Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 223/МА2019/00035

 

Ч.Даваахүүгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 151/ШШ2019/01037 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Баярсайханд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн шүүх 2019 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие нь И.Баярсайханы 5721439667 тоот дансанд 2019 оны 07 сарын 04-нд 500 000 төгрөг, 2019 оны 07 сарын 14-нд 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг шилжүүлж, 21 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч И.Баярсайхан нь төлбөрөө төлөөгүй өдий хүрч байна. Утсаар холбогдоход өгнө гэдэг, мессэж бичихэд хариу өгөхгүй байна. Үндсэн зээл 700 000 төгрөг, хүү 110 000 төгрөгийг И.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...И.Баярсайхан нь нэхэмжлэгч Ч.Даваахүүгээс мөнгө зээлэх саналыг тавьсан. Ч.Даваахүү өөрийн дансаар 2019 оны 07 сарын 04-нд 500 000 төгрөг, 2019 оны 07 сарын 14-нд 200 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авснаар тэдгээрийн хооронд 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ нь мөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр болно. И.Баярсайхан 700 000 төгрөгийн зээлдүүлэхийг нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн гар утас руу мессэж бичиж, өөрийн дансаа явуулж мөнгөө хүлээн авсан болох нь гар утаснд хийсэн үзлэгээр нотлогдож байна. И.Баярсайхан гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 700 000 төгрөг, хүү 110 000 төгрөг, нийт 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч И.Баярсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. И.Баярсайхан нь өөрийн найз П.Дашцэрэнгээс 700 000 төгрөгийг хугацаа заахгүй, амаар тохиролцон, хүүгүй зээлсэн. П.Дашцэрэн нь Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажилладаг, өөрийн цалингаа нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн дансаар авдаг байсан. П.Даваахүүгээс зээлсэн мөнгө нь П.Дашцэрэнгийн мөнгө юм. Энэ мөнгө нь П.Дашцэрэн, И.Баярсайхан нарын хоорондын тохиролцоо бөгөөд нэхэмжлэгч Ч.Даваахүү нь энэ мөнгөнд хамааралгүй зөвхөн түүний дансыг ашиглаж шилжүүлсэн учир нэхэмжлэл гаргах эрхгүй, Ч.Даваахүүгийн дансанд байсан мөнгөний эх үүсвэр нь П.Дашцэрэнгийн цалингийн тогтмол орлого юм. П.Дашцэрэнгийн дансны хуулгаас үзэхэд Ч.Даваахүүгийн данс руу тогтмол мөнгө шилжүүлж байсан нь тодорхой харагдана. Мөн нэхэмжлэгчийн яриад байгаа 21 хоногийн 15 хувийн зээлийн гэрээ ерөөсөө байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... И.Баярсайхан, П.Дашцэрэнтэй найз нөхдийн холбоотой, хамтдаа ажилладаг хүмүүс юм. П.Дашцэрэн нь нэхэмжлэгч Ч.Даваахүүтэй хамтын амьдралтай бөгөөд өөрийн цалин хөлсөө Ч.Даваахүүгийн дансаар авдаг байсан. И.Баярсайхан мөнгөний хэрэгцээтэй болоод П.Дашцэрэнгээс 200 000 төгрөг, 500 000 төгрөг зээлээч гэхэд Ч.Даваахүүгийн дансаар мөнгө орж ирсэн. П.Дашцэрэнгээс зээлсэн 700 000 төгрөгийг буцаагаад түүнд төлсөн. Харин Ч.Даваахүүтэй мөнгө зээлэх талаар огт ярилцаагүй тул шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч И.Баярсайханаас 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Даваахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24 230 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 21 350 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат давж заалдах гомдолдоо: Ч.Даваахүүгийн нэхэмжлэлтэй И.Баярсайханд холбогдох иргэний хэрэгт Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019/10/03-ны өдрийн 151/ШШ2019/01037 тоот шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагын 810 000 төгрөгөөс 700 000 төгрөгийг хангаж 110 000 төгрөгийг хангалгүй шийдвэрлэсэн. Шүүх шийдвэр гаргахдаа иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг үндэслэн шийдвэр гаргажээ. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд ямарч эрх үүргийн харилцаа үүсээгүй мөн гэрээ хэлцэл болоогүй байхад зөвхөн мөнгө шилжүүлсэн дансы хуулгыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56.1.2-т дүр эсгэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно гэж заажээ. Хариуцагч Баярсайхан нь нэхэмжлэгч Даваахүүгээс бус харин өөрийн дотны найз Дашцэрэнтэй тохиролцож уг 700 000 төгрөгийг зээлсэн байдаг. Энэ нь гэрч Дашцэцэнгийн мэдүүлэг болон Дашцэрэнгийн дансны хуулгаар тодорхой нотлогдож байгаа болно. Дашцэрэнгийн дансны хуулгаар нотлогдож байгаа зүйл нь тухайн мөнгийг зээлэх үед Дашцэрэн нь өөрийн Хаан банкны харилцах картгүй байсан ба итгэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Даваахүүтэй үерхэж бйх хугацаандаа өөрийн ажлын хөлс цалингаа тогтмол Даваахүүгийн дансруу бэлнээр болон дансаар хийж хэрэглэж байсан. Үерхэж байх үед нэхэмжлэгч Даваахүү нь тодорхой ажил, орлогогүй оюутан байсан гэж гэрч мэдүүлдэг. Үүнээс үзвэл уг маргаан бүхий 700 000 төгрөг нь Дашцэрэнгийн мэдлийн мөнгө бөгөөд мэдлийнхээ хүрээнд найз Баярсайханд зээлүүлсэн мөнгө юм. Харин зээлэх үедээ тухайн үед үерхэж байсан найз охин болох нэхэмжлэгч Даваахүүгийн дансанд байсан өөрийн цалингаа хариуцагч Баярсайхан руу шилжүүлэх зөвшөөрлийг Даваахүүд өгч Даваахүүгийн дансаар шилжүүлсэн байдаг.

Харин нэхэмжлэгч Даваахүү нь өөрийн дансны хуулгаа ашиглаж ашиг хонжоо олон зорилгоор өөрт хамааралгүй мөнгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч Даваахүү нь “Иргэний хуулийн 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3 өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг зээлийн гэрээ мэтээр ойлгуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гарсан байна гэж үзэж байна.

Маргаан бүхий 700 000 төгрөг нь Дашцэрэнгийн мөнгө гэдгийг түүний дасны хуулга болон гэрчийн мэдүүлэг нололж байгаа. Зөвхөн Дашцэрэн болон Баярсайхан хоёрын хооронд л амаар тохиролцсон зээлийн гэрээ үүссэн гэдэг нь тодорхой байна.

Хариуцагч нь өөрийн найз Дашцэрэнгээс мөнгө зээлж байна гэсэн ойлголттой байсан байхад Даваахүү нь Баярсайхантай тохиролцож мөнгө зээлсэн мэтээр шүүхэд буруу ойлголт өгч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч И.Баярсайханаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 700 000 төгрөг, зээлийн хүү 110 000 төгрөг нийт 810 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч И.Баярсайхан шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс огт мөнгө зээлээгүй, өөрийн найз П.Дашцэрэнгээс зээлсэн, буцаагаад төлсөн  гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх “+97688944488” утаснаас ирсэн зурвас, нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн Хаан банкны 5090533446 тоот данснаас 5721439667 тоот дансанд 700 000 төгрөг шилжүүлсэн баримт, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн нэг төрөл бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж буй мөнгөн хөрөнгөний өмчлөгч байж  зээлийн гэрээний харилцаа  үүсэх,  шаардах эрхээ хэрэгжүүлнэ. 

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...найз  Дашцэрэн Ч.Даваахүүтэй хамтран амьдарч байсан..миний мөнгө Даваахүүд байгаа дансны дугаарыг явуулаад мөнгө авчих гэдэг зөвшөөрлийг олгосон...нэхэмжлэгч өөрт хамааралгүй мөнгийг нэхэж байна “ гэсэн тайлбар  болон гэрч П.Дашцэрэнгийн  “...Би Даваахүү рүү дансныхаа дугаарыг явуулаад авчих гэж хэлсэн...надаас мөнгө зээлсэн...миний бүх цалин Ч.Даваахүүгийн дансанд ордог байсан..би өөрийн дансанд мобайл банк суулгаагүй ...орж гарч байгаа мөнгөө хянах гээд  Ч.Даваахүүгийн данс руу хийчихдэг... Баярсайхан наадмын дараа 700  000 төгрөг бэлнээр төлсөн... өөрийнхөө мөнгийг авчихсан учраас Даваахүүд хэлэх шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн  мэдүүлэг , хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд П.Дашцэрэнгийн  572174168 тоот данснаас нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн 5090533446 тоот дансанд  13 657 900 төгрөгийг /арван гурван сая зургаан зуун тавин долоон мянга есөн зуун/  шилжүүлсэн бол нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн  данснаас П.Дашцэрэнгийн дансанд 790 100 төгрөг /долоон зуун ерэн мянга нэг зуун/ шилжүүлсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн хариуцагч И.Баярсайханд зээлдүүлж шилжүүлсэн гэх 700 000 төгрөг өөрийнх нь мөнгөн хөрөнгө  мөн эсэх, өмчлөх эрхтэй эсэх,  шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байх ба  шүүх  хэргийн нөхцөл байдлыг  бүрэн гүйцэт тогтоогоогүй   байна.

Нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн  нэхэмжлэл  болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  зээлдэгчид  2019 оны 07 сарын 04-нд 500 000 төгрөг, 2019 оны 07 сарын 14-нд 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг шилжүүлсэн , 21 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн  гэж  зээлийн гэрээний нөхцөл, хугацааны  талаар  тайлбар гаргажээ.

Гэтэл эхний зээлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  500 000 төгрөг шилжүүлсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 14-ний өдөр 200 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан зэрэг үйл баримтын талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Дээрхи нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид  эрс  зөрүүтэй тайлбар гаргаж маргаж байгаа, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгч  зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг  өмчлөх эрхтэй эсэх буюу шаардах эрхтэй эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж,хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  улсын тэмдэгтийн хураамж шүүгчийн захирамжаар буцаан олгохоор  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 151/ШШ2019/01037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар ариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 ШҮҮГЧИД                                                                  Г.БОЛОРМАА 

 

                                                                                   Т.ЭНХМАА