Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 223/МА2019/00036

 

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 151/ШШ2019/01043 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгт холбогдох,

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7.193.057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Д.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч Н.Отгончимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1979 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн. 2015 онд зарын дагуу сонгон шалгаруулалт өгөөд “Бумбардай” цэцэрлэгт нярваар орсон. 2015 оны 10 сард ажилдаа ороход 2 өрөө байсан. Аль ч өрөөнд нь тавилга байгаагүй учраас би удирдлагаасаа өрөөнүүдийг тохижуулахын тулд яах вэ? цаанаасаа тохижуулж өгөх үү гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Чи өвлийн идэш хүнд  амлаж орж ирсэн байлгүй, тэр мөнгөөрөө өөрөө тохижуулчих гэж хэлж байсан. 2016 оны 2 сард нэг өдрийн чөлөө гуйтал надад чөлөө өгөөгүй. Манай ажил шинийн 3, 4-нд ажлаагүй байсан. Шинийн 4-ний өдөр миний хөлийн хумс шигдэж орчихоод асуутал ажилруу залгатал хүүхдүүд цуглаагүй ээ, бид нар айлуудаар золголтоо хийгээд явж байна гэсэн хариу өгсөн болохоор би очоогүй. Намайг маргааш нь ажилдаа очиход элдвээр хэлж, намайг загнасан. Танай нөхөр чинь бүхэл бүтэн замын цагдаа байж ямар арчаагүй юм. Ганц машин олоод ээж, аавдаа очоод золгочиж чаддаггүй юм уу гэж намайг загнасан. Мөн 2017 оны 9 сард эрхлэгч мах худалдаж авч надад хүлээлгэж өгсөн. Тухайн үед уг мах нь ямар нэг үнэр ороогүй байсан. Тэгээд хүлээж авчхаадбүх яснаас нь салгаж, янзлаад халуун ажиллагаанд оруултал үнэр орчихсон байсан. Тэгэхээр нь би эрхлэгчээ нөгөө махчин үнэр орчихсон байна, буцаах боломж байгаа юу гэж асуухад одоо хүнээс мах авчхаадяаж буцаах гээд байгаа юм бэ та нар гэж уурласан. Мах зарсан хүн нь манай эрхлэгчийн найз Тогтохбаяр гэж Дэнжийн цэцэрлэгийн эрхлэгч байсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мах зарсан хүн нь нэхэмжлэх зарлагын баримтаа өгье гэхэд нь мах чинь жоохон үнэр орчихсон байсан. Тийм болохоор би үхрийн махыг нь 5500 төгрөгөөр, хонины махны 4500 төгрөгөөр авна шүү гэдгийг нь хэлэхэд нөгөө хүн утсаа салгасан. Удалгүй эрхлэгч намайг өрөөндөө дуудаад чи хүний юмыг дур мэдээд үнийг нь буулгадаг хэн юм бэ гэж загнасан. 2017 оны 04 дүгээр сард багш нарын илтгэлийн уралдаан болсон. Би илтгэлийн уралдаанд орж болох уу гэхэд эрхлэгч чамд хамаагүй, чи өөрийнхөө урдах ажлыг хийж барахгүй байж гэж загнасан. 2017 оны 06 сард хамт олноороо зугаалгад явъя гээд ажилчдаараа хоорондоо ярилцаад эрхлэгчид хэлтэл чи намайг сургалтад явахыг мэдсээр байж албаар ингэж зохион байгууллаа гэж тогооч, жижүүр хоёрын хажууд намайг элдвээр хэлсэн. Тухайн үед би сургалтад явах гэж байгаа гэдгийг нь мэдээгүй байсан. Янз бүрийн арга хэмжээ болохоор нярав гэх утгаараа би зохион байгуулдаг. Удаа дараа намайг арчаатай, арчаагүйгээр дуудаж дарамталж загнасан. 2018 оны 12 дугаар сард манай жижүүр архи зардаггүй өдөр пиво уусан байсан. Тухайн үед би уусан гэдгийг нь мэдээгүй, мөн уулзаад цуг уусан зүйл байгаагүй. Бага сургуулийн ар талын машин угаалгын газар би машинаа тавьдаг юм. Тэр газар намайг 20:00 цагаас өмнө машинаа тавиараа гэж надад хэлсэн. Намайг уусан, уугаагүй гэдгийг гэрчлэх хоёр хүн байгаа. Мөнх-Од гэх багшийг би гэрт нь хүргэж өгсөн, Лувсандорж гэх жижүүрийн эхнэрийг охиных нь хамт хүргэж өгсөн. Тэгээд машинаа тавиад би гэртээ очоод амарсан. Би гэртээ хариад 22:00 цагийн үед унтсан.  Хүү минь утсаар минь тоглох гээд утасны минь дууг хаасан байсныг би мэдээгүй юм. Тэгтэл эрхлэгч надруу 24:00 өнгөрч байхад залгасан байсан. Маргааш нь надруу манай жижүүр залгаад өчигдөр Цогоо ах, Лувсандорж ах нар баригдчихлаа, чи цагдаа дээр очих арга байна уу гэхэд би цагдаа дээр оччихоод буцаад гараад иртэл эрхлэгч дахин залгасан байсан. Тэгэхээр нь би эрхлэгч рүү буцаад залгатал чи хүн амьтан уруу татаж ууж, идчихээд цагдаа барингуут нь чи хаяад явсан байна гэж намайг элдвээр хэлээд загсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй шүү дээ, би ууж, идээгүй гэхэд чи тийм юм бол яахаараа намайг шөнө залгахад утсаа авдаггүй юм бэ гэж уурласан. Тухайн үед ажлын бус цаг байсан, би унтаж амарч байсан гэж тайлбарлахад намайг элдвээр хэлсэн. Маргааш нь би ажил дээр очиход мах ирчихсэн байсан. Тэгэхээр нь тогооч нартайгаа махаа янзлах гээд ажил очиход эрхлэгч өглөөгүүр ирсэн нотлох баримт цуглуулна гээд хогийн сав ухаад явж байсан. Намайг ер нь хүн гэж тоож харьцдаггүй, намайг ямар нэг зүйл хэлэхэд хэзээ ч хүлээж авдаггүй. Би бас удирдлагатайгаа муудаад байж болохгүй шүү гэж бодоод 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нөхөртэйгөө ярьж байгаад нэг цэцгийн баглаа, ил захидал бичээд өөрөө өгөх зүрх хүрэхгүй болохоор нь би нөхрөө явуулсан. Тэгтэл манай нөхрийг загнаад явуулсан байсан. Маргааш нь би цэцэрлэгийн үүдэн дээр эрхлэгчтэй таараад эрхлэгчээ уучлаарай гэхэд чамтай яриад байх юм байхгүй, чамайг би зайлуулна, би чамтай ясаа цайтал заргалдана гэж хэлсэн. Ажлаас халах үндэслэл нь зөвхөн бид хоёрын хооронд үүссэн таагүй харилцаа юм. Надтай нийлдэг, миний ойр тойронд байдаг хүмүүсийг байнга дарамталж харьцдаг. Надад энэ хүнийг нотлоход, гэрчлээд өгөх хүн тэр байгууллагад байхгүй. Учир нь хэрвээ хэлбэл энэ хүн эргээд дарамтлах учир надад асуулгах хүн байхгүй. Намайг хувийн өс хонзонгоор ажлаас халсан гэж үзэж байна. Намайг гэнэт л дуудаад ажлаас халсан. Өмнө нь дуудаад ийм, тийм арга хэмжээ авч байна гэж огт хэлж танилцуулаагүй. Энэ болсон үйл явдлаас болж саяхан жирэмсэн байж байгаад сэтгэл санааны хямралаас болоод хүүхдээ алдсан 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, “Бумбардай” цэцэрлэгийн нярвынажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7.193.057 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа. 12 дугаар сарын 1-нд архи ууж, согтуурсан асуудал байхгүй байгаа. Ажил тасалсан гэдэг дээр өвчний шалтгаантай байсны улмаас ажилдаа очоогүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумбардай” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот тушаалыг эрх зүйн актынх нь хувьд хууль зүйн шаардлагад нийцээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн дотоод журам болоод хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг буруу үндэслэсэн дараах нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш. 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д тус заасан 2 заалтыг сонгож, хэрэглэсэн байдаг. Энэ 2 заалтыг сонгож хэрэглэснээр Д.Энхтуяаг 3 төрлийн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дээр сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь Д.Энхтуяа 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Энхтуяад сахилгын зөрчил оногдуулсан байдаг. Энэ шийдвэрийг Д.Энхтуяа мэдээгүй. Сахилгын арга хэмжээг бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Дараа нь ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй. Тэрийгээ мөн адил хуулийн дагуу бүртгэж аваагүй. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгээ ажил олгогч хүүхдийн тоо зассан гэдэг асуудал яридаг. Бид хэргийн материалыг шинжлэн судлаад, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг зэргээс харахад хүүхдийн тоо зассан асуудал ажил олгогч буюу Отгончимэгтэй өөртэй нь шууд хамааралтай асуудал. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол Отгончимэг гуай ч гэсэн өөрөө ноцтой зөрчил гаргасан. Яагаад гэвэл хүүхдийн тоо зассан асуудлыг өөрөө хянаж баталгаажуулж, гарын үсэг зурдаг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ч нотлогддог. Энэ ялимгүй зүйл байсан. Д.Энхтуяа гэдэг хүн нярвын албан тушаал хашдаг. Энэ хүн бол мөнгөтэй харьцдаггүй. Ямар нэгэн санхүүгийн гүйлгээтэй харьцдаггүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг барих хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа хуулийн нэг л үндэслэлийг барих ёстой. Гэтэл 2, 3 хуулийн үндэслэлийг баримталж байгаа нь хуульд нийцэхгүй, оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг буруу сонгож хэрэглэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагаа алдаж байгаа гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Ажлаас халах гэдэг нь сахилгын шийтгэлийг нэг хэлбэр. Түүнээс хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудал биш. Мөн тушаалын тэргүүн хэсэг дээр ажлаас халах тухай гэсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ийм харилцаа байдаггүй. Д.Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б/09 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гэж байгаа. Энэ сахилгын шийтгэл нь яг ямар сахилгын зөрчил гаргасан. Хэзээ, хаана, ямар газар үүнийг баталгаажуулсан талаар зөрчлийг шалгасан тэмдэглэл нь тодорхойгүй. Мөн энэ тушаалаа танилцуулаагүй. Тушаалыг танилцуулсан гэдгээ нотолж чаддаггүй. Хэргийн материалд танилцуулсан талаар баримт байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л асуудлыг ярих ёстой. Мөн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлийг зааж өгсөн байдаг. Үүрэгт ажлаа хэзээ хэрхэн ямар арга замаар хангалтгүй биелүүлсэн, байгууллагад ямар хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Байгууллагын хамтарсан сургалттай холбоотой хүүхдийн тоог зассан гэдэг. Хүүхдийн тоог зассан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ноцтой зөрчил гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбартай нийцээгүй. Хүүхдийн тоо зассан гэдэг асуудал дээр байгууллагын эрхлэгч хамааралтай гэдэг нь олон талаараа нийцдэг. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг эрх бүхий хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг эрүүгийн журмаар шалгуулсан. Үүнд ажил олгогч буюу захиргаа үнэлэлт дүгнэлт өгөх ямар ч боломжгүй. Ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг ойлголт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 40 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлийг заасан. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм уу эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ хугацаанд Д.Энхтуяа нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аваарт орсон. Үүнийг нотолсон баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, хэргийн материалд баримт авахуулсан. 2 дугаар сарын 1, 2-нд өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолдог. 2 дугаар сарын 3, 4-ны өдөр амралтын өдөр байдаг. Ингэхээр 40 цаг гэдэг асуудал үндэслэлгүй байна. Хаанаас ийм их цаг гаргаж ирсэн нь тодорхойгүй. Дээрээс нь ажил олгогч хэрвээ 40 цаг тасалсан гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Тодорхой баримтууд, гэрчийн мэдүүлэг, эсвэл цахим хурууны бүртгэлээр нотлох ёстой. Үүнийг нотолсон баримт хэргийн материалд байдаггүй. Тэгэхээр энэ бол учир дутагдалтай ойлголт гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Ийм зөрчил байхгүй гэж би түрүү хэлсэн. Ийм учраас Д.Энхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тушаалаас үзэхэд байгууллагад хохирол учруулсан, ноцтой зөрчил гаргасан мэтээр харагддаг. Гэтэл хуулийн үндэслэл байхгүй. Үүнийгээ баталгаажуулсан баримт байхгүй. Д.Энхтуяа гэдэг хүн хэрвээ байгууллагад хохирол учруулсан бол ямар нэгэн тооцоо хийгээгүй. Д.Энхтуяаг ажлаас халах тухай гээд тэргүүгээ буруу бичсэн. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 17 сарын цалинтай тэнцэх хэмжээний 7.193.057 төгрөг гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 9 дүгээр сараас эхэлж “Бумбардай” цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Бүх ажилтан, албан хаагчтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж, албан ёсоор гарын үсэг зуруулсан. Ажлын байрны тодорхойлолт гэж байдаг. Одоо албан тушаалын тодорхойлолт гэдэг болсон. Уг тодорхойлолтод нярав хүний үндсэн чиг үүргийн хүрээнд хийх ёстой ажлууд нь багтдаг. Д.Энхтуяа нь энэ байгууллагын эд хөрөнгө хариуцсан нярав хүн. Энэ хүнтэй мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Ийм байдлаар хамтран ажиллаж эхэлсэн. Намайг дарамталсан, үгээр доромжилсон гэж ярьж байна. Үүнийг би гэрчтэй, баримттай яриасай гэж хүсэж байна. Өмнөх шүүх хуралдаанд дээр ч би зөндөө гүтгүүлсэн. Дотоод журмын хувьд бүх ажилчдаа цуглуулж байгаад нэгдсэн хурал хийгээд танилцуулаад зарим нэг зүйл заалт дээр өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг дээр бүгдээрээ хэлэлцээд дотоод журмаа баталж гарын үсгээ зурдаг. Би бүгдэд нь танилцуулсан. Надад 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хийсэн хуралдаанаар Д.Энхтуяа нь дотоод журамтай танилцаад гарын үсгээ зурсан баримт байна. Д.Энхтуяа өмнө нь ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулаад надад нэг хувийн өгөөгүй гэж намайг гүтгэсэн. Энэ хүний хавтас хэрэгтэй баримт бичиг байгаа. Нэг хувийн өөртөө ав, би нэг хувийн архивд хийнэ гээд бүх холбогдох баримт бичгүүдийг хоёр хувь үйлдсэн. Д.Энхтуяа ажлаас чөлөөлөгдлөө гээд тушаалаа аваад явахдаа ах өмгөөлөгч авсан хөдөлмөрийн гэрээгээ авчир гэсэн гээд надаас албан ёсоор хөдөлмөрийн гэрээгээ аваад явсан. Одоо болтол аваагүй гээд шүүхийн өмнө хүн гүтгэж байгаа нь эвгүй санагдаж байна. Энэ хүнийг ажлаас чөлөөлсөн гэх асуудлын хувьд энэ хүн өөрөө архидан согтуурах асуудалд оролцсон. Анхны пивыг Д.Энхтуяа нь авчирч өгсөн гэдгийг жижүүр Лувсадорж нь хэлдэг. Гэрчээр дуудаж асуусан ч болно. Өөрөө уудаггүй юм аа гэхэд багш нарт аягалж өгсөн үйлдлийг гаргасан байдаг. Энэ хууль бус үйлдэл гаргасан дээр нь би хариуцлага тооцсон. Бид нэгдсэн журмаар байгууллага хамт олноороо 100 хувийн ирцтэйгээр хуралдсан. Энэ хурал хэн нь хэнийгээ дарамталж, хэл амаар доромжилсон бэ гэдгийг бүх хүн харсан. 1 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдийн тоо нэмсэн асуудалтай холбоотой бүх багш нарыг,  нярав Д.Энхтуяагийн хамт дуудаад хүүхдийн тоо зассантай холбоотой асуудал үүсгэсэн. Д.Энхтуяа нь 9, 10, 11, 12 дугаар сарынхаа санхүүгийн баримтыг 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл баримтаа гаргаж өгөөгүй. Би Д.Энхтуяад ажил үүргийнх нь хувьд шаардлага тавьдаг болохоос биш надад энэ хүнд санасан өс хонзонгийн зүйл байхгүй. Хүүхдийн тоо нэмсэн байсан зөрчлийг би илрүүлээд юу болоод байгаа юм бэ? яагаад ингэсэн юм бэ? гэж асуухад аудитыг шалгалт ирэх гэтэл бүх журналаа зассан байгаа учраас би хотоос журнал авчирч хуулуулж байна гэсэн тайлбарыг надад өгсөн. Хэрэг бишдээд ирэнгүүтээ шөнийн 01, 02 цаг хүртэл сууж байгаад 1 дүгээр сарын 26-ны өдөр 9, 10, 11, 12 дугаар сарын санхүүгийн баримтуудаа барьж орж ирсэн. Одоо надад энэ санхүүгийн баримтууд нь бүгд байна. Тухайн үед би тэр санхүүгийн баримтууд дээр нь гарын үсэг зурахгүй гэж бодож байснаа за за жилийн эцэс болоод тайлан тооцоо гарах гэж байна, энэ баримт дээр чинь би 1 дүгээр сарын 26-ны өдөр гэж бичиж байгаад гарын үсгээ зурлаа шүү, чи ингээд ажлын байрныхаа чиг үүргийн хүрээнд ажлаа хийж өгөхгүй байгаа шүү гэж би өөрт нь хэлсэн. Ингээд тоо зассан асуудлыг би илрүүлээд дотоод аудитын газар луу албан тоот өгөөд үүний дагуу шалгасан. Үүний дагуу Д.Энхтуяа гэх хүн нь хүүхдийн тоог авсан бараа материалынхаа дүнд тааруулж багш нараар хуулуулж, хуурамч бичиг баримт үйлдсэн байна гэдэг нь нотлогдсон. Манай байгууллага нь төрийн аудитын газар ачаалал ихтэй байдаг учраас гэрээт, хувийн “Уваа-Уул” гэх аудитын газраар шалгалт хийлгэдэг. Үүнийг би албан ёсоор танилцуулж байсан. “Уваа-Уул” аудитын газар нь шалгалт хийгээд юу гэж дүгнэсэн бэ гэхээр санхүүгийн баримтад гарын үсэг зураагүй, нэгтгэл дүн тоог нь нэгтгээгүй гэх зэрэг зөрчил илэрсэн тул холбогдох хүмүүст нь мэдэгдэж хариуцлага тооц гэсэн зөвлөмж өгсөн. Энэ нь Д.Энхтуяагийн санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, байгууллагын итгэл эвдсэн гэх үйлдлийг нотолж байгаа юм. Мөн Д.Энхтуяагийн ажил тасалсан гэх ярианы хувьд 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлээд 2 хоног ямар ч хэл чимээгүй алга болсон. Би байгууллагын дарга хүн, ядаж над руу би ингэсэн шүү, тэгсэн шүү гэх шалтгаанаа бичээд мессеж үлдээж болох байсан. Д.Энхтуяа нь өнөөдөр шүүх дээр ингэж ярьж байгаа ч гэсэн өөрөө дотроо бол маш ёс зүйгүй хүн. Дараагийн удаад хүүхдийн тоо зассан гэх ноцтой хэрэг илрэнгүүт ямар ч хэл чимээгүй, өөрийнх нь дотнын найз байгууллага дотроо найзалдаг, байнга хамт явдаг Наранцэцэг гэх энэ найздаа амралтынхаа өдрөөр складныхаа түлхүүрийг өгөөд явсан байсан. Өөрөө 3 хоног байх хугацаандаа мөн бараа материалаа гаргаж өгөөгүй. 8 хоногийн хугацаанд Наранцэцэг агуулахаас тогоочид тухайн өдрийн хүүхдийн ирцээр хоол хүнсийг нь гаргаж өгсөн. Энэ баримт нь мөн хавтас хэрэгт байгаа. Тухайн  үед Д.Энхтуяаг өвчтэй, чөлөөтэй гэж нэг ч хүн надад хэлээгүй. Байгууллага дотроо бол Наранцэцэг ямар нэг зүйл хэлсэн л байгаа байх, би бол огт мэдээгүй. 3 хоногт нь өөрөө өглөө нь ирчихээд бараа материалаа ч гаргаж өгөөгүй явсан. Д.Энхтуяагийн хувьд 8 хоног ажил тасалсан асуудал яригддаг. Байгууллагын дотоод журам дээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үздэг. Нэг хоногийн чөлөөг албан ёсоор амаараа хэлээд авч болдог. Архидан согтуурсантай холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан асуудлын хувьд өөрийнхөө хууль бус хийсэн зүйл дээрээ хэзээ ч гарын үсгээ зурдаггүй. Хэзээ ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэр битгий хэл 5 хүний ажлын хэсэг байгуулаад бараа материал хүлээж авахад чи ч гэсэн хамт хүлээлцэж авсан, бүх гар бичмэл дээрээ гарын үсгээ зур гэхээр зурахгүй гээд зурдаггүй. Эцэстээ ингэснээрээ хүнийг гүтгэх байдлаар ашигладаг гэж үзэж байна. Мөн тэр өвлийн идэш гэх яриаг би зүгээр тоглоомоор өвлийг идэш амлаж ажилд ордог гэсэн, өвлийн идэш биш юмаа гэхэд байгууллагадаа хэрэгцээтэй нэг юм авчихъя л даа гэж би тоглоомоор хэлсэн. Гэтэл түүнийг өрөөндөө дуудаад өвлийн идэш амлаж ажилд орсон гэж загнасан мэтээр ярьж байгаад нь гомдолтой байна. “Бумбардай” цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Д.Энхтуяа ажлаас халагдсан үндэслэл нь 3 зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдсан үндэслэл бол 3 зөрчил алдаа гаргасныг улмаас ажлаас чөлөөлсөн. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан. Дахин зөрчил гаргасан гэдэг маань байгууллага дээр 12 дугаар сарын 1-ний өдрийн архидалт, дээрээс нь тэр үйл ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ хүн үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Байгууллагын хурал дээр ёсгүй авирлаж, баримт материалууд дээр гарын үсэг зураагүй. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь 2017 оны 11, 12, 1 дүгээр сарын тайлан мэдээг гаргах хугацаандаа гаргаагүй. Энэ хэрэг зөрчил нь илэрсэн өдөр буюу 1 дүгээр сарын 26-ны өдөр бөөнөөр нь барьж орж ирж байсан зэрэг нь үүрэг ажлаа хангалтгүй биелүүлж байсан гэдгийг нотолж байгаа. 40 цагийн ажил тасалсан гэдэг нь би тухай үед 8 хоног өөр хүн хүнсний бараа бүтээгдэхүүн гаргаж байсныг мэдээгүй. 2 дугаар сарын 5-ны Даваа гарагт мэдсэн. Энэ үндэслэлээрээ 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яаралтай байгууллагын ёс зүйн хороог байгууллагын багш, ажилтнуудын төлөөлөлтэй хуралдуулж, Д.Энхтуяад арга хэмжээ авах талаар 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдсэн байгаа. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан. Д.Энхтуяа нь байгууллагын нярав, эд хариуцагч хүн. Хүүхдийн тоог засаж байгаагийн цаад талд мөнгө, хүүхдийн эрүүл мэнд явж байгаа. Тухайн өдөр хүүхдэд өгөх хоол тэжээлийн илчлэг, норм бүх зүйл хамаарч байгаа гэдгийг би өмнөх хурал дээр бас хэлсэн. Ажлаас халсан шалтгаан нь тухайн өөрийнхөө зассан тоогоо хий 5 хүүхдээр нэмээд, хүнсний бараа бүтээгдэхүүнийг дутаасан зүйлүүдээ зарлагадсан. Үүнийг би тухайн үед нь таслан зогсоосон. Хэрвээ би таслан зогсоогүй бол энэ хүн үлдэгдэл 1.700.000 төгрөгийн зүйлийг хүүхдүүдээр зарлагадаад, өөрөө алдаа зөрчил гаргаагүй мэтээр байж байх байсан. Д.Энхтуяаг санхүүгийн хуурамч материал бүрдүүлж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйл ажиллагаа гаргасан. Би цагдаагийн газар шалгуулсан. Прокурорын тогтоол дээр ч хүүхдийн тоог засаж, засварласан гэдэг нь тогтоогдсон. Дээрээс нь миний зөрчлийг арилгуулахтай холбоотой Төв аймгийн Санхүү, дотоод хяналтын албанд өгсөн албан бичгийн дагуу хийсэн шалгалтанд Д.Энхтуяа хүүхдийн тоо засаж, хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Эдгээр үндэслэлээр Д.Энхтуяаг ажлаас нь чөлөөлсөн” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажил олгогч 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хоёрдугаарт, мөн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг үндэслэлээр халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь анхны зөрчлийг ажилтан Д.Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлын байран дээр архидан согтуурсан, архидан согтуурах арга хэмжээг зохион байгуулж, хүмүүст архи хундагалж өгсөн гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан байдаг. Сануулах арга хэмжээ авагдсан талаар багш, ажилчдын хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа. Энэ хуралд Д.Энхтуяа оролцсон. Удирдлагатай маргаж муудалцаж, гарын үсэг зураагүй гэдэг нь нотлогддог. 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн сануулах арга хэмжээ авагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. 2 дахь зөрчил бол 2018 оны 1 сард болсон. Энэ нь 2017 оны 11 сард ирсэн хүүхдийн тоог зассан. Энэ зөрчлийг гаргасан гэдэг нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Гэрчээр орж ирсэн бүлгүүдийн багш нар гэрчилсэн. Хавтаст хэрэгт тоог зассан байдал, шинэ дэвтэр дээр хуулсан 2 дэвтрийг аль алийг нь гаргаж өгсөн. Д.Энхтуяаг зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдож байгаа. Хуульд заасан зөрчлүүдийн хоорондох хугацаа бол хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. 6 сараас хэтрээгүй, хугацааны хувьд ямар нэгэн зөрчил байхгүй. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хариуцлагыг тусгасан. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт ажил таслах гэсэн байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээс зохих журмын дагуу чөлөө авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хугацаанд ажил тасалсан. 1 дүгээр сарын 24-ний өдөр даваа гараг, 2 дугаар сарын 2-ны өдөр Баасан гараг байсан. Хагас, бүтэн сайн өдөр өнгөрөөд, 2 дугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч ажил дээрээ ирээд, өнгөрсөн долоо хоногт ажилдаа бүтэн ирээгүй болохыг мэдээд, тэр даруй багш ажилчдын хурлыг хуралдуулж, хуралдаанаар дээрх зөрчлийг гаргасан болохыг илрүүлээд, арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг. Энэ хурлын тэмдэглэл, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ авагдсан тэмдэглэлээр 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл тасралтгүй 8 хоног ажил тасалсан болохыг 2 дугаар сарын 5-ны өдөр илрүүлээд, зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Ингээд арга буюу 3 дугаар сарын 5-ны өдөр буюу хамгийн сүүлийн өдөр тушаалаа гаргасан байна. Энэ хугацаанд яагаад тушаал гаргаагүй талаар асуухад боломж бололцоо олгож, харсан. Д.Энхтуяа бол өөрийнхөө зөв гэж зүтгэдэг. Өөрийнхөө гэм бурууг хүлээдэггүй. Ингээд арга буюу хамгийн сүүлийн өдөр 3 дугаар сарын 5-ны өдөр тушаалаа гаргасан юм байна лээ гэдгийг тодотгож хэлмээр байна. Ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг нь нярав хүнд байж боломгүй үйлдэл гаргасан. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг өөрчилж, багш нараар хуулуулж байгаа нь ажил олгогчийнхоо итгэлийг алдаж байгаа ноцтой үйлдэл. Эдгээр 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. 3 үндэслэлийн ядаж 1 үндэслэл нь хангалттай шалтгаан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 151/ШШ2019/01043 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөх тухай. Иргэн Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч “Бумбардай” цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Маргаан бүхий тушаал болох “Бумбардай” цэцэрлэгийн эрхлэгчийн

2018.03.05-ны өдрийн Б/02 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн шаадрлага хангаагүй, тодруулбал тэргүү хэсэгт “ажлаас халах тухай” гэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг эрх зүйн харилцаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах гэх бөгөөд дээрх ойлголт байхгүй.

2. Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 зэрэг хуулийн заалтууд заалттай холбоотой 3 деспозиц хэсгийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг  тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино” гэсэн атлаа ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 заалтыг барьсан анхан шатны шүүх үүнийг баталгаажуулсан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль болоод МУ-ын Дээд шүүхийн тайлбарт нийцэхгүй байна.

3. Ажил олгогч тушаалдаа ажилтныг 2017.12.29-2018.02.02-ны өдрийг хүртэл “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 40 цаг ажил тасалсан” гэх боловч дээрх тушаалын үндэслэлээ нотолсон баримт хэргийн материалд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх ажил тасалсан гэх дүгнэлтийг түүвэрлэж хийсэн. Харин нэхэмжлэгчийг 2019.01.29-ний өдөр осолд орсон, талаар нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч 2019.02 сарын 01, 02-ны өдрүүдэд ажилдаа ирсэн, осолд орсон талаараа хэлсэн гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч мэдүүлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөө нь үл хамаарах шалтгаан” байхаар заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг өөрөөс хамааралтай байдлаар тайлбарлаж хөдөлмөрийн гэрээний 4.1-д заасан 3-аас дээш хоног чөлөө хүсэх тухай өргөдөл гаргах талаарх заалтыг шинжлэн судлаж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тухай өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байсан осолд орсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэдий ч ажилдаа ирсэн талаараа өөрөө нотлож гэрчийн мэдүүлгээр давхар эх сурвалж нь тогтоогдож байх бөгөөд, нөгөө талаар хариуцагч нэхэмжлэгчийн ажил цагийн бүртгэл, цахим бүртгэл зэргийг нотлох баримтын шаардлага хангуулж хэргийн материалд ирүүлээгүй.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн сахилгын зөрчил давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил давтан гаргасан гэх бүх нөхцөл байдалд бүгдэнд дүгнэлт хийж тушаалыг үндэслэлтэй гэх байдлаар тайлбарласан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 151/ШШ2019/1043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин  хянан шийдвэрлүүлэхээр  шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч “Бумбардай” цэцэрлэгт холбогдуулан ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 193 057 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Бумбардай” цэцэрлэг шаардлагыг эс зөвшөөрч,  Д.Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан,үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн ба 2017 оны 11, 12, 01 дүгээр сарын тайлан мэдээг хугацаандаа гаргаагүй, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01, 02 дугаар саруудад 40 цагийн ажил тасалж  сахилгын ноцтой зөрчил гаргасан, 2017 оны 11 дүгээр сард ирсэн хүүхдийн тоог 2018 оны 01 дүгээр сард засч ирцийг өөрчилж ажил олгогчийн итгэлийг алдсан ноцтой үйлдэл гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа  нь Төв аймгийн Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б\02  дугаартай тушаалаар халагдсан байна.

Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2,  40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний зарим заалт зэргийг заажээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Ажил олгогчийн дээрх тушаалын талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1.-д зааснаар гомдол гаргасан тул ”Бумбардай” цэцэрлэг  өөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү давтан  зөрчил гаргасан,  уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын давтан зөрчил болохыг нотлох үүрэгтэй болно.

 Сахилгын давтан зөрчил нь тушаалын нэг үндэслэл болж байгаа тул ажил олгогчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дугаар тушаалын  үндэслэл болгож сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил болон ногдуулсан  шийтгэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Ажил олгогчийн зөрчил гэж үзсэн болгоныг шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ зөрчил гэж үзэх эсэх, шийтгэл хүлээлгэсэн болгоныг шийтгэл гэж үзэх эсэхийг шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэргийн нотлох баримтад үндэслэн эрх зүйн хувьд үнэлж дүгнэх учиртай.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээс зөвхөн ноцтой зөрчлийн талаар ерөнхий байдлаар дүгнэлт өгснөөс  өөрөөр тушаалын бусад үндэслэл болон уг тушаалд тодорхойлсон сахилгын бусад зөрчлүүд хэргийн нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон, эсхүл үгүйсгэгдсэн талаар  ямар нэг эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т “ Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтад нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг  тухайн эрх зүйн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Ажил олгогч болон ажилтны хоорондох  хөдөлмөрийн гэрээг цуцалснаар хөдөлмөрийн  эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажилтныг сахилгын зөрчлөөр халж буй тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчил тус бүр  нэгбүрчлэн тогтоогдсон байх учиртай.  

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой  зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон,   улмаар ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д  заасан үндэслэл үүссэн гэж үзэх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон эсэх үйл баримтыг шүүх тогтоогоогүй,  тухайн асудлаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу  байна.

Давж заалдах шатны шүүхээс ажил олгогчийн Б/09, Б/02 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул ...тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 151/ШШ2019/01043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧИД                                                               Г.БОЛОРМАА

 

                                                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР