Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00281

 

.........................................................

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00648 дугаар шийдвэртэй,

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00026 дугаар магадлалтай,

 .................................... нэхэмжлэлтэй,

.......................................ХХК-д холбогдох

 Нийгмийн даатгалын шимтгэл 5.009.904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэндсүрэн, прокурор Д.Сарантуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг Аргалант суманд газар тариалан, үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төв бумбат констракшн ХХК нь Нийгмийн даатгалын хэлтэст 2012 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг авлагыг 2 байгууллага хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилт, нийгмийн даатгалын тайлангаар нэг бүрчлэн тулгаж үзэхэд 5.009.904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж, компаний удирдлага, нягтлан бодогчтой нь удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн акт үйлдэж, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй нийгмийн даатгалын өр үүсгэн, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хохироож байна. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь уг компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2018 онд нэхэмжилсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д ...нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажилчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа Төв бумбат констракшн ХХК-иас 5.009.904 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Би 2015 оны 08 сарын 10-ны өдөр Төв бумбат констракшн ХХК-ийг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан. Энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Учир нь тус компанийн үүсгэн байгуулагч, эрх шилжүүлэгч Ч.Бат-Эрдэнэ нь Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авах хүсэлтэй байсан. Гэвч Төв бумбат констракшн ХХК-ийн нэр дээр тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байгаагүй учраас зээл авах боломжгүй байсан юм. Харин тухайн үед миний хувьд Их Ноён Хүнс ХХК гэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал байсан ба тогтмол орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан учир Төв бумбат констракшн ХХК-г миний нэр дээр шилжүүлж Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахаар тохиролцсон бөгөөд энэхүү зээл нь ч бүтээгүй юм. Мөн нэхэмжлэлд ...нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг шаардаж, компанийн удирдлага, нягтлан бодогчтой нь удаа дараа уулзаж, тооцоо нийлсэн акт үйлдэж, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажуулсан боловч одоог хүртэл өрөө барагдуулахгүй нийгмийн даатгалын өр үүсгэн, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хохироож байна... гэжээ. Миний хувьд нийгмийн даатгалын байгууллагын ажилтантай уулзаж, тооцоо нийлж байгаагүй харин Ч.Бат-Эрдэнэ гэх хүн тооцоо нийлж, гарын үсэг зурсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00648 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2/-д зааснаар хариуцагч Төв бумбат констракшн ХХК-иас 3.434.784 төгрөг гаргуулан Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.575.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Төв бумбат констракшн ХХК наас 69.907 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгож,

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00026 дугаар  магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-д гэснийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1-д гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                                                                                                                    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэндсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ... гэснээс үзвэл ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан нөхцөл байдал бий болоогүй бол сар бүр төлөх үүрэгтэй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийг тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна . Төв бумбат констракшн ХХК нь 2015 оны 07 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хүчин төгөлдөр тайлан өгч байсан. Иймээс 2015 оны 07 дугаар сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2018 оны 07 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. /Жич: Тухайн нарийвчлан зохицуулсан хууль болох Нийгмийн даатгалын тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголтыг зохицуулаагүй тул Иргэний хуулийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь Нийгмийн даатгалын байгууллага нь хэдий төрийн байгууллага боловч хуулийн этгээдийн эрх үүрэгтэйгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа бөгөөд тус маргаан нь иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй эдийн баялагтай холбоотой иргэний эрх зүйн маргааны нэг төрөл юм. Гэтэл 00026 тоот магадлалд: ...Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 3-д Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 5-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх... гэж заасан журмын дагуу 2015 оны 11 дүгээр сарын тайлангаа цахимаар 2015 оны 12 дугаар сарын 01-нд хүргүүлснийг даатгалын байгууллагаас шалган, нягталж Улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид танилцуулсан байна. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар Төв бумбат констракшн ХХК нь төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар даатгалын байгууллагыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдол үндэслэлгүй байна... гэжээ. Хавтаст хэргийн материалаас үзэхэд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны №01 тоот албан шаардлага, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан тооцооны үлдэгдлийн баримт зэргийг хариуцагч Төв бумбат Констракшн ХХК, түүний төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь тэдгээр баримтыг компани төлөөлөх эрх, үүргээ шилжүүлээд өгчихсөн, тухайн хуулийн этгээдэд ямар ч хамааралгүй этгээд болох Ч.Бат-Эрдэнэ гэх хүнд танилцуулсан тул хариуцагч үүргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд ИХ-ийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй ба шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Дээрх нөхцөлийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Төв бумбат констракшн ХХК-д холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлд 5.009.904 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан зохицуулалтаас үзвэл, ажил олгогч нь даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр уг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, үнэн зөв тодорхойлж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээжээ.

 Төв бумбат констракшн ХХК нь 2014 оны 08-12 сар, 2015 оны 01-06 сар хүртэлхи нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 3.434.784 төгрөгийн тайланг гаргаж нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлж баталгаажуулж тооцоо нийлсэн боловч заасан хугацаанд төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, энэ талаар хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 Харин тус компани 2015 оны 07-11 сар хүртэл 1.575.120 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл төлөх тайланг цахимаар хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан боловч уг тайланг баталгаажуулаагүй гэсэн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх нь зөв. Нийгмийн даатгал нь даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэгт тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах зорилготой байдаг бөгөөд ажил олгогч аж ахуйн нэгжид хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах аль ч гэрээгээр ажиллаж байгаа ажилтан албан журмын даатгалд заавал даатгуулахыг хуульд тодорхойлон заасан байна.

 Хуулиар ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос болон ажил олгогчийн тооцон төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ болон төлбөр төлөх хугацааг заасан бөгөөд ажил олгогч энэхүү сар бүр төлөх шимтгэлийн хэмжээг тодорхойлон тайлагнаж, улмаар нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл, төлбөрийн талаар хариуцагч маргаагүй, төлбөрийг баталгаажуулж байсан нь тогтоогдсон, эдгээр баримтыг эрхгүй этгээд үйлдсэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

 Иймээс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны №01 тоот албан шаардлага, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан тооцооны үлдэгдлийн баримтад үндэслэн шүүх хугацааг мөн үеэс тоолж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг зөрчөөгүй байна.

  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 223/МА2019/00026 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч Төв бумбат констракшн ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П. ЗОЛЗАЯА

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                                      ШҮҮГЧИД                          Х.СОНИНБАЯР

                                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                  Д.ЦОЛМОН