Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2019/00021

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00652 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******өд холбогдох,          

5 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...“2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр О.Уранбилэг нь надад хандан "манай 10-н жилийн найз охин Баярцэнгэл нь******* гэдэг хүнтэй хамтарч Бүгд Найрамдах Солонгос улс руу хүмүүс гаргаж өгдөг ажил хийдэг гэнэ, удахгүй явуулах хүмүүсийг өнөөдөр бүрттэнэ, 1 хүн 6 000 000 төгрөг өгвөл 1 жилийн хугацаанд чөлөөтэй ирж очдог мульт виз найдвартай гаргаж өгөх гэнэ" гэж хэлэхэд нь сонирхож эхнэр болон эхнэрийн найз Л.Алтанхүү нараар дамжуулан Баярцэнгэл болон түүний хамтрагч*******тэй холбогдож 06 дугаар сарын 07-ны өдрөө шууд 6 000 000 төгрөгийг виз гаргуулахаар төлсөн. Уг мөнгийг Баярцэнгэлийн виз гаргах ажлыг хамтран хийдэг ажлын хамтрагч гэх******* нь өөрөө авахаар болсон. Ингээд миний бие тэр дариу буюу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр*******ийн Хаан банкны 5990341763 тоот данс руу өөрийн Хаан банкны 5003814658 тоот данснаас 6 000 000 төгрөгийг "Уламбаяраас визний мөнгө" гэсэн утгаар шилжүүлсэн юм. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрүүдэд ниснэ гэж хэлсний дагуу хүлээсэн ч виз гаргаж өгнө гэсэн амлалтдаа хүрээгүй бөгөөд "удахгүй болно бүтнэ, нисэх бэлтгэлээ хийж бай" гэсээр 2018 оны намар хүргэсэн. Сүүлдээ "худлаа боллоо, мөнгийг чинь буцааж өгнө" гээд******* нь дээр дурдсан өөрийн Хаан банкны 5990341763 тоот данснаасаа миний Хаан банкны 5003814658 тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үлдэгдэл 5 500 000 төгрөгийг өгөхгүй цааш нь өөр хүнд өгөөд бас авч чадахгүй тэр хүндээ залилуулсан мэтээр элдэв шалтаг хэлсээр өдийг хүрсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд*******өөс 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...“Б.Батмөнх миний бие нь “Тенын калби” ресторанд зөөгч хийдэг байсан Тэгшжаргал гэх манай рестораны захирал ажил дээр байхад Хаан банкны данс байгаа юу захирал нь чиний дансанд мөнгө хийгээд авах гэсэн юм гээд дансны дугаар, карт хоёр авсан. Эргүүлээд авах гэсэн боловч Сэлэнгэ хоёр хоног явж ирээд өгье гэх мэтийн хэд хэдэн шалтгаанаар эргүүлж өгөөгүй. Данс картаа хэрэглэдэгүй бол захирал нь хэрэглэж байя Солонгос гаргаж өгнө гээд мөнгөө бэлдээд байж бай гэх  зэргээр янз бүрийн юм ярьж, карт өгдөггүй байсан. Нэхэмжлэлээ гаргасан Амармөнхийн Уламбаяр гэх хүнийг огт танихгүй. Надтай нэг ч удаа уулзаж утсаар ярьж байгаагүй. Тэгшжаргалын хамсаатан Баярцэнгэл гэх хүнтэй л холбогдсон байсан. Баярцэнгэл гэх энэ хүүхэн ч надтай нэг ч удаа уулзаж, нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Эдгээр Уламбаяр, Баярцэнгэл хоёрыг огт таньж мэдэхгүй. Би энэ хэрэгт ямар ч холбоо хамааралгүй гэдгийг батлаж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй,*******өд холбогдох, 5 500 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 151/ШШ2019/00652 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Б.Батмөнх нь БНСУ-руу виз гаргаж өгнө гэж *******аас нийт 6.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5990341763 тоот дансаар дамжуулан авсан байдаг бөгөөд дээрх мөнгөнөөс 500.000 төгрөгийг буцаан Б.Уламбаярт шилжүүлсэн байдаг. Гэвч******* нь виз гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул түүнд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 5.500.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан билээ.

 

Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа "миний дансаар 6.000.000 төгрөг орж ирсэн асуудал дээр маргахгүй, гагцхүү энэ мөнгийг би өөрөө аваагүй, манай ажлын захирал гэж хүн миний картыг хэрэглэж байсан тэр хүн авсан би аваагүй. мөн энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч хариуцагч өөрийн дансанд нэхэмжлэгч Б.Уламбаяраас 6.000.000 төгрөг орсныг зовшөөрсөн боловч тэрхүү мөнгийг данснаасаа өөрөө аваагүй гэх дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан "нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж заасны дагуу нотлоогүй.

 

Мөн энэ хэрэг маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2089 тоот албан бичиг болон шүүхийн захирамжийн дагуу дүүргүүдийн цагдаагийн газраас ирүүлсэн хариугаас харахад нэхэмжлэлийн шаардлага болох 5.500.000 төгрөгтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгагдаж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч******* нь тайлбар гаргахдаа О.Тэгшжаргал гэх хүн миний картыг авч хүмүүсээс мөнгө авсан, тэр хүнтэй холбоотой асуудал Баянгол дүүрэгт шалгагдаж байгаа тэрхүү хэрэгт би гэрчээр мэдүүлэг өгсөн, түүнээс надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй" гэсэн тайлбар гаргасан ба түүний энэ тайлбар дээрх цагдаагийн хэлтсийн албан бичгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар******* нь өөрийн дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх бөгөөд нэгэнт*******ийн эзэмшлийн данс руу мөнгө шилжсэн, тухайн дансны орлого зарлага хийх эрх бүхий этгээд нь гагцхүү******* өөрөө бөгөөд картаа өөр хүнд өгөх эсэх нь түүний эрхийн асуудал тул өөрийн дансанд шилжиж орж ирсэн мөнгийг буцаан төлөх үүрэг бүхий этгээд нь******* юм. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 151/ШШ2019/00652 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь Солонгос улсын виз гаргуулах зорилгоор *******ийн дансанд 6 000 000 төгрөг шилжүүлсэнээс  буцаагаад дансанд 500 000 төгрөг орсон, үлдэгдэл 5 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаар “...Уламбаяр, Баярцэнгэл нарыг огт танихгүй огт уулзаж байгаагүй, манай байгууллагын захирал Тэгшжаргал нь “ХААН” банкны виза карт, дансны дугаар, картны нууц үгийг авч ах нь мөнгө авчихаад буцаагаад өгье гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сард авсан... Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ярихад миний дансыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг мэдээд тэр даруйд нь дансаа хаалгасан... энэ мөнгийг  аваагүй  “  гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *******ын эзэмшлийн Хаан банкны 5003814658 тоот данснаас *******ийн эзэмшлийн Хаан банкны 5990341763 тоот данс руу  2018 оны 06 дугаар  сарын 07-ны өдөр 6 000 000 төгрөг, буцаж*******ийн данснаас /АМТ-аар/ нэхэмжлэгч *******ын дансанд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 500 000 төгрөг  шилжсэн байх ба энэхүү үйл баримтын талаар  зохигчид маргаагүй байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч******* нь Хаан банкны 5990341763 тоот дансыг эзэмшигч мөн боловч, тэрээр нэхэмжлэгчээс мөнгө шилжсэн болон заримыг буцааж шилжсэн буюу маргааны үйл баримт болсон гэх хугацаанд өөрөө данс болон картаа эзэмшиж, ашиглаагүй байх ба мөн зохигчдын хооронд ямар нэгэн хэлцэл, гэрээ байгуулагдаагүй, хариуцагчаас эд хөрөнгийг олж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй  байх тул нэхэмжлэгч хариуцагчаас  5 500 000 төгрөгийг шаардах эрхгүй байна.   

Энэ  талаар анхан шатны шүүхээс “...эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийн бүрэлдхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх,.. эд хөрөнгийг олж авсан этгээд заавал өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхыг шаарддаг энэхүү нөхцлийг хангаагүй ...“ гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна. 

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхийг зохицуулан заажээ.

Мөн түүнчлэн шүүхээс нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч  үгүйсгэж, няцааж  чадаагүй талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт  хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомд лыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавин / төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                    ШҮҮГЧИД                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Т.ЭНХМАА