Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

Ц.Цэрэнтогтох нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Ганзориг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 М.Бамбадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                     Ө.Батболд

Шүүгдэгч                                                               Ц.Цэрэнтогтох       

                                                                              О.Цэрэндэлэг

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарт холбогдох эрүүгийн 2221004240044 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18ы өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Цагаандүүгийн Цэрэнтогтох, Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1986 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өмнөговь аймгийн Номгон сумын 5 дугаар баг, “Тал булаг” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: КЖ86020914/ Урьд:

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 5 508 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

2. Булгачид овогт Одонцэцэгийн Цэрэндэлэг, Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Номгон сумын 3 дугаар баг, “Хөх эрэг” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: КЖ87042511/

3. Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох нь О.Цэрэндэлэгтэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “Цагаан толгой” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж, 30,4517 грамм алт олборлосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “Харганы цар” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж 6,2731 грамм алт олборлосон,

Шүүгдэгч О.Цэрэндэлэг нь Ц.Цэрэнтогтохтой бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “Цагаан толгой” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж, 30,4517 грамм алт олборлосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “Харганы цар” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж 6,2731 грамм алт олборлосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

4. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Цагаандүүгийн Цэрэнтогтох, Булгачид овогт Одонцэцэгийн Цэрэндэлэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаандүүгийн Цэрэнтогтох, Одонцэцэгийн Цэрэндэлэг нарыг тус бүр 8,000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нараас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 6,664,739.95 /зургаан сая зургаан зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес төгрөг, ерэн таван мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн 62-31 УНЕ улсын дугаартай Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, шүүгдэгч О.Цэрэндэлэгийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, хүрз 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох цагаан өнгийн хуванцар саванд хийсэн 6,2731 грамм алт, цагаан өнгийн саванд хийсэн 30,4517 грамм алт зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 62-31 УНЕ улсын дугаартай Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Ц.Цэрэнтогтоход хадгалагдаж байгаа бөгөөд Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, шүүгдэгч О.Цэрэндэлэгийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж 1 ширхэг, жоотуу 1 ширхэг, хүрз 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох цагаан өнгийн хуванцар саванд хийсэн 6,2731 грамм алт, цагаан өнгийн саванд хийсэн 30,4517 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг анхнаас нь хүлээн зөвшөөрдөг, шүүн таслах ажиллагааны ямар ч зардал байхгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар бага, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд ашиглагдахаа больсон, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайд металл хайгч ашиглан 6-7 газар 20-30 см нүх ухаж 30.4517 гр алт олборлосон. Матад суманд мөн адил хэмжээгээр ижил нөхцөл байдалд ижил аргаар газрын хэвлийг хүрздэж 6.2731 гр нийт 36.6 гр алт олборлосон бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ерөнхийдөө уг гэмт хэргийг өөрсдийн амьдрал ахуйдаа дэм болгох үүднээс үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан мөн өөрсдийн эд хөрөнгө, олборлосон алт зэргийг хураалгаж улсын орлого болгож байгаа буюу хэдийгээр буруу зүйл хийсэн ч гэсэн эх орныхоо баялагаас хууль бусаар хумсын толионд ч хүрэхгүй баялаг хүртсэнийхээ төлөө асар үнэтэй эд хөрөнгөөрөө хохирч байгааг бодолцож торгох ялыг багасгаж, ял шийтгэл биелүүлэх хугацааг 2 жилээр тогтоож өгнө үү.

... Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан...” үйл баримтыг төгссөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Гэтэл О.Цэрэндэлэг нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тухайн тээврийн хэрэгслээр буюу түүний оролцоотой эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан зүйл байхгүй гагцхүү хүрз, жоотуу, minilab 1000 загварын металл хайгч багаж ашиглан дээрх 36.6 гр алт олборлосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл уг машин нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл биш юм. Мөн металл хайгч болон бусад багажийг ачиж ирж байгаа болон олборлосон алтаа аваад явж байгаа нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл ойлголт юм. Тэгээд ч тэр олборлож төгссөн 36.6 гр алт нь тухайн 62-31 УНЕ улсын дугаартай Toyota landcruiser машин байхгүй л бол тээвэрлэх боломжгүй зүйл огт биш юм.

Иймд шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, 5,6 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбартаа: “Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна. ... Энэ хэргийн хохирлыг олборлосон алтны хэмжээгээр дүгнэсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан алт хайгч нь 20 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Гэтэл 50 гаруй сая төгрөгийн үнэлгээ бүхий зүйлс яригдаж байгаа юм. Хүрз, жоотуу, металл хайгчийг ашиглаж хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Машины оролцоотой олборлох үйл ажиллагаа явагдаагүй. Тиймээс заавал хурааж улсын орлого болгох шаардлагагүй. Энэ хүмүүс энэ гэмт хэрэг үйлдсэндээ хамарсаж байгаа. Тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлэх санал гаргасан боловч малчин хүмүүсийн хувьд байнга аймгийн төв рүү явах боломжгүй байсан учраас торгуулийн ялаар шийтгүүлэх санал гаргасан.” гэв.

8. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Цэрэнтогтох гаргасан тайлбартаа: “Миний бие үйлдсэн гэмт хэргийн талаар маргахгүй. ...уг машинаар миний бие орлого олдог тул машинаа гаргаж авмаар байна.” гэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Цэрэндэлэг гаргасан тайлбартаа: “Халаасанд явж байсан алтаа цагдаа ирэхээр нь сандарсандаа машины хаалганы хажуугийн халаасанд хийсэн юм. Тэрнээс өөрөөр машиныг ашигласан зүйл байхгүй үйлдсэн хэргийн талаар маргахгүй.” гэв.

10. Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар өөрсдийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч ял хүндэдсэн гэж байна. 8000 нэгжээр торгосныг 5400 нэгжээр торгуулах саналыг гаргаж байгаа юм байна. Гэвч ялын хэмжээ бүрэн тохирсон гэж үзэж байна. ...Тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл дээр шүүгдэгч нар Дорнод аймагт амьдардаггүй, Өмнөговь аймгаас алт олборлохоор ирсэн. ... аймгийн төвөөс 163 км буюу Баяндун сумын нутаг, цаашлаад Матад сум хүртэл алт эрэн хайх үйлдлээ үргэлжлүүлсэн. ... Ингэхдээ л тухайн авто машиныг ашигласан гэж хэлээд байгаа юм. Хүрзээр олборлосон гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Гэтэл хүрз болон алт хайг багажаа машинаар зөөвөрлөсөн байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч  Ө.Батболдын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг, “Цагаан толгой” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж, 30,4517 грамм алт олборлосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын “Харганы цар” гэх газраас металл хайгч багаж ашиглан хууль бусаар алт эрэн хайж 6,2731 грамм алт олборлосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, /хх 140, 145, 232-233 тал/

Иргэний нэхэмжлэгч Х.Хүрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын албан тушаалд ажилладаг. Миний хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...Тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн хүмүүс хууль бусаар алт эрэн хайж олборлосон зүйл байгаа бол байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг, /хх 49 тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Матад сумын Засаг даргаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Надад иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...Би хэрэг бүртгэлтийн 222100424 дугаартай хэрэгт үнэлгээний “Нуман Алтай” ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлтэд заагдсан үнэлгээг нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг, /1хх 55 тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ж.Энхбаярын мэдүүлэг, /хх 58-59 тал/ Ё.Эрдэнэбатын мэдүүлэг, /хх 61-63 тал/, Б.Баяржаргалын мэдүүлэг /хх 76-77 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Б.Даваанямын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5770 тоот дүгнэлт, түүний хавсралт, /хх 85-89 тал/ “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ДЦ-22-87 дугаартай “Автомашин, эд зүйлсийн үнэлгээ”, /хх 113-120 тал/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, /хх 12-15 тал/ хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 23-33 тал/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 34-35 тал/ эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх 36 тал/ эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 37-42 тал/ иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх 127-128 тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарыг тус бүр 8 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнтогтох, О.Цэрэндэлэг нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь  тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах журмаар “... анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тус бүр торгох ялын хэмжээг багасгаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5 400 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэхээр тогтоож өгнө үү, ... алтыг хүрзээр ухаж олборлосон, машины оролцоотой олборлох үйл ажиллагаа явагдаагүй. Тиймээс заавал хурааж улсын орлого болгох шаардлагагүй тул машиныг шүүгдэгч Ц.Цэрэнтогтоход буцаан олгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ... нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. гэж,  мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.

7.1 Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ ашигт малтмал хайх, олборлох зорилго бүхий үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор Өмнөговь аймгаас Дорнод аймаг, тус аймгийн төвөөс Баяндун сум болон Матад сум хүртэл Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн 62-31 УНЕ улсын дугаартай Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгслээр явсан, уг тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл буюу шүүгдэгч Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж, minelab маркийн GP-1000 загварын металл хайгч багаж, жоотуу, шүүгдэгч О.Цэрэндэлэгийн эзэмшлийн minelab маркийн GP-7000 загварын металл хайгч багаж, жоотуу, хүрз зэргийг ачиж явсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

7.2 Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Цэрэнтогтохын эзэмшлийн 62-31 УНЕ улсын дугаартай Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгсэл болон бусад техник хэрэгслүүд, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох алт зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар буюу шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 62-31 УНЕ улсын дугаартай, Toyota Land Cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД      Д.ГАНЗОРИГ                                                                                    

                                                          Г.УРТНАСАН