Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00239

 

А.Уламбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00652 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00021 дүгээр магадлалтай,

А.Уламбаярын нэхэмжлэлтэй,

Б.Батмөнхөд холбогдох

5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018.06.07-ны өдөр манай эхнэр О.Уранбилэг нь надад хандан "манай 10-н жилийн найз охин Баярцэнгэл нь Б.Батмөнх гэдэг хүнтэй хамтарч Бүгд Найрамдах Солонгос улс руу хүмүүс гаргаж өгдөг ажил хийдэг гэнэ, удахгүй явуулах хүмүүсийг өнөөдөр бүртгэнэ, 1 хүн 6,000,000 төгрөг өгвөл 1 жилийн хугацаанд чөлөөтэй ирж очдог мульт виз найдвартай гаргаж өгөх гэнэ" гэж хэлэхэд нь сонирхож эхнэр болон эхнэрийн найз Л.Алтанхүү нараар дамжуулан Баярцэнгэл болон түүний хамтрагч Б.Батмөнхтэй холбогдож 6 сарын 07-ны өдрөө шууд 6,000,000 төгрөгийг виз гаргуулахаар төлсөн. Уг мөнгийг Баярцэнгэлийн виз гаргах ажлыг хамтран хийдэг ажлын хамтрагч гэх Б.Батмөнх нь өөрөө авахаар болсон. Ингээд миний бие тэр дариу буюу 2018.06.07-ны өдөр Б.Батмөнхийн Хаан банкны 5990341763 тоот данс руу өөрийн Хаан банкны 5003814658 тоот данснаас 6,000,000 төгрөгийг "Уламбаяраас визний мөнгө" гэсэн утгаар шилжүүлсэн юм. Ингээд 2018.09.01-ний өдрөөс 02-ны өдрүүдэд ниснэ гэж хэлсний дагуу хүлээсэн ч виз гаргаж өгнө гэсэн амлалтдаа хүрээгүй бөгөөд "удахгүй болно бүтнэ, нисэх бэлтгэлээ хийж бай" гэсээр 2018 оны намар хүргэсэн. Сүүлдээ "худлаа боллоо, мөнгийг чинь буцааж өгнө" гээд Б.Батмөнх нь дээр дурдсан өөрийн Хаан банкны 5990341763 тоот данснаасаа миний Хаан банкны данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш үлдэгдэл 5,500,000 төгрөгийг өгөхгүй цааш нь өөр хүнд өгөөд бас авч чадахгүй тэр хүндээ залилуулсан мэтээр элдэв шалтаг хэлсээр өдийг хүрсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Б.Батмөнхөөс 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие нь Тенын калби ресторанд зөөгч хийдэг байсан н.Тэгшжаргал гэх манай рестораны захирал ажил дээр байхад Хаан банкны данс байгаа юу захирал нь чиний дансанд мөнгө хийгээд авах гэсэн юм гээд дансны дугаар, карт хоёр авсан. Эргүүлээд авах гэсэн боловч Сэлэнгэ хоёр хоног явж ирээд өгье гэх мэтийн хэд хэдэн шалтгаанаар эргүүлж өгөөгүй. Данс картаа хэрэглэдэггүй бол захирал нь хэрэглэж байя Солонгос гаргаж өгнө гээд мөнгөө бэлдээд байж бай гэх зэргээр янз бүрийн юм ярьж, карт өгдөггүй байсан. Нэхэмжлэл гаргасан А.Уламбаяр гэх хүнийг огт танихгүй. Надтай нэг ч удаа уулзаж утсаар ярьж байгаагүй. н.Тэгшжаргалын хамсаатан н.Баярцэнгэл гэх хүнтэй л холбогдсон байсан. Баярцэнгэл нь надтай нэг ч удаа уулзаж, нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Эдгээр А.Уламбаяр, н.Баярцэнгэл хоёрыг огт таньж мэдэхгүй. Би энэ хэрэгт ямар ч холбоо хамааралгүй гэдгийг баталж өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00652 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар А.Уламбаярын нэхэмжлэлтэй, Б.Батмөнхөд холбогдох, 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00021 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.31-ний өдрийн 151/ШШ2019/00652 тоот шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн 223/МА2019/00021 тоот магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.19-ний өдрийн 151/Ш32019/01330 тоот захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Батмөнх нь БНСУ-руу виз гаргаж өгнө гэж А.Уламбаяраас нийт 6,000,000 төгрөгийг 2018.06.07-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар дамжуулан авсан байдаг бөгөөд дээрх мөнгөнөөс 500,000 төгрөгийг буцаан Б.Уламбаярт шилжүүлсэн байдаг. Гэвч Б.Батмөнх нь виз гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул түүнд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан билээ. Б.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа миний дансаар 6,000,000 төгрөг орж ирсэн асуудал дээр маргахгүй, гагцхүү энэ мөнгийг би өөрөө аваагүй, манай ажлын захирал гэж хүн миний картыг хэрэглэж байсан тэр хүн авсан би аваагүй, мөн энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан билээ. Гэвч хариуцагч өөрийн дансанд нэхэмжлэгч Б.Уламбаяраас 6,000,000 төгрөг орсныг зөвшөөрсөн боловч тэрхүү мөнгийг данснаасаа өөрөө аваагүй гэх дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлоогүй билээ. Мөн энэ хэрэг маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019.03.22-ны өдрийн 2089 тоот албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг баримтаар нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 төгрөгтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгагдаж байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Б.Батмөнх нь тайлбар гаргахдаа О.Тэгшжаргал гэх хүн миний картыг авч хүмүүсээс мөнгө авсан, тэр хүнтэй холбоотой асуудал Баянгол дүүрэгт шалгагдаж байгаа тэрхүү хэрэгт би гэрчээр мэдүүлэг өгсөн, түүнээс надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй гэсэн тайлбар гаргасан ба түүний энэ тайлбар дээрх цагдаагийн хэлтсийн албан бичгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Б.Батмөнх нь өөрийн дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байх бөгөөд нэгэнт Б.Батмөнхийн эзэмшлийн данс руу мөнгө шилжсэн, тухайн дансны орлого, зарлага хийх эрх бүхий этгээд нь гагцхүү Б.Батмөнх өөрөө бөгөөд картаа өөр хүнд өгөх эсэх нь түүний эрхийн асуудал тул өөрийн дансанд шилжиж орж ирсэн мөнгийг буцаан төлөх үүрэг бүхий этгээд нь Б.Батмөнх юм. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн 223/МА2019/00021 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Уламбаяр, хариуцагч Б.Батмөнхөд холбогдуулан гаргасан 5,500,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...миний эхнэр Баярцэнгэлтэй уулзаж, ...виз гаргаж өгнө, Б.Батмөнхтэй хамтарч ажилладаг..., ... Б.Батмөнхийн данс руу мөнгийг шилжүүлсэн тул Б.Батмөнхөөс мөнгөө гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч Б.Батмөнх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... Баярцэнгэл гэдэг хүн танихгүй, огт уулзаж байгаагүй, манай байгууллагын захирал Тэгшжаргал нь ХААН банкны виза карт, дансны дугаар, нууц үгийг авч ах нь мөнгө авчихаад буцаагаад өгье гэж хэлээд 2017 оны 11 сард авсан..., "...хэсэг хугацааны дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ярихад миний дансыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг мэдээд тэр даруйд нь дансаа хаалгасан.., энэ мөнгийг би аваагүй учир төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх А.Уламбаярын нэхэмжлэлтэй, Б.Батмөнхөд холбогдох, 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээжээ.

1. Нэхэмжлэгч А.Уламбаяр хариуцагч Б.Батмөнхөөс 5,500,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.

Хаан банкны 5003814658 тоот А.Уламбаярын данснаас мөн банкны 5990341763 тоот Б.Батмөнхийн данс руу 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөг орсон, мөн Б.Батмөнхийн данснаас /АМТ-аар/ А.Уламбаярын дансанд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг шилжсэн баримт хэрэгт авагдсан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б.Батмөнх нь Хаан банкны 5990341763 тоот дансыг эзэмшигч мөн боловч, тэрээр нэхэмжлэгчээс мөнгө шилжсэн болон заримыг буцааж шилжсэн хугацаанд өөрөө уг данс болон картыг эзэмшиж, ашиглаагүй байх ба мөн зохигчдын хооронд ямар нэгэн хэлцэл, гэрээ байгуулагдаагүй, хариуцагчаас эд хөрөнгийг олж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаас 5,500,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх ...эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийн бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх,.. эд хөрөнгийг олж авсан этгээд заавал өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхыг шаарддаг энэхүү нөхцлийг хангаагүй ... гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн татгалзлын эсрэг үгүйсгэх, няцаах баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

3. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болж буй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтаар ...эд хөрөнгийг олж авсан этгээд заавал өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байхыг шаарддаг нөхцөлөөр хариуцагч Б.Батмөнхөд хариуцлага хүлээлгэх боломж хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангуулах тухай гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00652 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 223/МА2019/00021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН