Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 35

 

“Н н з а ж з” Нийгэмд үйлчилдэг ТББ,

 С.Т, И.Б-И нарын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

тус сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, тус сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0591 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: С.Т, И.Б, түүний өмгөөлөгч Ц.Э

Хариуцагч сумын Засаг дарга Т.Б, түүний өмгөөлөгч В.Д

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Г

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Б, П.Е нар,

Нэхэмжлэгч С.Т, И.Б-И нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т, И.Б-Инарын, Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0591 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Б-И, С.Т нарын “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Нютаг нугай зоной аза жаргалайзам” НҮТББ-ын “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн   нэхэмжлэгч  С.Т, И.Б-И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч С.Т, И.Б-И нарын хяналтын гомдол: “... Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 3 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч С.Т, И.Б-И, нэхэмжэлгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Д.Урансувд нар дараах үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн давж заалдах гомдол гаргасан.

4. Гэрчийн мэдүүлэг авахуулахаар 2 удаа хүсэлт гаргасан боловч шүүхээс гэрч асуулгах ямар ч арга хэмжээ аваагүй. Шүүх хуралдаан дээр дахиж гэрч асуулгах хүсэлт тавьсан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хийгээгүй.

5. Өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхийг хангалгүй 3 нэхэмжлэгч дундаа нэг өмгөөлөгчтэй байгаа нь өмгөөлүүлэх эрх нь хангагдаж байна гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-ийг зөрчиж байна. Дүгнэлт гаргасан шинжээч нарыг биечлэн оролцуулах хүсэлтийг хангаагүй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн гэх таван үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаж гаргасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх:

7. Гэрч асуулгах талаар: Гэрчүүдэд мэдэгдэх хуудас явуулж мэдэгдсэн боловч дуудагдсан этгээдүүд “... очих боломжгүй, ажлаас чөлөө олгохгүй байна” гэсэн хариу шүүхэд ирүүлсэнээс анхан шатны шүүхийг гэрч асуулгах талаар ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй гэжээ. Гэвч анхан шатны шүүх гэрч асуулгах талаар хүсэлтийг хангаж мэдэгдэх хуудас хүргүүлэх ажиллагаа явуулж дуудагдсан гэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан ажиллагааг явуулах ёстой байсан боловч тус ажиллгааг хийгээгүй нь анхан шатны шүүх нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох талаар нотлоогүй, эдгээр баримтыг үгүйсгэж буй үндэслэлийг заагаагүй атлаа гэрч асуулгах талаар хүсэлт гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул шүүх тус хүсэлтийг зайлшгүй хангах байсан, эргэлзээтэй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Давж заалдах шатны шүүхээс авч үзсэн дээрх үйл баримт ямар нэгэн дарааллын шалтгаант холбоогүй байхад нэг нь нөгөөгөө хангаж шийдвэрлэх талаар нөлөөгүй буюу дээрх баримтуудыг үгүйсгээгүй нь гэрч асуулгах хүсэлтийг зайлшгүй хангах талаар ажиллгаа хийгдэхэд ямар нэгэн нөлөөгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болгожээ. Анхан шатны шүүх нэгэнт нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн хангаж шийдвэрлэн ажиллагаа хийж эхэлсэн л бол зайлшгүй биелэгдэх хууль зүйн бүх арга хэрэгслийг хэрэглэх ёстой байтал дундаас нь зайлшгүй хангахгүй гээд орхисон нь маш том алдаа болж хүсэлт гаргагчийн эрх зөрчигдөх, нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулах аргагүй байх нөхцлийг бүрдүүллээ. Шүүхийн хамгийн гол онцлог болох эрх мэдэл бүхий төрийн байгууллагаас өөрөө болон хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулан авах бүрэн эрхийг зохицуулсан байгаа нь иргэдийн хувьд том боломж байтал шүүхээс эс үйлдэхгүйгээр дэмжихгүй байгаа нь нотлох шаардлагаа алдах нэхэмжлэлийг хангахгүй байхад нөлөөлсөн тул гомдолтой байна. Нөгөөтэйгүүр Цагаан-овоо сумын ИТХ-ын ажлын албанаас хурлын тогтоол болон бусад баримтыг албан ёсоор гаргуулан аваад сумын нотариат баталгаажуулсан баримтыг гарган өгөөд байхад хариуцагч талаас татгалзаж байгаа үндэслэлтэйгээ холбогдуулан яг ижил баримтыг “Степ голд”-ын хүсэлтөөр сар өдөртэйгээр гарган өгч мөн төрийн байгууллага бүртгэл хөтөлсөн архив, төрийн албаны бичиг баримтын бүртгэлийг хөтлөх шаардлага хангаагүй байхад эдгээр нотлох баримтанд огт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгч нарыг буруутган нэхэмжлэл гомдлыг хангаагүй нь шүүхээс алдаа гарах нөхцөл болсон. Төрийн байгууллага албан тушаалтан нэг ёсондоо эрх мэдэлтэн хүн дураараа аашилсан үйлдлийг шүүхээс илт дэмжсэн. Иргэд бол ямар ч үнэ цэнэгүй, эрх зөрчигдсөн байхад шүүхээр хамгаалуулж чадахгүй болсон байна гэдгийг харууллаа.

8. Өмгөөлүүлэх  эрхийг  хангаагүй  талаар:   Нэхэмжлэгч  нарын   өмгөөлөгч   болох Д.Урансувд шүүх хуралдаанд тайлбар гаргаж, мэтгэлцсэн нь нэхэмжлэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангагдаж байна гэж үзэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулж өмгөөлүүлэх эрхээ хангуулах хүсэлт гаргаж байгаа нэхэмжлэгч нарын өмгөөлүүлэх эрхийг шүүх хязгаарлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд ноцтой халдаж байна. Гурван нэхэмжлэгчийн дунд нэг өмгөөлөгч байхад хангалттай өмгөөлөх эрх хангагдаж байна гэж шүүх дураар аашлан үзэх эрхгүй бөгөөд нэхэмжлэгч нар өөрсдийн хууль ёсны эрх ашиг сонирхолоо хамгаалахын тулд хэдэн ч өмгөөлөгч оролцуулах эрхтэй.

9. Шинжээч нарыг биечлэн оролцуулах талаар:  Урьдчилсан хэлэлцүүлэгийн үед гуравдагч этгээдийн өмгөөлөгч шинжээч нарыг биечлэн оролцуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал уг хүсэлтийг давтан гаргах боломжгүй тул тус хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэх нь шинжээчийг биечлэн оролцуулах хүсэлтэй хангалттай бодитой илэрхийлэл болж байна. Шинжээчийн дүгнэлтээр газар олгогдсон байдал огт давхцаагүй биш тодорхой хэмжээнд давхацсан гэдэг нь тодорхой байсан. Тэгвэл шүүхээс бичгээр хүсэлт гаргаагүй буюу хүсэлт гаргасан тал хүсэлтээ татаж авсан гээд яг ижил байр суурьтай хүсэлт гаргаж байхад хэт нэг талыг барьж манай өмгөөлөгчийн хүсэлтийг огт тоосонгүй. Миний бодлоор шүүх өөрийн санаачилгаар шинжээч оролцуулах эрхтэй боловч энэ тал дээр шүүх илт хэргийн оролцогчийн шийдвэр гэж хандан нэг талыг хамгаалж хандсан юм.

10. Газрын тухай хууль бол газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн харилцааг зохицуулсан, аливаа этгээдэд олгох газрыг давхардуулан олгохыг хориглосон заалттай байтал Ашигт малтмалын хуулиар газар давхцуулан олгож болохгүй гэсэн зохицуулалт байхгүй гэж үзэн шийдвэрт нөлөөлөх болсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ гэж үзэж байна.

11. Иргэдэд олгогдсон газар давхацсан талаар тэмдэглэсэн байх боловч иргэдийн газар эзэмших гэрээнд газрын хэмжээ заагаагүй, байршил, заагийг харуулсан зураг байхгүй, зааг нь тодорхойгүй, тойм зураг солбицол тодорхой бус, мэдээллийн санд ороогүй гэх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, хууль зүйн боломжгүй гэсэн. Энэ асуудал төрийн чиг үүрэг байтал иргэд энэ асуудлын эцсийн бурууг үүрэх ёсгүй.

12. Иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, байгалийн баялаг, газар усаа, эд хөрөнгөө хамгаалах, нутаг нугаа гэсэн сэтгэл зовних, хайрлан хамгаалах хууль ёсны ба жам ёсны эрх байхгүй болжээ.

13. Уг нь иргэд бид миний биш бидний гэсэн сэтгэлээр л нутаг орныхоо асуудалд хандаж байгааг Үндсэн хуулиар зааж өгсөн эрх, үүргээ сахин биелүүлэх гэж чармайн хичээж байгаа гэж ойлгодог. Гэтэл газар шороо өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолыг хамгаалан тэмцсэн иргэдийн буруу болоод байдагт үнэхээр гомдолтой байна.

14. Нутаг орондоо малаа маллан амьдрах аргагүй байтал шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж шийдэж байгаа шүүхийн шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй байх тул дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Хэтэрхий Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн алдаа байсаар байтал шүүх үүнийг анхааран зөвтгөх бүү хэл, таны эрхийг зөрчөөгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул нягтлан хянаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            16. Нэхэмжлэгч нараас “Дорнод аймгийн  Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн ..., хууль бусаар хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга “С г” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль зөрчсөн, малчдын эзэмшлийн бэлчээр, өвөлжөө, хаваржааны газартай давхацсан, ... сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэж, хариуцагч нараас “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... /хуульд заасан журмын дагуу/ хуралдаж, ... гаргасан тогтоол хууль зөрчөөгүй, ... сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар А/103 тоот захирамжийг хүчингүй болгож, газрыг зориулалт тус бүрээр эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ...” гэж тус тус маргажээ.

17. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Нютаг нугай зоной аза жаргалайзам” НҮТББ-ын “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, мөн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэгч “Нютаг нугай зоной аза жаргалайзам” НҮТББ-аас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул   хяналтын шатны шүүх магадлалын энэ хэсэгт холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

18. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч С.Т, И.Б-Инарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан “... Газрын тухай хууль бол газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн харилцааг зохицуулсан, аливаа этгээдэд олгох газрыг давхардуулан олгохыг хориглосон заалттай байтал Ашигт малтмалын хуулиар газар давхдуулан олгож болохгүй гэсэн зохицуулалт байхгүй гэж үзэн шийдвэрт нөлөөлөх болсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

19. Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг, маргаан бүхий газарт 2003-2011 онд “Сентеррагоулд Монголия” ХХК хайгуулын үйл ажиллагаа явуулж, ашигт малтмалын нөөц тогтоосон, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр тус сумын нутаг дэвсгэр, “Алтан цагаан овоо” нэртэй 11614.22 га талбайд ашигт малтмал ашиглах эрх олгож, MV-017111 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 11614.22 га  талбайн 6121.58 га талбайг “хэсэгчлэн буцаан өгөх” хүсэлт гаргаснаар мөн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр тусгай зөвшөөрлий талбайг 5492.63 га-аар бүртгэсэн, мөн даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “Степгоулд” ХХК-нд шилжүүлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

20. Түүнчлэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн маргаан бүхий А/39 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2,  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар хуралдааны “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн” Цагаан-Овоо сумын 2 дугаар (Элст боон баг) багийн Мянган хоньт нэртэй газарт “уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж”-ийн зориулалтаар 90.4 га, “ажилчдын байр”-ны зориулалтаар 5 га, “ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбай”-н зориулалтаар 300 га, “шатах тослох материал, түгээгүүрийн газар, агуулах, ШТС”-ын зориулалтаар 0.1 га газрыг “С г” ХХК-нд тус тус 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, уг газрууд нь тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийн дотор багтаж байгаа нь хэрэгт цугларсан баримтууд тогтоогджээ.

21. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 37,  2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар захирамжаар нэхэмжлэгч И.Б-И, С.Т нарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ 2003 оноос хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцуулан газар эзэмшүүлсэн нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул гуравдагч этгээд “С г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд уурхайн эдэлбэр, үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүх дүгнэх боломжгүй.   

22. Өөрөөр  хэлбэл,  хайгуулын  болон  ашиглалтын  тусгай  зөвшөөрөлтэй талбайд  “иргэдийн  өвөлжөө,  хаваржаа  байгаа”  үйл  баримт  нь  хуулийн  зөрчил үүсгэхгүй,  харин  уг  давхцлын  улмаас  хэн  алины  газар  эзэмших  эрх хөндөгдсөн  асуудлаар  маргаан  гарсан  тохиолдолд  шүүх  Газрын  тухай,  Ашигт малтмалын  тухай  хуулиудад  заасан  журмын  дагуу  үүссэн  газар  эзэмших, ашиглах  “анхдагч эрх”-ийг  тодорхойлох  шаардлага  үүснэ,  тухайн  тохиолдолд, Ашигт  малтмалын  тухай  хуульд  заасан  журмын  дагуу  маргаан  бүхий  газарт газар  ашиглах  эрх  гуравдагч  этгээд  “С г”  ХХК-нд  түрүүлж  үүссэн  нь хэрэгт  авагдсан  баримтуудаар  тогтоогдсон  байх  тул  хариуцагч  Цагаан-Овоо сумын Засаг дарга гуравдагч этгээд “С г” ХХК-нд газар ашиглуулахаар шийдвэрлэснийг буруутгах, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

23. Түүнчлэн,  нэхэмжлэгч  нараас  “...14  хоногийн  өмнө  хурлыг  товлон зарлах,  төлөөлөгчдөд  гурав  хоногийн  өмнө  мэдэгдэл  өгөх  ажиллагаа хийгдээгүй  хуралдсан, ... сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хууль  зөрчсөн”  гэх  боловч  Цагаан-Овоо  сумын  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдаанд оролцсон болон оролцоогүй төлөөлөгч нараас уг асуудлаар шүүхэд маргаагүй, Хурлын хуралдааны дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар “зөрчил байсан эсэх” асуудал нь энэ тохиолдолд, тухайн Хурлын төлөөлөгч биш нэхэмжлэгч С.Т, И.Б-Инарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэхгүй.

24. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувдаас “... Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Р.Зоригтбаатар, Г.Чулуунбаатар, Л.Мөнхсайхан, Н.Баярсайхан нарыг гэрчээр асуулгах” хүсэлт гаргасан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Р.Зоригтбаатар, Л.Мөнхбаатар, Г.Чулуунбаатар нарыг гэрчээр асуухаар дуудаж, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн, тухайн шүүхэд дуудагдсан этгээдүүдээс “... одоогоор очих боломжгүй, ажлаас чөлөө олгохгүй байна, гэхдээ очоод асуугдахад татгалзах зүйлгүй” гэх тайлбар хэлж, дуудсан цагт ирээгүй, шүүхээс дахиж тухайн этгээдүүдийг дуудсан, гэрчээр асуусан баримт хэрэгт байхгүй байна.    

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, 37.4-т “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно”, 37.5-д “гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс эрх бүхий байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно” гэж заасан, тухайн тохиолдолд анхан шатны шүүх “шүүхийн мэдэгдэх хуудас”-т заасан арга хэмжээгээ хэрэгжүүлж гэрчийг асуугаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн, гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

26. Тодруулбал, Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны үйл ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах”-аар, 24 дүгээр зүйлийн 24.3-т “... /Хуралд хэлэлцүүлэхээр оруулах/ саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...”-аар тус тус заасантай нийцсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул уг үйл баримтын талаар дахин “гэрч асуугаагүй” үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэхгүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй. 

27. Иймд, нэхэмжлэгч нарын гаргасан “...гэрчийг шүүх асуугаагүй” гэх гомдлоор шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

28. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Д.Галтогтохоос “... Хурлын Тэргүүлэгч Б.Мөнхбаатарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлт, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувдаас “...шүүх хуралдаанд шинжээч оролцуулах” хүсэлт тус тус гаргасан, уг хүсэлтийг шүүгч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмын хүрээнд байна.

29. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, “... шинжээч томилж” шийдвэрлэсэн, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Шинжээчийн дүгнэлт” гарсан, хэргийн оролцогчдын хэн аль нь уг дүгнэлтэд холбогдуулан аливаа гомдол, хүсэлт гаргаагүй байна.

30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 102.2-т “... шинжээч шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана” гэж зааснаас үзвэл, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах талаар хуульчлаагүй байх тул “шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй.

31. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас “... өвчний улмаас ... шүүх хуралдаанд очих боломжгүй болсон ... /тул/ шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувдаас “... шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Эрдэнэбатыг биечлэн оролцуулах” хүсэлт, нэхэмжлэгч С.Т, И.Б-Инараас “... шүүх хуралдаанд 2 өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт тус тус гаргасан, шүүгч эдгээр хүсэлтүүдийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

32. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасан, уг шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Т, И.Б-Инарын өмгөөлөгч  Д.Урансувд оролцож, нэхэмжлэгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлсэн байх тул  шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарыг “хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй” гэх үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан “... нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд ноцтой халдаж, ... /өмгөөлүүлэх эрхээр хангаагүй/”, “... өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй” гэх гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

33. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч С.Т, И.Б-Инараас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2018/0591 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Т, И.Б-И нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан С.Т-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА