Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2020/00092

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2020/00092

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............тоотод оршин суух, Ч.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........ тоотод оршин суух, И.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 810,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, гэрч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь И.Б.  ы 5721439667 тоот дансанд 2019 оны 07 сарын 04-нд 500 000 төгрөг, 2019 оны 07 сарын 14-нд 200 000 төгрөг нийт 700,000 төгрөгийг шилжүүлж, 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Анх нэхэмжлэл бичихдээ урт болоод байхаар нь 21 хоногийн 15 хувийн хүүтэй гэж нэгтгээд биччихсэн юм. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч И.Б.   нь төлбөрөө төлөөгүй өдий хүрч байна. Утсаар холбогдоход өгнө гэдэг байснаа сүүлдээ миний хамтран амьдрагч байсан П.Дашцэрэнгээс зээлсэн, чамаас зээлээгүй, буцаагаад төлчихсөн гээд өгөхгүй байна. Үндсэн зээл 700,000 төгрөг, хүү 110,000 төгрөгийг И.Б.  аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Б.  ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.Б.  , П.Дашцэрэн нар нь багын найзууд. Энэ үндсэн дээрээ найз П.Дашцэрэнгээсээ 700,000 төгрөгийг хугацаа заахгүй, амаар тохиролцон, хүүгүй зээлсэн. П.Дашцэрэн нь нэхэмжлэгч Ч.Д.тэй хамтын амьдралтай байсан ба Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажиллаж, цалин хөлсөө түүний дансаар авдаг байсан. Ч.Д.гээс авсан мөнгө нь П.Дашцэрэнгийн мөнгө байсан гэдгийг гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Энэ мөнгө зээлсэн нь П.Дашцэрэн, И.Б.   нарын хоорондын тохиролцоо бөгөөд нэхэмжлэгч Ч.Д. нь энэ мөнгөнд хамааралгүй, зөвхөн түүний дансыг ашиглаж шилжүүлсэн учир нэхэмжлэл гаргах эрхгүй. П.Дашцэрэнгийн дансны хуулгаас үзэхэд Ч.Д.гийн данс руу тогтмол мөнгө шилжүүлж байсан нь тодорхой харагдана. Хариуцагч нь зээлсэн мөнгөө төлж барагдуулсан, нэхэмжлэгчээс зээл аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч И.Б.  д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 810,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Ч.Д. нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Д. нь ... И.Б.   нь мөнгө зээлэхээр санал тавьсны дагуу өөрийн данснаас түүний дансанд 500,000 төгрөгийг 7 дугаар сарын 04-ний өдөр 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээл хүүгээ төлж чадахгүй байгаа учраас нэмж 200,000 төгрөг зээлүүлээч гэхээр 200,000 төгрөг нэмж мөн нөхцөлөөр зээлдүүлэхээр шилжүүлсэн, уг мөнгө нь миний хөрөнгө гэж шаардаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат нь хариуцагч нь П.Дашцэрэнтэй мөнгө зээлэхээр тохиролцсон учраас Ч.Д.д байсан өөрийн түүний мөнгийг шилжүүлэн авсан, зээлийг эзэнд нь бэлнээр төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Д. нь Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5090533446 тоот данснаас хариуцагч И.Б.  ы 5721439667 тоот дансанд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөгийг 99146993 зээл гэж, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг 99146993 гэж гүйлгээний утгыг бичсэнээр тус тус шилжүүлсэн, хариуцагч И.Б.   уг мөнгийг хүлээн авсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргахгүй байна /хх-109-ар тал, 110 ар тал/.

Харин Ч.Д.гийн дансанд байсан мөнгөн хөрөнгө нь түүний хамтран амьдарч байсан П.Дашцэрэнгийнх байсан эсэх тухайд талууд маргаж байна.

П.Дашцэрэн нь Хаан банк ХХК дахь 5721674168 тоот данснаасаа Ч.Д.гийн эзэмшлийн тус банкин дахь 5090533446 тоот данс руу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2,550,000 төгрөг шилжүүлэхээс өмнө Ч.Д.гийн дансны үлдэгдэл 1,074,335 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2,800,000 төгрөг шилжүүлэхээс өмнөх 1,223,125 төгрөгийн үлдэгдэл, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,765,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө 3,912,113 төгрөгийн үлдэгдэлтэй тус тус байжээ /хх-106, 107, 109 ар тал/.

Хариуцагч И.Б.  ы эзэмшлийн Хаан банк ХХК дахь 5721439667 тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлэхээс өмнө Ч.Д.гийн дансанд 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөгийг Д.Оюунцэцэгийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь 5062012010 тоот данснаас шилжиж орж ирсэн, дансанд 5,220,213 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд Ч.Д.гээс И.Б.  д 10 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө Ч.Д.гийн дансанд 4,583,766 төгрөгийн үлдэгдэл тус тус байсан болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Оюунцэцэгийн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-109 ар тал, 110 ар тал, 116/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

Хүсэл зоригийн илэрхийлэл нэхэмжлэгч Ч.Д.гийн хамтран амьдрагч байсан П.Дашцэрэн, И.Б.   нарын хооронд хийгдсэн, нэхэмжлэгч Ч.Д.гийн эзэмшлийн 99146993 дугаартай утас руу хариуцагч И.Б.  ы эзэмшлийн 88944488 дугаартай утаснаас мөнгө зээлэх агуулгатай болон өөрийн дансны дугаарыг явуулсан үзлэгийн тэмдэглэл байгаа ч тус дугааруудтай гар утсыг тухайн үед хэн барьж байсныг нотлоогүй, П.Дашцэрэнгийн мөнгө Ч.Д.д байсныг шилжүүлүүлэн авсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байх ба хариуцагч тал нь сөрөг шаардлага гаргаагүй байна.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д зааснаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийгдэхгүй тул хамтран амьдрагч байсан П.Дашцэрэнгийн мөнгө түүний хүсэл зоригоос үл хамаарах үндэслэлээр эзэмшлээс гарсан, шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Хаан банк ХХК дахь 5090533446 тоот харилцах дансны эзэмшигч Ч.Д. нь уг дансанд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байсан 4,992,413 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр байсан 4,583,766 төгрөгийн өмчлөгч гэж тооцогдоно.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Д. нь өөрийн өмчлөлийн 700,000 төгрөгийг хариуцагч И.Б.  д шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба шүүхээс иргэний хэргийг үүсгэх үед гэрээний хугацаа дууссан байх учир нэхэмжлэгч Ч.Д. нь хариуцагч И.Б.  аас шилжүүлэн өгсөн 700,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Д. нь зээлийн хүүд 110,000 төгрөг шаардаж байгаа боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхээ хуулийн дагуу алджээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 700,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг

баримтлан хариуцагч И.Б.  аас 700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 110,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,230 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч И.Б.  аас улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.МӨНХБҮРЭН