Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0374

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаарh221/МА2017/0374 

Улаанбаатар хот

 Д.Ж-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ж-ын  нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г томилсон хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж-ыг урьд эрхэлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Ж-д 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,044,245 (дөрвөн сая дөчин дөрвөн мянга хоёр зуун дөчин тав) төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар давж заалдах гомдолдоо: “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь хэргийн материалтай танилцаагүй байхад ийнхүү танилцах боломжоор хангаагүй шүүх хуралдааныг хийж, талуудыг холбогдох нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцэх эрхээ хамгаалах боломж олгоогүй, хариуцагчийн эрхийг зөрчиж байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/586 дугаар албан бичгээр тус яамны Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.М-д итгэмжлэл олгосон гэж бичсэн байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл олгосон байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэх хуудас өгч байгаагүй, танилцах боломжоор хангаагүй нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.О-г томилсон нь хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар хүчингүй болгож, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байтал дээрх тушаалыг харгалзан үзэлгүй шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам татан буугдаж, дээрх яамдын ажилчдыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор баталсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлснийг Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам нь татан буугдаж дундаас нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бий болсон мэтээр ойлгосон, мөн Уул уурхай яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Ж-ын албан тушаал, ажлын байр, орон тоо хасагдаж, хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны зорилго өөрчлөгдсөн байхад хуучин хэвээрээ өөрчлөгдөөгүй мэтээр ойлгож шүүх шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар баталсан, уг газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг урьд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын  хэрэгжүүлж байсан чиг үүргээс өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ж-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.

            Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэлгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г томилж, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар дугаар тушаалаар Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Ж-ыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байна.

            Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан үндэслэл бий болоогүй, албан тушаалын орон тоо хасагдаагүй байхад хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хуулийн дээрх зохицуулалтыг баримталж, нэхэмжлэгч Д.Ж-ыг үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх,...” гэж заасан байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар шийдвэр гарган нэхэмжлэгч Д.Ж-ын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж, төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй иргэнийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тушаалаараа өөрийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн энэ шаардлагаа “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г томилсон хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн, шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасантай нийцсэн байх тул энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдол үндэслэлгүй.

Мөн “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-д хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, хэргийн оролцогчийн нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцэх эрхийг хангаагүй” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх эрхтэй бөгөөд шүүхээс уг эрхийг ямар нэг байдлаар хязгаарласан зүйл тогтоогдохгүй байх бөгөөд түүнд хэргийн материалтай танилцах эрх нээлттэй байжээ.

            Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН