| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/00877/И |
| Дугаар | 101/ШШ2022/01260 |
| Огноо | 2022-03-21 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/01260
| 2022 о 03 с 21ө | Дугаар 101/ШШ2022/01260 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... хороо, .... тоотод оршин суух, ...ийн ... /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ...-р хороо, ...тоотод оршин суух, ... овогтой.... /РД:.../-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., түүний өмгөөлөгч М.Амарбаяр, хариуцагч ..., гэрч Б.Ёндонсамбуу, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч би Баянзүрх дүүргийн ... хорооны ... байрлах газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд эрх бүхий байгууллагатай 2020 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан газрын гэрчилгээ авсан. ... би Да хүрээ зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Би өөрийн эхнэр болох ....ын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хашаа, байшинг 2019 оны 4 дүгээр сард иргэн ...өөс худалдаж авсан. Улмаар тус хашаа байшингийнхаа хойд талын газрыг Баянзүрх дүүргийн газрын албанд зохих ёсоор хүсэлт гаргаж, кадастрын зураг хийлгэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн газрын албатай Баянзүрх дүүргийн 17-р хорооны ...-д байрлах газрыг эзэмших гэрээ байгуулан 000120313 дугаартай эзэмших гэрчилгээ авсан. Гэтэл миний хууль ёсоор эзэмших эрхтэй тус газарт бидэнд хашаа байшингаа худалдсан иргэн ...ийн хуү ... нь бидний байхгүй хойгуур гэр барьж манай газрыг хууль бусаар эзэмших болсон. Би очиж ...аас та манай газар дээр буусан байна, та миний газрыг чөлөөлж өгөөч гэж хэлэхэд энэ манай газар, та нартай шүүхдэнэ, надад хууль ёсны гэрчилгээ байгаа зэргээр худлаа хэлж шаардлагыг хүлээж аваагүй. Улмаар бидэнд хашаа байшингаа зарсан ... нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хашаа байшингаа буцааж авна гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс хэргийг хэлэлцэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02654 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн хэрэг маргаан дууссан хойно би дахин ... дээр очиж газар чөлөөлөх тухай шаардлага тавихад шүүхдээд аваарай гэж зүй бусаар авирлах болсон. Иймд миний хууль ёсны эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны ...д байрлах газрыг иргэн ...ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. ... 2019 оны 9-11 сарын үед гэр барьсан байсан, би 2019 он, 2021 онд газар чөлөөлж өг гэж удаа дараа хэлсэн ... гэв.
Хариуцагч ... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баянзүрх дүүргийн 17-р хорооны эмнэлгийн ... тоотод 2001 оноос хойш 22 жил амьдарч байгаа. Тус ... тоот зарагдсаны дараа өөрийн ... тоотыг хойд талдаа гаргаж, иргэн ...р нартай тохиролцож тус бүрээс нь 2, 2 метр газрыг чөлөөлүүлж зам засаж гудамж гарган 5,000,000 төгрөгөөр хохирч газраа алдахад хүрээд байна. ... тоот хоёрын дундаа хамар хашаагүй байсныг ашиглаж ... тоотыг авсан иргэн ... нь миний ... тоотод кадастр хийлгэж газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан учир асуудлыг зөвөөр шийдэж өгнө үү. Жич энэ газар нь орц гарц гудамж байхгүй учир газар олгогдохгүй байсан болон мөн орц гарц гудамж гаргах ажлыг хороо газрын албаны зөвшөөрлөөр хийсэн болно. ...газар чөлөөлж өг гэж 2020 онд 1 удаа, 2022 онд 1 удаа хэлсэн, би чөлөөлж өгөхгүй гэсэн... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2 хуудас, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг 1 хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.20-ны өдрийн 2654 дугаартай шийдвэрийн хуулбар 5 хуудас, ...ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Э.Энхбаатарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Төмөрийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2022.02.08-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар 1 хуудас, ...ын хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар 2 хуудас, фото зургийн хуулбар 2 хуудас, ...ын Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2020.09.08-ны өдөр гаргасан өргөдөл 2 хуудас тайлбарын хуулбар 1 хуудас.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... хариуцагч ...д холбогдуулан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны ... тоотод байрлах газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал уг газарт 20 жил амьдарсан, газрын албанд эзэмших хүсэлтээ өгсөн, хаягийг өөрөө авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 587 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ... тоот гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-2020/10482 дугаартай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх6-8/
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/209 тоот захирамжаар ...т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ... дугаар бүхий 587 м.кв газрын байршлын кадастрын зураг хийж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар хянуулж баталгаажуулжээ. /хх-9/
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... уг газарт 20 жил амьдарч байгаа, хаягийг өөрөө авсан, газрын албанд хүсэлтээ өгсөн ... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбарыг хүлээн авах боломжгүй, хариуцагч Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээ байгуулан, эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн баримтгүй.
Гэрч ...гийн мэдүүлгээр хариуцагч ...ыг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоот газарт хариуцагч .... 2019 оны 9-11 сарын үеэс гэр барьж одоог хүртэл амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч .. ...2019 онд 1 удаа, 2021 онд 1 удаа маргаан бүхий газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч ...ад хэлсэн... гэж, хариуцагч ... ...2020 онд 1 удаа, 2022 онд 1 удаа газар чөлөөлж өг гэж хэлсэн, би чөлөөлж өгөхгүй гэж хэлсэн... гэж тус тус тайлбарлаж байна.
Дээр дурдсанаас дүгнэвэл нэхэмжлэгч ... Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоот, нэгж талбарын ... дугаартай 587 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч уг газраа эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ... өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэгч ...ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоот, нэгж талбарын ... дугаартай 587 м.кв газрыг хариуцагч ...ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ...т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоот, нэгж талбарын ... дугаартай 587 м.кв газрыг хариуцагч ...ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ....т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ