Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2019/00026

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00648 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төв бумбат констракшн” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл 5 009 904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюун-Эрдэнэ, прокурор Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Төв аймаг Аргалант суманд газар тариалан, үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа /РД: 3862542/ “Төв бумбат констракшн" ХХК нь Нийгмийн даатгалын хэлтэст 2012 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг авлагыг 2 байгууллага хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилт, нийгмийн даатгалын тайлангаар нэг бүрчлэн тулгаж үзэхэд 5 009 904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна.

“Төв бумбат констракшн” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж, компаний удирдлага, нягтлан бодогчтой нь удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн акт үйлдэж, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй нийгмийн даатгалын өр үүсгэн, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хохироож байна.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь уг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2018 онд нэхэмжилсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “... нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажилчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа “Төв бумбат констракшн” ХХК-иас 5 009 904 төгрөгийн гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Хонгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Би 2015 оны 08 сарын 10-ны өдөр “Төм бумбат констракшн” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Учир нь тус компаний үүсгэн байгуулагч, эрх шилжүүлэгч Ч.Бат-Эрдэнэ нь Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах хүсэлтэй байсан. Гэвч “Төм бумбат констракшн” ХХК-ний нэр дээр тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байгаагүй учраас зээл авах боломжгүй байсан юм. Харин тухайн үед миний хувьд “Их Ноён Хүнс” ХХК гэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал байсан ба тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан учир “Төв бумбат констракшн” ХХК-г миний нэр дээр шилжүүлж Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахаар тохиролцсон бөгөөд энэхүү зээл нь ч бүтээгүй юм.

Мөн нэхэмжлэлд “.....нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж, компаний удирдлага, нягтлан бодогчтой нь удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн акт үйлдэж, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй нийгмийн даатгалын өр үүсгэн, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хохироож байна....” гэжээ. Миний хувьд нийгмийн даатгалын байгууллагын ажилтантай уулзаж, тооцоо нийлж байгаагүй харин Ч.Бат-Эрдэнэ гэх хүн тооцоо нийлж, гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2/-д зааснаар хариуцагч******* ХХК-иас 3 434 784 төгрөг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 575 120  төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч******* ХХК –наас 69 907 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Төв бумбат констракшн” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 5 009 904 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.Хонгорын итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхээс тус маргааныг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 3 434 784 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 648 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Баярсайханы Хонгор нь “Төв бумбат констракшн” ХХК-г итгэмжлэлгүйгээр

төлөөлөх этгээд, зүй ёсны хувьцаа эзэмшигч биш. Учир нь “Төв бумбат констракшн” ХХК-г 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Энэхүү гэрээ нь субъектив талын хувьд эрх шилжүүлэг талаас компаниа бүр мөсөн шилжүүлэн өгөх, эрх хүлээн авагч талаас тухайн компанийг үнэн санаанаасаа шилжүүлэн авч цааш төлөөлөөд, удирдаад явах хүсэл зориг байгаагүй. /тиймдээ энэ компани тамга, тэмдэг байдаггүй/ Яагаад гэвэл “Төв бумбат констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, эрх шилжүүлэгч Ч.Бат-Эрдэнэ нь Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах хүсэлтэй байсан. Гэвч өөрийнх нь дансаар тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байгаагүй учир банкны шаардлагыг хангахгүй байсан. харин тухайн үед Б.Хонгор нь “Их ноён хүнс” гэх хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал байсан ба түүний дансаар тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан учир “Төв бумбат констракшн” ХХК-г Б.Хонгорын нэр дээр шилжүүлж Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах, зээл авсныхаа дараа компанийг буцаан шилжүүлж авахыг шаарддаг боловч шилжүүлж авалгүй өнөөдрийг хүрсэн.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төв бумбат констракшн” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх жинхэнэ этгээдийг татан оролцуулах зорилгоор  “ хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэрэг шийдэгдтэл нийгмийн даатгалын шимтгэл 5 009 904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт, мөн Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээд авахын тулд компанийг шилжүүлсэн гэдгийг нотлох аудио бичлэгийг нотлох баримтаар гарган өгсөн боловч аль аль нь амжилт олоогүй. Шүүх нотлох баримтыг хүлээж ч аваагүй.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч тал******* ХХК-ийг гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнээс 2015 оны 08 сарын 10-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан, компаний өрийн талаар мэдээгүй байсан, мэдэх шаардлагагүй гэж тайлбарласан.

Гэтэл******* ХХК-ийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах тухай 2015 оны 08 сарын 10-ны өдрийн гэрээнд компанийн өр төлбөрийн талаар тусгаагүй бөгөөд харин гэрээний 2.1-д “эрх шилжүүлэгч нь компанийн эд хөрөнгийн тодорхой хувь болон эд хөрөнгийн бус эрх үүргийг бүрэн шилжүүлэх” гэж зааж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж дээрх гэрээнүүдийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байгаагаас үзэхэд шинээр эрх хүлээн авагчид компаний эрх, үүрэг бүрэн шилжсэн бөгөөд тухайн гэрээ нь хүчин төгөлдөр байна” гэжээ. Хариуцагч талаас эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүсэл зоригийн шинжийн хувь буюу Иргэний хуулийн 56.1.2-д зааснаар “Дүр үзүүлсэн хэлцэл” юм хэмээн маргасан. Түүнээс биш гэрээний зүйл заалт /агуулга/, хэлбэрийн тухайд маргаагүй болно. Гэтэл хэлцэл хүчин төгөлдөр бус эсэх талаарх нотлох баримтыг хүлээн аваагүй, дүгнэлт хийгээгүй атлаа “тухайн гэрээ нь хүчин төгөлдөр байна” хэмээн тайлбарласан нь учир дутагдалтай юм. Мөн гэрээний 2.1-д “эрх шилжүүлэгч нь компаний нд хөрөнгийн тодорхой хувь болон эд хөрөнгийн бус эр үүргийг бүрэн шилжүүлэх” гэж заасан тул эрх, үүрэг бүрэн шилжсэн байгаа хэмээн тайлбарлажээ. Аливаа гэрээ, хэлцлийн хүсэл зоригийн агуулгыг тухайн гэрээ, хэлцэлд өөрөөр тайлбарлаагүй бол үгийн шууд утгаар тайлбарлана. Гэрээний энэхүү заалтаас үзвэл өмнөх өр төлбөрийн асуудлыг зохицуулаагүй байна.

Мөн “Нийгмийн даатгалын тухай хуулийн 18.2-д ...ажил олгогч нэгдэх, салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ” гэж заажээ. Иймд “Хос бэрс агро” ХХК-ийн шимтгэл төлөх үүрэг нь “Төв бумбат констракшн” ХХК-д шилжсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн төлөх үндэслэлгүй гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй байна... гэжээ. Нэгдүгээрт хариуцагч талаас компанийн нэр солигдсон эсэх тал дээр маргаагүй. Хоёрдугаарт компани өөрчлөн байгуулагдана гэдгийг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар ойлгоно. Жишээ нь: компани нэгдэх гэдэг бол компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг ойлгоно. Түүнээс биш компанийн нэр өөрчлөгдөх, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, хувьдаа эзэмшигч солигдох асуудал нь компани өөрчлөн байгуулагдана гэдэгт огт хамааралгүй юм. Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Ч.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй этгээд биш. Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлээд буй шимтгэлийн өр гэх асуудал нь 2014 оны 08 дугаар сараас эхэлсэн байна. Энэ хугацаанд 2 даатгуулагчийн тайлан өгч байсан ба нэг даатгуулагч нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Бат-Эрдэнэ өөрөө байсан. түүний цалин компанийн шимтгэл ногдох цалингийн сангийн 88.6 хувийг эзэлж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2-т зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага эсхүл иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Иргэний хуулийн 343, 359 дугаар зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөхөөр байна. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Бат-Эрдэнийн хувьд “Төв бумбат констракшн” ХХК-тай ямар гэрээний дагуу ажиллаж байгаа эсэх? Энэ хүн өөрөө ажил олгогч гэх статустай. Энэ бүхнээс үзвэл нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэггүй болох нь харагддаг.

Нэхэмжлэгч талаас “Төв бумбат констракшн” ХХК нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд төлөөгүй байтал өр үүсгэн олон сар дараалан тайлан хүлээн авч буй шалтгаанаа даатгуулагч иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх учраас хэмээн тайлбарладаг. Гэтэл Ч.Бат-Эрдэнэ өөрөө өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байхад хэн хохирох вэ?, хэний эрх ашиг сонирхол зөрчигдөх вэ? гэх асуудал гарч ирж байна. Энэ тохиолдолд Ч.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын шимтгэл заавал үүрэгтэй этгээд биш тул төрийн хууль, улмаар төрийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй нөгөө талаас өөрөө өөрийнхөө нийгмийн даатгалыг төлөөгүй учир өөр бусад хэн нэгэн хохироогүй. Хэрэв Ч.Бат-Эрдэнэ компаниа эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлээгүй байсан бол өөртөө учруулсан хохирлыг өөрөөр нь арилгуулж, өөрийг нь хохиролгүй болгох гэсэн логик харагдаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд тогтоосон шимтгэлээ төлөөгүй ажил олгогчдын тайланг хүлээн авах эсэх, хэдий хугацаанд төлөөгүй тохиолдолд цаашид хүлээн авахаас татгалзах эсэх талаарх зохицуулалт байхгүй. Энэ нь нэг талаараа эрх зүйн хийдэл. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн тайланг шалган хүлээн авч, гарын үсэг зурдаг. Төю“Төв бумбат констракшн” ХХК-ийн тайланг шалган хүлээж авахдаа Ч.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хасах ёстой байсан. яагаад гэвэл заавал нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэггүй, нөгөө талаас шимтгэлээ зохих хугацаанд нь төлөөгүй учир заавал хүлээн авч өөрт нь өр үүсгэх шаардлагагүй байсан.

Иймд Нийгмийн даатгалын хэлтэс “Төв бумбат констракшн” ХХК-аас тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх шилжүүлэгч Ч.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг шаардах эрхгүй юм.

Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д шимтгэл төлөх үүрэг нь даатгуулагч нас барсан, ажил олгогч татан буугдсан, дампуурсан, даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд   дуусгавар болно гэж заажээ. Гэтэл хэрэгт ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дээрх үндэслэлээр дуусгавар болсон гэх баримтгүй байгаа ба хариуцагчийн шимтгэл төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх үзэхээр байна” гэжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтад дүгнэлт хийгээд үзвэл даатгуулагч нас барсан, ажил олгогч татан буугдсан, дампуурсан, даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол тухай үйл явдал болсноос хойш нийгмийн даатгалын тайлан өгөхгүй, шимтгэл төлөхгүй дуусгавар болж байгаа гэх агуулга харагдаж байх бөгөөд өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр дуусаагүй болно гэдэгт хамааралгүй байна. Учир нь ажил олгогч шимтгэлийн тайлангаа сар бүр өгч байсан боловч шимтгэлээ төлдөггүй байсан ба ажилтан ажлаасаа халагдаж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Энэ тохиолдолд ажил олгогчийн тухайн ажилтанд холбогдох өмнөх шимтгэлийг өр дуусгавар болох уу? Мэдээж үгүй, энд ажилтны эрх ашиг, нөгөө талаас төрийн хуулийн биелэлтийн асуудал яригдана. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөггүй байж байгаад дампуурсан тохиолдолд өмнөх шимтгэлийн өр дуусгавар болох уу? мэдээж үгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18.4-т заасанчлан төлөгдөөгүй шимтгэлийг уг ажил олгогчийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж нийгмийн даатгалын зохих санд оруулна гэсэн байна.

Эдгээрээс дүгнээд үзвэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 18.1-т заасан шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно гэх ойлголт нь шимтгэлийн өмнөх өр төлбөр дуусгавар болно гэсэн үг биш, энэ утгаараа хөөн хэлэлцэх хугацаа гэдэгт ямар ч хамааралгүй зохицуулалт юм. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хэлдэг. Маргаантай нөхцөл байдлыг урт удаан хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитоор тогтоох хүндрэлтэй байдаг тул хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг. Энэ нь нөгөө талаас өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг эрх бүхий этгээдэд анхааруулж байгаа юм.

Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хэрэглэвэл зохих хууль нь: Тухайн нарийвчлан зохицуулсан хууль болох Нийгмийн даатгалын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголтыг зохицуулаагүй тул Монгол улсын Иргэний хуулийг хэрэглэх нь зүйтэй юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “...тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ...” гэснээс үзвэл ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг тус хуулийн 18.1-т заасан нөхцөл байдал бий болоогүй бол сар бүр төлөх үүрэгтэй байна. иймд нийгмийн даатгалын шимтгэлийг “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг” гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75.2.3-д зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. “Төв бумбат констракшн” ХХК нь 2015 оны 07 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хүчин төгөлдөр тайлан өгч байсан. Иймээс 2015 оны 07 дугаар сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2018 оны 07 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх үндэслэлээ 2018 онд шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр байдаггүй, харин хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж байсан. Энэхүү захирамж нь:

-Бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, /нотариатаар гэрчлүүлээгүй, хуулбар үнэн, зөв эсэх нь мэдэгдэхгүй/

-Б.Хонгорын хувьд тогтсон ажилтай, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, 2015 оноос хойш нэг ч удаа утасны дугаараа солиогүй, нэг үгээр хэлбэл олоход хүндрэл бэрхшээлтэй, бусдаар эрэн сурвалжлуулаад байх этгээд биш юм.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлийг заасан. Энэ зүйлийг агуулгаар нь авч үзвэл нэгдүгээрт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, хоёрдугаарт үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар байна. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргана гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэл гаргахыг хэлнэ. Хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаас үзэхэд Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагчийн хаягийг тодорхойлох үүргээ биелүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9-д зааснаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагчийн хаягийг тодорхойлох үүрэг нь нэхэмжлэгчид байдаг. Энэ утгаараа тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Дээрх нөхцлүүдийг харгалзан үзэж Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 648 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                    ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч ******* хариуцагч “Төв бумбат констракшн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 5 009 904 төгрөг шаардсан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...Төв бумбат констракшн” ХХК нь 2014 оны 08, 09, 10, 11, 12 сарын тайлан, 2015 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар сарын тайлан тус тус гаргаж, эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч нь гарын үсэг зурж баталгаажуулж ирүүлсэн шимтгэлийг хугацаандаа төлөөгүй...” гэсэн дүгнэлт, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “...даатгуулагчийн 2015 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын тайланг ...цахим хэлбэрээр гаргаж авсан... тухайн тайланг ажил олгогч талаас баталгаажуулсан баримтгүй...” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “...даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр ....хувь хэмжээгээр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ”  гэсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д“ хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого  болон түүнд оногдох шимтгэлийг үнэн тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн  заалт болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журамтай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч “Төв бумбат констракшн” ХХК нь 2014 оны  08-12 сар,  2015 оны 01-6 сар хүртэл хугацааны нийт  3 434 784 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх тайланг гаргаж даатгалын байгууллагад хүргүүлж, баталгаажуулан тооцоо нийлсэн байх боловч хуульд заасан шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй, харин даатгалын байгууллага нь 2015 оны 07-11 сар хүртэлх хугацааны 1 575 120 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх тайланг цахимаар хүлээн авсан байх боловч шимтгэл төлөх тооцоог тухайн байгууллагын нягтлан бодогчтой хийж баталгаажуулаагүй буруутай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч талаас  хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 5 009 904 төгрөг төлүүлэхийг  шаардсан бөгөөд шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувиар алданги ногдуулж шаардаагүй байна.

Гэтэл шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь буруу байх тул залруулж зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд нийгмийн даатгалд албан журмаар заавал даатгуулах, Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 15 дугаар зүйлийн 1, 16, 17 дугаар зүйлүүдэд зааснаар ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөл бүрээр, хувь хэмжээгээр сар бүр тооцож шилжүүлэх үүрэгтэй. 

“Төв бумбат” ХХК-ийн нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн тайлангууд, Б.Хонгор нь 2015 оны 08 сарын 10-ны өдрийн “Төв бумбат констракшн” ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр авч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд  болж бүртгэгдсэн зэрэг баримтаар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “оноосон нэр”-ээ өөрчилсөн,  шимтгэл төлөгч Төв бумбат консракшн ХХКомпани нь хуульд заасан шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайлангаа тогтоосон хугацаанд  даатгалын байгууллагад хүргүүлсэн, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Б.Хонгор болох нь тогтоогдож байх ба түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан  нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.5-д заасантай нийцсэн байна.

Мөн түүнчлэн Ч.Бат-Эрдэнэд сарын 1 500 000 төгрөг  цалин хөлс олгосон талаар  “Төв бумбат констракшн” ХХК нь 2014 оны 08-12 сар, 2015 оны 01-6 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, тооцооны хуудас зэргийг цахимаар тайлагнан гаргаж даатгалын байгууллагад хүргүүлэн, хуулийн этгээдийн захирал, нягтлан бодогч нийгмийн даатгалын ажилтан нар тооцоо нийлж баталгаажуулж, тамга дарж гарын үсэгээ зурсан байх бөгөөд энэ тохиолдолд дээрхи хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс хуулийн этгээд чөлөөлөгдөхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ч.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй этгээд биш“ гэсэн гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагч  нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 3/-д “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх ...” гэж заасан  журмын дагуу  2015 оны 11 дүгээр сарын тайлангаа цахимаар 2015 оны 12 дугаар сарын 1-нд хүргүүлснийг даатгалын байгууллагаас шалган, нягталж Улсын байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг  2016 оны 12-р сарын 15-ны өдөр хариуцагчид танилцуулсан байна. 

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “Төв  бумбат констракшн” ХХКомпани нь төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байсан байх тул  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар даатгалын байгууллагыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-д “ гэснийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1-д “ гэж  өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 910  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

  ШҮҮГЧИД                                                              Г.БОЛОРМАА

 

                                                                                 Т.ЭНХМАА