Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2019/00024

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 151/ШШ2019/00588 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.121.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баатар-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 400.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцож зээлийн гэрээ байгуулсан. Одоо үндсэн зээлийн мөнгө 400.000 төгрөг, 6 сарын хүү 240.000 төгрөг, нийт төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 320.000 төгрөг, нийт 960.000 төгрөг нэхэмжилж байна. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эхлээд 45.000 төгрөг, дараа нь 139.000, ингээд нийт 184.000 төгрөг хүүгүй зээл авснаас 100.000 төгрөгийг буцаан төлж 84.000 төгрөг төлөөгүй байгаа, тухайн үед хүүгүй авсан учраас ажлынхаа хар дэвтэр дээр гарын үсэг зуруулж зээл өгсөн. 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бензиний 77.000 төгрөг нэмэгдүүлсэн. Нийт 1.121.000 төгрөг нэхэмжилж байна. Барьцаанд******* нь нөхөр Тогоохүүгийн 0334657  дугаартай, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээг тавиад 400.000 төгрөгийг бэлнээр авсан.******* би банк бус санхүүгийн байгууллагад өртэй, банкинд хүү 360.000 төгрөгийг төлнө гэж хэлээд зээл авч байсан. 11 дүгээр сарын 06-ны  өдөр надад 24.000 төгрөг хүүнд авчирч өгсөн боловч тэр өдрөө буцаагаад 25.000 төгрөг болгоод өгөөч, чамд хүүгээ өгсөн чинь хэрэгцээний мөнгөгүй болчихлоо гээд буцаагаад 25.000 төгрөгөө авсан, гэхдээ үүнийг гэрээнд байгаа учраас дурдаж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэв.

Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 9 дүгээр сарын 21-нд 300.000 төгрөг 10 хувийн хүүтэй аваад эхний 4 сарын хүүг төлсөн. Дараа нь миний хүү бэлэн 500.000 төгрөг төлсөн боловч гарын үсгийг зуруулаагүй. Эгч нь очоод дарчихна гээд өнгөрсөн. Одоо 2019 оны 2 дугаар сард баахан өсгөж худал юм бичиж залилан мэхлэх ажил хийж байна. Би дэлгүүрээс юм зээлж аваагүй. Харин би өөрөө буудлын ор хөнжлийн даавуу болон бусад юм их оёсон хэдий ч нэг төгрөг авч байгаагүй. Энэ хүн бол хүүхэд хуурч цалин мөнгөгүй ажиллуулж байсан. Ийм учир үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч*******ээс 1.037.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс  29438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Би нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч*******ээс 1 044 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Харин дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүй, учир нь нэхэмжлэгч *******, хариуцагч Цэрэндэжидийн хүү Хүрэлбаатарт зээлдүүлсэн 5 000 000 төгрөг дээрээ ээжийнх нь зээлж авсан гэх 500 000 төгрөгийг нэмж 2016 оны 07 сарын 28-ны өдөр гэрээ хийгээд төлүүлж авсан гэж гэрчилснийг шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгч нь хүү Хүрэлбаатарт нь 5 000 000 төгрөгөө зээлэхдээ хэзээ ч гэрээ хэлэлцээргүй өгөх хүн бишээ. Шүүх Болормаа Хүрэлбаатар хоёрын хооронд хийсэн 2 гэрээ байна гэж би тайлбарлаад энэ нь 2018 оны 05 сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр *******, Хүрэлбаатар нар эвлэрч шүүх зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосон нотлох баримт хэрэгт авагдсан байхад харгалзан зөв үнэлээгүй. Мөн нэхэмжлэгч Болормаа Улсын тэмдэгтийн хураамжаа 2 тасалж төлсөн нь 1 000 000 гаруйхан төгрөгийн тэмдэгтийн хураамжийг дутуу бодоод нэмж төлөөгүй асуудал биш. Харин шүүх улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхдээ утгачилж төлүүлж баймаар юм байна гэж энэ хэргээс ойлгоод тус шүүхийн зохион байгуулагчид хэлсэн боловч мэдээллийн ажилтан нь биелүүлээгүй байгаа. Одоо цагт настай хүний зөвлөж хэлсэн үгийг хүлээж авахаа байсан цаг байна.

Иймд энэ хэргийн талаар үйл баримт нь урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гарах үед шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл Болормаагийн Цэрэндэжидээс нэхэмжилж байгаа мөнгийг хүү Хүрэлбаатар урьд нь шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний  харилцааг зөв тодорхойлсон, талуудын хоорондын маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг үнэлэхдээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах  хэсэгт заасан журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, зарим шаардлагыг хангаж Иргэний хуулийг буруу хэрэглэсэн  байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ *******ээс  2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 960.000 төгрөг , 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 84 000 төгрөг, бензиний шатахууны зардал 77 000 төгрөг   нийт 1 121 000  төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч*******ээс  шаардлагыг эс зөвшөөрч “...зээлийн төлбөрт 500 000 төгрөгийг хүү Хүрэлбаатар төлсөн  “ гэсэн тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл  зохигчдын хооронд  2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба гэрээнд зааснаар  *******   400.000 төгрөгийг 6 сарын хугацаатай , сарын 10 хувийн хүүтэйгээр*******эд зээлдүүлсэн, зээлдэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн байна. 

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон,  шүүх  хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 400.000 төгрөг, 6 сарын 10 хувийн хүү 240.000 төгрөг, алданги 320.000 төгрөг нийт 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна. 

Хариуцагчаас зээлийн төлбөрт 500 000 төгрөг  төлсөн гэх тайлбар нь   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн 2016 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн *******, Н.Энхцэцэг, Т.Хүрэлбаатар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй хамааралтай байх ба “...Д.Цэрэндэжидийн 400 000 төгрөгийг 500 000 төгрөг болгон өгсөн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна” гэсэн шүүхийн эрх зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн  2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр   84 000  төгрөг  гаргуулах  шаардлагын талаар  дүгнэхдээ  “...тухайн баримт нь өөр бусад баримтаар нотлогдох тогтоогдоогүй”  гэж үзсэн нь  үндэслэлтэй байх боловч уг  шаардлагыг хэрэгсэхгүй болгож  хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт   үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар,  мөн  хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт  үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхийн талаар  заасан бөгөөд    нэхэмжлэгч  өөрт учирсан хохирол гэж тодорхойлсон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бензин шатахууны  77 000 төгрөгийн зардлыг хохирол гэж үзэхгүй, дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй  тул шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэжээ.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.2-д заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн  шүүхэд хүрэлцэн ирэх,  шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй тул  нэхэмжлэгчийн өөрийн машинаар шүүхэд хүрэлцэн ирэхэд гаргасан гэх  бензин шатахууны зардал  77 000 төгрөгийг  хариуцагч хариуцах үндэслэлгүй болно. 

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж, хариуцагчийн зохих ёсоор гүйцэтгээгүй үүрэгт 960 000 төгрөг тооцож гаргуулан, нэхэмжлэлээс 161 000 төгрөгийн  /84 000 төгрөг + 77 000 төгрөг / шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШШ2019/00588 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан хариуцагч*******ээс 960 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 161 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай “гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “ ...29438 төгрөгийг” гэснийг “ 27 590 төгрөгийг ” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 438  төгрөгийг   улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Т.ЭНХМАА