хойш нэмэгдэж байгаа учраас ногоорсон байх боломжтой гэдэг үзүүлэлтийг огт анхаарч үзээгүй байна. Тухайн дээжийг авахдаа 2011 оноос шүүрсэн гэх хэсэг болох нөлөөллийн бүсээс дээж авсан. ...Мөн “ ” ХХК-ийн дүгнэлт дээр ч гэсэн “төсөл хэрэгжиж буй газар болох уурхайн бүсээс дээж авлаа.” гэдэг тайлбараар бүрэн харагдаж байна. Дараагийн дугаарт энэ дүгнэлтийг гаргахдаа таамаглалд тулгуурлаж дүгнэлт гаргасан. Эсрэгээрээ шүүрээгүй гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Далангийн хаанаас шүүрэлт явагдаж байгааг тогтоож чадаагүй байж 10.3 жил ус шүүрсэн гэж дүгнэсэн ба үүнийг хөвүүрийн аргаар тооцож гаргасан гэж тайлбарладаг. Энэ бол үнэхээр болхи аргачлал гэдгийг бүгд хэлдэг. ...Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож “******* *******” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Нилээн дэлгэрэнгүй гомдол гаргасан учраас өөрийн хариуцсан хэсгийн гомдлын үндэслэлийг тайлбарлая. Анхан шатны шүүхийн шүүгч хуульд зааснаар шийдвэрийн үндэслэлийг танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. ... Өмгөөлөгч нараас хуульд заасны дагуу шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахыг шаардсан. Хэрэв тайлбарлаагүй тохиолдолд процессийн алдаа болно гэдгийг анхааруулсан. Тэгэхэд нэг өгүүлбэрээр шийдвэрийн үндэслэлийг танилцуулаад хуралдааныг үргэлжлүүлсэн. Ингэхдээ “Химийн хортой бодисоор даланг цоолсон” гэж хэлсэн. ... Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээр энэ тайлбар дурдагдаагүй байсан. Бичлэг дээр энэ хэсэг дурдагдсан байдаг. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэлбэр юм. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, 1.9 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүхийн шүүгч зөрчсөн гэж үзэж байна. ... Шийдвэрээ уншихдаа зүгээр л “Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж уншсан. Ингэхээр үндэслэл маань “цоолсон” гэдгээс өөр болж ирж байгаа юм. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл дээр хуулийн заалтыг бүхэлд нь оруулаад, үхэл мөхөлд хүргэх гэсэн хэсгийг дурдаад, цоолж гэсэн үндэслэлээ болиод “хаягдаж” гэдэг үгийг ашиглаад явчихсан байгаа юм. Энэ нь өрөөсгөл ойлголтыг өгч байна.

Дараагийн дугаарт шүүх нэгдсэн дүгнэлтийг зөвлөлдөх тасалгаанд гаргаж чадаагүй байна гэж харагдахаар байна. Нөхөж хэргийн талаар дүгнэлт хийж байгаа зөрчлийг харуулж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд эхлэхээс дуусах хүртэл процессийг нэг бүрчлэн тусгана гэж заасан байдаг. Хэлсэн үг бүрийг тусгах ёстой. Гэтэл найруулаад, өөрчлөөд, хасаад, шийдвэр бичихтэй нийцүүлээд байх боломжгүй. Өмгөөлөгч нараас хүсэлт гаргаж өгсөн. Гэтэл энэ зөрчлөө үргэлжлүүлсэн.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байгаа юм.

“******* *******” ХХК нь хаягдлын сангийн геомембрам буюу хүнцэл, цайр, хар тугалга үүссэн. Тог тасарснаас болж хальсан. Энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаад “Хальж байгаа нь буруу юм. Тог тасарсан аливаа үед нөөц генератор байх ёстой. Ийм учраас энэ зөрчлөө арилгаж буцаах усны цөөрмөө шинэчилж барь.” гээд 534 000 000 төгрөгийн акт тавьсан. Үүнийг 2015 онд “******* *******” ХХК төлсөн. Төлж байгаа нь ямар учиртай вэ гэхээр торгууль биш юм. Тухайн хальсан гээд байгаа судаг дээр нөхөн сэргээлт хийлгэхээр төлж байгаа төлбөр юм. ... Нөлөөллийн бүс нутагт ямар хохирол учирсан нь тодорхой бус байна. 2010 оноос хойш 2022 оныг хүртэл эрх бүхий байгууллагаас лавлагаа авсан. Даланг ашиглалтанд оруулснаас хойш зүйлс яригдаж байна. ...Шинжээч нараас нэг л асуултыг асууж байсан. Далангаас ус шүүрч байгаа эсэх, шүүрч байгаа бол аль хэсгээр шүүрч байгаа вэ гэдэг асуултыг асуудаг. Далайцэцэг, Ганбилэг нарын дүгнэлт дээр маш тодорхой тайлбарласан. Ус шүүрэхгүй байна гэж үзсэн.

... 2016 оноос хойш хоёр л баримт байгаа. Нэг нь “ ассессмент” ХХК-ийн дүгнэлт, нөгөө нь Ганбилэг нарын дүгнэлт байна. “ ассессмент” ХХК-ийн дүгнэлтийг нотлох баримт гэж үзэж байгаа бол нөгөө талын дүгнэлтийг яаж няцааж байгаа юм бэ? Энэ нь тодорхой бус байна. Бүх хүмүүс шүүх хуралдаанд оролцсон. Маш тодорхой харагдаж байсан. Шүүхийн дүгнэлт өөрөө эрс зөрүүтэй байна. Уншсан дүгнэлт, бичсэн дүгнэлт зөрүүтэй байна. Яг юуг үнэлж байгааг бичихгүй байна. Ганбилэг, Далайцэцэг, Нямдорж нарын дүгнэлт нь яллах талын нотлох баримт гээд л биччихсэн байна. Гэтэл ямар ч яллах талын баримт байхгүй байдаг. Маш тодорхой дүгнэлт гаргасан байгаа. Гэтэл яаж яллах талын нотлох баримт гэж үзсэн нь тодорхой бус. Тогтоолд дурдагдаагүй байна. ...Ус шүүрч байгаагаа ч тогтоож чадаагүй. Шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Хүдрийн биетэд ойртох тусам цайрын хэмжээ ихэснэ. Угаасаа тэр хэсэгт их л байх ёстой. Тиймээс ч тусгай зөвшөөрөл олгосон. Иймд бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. “******* *******” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолдоо “******* *******” ХХК-ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийгээгүй, хаягдлын далангийн шүүрэл зогссон эсхүл үргэлжилсэн эсэх нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй. “******* *******” ХХК-ийн хаягдлын сан буюу далангийн шүүрэл нь хэдийд эхэлсэн, хэзээ таслан зогсоогдсон, хэзээ илрүүлсэн, гэмт хэрэг хэзээ төгссөн талаар дүгнэлт хийгээгүй, шүүхээс хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна. Мөн “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасахдаа ямар үндэслэлээр 2 жилийн хугацаагаар хасах шаардлагатай гэж үзсэн шалтгаан нөхцлийн талаар дүгнэж шийдвэрлээгүй байна. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчилөхөөр заасан байгаа. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хуулийн этгээд   ******* ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, Л.Данзанноров нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Нийслэлийн Прокурорын газраас Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Улааны ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай ******* ******* ХХК-ийн Улааны холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 09 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох  хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672 652 394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /яллах дүгнэлтэд тусгай анги гэж бичсэн/ 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хуулийн этгээд болох ******* ******* ХХК-д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уул уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 150 000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, мөн зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.” гэж тус тус заасан.

 

4. Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх юм.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч, хуулийн этгээдийн гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, хуулийн этгээдийг цагаатгах зарчмыг баримтлан  шүүх шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтанд үндэслэн шүүгдэгч, хуулийн этгээдийн хууль зөрчсөн үйлдлийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр түүний гэм бурууг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах учиртай.

 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч /7хх 220-221/, /7хх 233/, /7хх 229-230/, /8хх 224-225/, /8хх 227/, /8хх 229-230/, /9хх 13-14/, /9хх 18-21/, /9хх 64-65/, /9хх 68-69/, /9хх 70-71/, /9хх 100/, /9хх 101/, Х,Хүрэлчулуун /15хх 57/, /15хх 58/, /15хх 59/, /15хх 61/ нарын мэдүүлэг, шинжээч /18хх 4-5/, /36хх 90-92/, /36хх 96-99/, /36хх 103-105/ нарын гэрчийн мэдүүлэг, Шинжлэх Ухааны Акедемийн Гео-Экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2013 дүгнэлт /10хх 136-137/, , , , нарын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлт /10хх 154-165/, ХХК-ийн хамтарсан шинжээчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /16хх 26-117/, ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай дүгнэлт /25хх 83-85/, шинжээч , , нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлт, /19хх 233-245/ Ассесмент ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчдийн гаргасан нэгдсэн дүгнэлт /35хх 3-118/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

7. ******* ******* ХХК нь Уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2009 оны 12 сарын 21-ний өдрийн 13 дугаар актаар 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Улааны орд 247А тусгай зөвшөөрөлтэй талбай буюу Улааны холимог металлын ордод олборлолт, баяжуулалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн байна. /2хх 141-142/

 

8. 2010 оны 09 сараас ******* ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн геомембрам буюу плёнк цоорсноос байгаль орчныг бохирдуулж, хохирол учруулсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч , , , нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, Шинжлэх ухааны акедемийн Гео-Экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2013 дүгнэлт, шинжээч , , , нарын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлт, ХХК-ийн хамтарсан шинжээчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байх ба Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/37/413/01 дугаар актаар ... үйлдвэрлэлийн бохир ус зайлуулах сангийн цөөрмийг хэвийн үйл ажиллагаанд оруулж, үйл ажиллагааг жигдрүүлэх хүртэлх хугацаагаар Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн түр хугацаагаар зогсоосон байна. /1хх 189-190, 4хх 211-213/

 

9. Дээрх үйлдэлд нь  2011 оны 12 сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор “******* ******* ХХК”-ийн удирдлагууд болох ерөнхий захирал Лу ******* Жан, Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Хичээлт овогтой Мөнхөө, орлогч дарга Бабуулаа овогтой Чулуундорж болон холбогдох албан тушаалтнууд болох БНХАУ-ын 10 хүнд, мөн Д.Энхбат, Ж.Энхээ, М.Өлзийчимэг, С.Чойжилсүрэн нарын 4 хүнд /5хх 100-103, 116-120, 127-131/  2022 оны Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.3, 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж /1хх 2, 5хх 100-103, 116-120, 127-131, 6хх 147-149/ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2012 оны 07 сарын 06-ны өдрийн Прокурорын 139 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.3, 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Жан Жи Фү, Ван Фу Жүн нарын 14 хүнд холбогдох 21147397 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /8хх 112-114/

 

10. Монгол Улсын Уул уурхайн яамны 2013 оны 02 сарын 04-ний өдрийн 3/365 дугаар албан бичигт  дурдсан “...******* *******” ХХК-ийн эдгээр хууль зөрчсөн үйлдлүүдийг холбогдох журмын дагуу шалгаж өгнө үү.”  /8хх 117/ гэсэн гомдлын дагуу  Улсын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* хэргийн дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор ******* ******* ХХК-ийн Дорнод аймгийн ******* сумын нутагт байгуулсан холимог металлын Баяжуулах үйлдвэрт байгуулсан хаягдлын сангаас бохир ус гадагшилж хөрс, гүний усыг бохирдуулж байгалийн тэнцлийг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 207 дугаар зүйлийн 207.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн /8хх 115/ ба Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын Прокурорын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Эрүүгийн ******* дугаартай хэргээс сэжигтэн Тиан Зи Лин, /Tian Zi Lin/ Ван Фү Жүн, /Wang Fu Jun/ нарын нэр бүхий БНХАУ-ын 10 иргэн, Монгол Улсын нэр бүхий 4 хүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /17хх 135-136/

 

11. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2018 оны 08  сарын 24-ний өдрийн Б/31 дугаар тогтоолоор иргэн оос гаргасан гомдлын дагуу Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын /хуучин бүтцээр/ 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 373 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна. /17хх 142-144/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно.”, мөн зүйлийн 3-т “Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд гомдол гаргагч, эсхүл мэдээлэл өгсөн хүн гарын үсэг зурсан байна.” гэж тус тус заасан.  Нийслэлийн Прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн ийг гаргасан гомдолтой нь холбогдуулж асуугаагүй, түүний гомдол хэрэгт авагдаагүй зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй, гомдол гаргагчтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

 

12.  Шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн тухайд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд “химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг” санаатай хаясан идэвхтэй үйлдэл байхыг ойлгох ба энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн байхыг шаардана. /хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байх/

 

13. Монгол Улсын Их хурлаас 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулан баталж, 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг байгаль орчныг бохирдуулж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ тус хуулийн этгээдийг 2010 оны 09 дүгээр сараас хойш 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр байгаль орчныг бохирдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Тухайлбал: хэрэгт цугларсан дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүд, ХХК-ийн шинжээч , Ж.Урансайхан, Э.Тунгалаг, нарын хамтран гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр хөрс бохирдсон бодит хохирол 534 488 547.46 төгрөгийг Байгаль хамгаалах санд 2014 оны 11 сарын 07-ны өдөр төлсөн /17хх 025-026/ үйл баримтууд нь шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн геомембрам буюу плёнк цоорсноос бохирдсон ус урсаж байгаль орчныг бохирдуулж, хохирол учруулсан 2010 оны 09 сараас 2013 оны үйлдлийг нотолж байгаагаас бус 2010 оны 09 сараас одоог хүртэл /2020 оны 12 дугаар сар хүртэл/-х хугацаанд шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруутай үйлдэл нь эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдоогүй байна.

 

14. Хэрэгт цугларсан баримтуудаар ******* ******* ХХК нь 2014 онд  хаягдлын байгууламжиндаа их засвар өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийлгэж, тус ХХК-ийн захиалгаар “ ... засварын ажлын зураг төсөл /08/2014 шифртэй/ зохиогчоор Экос ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр Зост газар ХХК, Хятадын усны инженерингийн нэгдүгээр товчоо ХХК, Өнгөт металл боловсруулах дөрөвдүгээр констракшн ХХК-ын консорциум, туслан гүйцэтгэгчээр Эс Пи Эй Ар ХХК, геомембрам доторлогооны ажлын гүйцэтгэгчээр Усны эрчим ХХК-иуд тус тус ажилласан, /18хх 048-049/

******* ******* ХХК-ийн Улааны холимог металлын ордын уурхайн болон тосгоны 36 барилга байгууламжуудыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга М.Арьяазулаар ахлуулсан 14 гишүүнтэй улсын комисс 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авсан, /18хх 048-049/

Уурхайн хаягдлын далангийн засвар шинэчлэлийн ажлыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазараар ахлуулсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар болсон /18хх 007-050, 19хх 140-140/ үйл баримтууд тогтоогдсон байх ба дээрх хугацаанаас хойш хаягдлын далан одоог хүртэл шүүрч байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдоогүй байна.

 

15. Анхан шатны шүүх шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн буруутай үйлдлээс байгаль орчинд хохирол учирсан гэж дүгнэхдээ дээр дурдсан гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтээс гадна ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаар дүгнэлт, /25хх 83-85/  шинжээч , , нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлт,/19хх 233-245/ Ассесмент ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг /35хх 3-118/ нотлох баримтаар үнэлсэн.

ХХК-ийн ерөнхий захирал шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2018 оны 11 сарын 29-ний өдөр шинжээч Мандахбаярын хамт газар дээр нь очсон. Бусад шинжээч нарын ажил давхцсан, ар гэрийн шалтгаанаар өөрийн төлөөний туслах хүмүүсээ явуулсан. Надаас гадна 6 шинжээчийн 2 нь төлөөний хүнээ явуулаад 3 нь явах шаардлагагүй байсан. ...” гэсэн мэдүүлэг, /19хх 188/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч гийн мэдүүлсэн: “... Би Японд байсан. ...” гэсэн мэдүүлэг, /19хх 162/ шинжээч ийн мэдүүлсэн: “... би өөрөө Баянхонгор аймагт судалгаагаар ажиллаж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /19хх 171/ шинжээч Ш.Халтарын мэдүүлсэн: “... би явах гэсэн боловч биеийн эрүүл мэндийн байдал өвчтэй байсан болохоор хээрийн судалгааны ажилд явах боломжгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /19хх 175/ шинжээч С.Мөнхнарангийн мэдүүлсэн: “... би нялх хүүхэдтэй учраас хээрийн судалгааны ажилд хоногоор явах боломжгүй, ...” гэсэн мэдүүлэг, /19хх 178/ шинжээч Ц.Соёл-Эрдэнийн мэдүүлсэн: “... би нялх хүүхэдтэй хөдөө явөх боломжгүй гэж хэлээд ...” гэсэн мэдүүлгүүдээр /19хх 181/ - ХХК-ийн шинжээчдийн ихэнх нь тухайн шинжилгээ хийх /орд/ газар дээр очиж судалгаа, шинжилгээний дээж аваагүй болох нь нотлогдож, тус ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлт нь холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй байхад шүүх яллах талын нотлох баримт болгосон нь дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

16. Мөн шүүх  шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг буруутгахдаа “ ассесмент” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шинжээчдийн дүгнэлтийг /35хх 002-248/ үндэслэл болгосон ба энэхүү дүгнэлтээр шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн хаягдлын далангийн шүүрэл 2010 оны 09 сараас одоог хүртэл /2020 оны 12 сар хүртэл/ явагдаж байгаа талаар дүгнэсэн боловч уг шүүрэл, нэвчилт нь хаягдлын далангийн хаанаас шүүрч байгааг тогтоож чадаагүй байна.

Нөгөө талаар “ ассесмент” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан шинжээчдийн дүгнэлтийг шинжээч , , нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлт үгүйсгэсэн байхад прокурор яллах дүгнэлтдээ шинжээчдийн дээрх дүгнэлтийг оруулаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасантай тус тус нийцээгүй байна./38хх 073-075/

 

17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж тус тус заасан.

Хэдийгээр прокурорын яллах дүгнэлтэд  шинжээч , , нарын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтийг  шүүгдэгч, хуулийн этгээдийг яллах үндэслэл болгоогүй боловч уг дүгнэлтийг шүүх шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг буруутгах үндэслэл болгон яллах талын нотлох баримтанд оруулж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал: шинжээч , , нарын гаргасан дүгнэлтийн нэгдүгээр хэсэгт:

“... Үйлдвэрлэлд ашиглаж байгаа урвалжуудтай холбоотой ... зэрэг элементүүд хяналтын цооногт сулавтар гажгийн агууламжтай буюу сангийн болон буцах усны хоолойн усан дахь эдгээр элементүүдийн найрлагаас 4-8 дахин бага байгаагаас үзэхэд энд шүүрэл явагдахгүй байгааг илтгэж байна. ... ,

... Хаягдал хадгалах байгууламж нь үйлдвэрлэлийн талбайн хэмжээнд оршиж байгаа бөгөөд хөрсний өөрчлөлт үүссэн талбайн хэмжээ 2 га-аас бага байгаа ба тухайн талбай нь хожим нөхөн сэргээлтэд бүрэн хамрагдах бүсэд байгаа зэргээс үзэхэд хүрээлэн буй орчинд нөлөөлөл үзүүлэх хэмжээний хөрсний бохирдол энд явагдаагүй гэж дүгнэж байна. ... ,

Дээрх дүгнэлтийн хоёрдугаар хэсэгт:

... 2019 оны 04 сарын 19-ний өдрийн байдлаар хаягдлын далангийн байгууламжид төслийн бус шүүрэлт, нэвчилт ажиглагдахгүй, хэвтээ шүүрэлтийн ус цуглуулах сувгууд бүгд хуурай /төслийн шүүрэлт байхгүй/ төлөвтэй байна. ... ,

Хоёрдугаар хэсгийн ерөнхий дүгнэлтэд:

1.“******* ******* ХХК-ийн Улааны холимог металлын баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн байгууламжийн 2014 он ба 2018 онд “Экос” ХХК-ийн боловсруулсан засварын зураг төсөл /3.1 ба 3.2/-ийн дагуу хийсэн ажлын үр дүнд 2010 оны үед ажиглагдаж байсан технологийн бохирдолтой усны далангийн эх бие ба түүний ёроолын хэсгийн шүүрэлтийг зогсоож чадсан байна. ...” гэх дүгнэлт,  /19хх 241-244/

 “Эрдэнэжас” ХХК, “Зост газар” ХХК-ийн хамтарсан “... 2017 онд гүйцэтгэсэн  хөрсөн дэх микро элементийн тархалт ба хаягдал усны далангийн шүүрлийн байдлыг судалсан судалгааны үр дүнгийн тайлан”-д “... иймд эдгээр уст цэгүүд дэх хүдэржилтийн аливаа нэг формацитай холбоотойгоор гажгийн агуулгатай байдаг болох нь тогтоогдсон элементүүдийн найрлага болон үнэмлэхүй агууламжийн өөрчлөлтийн үзүүлэлтээр шүүрлийн асуудлыг шийдэх гэж оролдох нь утгагүй зүйл болох нь тодорхой болж байна. ...” гэх дүгнэлт,/24хх 180/ 

 Мөн түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч, “ ассесмент” ХХК-ийн захирал ын мэдүүлсэн: /байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжилтэй/ “... Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:5019 стандартад үндсэн 12 элемент буюу аюултай хүлцэх агууламжийг тодорхойлсон. ... Хүнд металлын шинжилгээг SGS лабораторид 53 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. Монгол улсын MNS 5850:2019 стандартын үндсэн 12 элементтэй харьцуулж дүгнэлт гаргасан. ... Тухайн бүс нутгийн зүй тогтлын судалгааг хийх боломжгүй. Харьцуулсан шинжилгээгээр хүнд металл хаана илэрч байгааг дүгнэлт хийж баталгаажна.  ... Далан хаагуур шүүрч байгаа гэдгийг байгаль орчны мэргэжлийн байгууллага гаргах боломжгүй. Хаагуур шүүрч байгааг тогтоох нь бидний ажлын даалгавар биш. ...” гэх мэдүүлэг, /39 хх 134, 136/

Шинжээч ийн мэдүүлсэн “... Арсенопирит гэдэг нь эрдсийн нэр, өөрөөр хэлбэл хүнцэл элемент хэлбэрээр биш өөр элементүүдтэй нэгдэл үүсгэж химийн эрдэс байдлаар оршиж байгаа. Бид Дорнодын бүс нутагт хийгдсэн хөрсний агуулгуудын материалыг судлахад тухайн бүс нутаг хүнцлийн агуулга өндөр гарсан. Энэ нь байгалиасаа ийм байгаа юм. Хүнцэл нь дан элемент биш эрдэс хэлбэрээр оршиж байгаа учир химийн бөгөөд физикийн тогтвортой байдал оршиж байна гэж үзсэн. ... Орд газар буюу геологийн нөөц ашигт малтмалын орд газар үүсэхдээ байгаль дээр хүдэржилт явагдах буюу тодорхой төрлийн эрдсүүдийн бөөгнөрөл үүсэхийг аномаль буюу гажиг гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл байгаль дээр байх ёстой агууламжуудаасаа өндөр болсон гэсэн үг. ... Үүнийг шинжээчдийн дүгнэлтэд тусгасан. ... Энэ нь геологийн онолын дагуу өндөр байх ёстой. Хэрэв өндөр байхгүй бол орд үүсэхгүй гэсэн үг. Энэ нь хүдрийн биет рүү ойртох зүй тогтлоо дагаад тодорхой хүнд металлыг бүрдүүлж байгаа цайрын агууламж нь өсөх зүй тогтол байх ёстой. ...” гэх мэдүүлэг, /39хх 138/

Шинжээч ийн мэдүүлсэн /барилгын инженер мэргэжилтэй/ “ ... Шүүрэл явагдаж байгаа нь харагдаагүй. Байгууллагын тоон үзүүлэлт гэж байна. Үүнийг тодорхойлсон 1986 оны судалгааны материалыг үндэслэн дүгнэлт гаргасан. ...” гэх мэдүүлэг, /39хх140/

 Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонболдын мэдүүлсэн: /биологич, амьтан судлаач мэргэжилтэй/ “ ... Би Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2008 оноос хойш ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд манай байгууллагад хүн, мал, амьтанд хохирол учруулсан талаар албан ёсны гомдол, мэдээлэл ирж байгаагүй. , ... 2019 оноос хойш хортой гэсэн агууламжийг баримталж хяналт шалгалт хийдэг.” гэх мэдүүлэг, /39хх 131/ 

 Монгол Улсын /MNS 5850:2019/ стандартын /MNS5850:2008-ын оронд/ 3.9.1-д “Хүлцэх агууламж” бохирдуулах бодисын хөрсөнд агуулагдах хэмжээ нь хүлцэх агууламжаас давсан тохиолдолд хөрс бохирдолтын түвшинд хүрсэн гэж үзнэ. Хүлцэх агууламж болон зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь адил утгатай. Хүлцэх агууламжийг хүн ам оршин суудаг суурин газар, хөдөө аж ахуйн эдэлбэр, газар тариалан, бэлчээрийн эдэлбэр газруудад мөрдлөг болгоно.”,

3.9.2-т “Хортой агууламж” хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын хэмжээ нь хортой агууламжаас давсан тохиолдолд тухайн хөрс нь орчин тойронд байгаа амьд организм, усан давхаргад хортой аюул учруулж эхэлнэ. Хортой агууламжийг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, уул уурхайн бүсэд бохирдуулах бодисын хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй адил утгаар мөрдлөг болгосон.” гэж тус тус заасан, /20хх 246-249/

Мөн шинжээч , , нарын гаргасан дүгнэлтэд: ... Улааны холимог металлын ордын хүдэрт агуулагдах Хүнцэлийн элемент нь арсенопирит хэлбэрээр оршиж байгаа бөгөөд арсенопирит нь усанд уусдаггүй тул хор нөлөө багатай., ... Улааны уурхай орчим Сэвсүүл, Бүрд, Голын цагаан, Урт, Нарийн, Тэмээт гэсэн нийт 6ш, худаг, булаг, Тэмээт нуураас бусад худаг булгийн усан дахь Хүнцэлийн агууламж 0,005-0,007 мг/л буюу стандарт /MNS 900:2005/-аас бага, бохирдолгүй байна., ... Жижиг хаягдлын сангаас хойш 2,5 км-д байрлах Сэвсүүлийн булгийн усан дахь Хүнцэлийн агууламж <0,005 мг/л буюу стандарт /MNS900:5005/-аас бага, бохирдолгүй байгаа ба хаягдлын сангийн бохирдолт уурхайгаас хойш 3 км-д байрлах худгийн усанд нөлөөлөлгүй байна.,

... Монгол орны нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгийг хамарсан судалгааны үр дүнд тооцож гаргасан химийн элементүүдийн хөрсөн дахь дундаж агуулгууд болон дэлхийн хөрсний кларкийн агуулгыг MNS 5850:2008 стандартын үзүүлэлтүүдтэй харьцуулж үзэхэд нилээд олон тооны элементүүдийн хувьд хүлцэж болох агуулга Монгол орны хөрсөн дахь дундаж агууламжаас бага байгаа болон зарим элементүүдийн хувьд хүлцэж болох агууламж маш өндөр байгаа явдалд анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. , ... 1980-аад оны үед Улааны орд газрыг хамарсан талбайд геохимийн судалгаа хийсэн Орос геологичид /В.Я.Киселев и др. 1986/ авсан дээжиндээ 50 элементийн агуулга тодорхойлуулж байсан бөгөөд хүдэржилтийн нэгдүгээр үе шатанд үүссэн гол төлөв магнетитээс тогтох төмрийн хүдэрт 13 элемент ..., хүдэржилтийн хоёрдугаар үе шатанд үүссэн холимог металлын  хүдэрт 24 элемент ..., хүдэржилтийн гуравдугаар үе шатанд үүссэн молибден-ураны хүдэрт 27 элемент ... тус бүр гажгийн агуулгад оршдог болохыг тогтоосон байна. ..., ... Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх Хүнцэл /As/-ийн дундаж агууламж Монгол улсын стандарт /MNS 5850:2008/-аас өндөр байгаа нь бүс нутгийн хөрс үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамаарсан геохимийн аномаль гэж үзэж байна., ...  Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх Хүнцэлийн агууламж нь 19,5 мг/кг байгаа бөгөөд энэ бүс нутагт цаашид хөрсний бохирдлын судалгаа явуулахад стандарт /MNS:5850/-аас гадна орон нутгийн хөрсний суурь үзүүлэлттэй харьцуулсан судалгаа, дүгнэлт гаргах нь илүү шинжлэх ухааны үндэслэлтэй болно., ... Хөрсөн дэх хүнцэлийн агууламж газрын өндрийн түвшингээс тодорхой хэмжээгээр хамаарч байна. Өндөрлөг газруудад ихэвчлэн арсенопирит агуулсан чулуулаг гадаргад ойрхон орших учраас хөрсөн дэх хүнцлийн агууламж их байна. , ... Хөрсөн дэх хүнцлийн хамгийн өндөр агууламж болох 180 мг/кг үзүүлэлт нь U-207 цэг буюу Улааны баяжуулах үйлдвэрийн хойд талын толгойн орой дээр уурхайн бүсээс гадна өндөрлөг газар тохиолдож байна. Энэ нь уурхайн үйл ажиллагаатай холбоогүй полиметаллын хүдэржилтээс шалтгаалжээ., ... Улааны холимог металлын уурхай орчим хөрсөн дэх хүнцлийн агууламж нь уурхайн үйл ажиллагаа явуулахаас өмнөх үеийн /Улааны полиметалл ордын нарийвчилсан хайгуулын тайлан 1986/, /Улааны холимог металлын ордын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол 2010 он”/ хөрсөн дэх агууламжаас ихсээгүй байна., ... Улааны холимог металлын орд орчим хөрсөн дэх хүнцэл /As/-ийн тархалтын хил хязгаар уурхайн эргэн тойрон 1-2 км орчим газарт байна. , ... ОХУ-ын судлаачдын  тайланд: “Уурхайн ордын талбайн газар доорхи ус байгалийн нөхцөлдөө /олборлолтын ажил эхлэхээс өмнө/ хар тугалга /1,4 мг/л хүртэл/, цайр /1,0 мг/л хүртэл/-ын агууламж өндөртэй бөгөөд хүдрийн баяжуулалтын технологийн явцад нэмэгдэх хандлагатай. Технологийн булингар буюу химийн ба механик хольцтой усыг хаягдлын сангийн далангаар дамжуулан шүүрүүлэх явцад цэвэршиж байгаль орчны бохирдол, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэжээ. /19хх 234-235/

 

18. Хэрэгт цугларсан болон дээр дурдсан нотлох баримтууд, тухайлбал: шинжээч , , нарын гаргасан шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын стандарт /MNS5850:2019/, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонболдын тайлбар, Монгол орны байгаль орчны тайлан,/2015-2016 он/ Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан /2013-2014, 2017-2018 он/ болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар “ ассесмент” ХХК-ийн шинжээчдийн гаргасан дүгнэлт /35хх 002-248/ үгүйсгэгдэж байхаас гадна  ОХУ-ын судлаачдын 1985-1989 онд боловсруулсан судалгаа, Дорнод аймгийн хойд хэсгийн хөрсөн дэх хүнцлийн /Аs/-ийн агууламж, тархалт 2013, /22хх 158-249, 23хх 001-005/ Хамтарсан шинжээчдийн дүгнэлт 2014, /16хх 026-047/, "Эрдэнэ жас" XXK, “Зост газар” ХХК нарын хамтран гүйцэтгэсэн хөрсөн дэх микро элементийн тархалт, судалгааны тайлан 2017, /24хх 118-182/, шинжээч , , нарын гаргасан дүгнэлт /18хх 233-248/ зэрэг баримтуудаар хүнцлийн хувьд тухайн бус нутагт дундаж агууламж өндөр байдаг нь бүс нутгийн xөpc үүсгэгч чулуулгийн химийн найрлагаас хамаарсан геохимийн аномаль /гажиг/ болох талаар тогтоогдсон байхад шүүх эдгээр нотлох баримтуудын талаар дүгнэлт хийхгүйгээр яллах талын нотлох баримтаар үнэлж шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

19. Иймд шүүгдэгч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ч.Ганзориг, Б.Батбаяр нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч хуулийн этгээд ******* ******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, ******* ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 247А дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мөн ******* ******* ХХК-ийн /хуулийн этгээдийн/ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгах тухай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв. /37хх 58,59/

 

20. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн зүйлийн 2 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, хуулийн этгээд ******* ******* ХХК-ний хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хуулийн этгээд ******* ******* ХХК-ийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1367, 1368 дугаар бүхий ******* ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 247А дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мөн ******* ******* ХХК-ийн /хуулийн этгээдийн/ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг даалгах тухай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                               С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                     З.ЭНХЦЭЦЭГ