Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2019/00025

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

                                                   хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00680 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******эд холбогдох,

Таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувинг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үзэмээгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үзмээ, М.Цэрмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Төв аймгийн Баянцагаан сумын уугуул иргэн бөгөөд миний эцэг Галт овогтой Мөнх нь 1897 онд төрсөн. Миний ээж Бор овогтой Думаа нь 1900 онд төрсөн. Аав ээж 2 маань 1922 онд гэр бүл болон хамт амьдарч 10 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Тэд хувийн цөөн тооны малаа өсгөн үржүүлж эцэг, эхээсээ мал маллагааны өвөрмөц арга туршлагыг эзэмшин алс холын нутагт отор нүүдэл хийн, цаг агаар, байгалийн бэрхшээлийг даван туулж хөдөлмөрлөсний үр дүнд малаа 1000-аас дээш тоогоор өсгөсөн учир аав маань 1944 онд болсон улсын сайн малчны зөвөлгөөнд анх удаа урилгаар оролцож байсан. Улмаар 1950 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, Улсын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангаас "БНМАУ-ын хамгийн сайн малчин” цолыг хүртэж 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд (бид сүлд гэж эрхэмлэн дээдэлдэг шүтээн маань юм) эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, 18 чийний хэмжээтэй, 2 бөөрөн тал дээрээ "Засгийн газраас дурсгал болгов" гэсэн бичээстэй хөх эрээн майхан эдгээр зүйлээр шагнаж хадгалуулсан билээ. Миний аав.Г.Мөнх нь 1968 онд, ээж Б.Дулмаа нь 1986 онд тус тус өвчний учир нас барсан. Аав, ээжийг нас барсны дараа миний төрсөн эгч М.Лхамсүрэн нь аавын шагнал буюу бидний шүтээн, сүлд болсон дээрх зүйлсийг миний төрсөн ах М.Дашид өгч хадгалуулсан. Гэтэл ах М.Даш нь 2000 онд нас барсан ба аавын шагнал бага ах болох М.Дашийнд хадгалагдаж үлдсэн. Бид эхээс 10-уулаа байсан юм. Одоо амьд байгаа нь миний төрсөн эгч ******* бид 2 байгаа юм. Аавынхаа шагналыг бид нар манай гэр бүлийн их шүтээн, төрийн хишиг, үр хүүхэд бидний хойч үедээ өвлүүлэн уламжлуулан үлдээх ёстой хийморь, сүлд маань гэж дээдлэн шүтэж ирсэн юм. Гэтэл энэ шүтээн сүлдийг маань миний бэр эгч******* бага ах М.Дашийг нас барснаас хойш төрсөн охин болох надад өгөхгүйгээр би худалдаж авсан гэх яриаг үүсгэн өөр дээрээ байлгаж ялангуяа бурхан шүтээн шиг сүсэглэж мөргөх, адис авах гэх мэт үйлдэл хийх гэхээр хаа байгаа нь мэдэгдэхгүйгээр нууж далдалдаг болсон. Би төрсөн охиных нь хувьд 2016 оны 8 дугаар сарын 07-нд бэр эгч*******ээс аавынхаа сүлдийг авъя гэж 250 000 төгрөг хадагтай барихад чи намайг үхэхээр аваарай гэж хэлээд өгөөгүй. Гэтэл сүүлийн үед энэ зүйлийг худалдаж авсан гэж худал ярьдаг болсон учир энэ бол худалдаа наймааны эд зүйл биш, өвөг дээдсийн маань улсаас авсан шагнал, ажил хөдөлмөрийг нь үнэлэн олгосон хишиг, бид өв уламжлуулан үлдээх өв соёл, эд өглөгийн зүйл гэж үзэн төрсөн охиных нь хувьд би өөр дээрээ авах нь зүйтэй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний төрсөн эцэг Г.Мөнхийн шагнал болох: Сүлд буюу 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз 2.Мөнгөн хуц З.Мянган мал гэсэн бичигтэй мөнгөн бүслүүртэй хувин зэргийг төрсөн охин М.Цэрмаа надад гаргуулан өгнө үү” гэжээ.

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрмаа нар нь миний нөхөр Мөнхийн Дашийн төрсөн дүү нар нь мөн болно. Нэхэмжлэлд дурьдагдсан 5 хошуу малын мөнгөн хөөмөл, хөөмөл хуц, агар хувин зэрэг нь дээрх хүмүүсийн эцэг Г.Мөнх, эх Б.Думаа нарыг насан өөд болсны дараа *******, М.Цэрмаа нарын эгч М.Лхамсүрэн гэгчид хадгалагдаж байгаад, М.Лхамсүрэн нь 1977 оны өвлийн зуднаар нүүдэл хийж яваад бага ах М.Даш танд энэ юмнууд байх ёстой юм байна танд өглөө шүү гэж хэлээд манайд өгөөд явсан билээ. Иймээс 1977 оноос одоог болтол 40 гаруй жил эдгээр зүйлс нь манайд байгаа болно. Манай өвгөн М.Даш нь 2000 онд нас барсан. Түүнийг амьд байхад нь ч мөн нас бараад 20 жил болох энэ хугацаанд, дүү нараас нь хэн нэг нь дээрх зүйлийг авна гэсэн хэл үг гаргаж байгаагүй болохоор миний хувьд талийгаач өвгөний минь хадгалж явах учиртай, мөн манайд байх ёстой юм байна гэсэн бодлоор одоог болтол хадгалсаар ирсэн. Гэтэл 2016 онд М.Цэрмаа манайд ирж цаасанд боодолтой юм, хадаг 2-ыг надад өгөхийг завдаж танаас танайд байгаа дурсгалын хөөмлүүдийг худалдан авахаар ирлээ гэсэнд би та нар ахыгаа амьд байхад нь энэ талаар юу ч ярьж байгаагүй, нас бараад энэ олон жил өнгөрсний дараа ийм юм ярьдаг нь ямар учиртай юм бэ, тэр хүн надад энэ юмны тухай юу ч хэлж байгаагүй шүү дээ гэж хэлээд өгөөгүй нь үнэн.

Миний хувьд тэр юмсыг зарж наймаалах санаа бодолгүй тийм ч яриа гаргаж байсан удаагүй. М.Цэрмаа ******* нарт тийм санаа байж магадгүй, одоогоос 2 жилийн өмнө М.Цэрмаа*******ээс дурсгалын эд зүйлээ авч улсын музейд худалдана гэж явна гэсэн яриа хөдөөгүүр гарсан байсан нь үнэн худлыг бүү мэд. Би М.Цэрмаад 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр чи надтай шүүхээр заргалд гэж хэлээгүй тийм ч юм болоогүй.

Харин М.Цэрмаа нь чамайг үхэхийг хүлээвэл ихэд удах юм байна тэгэхээр шүүхээр орж тэр юмнуудыг авна. Надад туслах олон хуулийн хүмүүс байгаа чи шүүхээс айх уу гэж асуусанд айхгүй ээ гэж хэлсэн. Тэгж л хэлсэндээ.

Эгч *******ынхаа нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний нөхөр М.Даш нь мал маллах арга ажиллагаа, ажлын төлөө цаг наргүй зүтгэсэн, ахан дүүс олон түмэнд нэр хүндтэй ухамсартай зөв сэтгэлтэй насаараа намын гишүүн явсан төрсөн дүү нараасаа шунаг сэтгэлээр ямар нэг юмыг нь авч завших хохироож гомдоох тийм хүн бишээ.

Иймдээ ч Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг нэр хүндтэйгээр явж байгаад насан өөд болсон удаатай. Би энэ хүний эхнэр болсон цагаас аваад өдий болтол 70 шахам жил гал голомтонд нь галыг түлж, өрхийг татаж бурхан шүтээнийг нь дээдэлсээр 90 нас хүрч яваа эмгэн намайг эцсийн бүлэгт нөхрийн минь амьд үлдсэн 2 охин дүүг нь ингэж элэг барин дайрч доромжлон дарамтална гэж бодож байгаагүй учир *******, М.Цэрмаа нарт ихэд гомдох болсон. Цаашид ч гомдолтой. Энэ бүхнийг М.Цэрмаа гэгч нь хийж яваа болно. Иймд энэ 2 хүний хэнд нь ч нөхрийнхөө он удаан жил хадгалж, шүтэж ирсэн тэрхүү зүйлсийг өгөхгүй учраас Нялахын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар *******ын нэхэмжлэлтэй,*******эд холбогдох таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувинг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үзэмээ давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00680 дугаартай шийдвэрийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх болон шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр уг шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 120 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар *******ын нэхэмжлэлтэй*******эд холбогдох таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ” гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэр бүхий эдгээр зүйлсийг хууль ёсны өвлөгдөн үлдэх эд зүйл гэж үзэхгүй харин “Эцэг өвгөдөөс үе улиран уламжлагдах ёстой эдийн бус баялаг буюу мөнгө төгрөгөөр үнэлэгдэхгүй сүсэглэн дээдлэх айл гэрийн шүтээн, сүлд хийморь” гэж үзэж энэ тухайгаа анхан шатны шүүхэд тайлбарласаар байтал шүүх Иргэний хуулийг буруу тайбарлан хэрэглэж хууль ёсны өвлөх эрх болон өвлөх эрхээс татгалзах, түүний хугацаатай холбоотой заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд Мөнх гэдэг хүний үр хүүхдүүд нь тэр сүлдийг нь яг л бурхан шиг залж тахин шүтэж дээдлэн мөргөж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд тэр шүтээн маань хаана байгаа нь мэдэгдэхгүй, нөгөө үр хүүхэд ах дүүс нь мөргөж залбирах, дээдлэх зүйл нь алга болж сүсэглэх, шүтэх эрх, эрх чөлөө нь зөрчигдөөд байгаа учраас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж үзэж байна” гэж дурджээ. Энэ талаар шүүхэд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн гэж үзэж байгаа тул уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн гомдлоо гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        ХЯНАВАЛ   

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг буруу тодорхойлсон, маргааны үйл баримтад хамааралтай Иргэний хуулийн хэрэглэвэл зохих, зүйл, заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан 1950 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангаас төрсөн эцэг Г.Мөнхийг шагнасан шагнал болох Сүлд буюу 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз, мөнгөн хуц, мянган мал гэсэн бичигтэй мөнгөн бүслүүртэй хувин зэрэг 3 ширхэг эд зүйлийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч*******ээс эс зөвшөөрч маргажээ. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч *******ын төрсөн эцэг Г.Мөнх нь мал маллаж хөдөлмөрлөсний үр дүнд 1950 онд “сайн малчин” цолыг хүртэж 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувин зэрэг эд зүйлээр шагнуулсан байх ба Г.Мөнх 1968 онд, түүний эхнэр Б.Думаа 1986 онд, тэдний дундаас төрсөн 10 хүүхдээс М.Зэсэм, М.Долгорсүрэн, М.Данзанням, М.Даш, М.Лхамсүрэн, М.Тамжид, М.Даньдиг, Г.Банзрагч нар нас барсан, *******, М.Цэрмаа нар амьд сэрүүн байна.

1989 оны хавар эгч М.Лхамсүрэнгээс өөрт өгсөн эцгийн  шагналын эд зүйлүүдийг  М.Даш нь  эзэмшиж байгаад 2001 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан, түүнээс хойш одоог хүртэл талийгаач М.Дашийн эхнэр болох******* болон түүний үр хүүхдүүдийн эзэмшилд хадгалагдаж байгаа  үйл баримт тогтоогдсон  байна.

Шүүх шаардах эрхийн үндэслэлийг шалган тогтоохдоо нэхэмжлэгч *******ын шаардах эрхийг өвийн тухай маргаантай холбоотой хууль ёсны өвлөгчийн шаардах  эрхийн харилцаа гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ээс  түүний нөхөр М.Дашид амьд сэрүүн байхад нь түүний эцэг эхээс нь өв залгамжлагдан ирсэн эд зүйлийг гаргуулахаар  шаардсан байх тул Иргэний хуулийн 520, 528 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу гаргасан өвлөх эрхтэй холбоотой  нэхэмжлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй  байна.

Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  “...одоо амьд байгаа хууль ёсны өвлөгчид Цэрмаа, Нялах нар  аавынхаа эд зүйлийг өвлөх эрхтэй . ..“ гэсэн  тайлбарыг нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурдсан тул анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т заасныг баримтлан  үнэлэлт дүгнэлт өгсөн нь  буруу биш боловч  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, эрх зүйн үндэслэлийг  Иргэний хуульд нийцүүлэн зөв тодорхойлоогүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзвэл эцэг, эхээс нь өвлөгдөн ирсэн шаардаж буй нэр бүхий хөрөнгө нь хариуцагчийн нөхөр буюу нэхэмжлэгчийн төрсөн ах М.Даш нас барснаар түүний гэр бүлийн гишүүдэд үлдэх учиргүй бөгөөд хууль ёсны өвлөгч нарт байх ёстой хэмээн үзэж шаарджээ. Нэхэмжлэлээр шаардаж буй хөрөнгө нь хариуцагч*******ийн нөхөр М.Дашийг амьд сэрүүн байх үеэс буюу 1989 оноос хойш 30 орчим жил, М.Даш 2001 онд нас барснаас хойш 18 жил М.Даш,Б.Гүнд нарт байгаа болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1.-д “ Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар М.Дашийн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх  түүнд оногдох хэсэг болон түүнд өв, бэлэглэлийн журмаар ирсэн хуваарьт хөрөнгө аль алин нь түүний хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх тул*******ийг нэхэмжлэлээр шаардаж буй эд зүйлийг хуульд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж байгаа гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд  зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу гэрээний бус үүргийн дагуу үүсэх эрхийн харилцаа гэж үзэн хууль хэрэглэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “... сүлд буюу 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз, мөнгөн хуц , мянган мал гэсэн бичигтэй мөнгөн бүслүүртэй хувин”   зэрэг 3 ширхэг эд зүйлийн  хууль ёсны өвлөгч учир тэдгээрийг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн тайлбар болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үзмээгийн  гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул  хангахгүй орхиж  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 151/ШШ2019/00680 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар  “ гэснийг “ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “ гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 525   төгрөгийг   улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Т.ЭНХМАА