Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2019/00680

 

 

 

  

 

2

019 оны 06 сарын 14 өдөр

 Дугаар 151/ШШ2019/00680

                     Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г холбогдох,

Таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувинг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гэрч П.Туяа, нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Төв аймгийн Баянцагаан сумын уугуул иргэн бөгөөд миний эцэг Галт овогтой Мөнх нь 1897 онд төрсөн. Миний ээж Бор овогтой Думаа нь 1900 онд төрсөн. Аав ээж 2 маань 1922 онд гэр бүл болон хамт амьдарч 10 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Тэд хувийн цөөн тооны малаа өсгөн үржүүлж эцэг, эхээсээ мал маллагааны өвөрмөц арга туршлагыг эзэмшин алс холын нутагт отор нүүдэл хийн, цаг агаар, байгалийн бэрхшээлийг даван туулж хөдөлмөрлөсний үр дүнд малаа 1000-аас дээш тоогоор өсгөсөн учир аав маань 1944 онд болсон улсын сайн малчны зөвөлгөөнд анх удаа урилгаар оролцож байсан. Улмаар 1950 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, Улсын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангаас "БНМАУ-ын хамгийн сайн малчин” цолыг хүртэж 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд (бид сүлд гэж эрхэмлэн дээдэлдэг шүтээн маань юм) эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, 18 чийний хэмжээтэй, 2 бөөрөн тал дээрээ "Засгийн газраас дурсгал болгов" гэсэн бичээстэй хөх эрээн майхан эдгээр зүйлээр шагнаж хадгалуулсан билээ. Миний аав.Г.Мөнх нь 1968 онд, ээж Б.Дулмаа нь 1986 онд тус тус өвчний учир нас барсан. Аав, ээжийг нас барсны дараа миний төрсөн эгч М.Лхамсүрэн нь аавын шагнал буюу бидний шүтээн, сүлд болсон дээрх зүйлсийг миний төрсөн ах М.Дашид өгч хадгалуулсан. Гэтэл ах М.Даш нь 2000 онд нас барсан ба аавын шагнал бага ах болох М.Дашийнд хадгалагдаж үлдсэн. Бид эхээс 10-уулаа байсан юм. Одоо амьд байгаа нь миний төрсөн эгч М. бид 2 байгаа юм. Аавынхаа шагналыг бид нар манай гэр бүлийн их шүтээн, төрийн хишиг, үр хүүхэд бидний хойч үедээ өвлүүлэн уламжлуулан үлдээх ёстой хийморь, сүлд маань гэж дээдлэн шүтэж ирсэн юм. Гэтэл энэ шүтээн сүлдийг маань миний бэр эгч Б. бага ах М.Дашийг нас барснаас хойш төрсөн охин болох надад өгөхгүйгээр би худалдаж авсан гэх яриаг үүсгэн өөр дээрээ байлгаж ялангуяа бурхан шүтээн шиг сүсэглэж мөргөх, адис авах гэх мэт үйлдэл хийх гэхээр хаа байгаа нь мэдэгдэхгүйгээр нууж далдалдаг болсон. Би төрсөн охиных нь хувьд 2016 оны 8 дугаар сарын 07-нд бэр эгч Б.ээс аавынхаа сүлдийг авъя гэж 250 000 төгрөг хадагтай барихад чи намайг үхэхээр аваарай гэж хэлээд өгөөгүй. Гэтэл сүүлийн үед энэ зүйлийг худалдаж авсан гэж худал ярьдаг болсон учир энэ бол худалдаа наймааны эд зүйл биш, өвөг дээдсийн маань улсаас авсан шагнал, ажил хөдөлмөрийг нь үнэлэн олгосон хишиг, бид өв уламжлуулан үлдээх өв соёл, эд өглөгийн зүйл гэж үзэн төрсөн охиных нь хувьд би өөр дээрээ авах нь зүйтэй гэж үзэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний төрсөн эцэг Г.Мөнхийн шагнал болох: Сүлд буюу 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз 2.Мөнгөн хуц З.Мянган мал гэсэн бичигтэй мөнгөн бүслүүртэй хувин зэргийг төрсөн охин М. надад гаргуулан өгнө үү” гэв.

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар нь миний нөхөр Мөнхийн Дашийн төрсөн дүү нар нь мөн болно. Нэхэмжлэлд дурьдагдсан 5 хошуу малын мөнгөн хөөмөл, хөөмөл хуц, агар хувин зэрэг нь дээрх хүмүүсийн эцэг Г.Мөнх, эх Б.Думаа нарыг насан өөд болсоны дараа М., М. нарын эгч М.Лхамсүрэн гэгчид хадгалагдаж байгаад, М.Лхамсүрэн нь 1977 оны өвлийн зуднаар нүүдэл хийж яваад бага ах М.Даш танд энэ юмнууд байх ёстой юм байна танд өглөө шүү гэж хэлээд манайд өгөөд явсан билээ. Иймээс 1977 оноос одоог болтол 40 гаруй жил эдгээр зүйлс нь манайд байгаа болно. Манай өвгөн М.Даш нь 2000 онд нас барсан. Түүнийг амьд байхад нь ч мөн нас бараад 20 жил болох энэ хугацаанд, дүү нараас нь хэн нэг нь дээрх зүйлийг авна гэсэн хэл үг гаргаж байгаагүй болохоор миний хувьд талийгаач өвгөний минь хадгалж явах учиртай, мөн манайд байх ёстой юм байна гэсэн бодлоор одоог болтол хадгалсаар ирсэн. Гэтэл 2016 онд М. манайд ирж цаасанд боодолтой юм, хадаг 2-ыг надад өгөхийг завдаж танаас танайд байгаа дурсгалын хөөмлүүдийг худалдан авахаар ирлээ гэсэнд би та нар ахыгаа амьд байхад нь энэ талаар юу ч ярьж байгаагүй, нас бараад энэ олон жил өнгөрсний дараа ийм юм ярьдаг нь ямар учиртай юм бэ, тэр хүн надад энэ юмны тухай юу ч хэлж байгаагүй шүү дээ гэж хэлээд өгөөгүй нь үнэн.

Миний хувьд тэр юмсыг зарж наймаалах санаа бодолгүй тийм ч яриа гаргаж байсан удаагүй. М. М. нарт тийм санаа байж магадгүй, одоогоос 2 жилийн өмнө М. Б.ээс дурсгалын эд зүйлээ авч улсын музейд худалдана гэж явна гэсэн яриа хөдөөгүүр гарсан байсан нь үнэн худлыг бүү мэд. Би М.д 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр чи надтай шүүхээр заргалд гэж хэлээгүй тийм ч юм болоогүй.

Харин М. нь чамайг үхэхийг хүлээвэл ихэд удах юм байна тэгэхээр шүүхээр орж тэр юмнуудыг авна. Надад туслах олон хуулийн хүмүүс байгаа чи шүүхээс айх уу гэж асуусанд айхгүй ээ гэж хэлсэн. Тэгж л хэлсэндээ.

Эгч М.ынхаа нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний нөхөр М.Даш нь мал маллах арга ажиллагаа, ажлын төлөө цаг наргүй зүтгэсэн, ахан дүүс олон түмэнд нэр хүндтэй ухамсартай зөв сэтгэлтэй насаараа намын гишүүн явсан төрсөн дүү нараасаа шунаг сэтгэлээр ямар нэг юмыг нь авч завших хохироож гомдоох тийм хүн бишээ.

Иймдээ ч Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг нэр хүндтэйгээр явж байгаад насан өөд болсон удаатай. Би энэ хүний эхнэр болсон цагаас аваад өдий болтол 70 шахам жил гал голомтонд нь галыг түлж, өрхийг татаж бурхан шүтээнийг нь дээдэлсээр 90 нас хүрч яваа эмгэн намайг эцсийн бүлэгт нөхрийн минь амьд үлдсэн 2 охин дүүг нь ингэж элэг барин дайрч доромжлон дарамтална гэж бодож байгаагүй учир М., М. нарт ихэд гомдох болсон. Цаашид ч гомдолтой. Энэ бүхнийг М. гэгч нь хийж яваа болно. Иймд энэ 2 хүний хэнд нь ч нөхрийнхөө он удаан жил хадгалж, шүтэж ирсэн тэрхүү зүйлсийг өгөхгүй учраас ын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1968 онд Галтын Мөнх, 1986 онд Б.Думаа нас барсан. 1989 оны хавар эд зүйлсийг ганц гэр алдчихна гэдэг шалтгаанаар М.Даш ахад өгч хадгалуулна гэж аваачиж өгсөн байдаг. М.Даш ахыг нас барсныг мэдсэн. Гэхдээ яг хэдэн онд гэдгийг мэдэхгүй байна. Эмнэлгийн дүгнэлтээр 2001 он байх гэж бодож байна.

 Хариуцагч Б.ээс Г.Мөнхийн улсаас шагнагдсан өв уламжлагдан үлдэх ёстой шагнал болох 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувин зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эд хөрөнгийг өвлөх талаар зохих байгууллагад албан ёсоор хандаж байсан юм мэдэхгүй. Одоо эдгээр 3 зүйл байгаа ч юм уу, үгүй ч юм уу мэдэгдэхгүй байна. Ах дүүсийн хоорондын асуудал болохоор очиж авахгүй байгаад байсан. 1995 оны зун авах гэж очсон ч эдний нэг нас барсан хүү өгөхгүй гээд хэдэн жоохон хүүхдүүд хоорондоо муудалцаад байсан. Тэгээд ер нь ах дүү улсууд муудаад байхаар нь ахиж очоогүй. Аавын минь хөдөлмөрийг үнэлж улсаас өгсөн шагнал байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.гийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлээд байгаа зүйл М.Даш гэдэг хүний өөрийнх нь шударга хөдөлмөрөөр олсон эд зүйл биш. Г.Мөнх гэдэг хүнийг улсаас шагнасан зүйл байгаа. Үр хүүхдүүд нь эд зүйлийг авах нь зүйтэй юм байна. Энэ хүмүүс эд зүйлийг авахаар очиход гэрт нь байхгүй байсан. М.Дашийн хөрөнгө гэж үзэх боломжгүй, үр хүүхдүүд нь тэрийг нандигнаж хайрлаж, шүтэж явах зүйл гэж үзэж байхад хариуцагч нэг ч зүйл өгөхгүй гэж байгаа нь сонирхол татаж байгаа. Тийм учраас хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхтэй учраас нэхэмжилж байгаа

Хуульд өвлөх эрхийг  хууль ёсны өвлөл, гэрээслэлээр гэж 2 ангилдаг. Энэ хүн бол гэрээслэлээ бичээгүй байгаа ба хууль ёсны өвлөл гэдэг нь өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан байгаа. Тэгэхээр хууль ёсны өвлөгч М., М. нар мөн гэж үзэж байна.

Яагаад гэвэл нас барагчийн эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчлэн авсан, түүнийг нас барсан хойно гарсан хүүхэд, нас барагчийг төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь хууль ёсны өвлөгч байна гэж хуульд заасан учраас өнөөдрийн энэ маргаан Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар өвлөгчид үлдээж өгнө үү.

М.Дашийг нас барснаас хойш очиход байхгүй байсан. Шүүх хуралдаан дээр бол хариуагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ээж эдгээр зүйлсийг авдар дотроо хийсэн байсан гэж хэлсэн. Энэ эд хөрөнгийг энэ айлд байхад очоод шүтэх эрхгүй байдал харагдаж байна. Хүүхдүүдэд нь үлдээгээд гэр бүлээрээ дээдэлж шүтэх боломжийг олгоно уу гэж хүсэж байна” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бидний эцэг амьд байсан бол энэ зүйл миний ээжийн гал голомт дээр байх байсан. Миний аав нас барахдаа дүү нарт өгөөрэй гэж хэлээгүй. Үр хүүхдүүд нь байгаа тул өгөх шаардлагагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох эд зүйлийг тахиж шүтэх зүйл гэдгийг мэдэхгүй байна. Хийсэн хөдөлмөрийг нь үнэлж улсаас өгсөн гавъяа шагнал байгаа. Очоод дахиад шүтээд явах боломжгүй байгаа. Өдий болтол нэг ч зүйл хэлж байгаагүй байж, яагаад одоо хэлж байгаа юм. Би ээжийгээ амьд сэрүүн байхад нь өгөхгүй” гэв.

 

      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М. нь Б.эд холбогдуулан таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувинг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Г.Мөнх, Б.Думаа агсан нар нь 1922 онд гэр бүл болон хамтран амьдарч М.Зэсэм, М.Долгорсүрэн, М.Данзанням, М.Даш, М.Лхамсүрэн, М.Тамжид, М.Даньдиг, Г.Банзрагч М., М. нарыг төрүүлж өсгөсөн байна.

            Эдгээр гэр бүлийн гишүүд хамтран хөдөлмөрлөсний үр дүнд 1950 онд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хамгийн сайн малчин” цолыг хүртэж 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувин зэрэг эд зүйлээр шагнуулжээ. /хх-5,6 хуудас/ 

Улмаар Г.Мөнх нь 1968 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, түүний эхнэр Б.Думаа нь 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-46,47 хуудас/

Харин М.Зэсэм, М.Долгорсүрэн, М.Данзанням, М.Даш, М.Лхамсүрэн, М.Тамжид, М.Даньдиг, Г.Банзрагч нар нас барсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбар, нас барсны бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байна. /хх-45, 48-53 хуудас/

Эдгээр 10-н хүүхдүүдээс М., М. нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Ингээд эцэг, эх нь нас барсны дараа охин М.Лхамсүрэн нь 1989 оны хавар ах М.Дашид дээрх эд зүйл болох шагналуудыг хүлээлгэн өгч одоог хүртэл Дашийн гэрт 30 жил хадгалагдаж байна. Энэхүү үйл явдалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй болно.

Энэ нь гэрч П.Туяагийн шүүх хуралдаанд өгсөн “...Манайх зогсоол гэдэг газар замын хажууханд ганц гэр байдаг байсан...” “...Ганц гэр байсан болохоор ээж Лхамсүрэн алга болчихно гээд ах Дашийндаа эдгээр эд зүйлсийг 1989 онд аваачиж өгсөн...”  гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

М.Дашийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу түүний хүү Д. нь 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нас барсан гэж тайлбарлан Төв аймгийн Баянцагаан сумын засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Төв аймгийн Баянцагаан сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/104 дугаартай албан бичгүүдээр нотлогдоно гэж үзсэн. /хх-82,83 хуудас/

Гэвч дээрх албан бичгүүдийн утганд М.Даш агсан нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд отор нүүдэл хийж яваад нас барсан болохыг дурьджээ.

Харин 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2019/01804 дугаартай шүүгчийн захирамжаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгээс М.Даш агсаныг хэзээ нас барсан тухай лавлагааг хүсэж, тус газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 222 тоот албан бичгээр М.Даш нь 2001 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан болохыг тодорхойлсон байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ” мөн хуулийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасны дагуу хэргийн бодит байдал албан бичгүүдийг харьцуулсны үндсэн дээр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгээс ирсэн албан бичгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд М.Даш нь өвчний улмаас 2001 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 222 тоот албан бичгээр тогтоогдож байна./хх-75-76 хуудас/

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн хууль зүйн тайлбараас харахад төрсөн ах М.Дашийн эхнэр Б.ээс “таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувин” зэргийг гаргуулж энэхүү эд зүйлсийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхтэй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан зохицуулалт бөгөөд, өв залгамжлалыг хуульд зааснаар, буюу гэрээслэлээр гүйцэтгэхээр, хэрэв өвлөгч өвөөс татгалзсан, өвлөх эрхээ алдсан эсхүл өвлөгч байхгүй бол эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр заасан байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгч Г.Мөнх, Б.Думаа нарын хууль ёсны өвлөгч нь түүний төрсөн охин М., М. нар болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх зэрэг баримтуудаар тогтоогдсон боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж аваагүй, хүлээн авах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар тэдгээрийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийг эд хөрөнгө өвлөхөөс татгалзсан гэж үзэхгүй байх, өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар 29 жил хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд:

Эдгээр хүүхдүүдийн эх Б.Думаа нь 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байна. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч өвийг хүлээн авсан гэж үзэх сүүлчийн хугацаа нь 1996 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр дууссан байна.

Тухайн эд зүйлсийг эзэмшиж байсан Мөнхийн Даш нь 2001 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан байна. Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч өвийг хүлээн авсан гэж үзэх сүүлчийн хугацаа нь 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр дууссан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй, нотлож чадаагүй гэж үзэж байна. 

Учир нь дээрх хугацаанд хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвийг хүлээн авах талаар хүсэлт, өргөдөл, нэхэмжлэл гаргаж байгаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: нэхэмжлэгч М.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар М.ын нэхэмжлэлтэй, Б.эд холбогдох таван хошуу малын дүрс бүхий мөнгөн пайз буюу сүлд, эцэг малын дүрс бүхий мөнгөн хуц, 1000 мал гэсэн бичээстэй мөнгөн бүслүүртэй агар зандан хувинг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ТҮВШИНЖАРГАЛ