Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 223/МА2019/00031

 

Б.Өлзийсайханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00830 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.416.749 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Төв аймгийн Борнуур сумын сургууль цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Засаг дарга намайг ямар нэг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр шууд ажлаас халсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас намайг Борнуур сумын соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор ажилд минь эгүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох шүүхийн шийдвэрийг гаргасан. Гэвч эгүлэн ажилд минь авахгүй, мөнгийг минь олгохгүй байхаар нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж өргөдөл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор эгүлэн ажилд томилж, мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 8 331 444 төгрөгнөөс 5 422 282 төгрөгийг гаргуулан надад олгосон. Эргээд ажилдаа орсон боловч ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөхгүй, мөн өөрсдөө байнга ажилаа өгөөч гэсэн хүсэлт ч гэх юм уу, дарамт ч гэх юм уу нөхцөл байдлуудыг үзүүлж байсан. Миний ар гэрийн гачигдалтай, ээж минь өвчтэй, охин минь хүнд хагалгаанд орсон учраас ажлаасаа 1 сарын чөлөө хүсэлт гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилд ороод энэ өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилсэн. Би өрх толгойлсон, өнчин хүүхдүүдтэй, ар гэр минь хүнд байдалтай, банкинд маш их зээлтэй, амьдрал минь их хэцүү. Үүнийг Засаг дарга минь мэдсээр байж намайг хорихоогоод байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн журмаар шийдүүлэхийг хүсэж байна. Би 5 410 017 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 дуаар сарын 24-ний өдрийн Б05 тушаалаар Б.Өлзийсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдсон. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлалаар эгүлэн ажилд нь тогтоогоод, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Өлзийсайхан нь ажилдаа эргэж орсон. Энэ хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Засаг дарга Б.Өлзийсайханыг үндэслэлгүйгээр халсан гэдэг нь шат шатны шүүхээр тогтоогддог. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний жишигт өөрчлөлт орсон. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тушаалаар төрийн албан хаагчийн цалингийн сүлжээнд дахин өөрчлөлт орсон. Хэрвээ О.Чулуунбаатар нь өнөөдрийг хүртэл ажиллаж байсан бол энэ жишгээр цалинжих байсан. Хариуцагч талтай 3 161 690 төгрөг дээр эвлэрье гэсэн боловч эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 5 410 017 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрч ажилгүй байсан хугацааны цалин 8 331 444 төгрөгийг Б.Өлзийсайханд олгож 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс нягтлан бодогчоор ажилд нь томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн магадлал гарсны дараа ажилд нь эгүүлэн томилох гээд холбогдох ажилтнуудаар дуудуулахад ирээгүй. Ажилд орох эсэхээ шийдээгүй байна гэсэн тайлбартайгаар бүтэн 3 сар орчим ажилдаа оролгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 09-ны өдөр ажилдаа ороод сарын дараа өргөдлөө өгөөд ажлаас гарсан. Мөн нэхэмжилсэн 5 416 749 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодож гаргасан нь ойлгомжгүй, өмнө 14 сарын цалин 8 сая орчим төгрөгөөр бодогдсон байхад 6 сарын цалинг яагаад ингэж бодогдсон нь ойлгомжгүй байна. Иймд өмнө шийдвэрлэсэн асуудал дээр дахин ийм нэхэмжлэл гаргасан нь ажил хийх сонирхолгүй, зүгээр сууж байгаад төрөөс цалин авах хүсэл зорилготой байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн магадлалыг хариуцагч хүлээн зөвшөөрч 8.331.444 төгрөгийг Б.Өлзийсайханд олгож, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс нягтлан бодогчийн ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн магадлал гарсны дараагаар ажилд нь эгүлэн оруулахаар холбогдох ажилтнуудаар дуудуулсан боловч ирээгүй, орох эсэхээ шийдээгүй байна гээд 3 сар гарангын хугацаа өнгөрсөн. Нэхэмжлиж байгаа 5 410 017 төгрөгийн цалинг ямар үндэслэлээр хэрхэн бодож гаргасан нь ойлгомжгүй байна. Урьд нь 14 сарын цалин гээд 8 000 000 гаруй төгрөг бодогдсон байхад одоо 6 сарын цалин яагаад ингэж бодогдсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Борнуур сумын Засаг даргаас 4 255 692 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 154 325 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл тооцож,

Б.Өлзийсайхан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албанд даалгаж,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 83 041 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн давж заалдах гомдолдоо:

1. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: Шүүхийн шийдвэрээр хариуцагч Борнуур сумын Засаг даргаас 4 255 692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлсэн болон хууль тогтоомжийн хүрээнд сумын сургууль, цэцэрлэгийн төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон нягтлан бусад ажилчдаа томилох чөлөөлөх асуудалд 2019.01.01-нээс Засаг дарга оролцох эрхгүй тухайн байгууллагын эрхлэгч, захирлын эрхэд хамааралтай болсон. Энэ нь аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдоно. Энэ албан бичгийг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч шүүх хангаагүй юм. Энэ албан бичгээр хариуцагчийг зөв тодорхойлох боломжтой байсан. Гэтэл шүүх Засаг даргаас мөнгөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцээгүй болно. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг хэзээ гардаж авсан, хариуцагч болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ажилдаа орох асуудлаар хичнээн удаа уулзсан болон ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байсан эсэх, шүүхийн шийдвэрийг захирал, эрхлэгч нартаа танилцуулсан эсэх, ажилдаа орох боломжгүй байсан шалтгаан нөхцөл нь тодорхой байхад зөвхөн Засаг даргаас болсон мэтээр шүүх дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:

Шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөнөөс мэтгэлцэх зарчим алдагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж холбогдох баримтыг хавсаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүйгээс үүдэн ИХХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ" гэсэн болон тус зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалтууд зөрчигдөж нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй байхад хариуцагч талыг өмгөөлөгчгүй оролцуулж шүүх хуралдааныг үргэлжлүүлснээр мэтгэлцэх зарчим хангагдсангүй.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хариуцагч талын эрхийг хангаагүй. мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.30-ны өдрийн 151 ШШ2019/00830 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно.

Жич: Борнуур сумын Засаг дарга нь төрийн байгууллагын төлөөлж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрөөс "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай" хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т заасны дагуу чөлөөлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасн журмыг бүрэн хэрэгжүүлсэн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хариуцагчийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  5 410 017 төгрөгийг хариуцагч Борнуур сумын Засаг даргаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Өлзийсайханыг Төв аймгийн Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх 310 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 331 444 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/1086 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 223/МА2018/00032 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

             Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь Б.Өлзийсайханыг  Төв аймгийн Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн хариуцсан нягтлан бодогчийн ажил, албан тушаалд  эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 3-4-р тал/

Нэхэмжлэгч Б.Өлзийсайханы урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл  гаргасан хугацаанаас хойш буюу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал гаргасан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч  ажил олгогчоос шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24-р тогтоолын дагуу нэмэгдүүлэн нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх ажлаас халагдах үед авч байсан дундаж цалингийн хэмжээгээр ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож гаргуулсан нь буруу байх боловч нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж давж заалдах гомдлын үндэслэлд заасныг хянан үзвэл анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч рашаан сувилалд явах тухай ирүүлсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж шүүх хуралдаан хийснийг буруутгах боломжгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хариуцагч өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүх хүлээн авснаар 14 хоногийн хугацаагаар, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан мөн хариуцагч талын хүсэлтээр 11 хоногийн хугацаагаар, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг хангаж, 9 хоногийн хугацаагаар, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, гэрч Д.Энхтуяа гадаад явсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүд гаргаснаас гэрчийг оролцуулахаар шүүх хуралдааныг  26 хоногийн хугацаагаар мөн хойшлуулсан, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцох нэр бүхий 3 гэрч шүүхэд ирээгүйгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулснаас үзэхэд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байжээ.

Анхан шатны шүүх дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д  “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног..-ийн дотор шийдвэрлэнэ” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааны заалтыг зөрчсөн, шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацааны дотор явагдах ажиллагаа байхад уг ажиллагаагаар хэргийн хугацааг 38 хоногоор үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2019/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

 ШҮҮГЧИД                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР