Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Баярмаа |
Хэргийн индекс | 116/2021/0009/З |
Дугаар | 127/ШШ2024/0013 |
Огноо | 2024-10-24 |
Маргааны төрөл | Газар, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 127/ШШ2024/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 116/2021/0009/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, шүүгч Б.Баярмаа, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ..................,
Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: .................. ХХК нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............../цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А /цахимаар/, хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Х.Х /цахимаар/, гуравдагч этгээд .................. ХХК-ийн өмгөөлөгч Г.М , иргэдийн төлөөлөгч Р.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ........ нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан “...Халхгол сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.
1.2 Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа[1] “..................... ХХК-нд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах, Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
1.3. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан:
1. .................. ХХК-нд 2013 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах,
2. Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,
2.1. Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж гаргаж, газар тариалангийн зориулалтаар 1631.2 га газар эзэмшиж буй “.....” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг .................. ХХК-нд шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.2 Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай “Эзэмшил газрыг нэгж талбар бүрээр хуваан эзэмшүүлэх тухай” захирамж гаргаж, .................. ХХК-ийн хүсэлтийн дагуу нэгж талбар тус бүрээр хуваан 6 жилийн хугацаатай эзэмшүүлж, сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.
2.3 ..... Гүйцэтгэх захиралд Халхгол сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/146 дугаартай албан бичгээр “газар эзэмших эрх цуцлах нотлох баримт үндэслэлгүй тул шүүхэд хандах боломжтой” талаар ирүүлсэн байна.[2]
2.4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн ба Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 35 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.[3]
2.5. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 522 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал[4] гарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай ТББ нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Байгалийн нөөц ашиглах, нөхөн сэргээлтийн үйл явцад иргэдийн хяналтыг тогтоож, ил тод хариуцлагатай, олон нийтэд нээлттэй болгох, байгаль орчин, түүний нөөцийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дорнод аймгийн Халхгол сумын иргэдээс манай байгууллагад хандаж, тус Халхгол сумын Ташгай багийн нутаг дэвсгэр, тухайлбал Атар-3 гэх газарт 1600 гаруй га газрыг гадаадын иргэд, компаниуд эзэмшиж, хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол улсын хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар, мэдээлэл, өргөдөл гомдол ирүүлсэн. Үүний дагуу тус газарт 2013 оноос хойш ямар компани, иргэдэд хэний шийдвэрээр эзэмшүүлж буй талаарх мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт танилцахаар тус суманд албан бичиг хүргүүлсэн, уг албан бичгийн дагуу Халхгол сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 08-ны албан бичгээр Сумын Засаг даргын 2013 оны 09 сарын 25-ны А/113 дугаар захирамжаар “.....” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг .................. ХХК-д шилжүүлсэн болно гэсэн хариуг, А/113 дугаар захирамжийн хуулбарын хамт ирүүлсэн.
Дээрх .................. ХХК нь газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээд байхад, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл бүрдсэн байхад сумын Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, хүчингүй болгох арга хэмжээ авахгүй байна. ... тухайн газар эзэмших эрхийг цуцлах дараах үндэслэлүүд байна.
1. ААҮ ХХК-ийн охин компани болох тухайд: СБ ХХК-ийн 24%-ийн хувьцаа эзэмшигч болох Хятад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай ..... захиралтай ..... ХХК-ийн шийдвэрээр Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Өвөр Монгол эзэнтэй гэгдэх ..... захиралтай “ААҮ” ХХК-ийн охин компани болгон өөрчилж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөөр байна.
2. БНХАУ-ын иргэн ....., ..... нараас хөрөнгө оруулах нэрийдлээр ..... ХХК-д 100 хувь ашиглуулж, газрын тухай хууль тогтоомж зөрчиж байна.
3. Тухайн газар ашиглахдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд Монгол Улсад бүртгэгдэж, ашиглах зөвшөөрөлгүй химийн бодис бордоог ашиглаж, үр тарианы аж ахуйн нэгжид хориглох хөрс боловсруулах технологийг зөрчсөн.
4. Эзэмшил газраа хуульд заасны дагуу зориулалтын дагуу 2-оос дээш жил үйл ажиллагаа явуулаагүй, тухайлбал тариалалт эрхлээгүй үйл баримтууд тогтоогдсон.
Захиргааны Ерөнхий хуульд заасан журмын дагуу эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан нь аливаа шийдвэр гаргахдаа мэргэжлийн болон холбогдох төрийн захиргааны байгууллагаас холбогдох мэдээлэл, лавлагаа, дүгнэлт гаргуулж дээр дурдагдсан нөхцөл байдлыг тодруулах үүрэг, боломж байгаа.
Бид энэ талаар холбогдох эрх бүхий байгууллага болох Халхгол сумын Засаг дарга, Дорнод аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч хуулийн дагуу судлан үзээд газар эзэмших эрхийг цуцлахаас татгалзсан хариу ирүүлсэн. Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.
Иймд ... Халхгол сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
“... Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаар захирамжаар эзэмшил газрыг дөрвөн хэсэгт хуваан эзэмшүүлсэн байна.
Ингэхдээ нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хууль зөрчсөн тухайд хүчингүй болгосон бус зөвхөн .................. ХХК-ийн хүсэлтийн дагуу газрыг нэгж талбар тус бүрээр хуваан 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэжээ. Энэ нь сумын Засаг дарга Газрын тухай хууль болон тариалангийн талбайг хэсэгчлэн эзэмшүүлэх Засгийн газрын төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр Монгол улс нийтдээ хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж бодож байна. Иймд захиргааны хэргийн шүүхээс тариалангийн талбайг хэсэгчлэн эзэмшүүлэх шийдвэр, тогтоолыг сумын Засаг даргаас гаргуулж авна гэж гэж бодож байна.
“СБ" ХХК 2013 оноос 2021 оныг хүртэл газар эзэмшихдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл бүрдсэн байхад сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, эс үйлдэхүй гаргасан.
Улмаар түүнд үргэлжлэл болгон газрыг эзэмшүүлсэн байгууллагыг хэвээр үлдээсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаар захирамж нь өмнөх нэхэмжлэлд заагдсан хууль бус үйлдэл хэвээр хадгалагдаж байгаа тул манай байгууллагын өмнөх нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа гэж үзэж байна.
Иймд ... .................. ХХК-нд 2013 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах, Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна” гэв.
5. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Халхголын газар эмзэг хөрстэй. Тухайн үед Байгаль орчны газраас тариалан эрхэлж байгаа газруудад жил болгон байгаль орчны тухай нөлөөллийн төлөвлөгөөг батлуул, 2 жил тутамд байгаль орчны аудитаа хийлгэ гэсэн. Ялангуяа Халх голын газар тариалан эрхэлж байгаа газруудад эмзэг хөрсийг нөхөн, сэргээх, хамгаалах ажлаа хийхгүй бол Халхголын нутаг хуурайшилт ихтэй, эмзэг хөрстэй газар гэсэн албан бичгийг тариалан эрхэлж байгаа компаниудад явуулсан. Гэтэл энэ компани байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй. Энэ талаар Халхгол сумын Тамгын газрын даргын албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Мөн байгаль орчны аудитыг 2 жил тутамд хийх ёстой. Хөрсөө зөв ашиглаж байна уу, хортой бодис, бордоо ашиглаж байна уу гэдэгт анхаарал тавьж ажиллахгүй бол 5-10 жилийн дараа цөлжилт үүсэх аюултай байгаа. Энэ чиг үүргийг уг компани биелүүлэхгүй байна.
.................. ХХК-ийг тухайн үедээ химийн хортой бодис хэрэглэсэн гэж яригдаж байсан. 2016-2019 онд Газрын тухай хуулиараа 3 жил үйл ажиллагаа явуулаагүй. Нөхөн сэргээх, хамгаалах ажлууд огт хийгдэхгүй байгаа. .................. ХХК удаа дараа хууль бус үйлдлээ хийгээд байгаа. Ийм байдлаар яваад байвал цаашдаа энэ компаниуд Халхголын эмзэг хөрстэй газрыг 10-20 жилийн дараа байхгүй болгоно. Энэ компани мод тарих ажлаа одоо болтол хийгээгүй. Ийм байдлаар шаардлагыг биелүүлэхгүй явж байгаа компанид хариуцлагыг нь тооцоод эрхийг хүчингүй болгох ёстой. Одоогоос эхэлж Халхголын бүс нутгийг хамгаалахгүй бол цөлжилт үүсээд эхэлсэн байгаа. Бид нар ийм хууль бус үйлдлийг өөхшүүлж болохгүй. Энэ захирамжийг хүчингүй болгож, цаашдаа нөхөн сэргээлтийн ажлыг заавал хийлгэж байж тариалалтын ажлаа хийлгэдэг байх ёстой” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 40.1-д зааснаар шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл үндэслэлээ гаргаж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн заалт байгаа. 2014, 2016 онуудад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдагч этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд химийн бодис хяналтгүйгээр ашигласан гэсэн дүгнэлт гаргаад шийтгэл оногдуулаад үүнийг нь гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөөд төлсөн. Үүгээр байгаль орчинд аюултай химийн бодис ашигласан болох нь тодорхой байгаа. Энэ нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдоно. 2014, 2016 онд химийн бодис ашигласан гэсэн боловч үүнийгээ буцаад байгаль орчинд хамгаалах арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй. 2019 оноос хойш сайжирсан талаарх баримт гаргаж ирүүлээгүй байгаа. 2013-2020 оныг хүртэл мэргэжилтний гаргаж өгсөн тайлбар байгаа. 2018 онд 1 удаа 800га тариалалт хийсэн гэж байгаа. Сэлгэж тариалж байгаа гэдэгт ядаж газрын талд нь тариалах ёстой. Энэ хэмжээнд хүрэхгүй байгаа учраас бүрэн дүүрэн ашиглаагүй гэж үзэж байна. 2016-2019 онуудад тухайн газарт .................. ХХК үйл ажиллагаа явуулаагүй, “Талын буудай” ХХК тариалалт хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ онуудад гуравдагч этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж байгаа. Ийм учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдсон. Тийм учраас газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үүрэгтэй байсан гэж үзэж байгаа” гэв.
7. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн 1 дэх үндэслэлд заасан “ААҮ” ХХК-ийн охин компани болгон өөрчилж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх талаар .................. ХХК нь 2013 оноос одоог хүртэл уг газраа эзэмшиж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэгч захирал нь өөрчлөгдсөн тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн дээрх аж ахуй нэгж байгууллагын хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх нь тухайн компанийн дүрмийн сангаар явагддаг болно. Иймд БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай нь нотлогдвол орон нутгийн зүгээс газар эзэмших эрхийг цуцлахад татгалзах зүйлгүй.
“.....” ХХК нь тус суманд газар эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд .................. ХХК нь 2013 оноос одоог хүртэл эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд дээрх аж ахуй нэгжтэй газар ашиглуулах гэрээ байгуулж ашиглуулж байсан гэх нотлох баримт байхгүй байна. Тухайн байгууллага эзэмшил газраа бусдад гэрээгээр ашиглуулах тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулж сумын Засаг даргад танилцуулж батлуулдаг болно.
“СБ" ХХК нь 2013 оноос хойш эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд Монгол улсад бүртгэгдэж, ашиглах зөвшөөрөлгүй химийн бодис бордоог ашигласан тухай нотлох баримт байхгүй байна.
.................. ХХК нь 2013 оноос хойш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэх нотлох баримт байхгүй байна.
Иймд сум орон нутгийн зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу дээрх аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлгүй байна.
Мөн дээрх аж ахуй нэгж нь гадаадын хөрөнгө оруулалттай болох нь нотлогдож газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байвал сум орон нутгийн зүгээс дээрх аж ахуй нэгжийн газрыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.
... Сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаар захирамж нь тухайн үед .................. ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэгж, талбар бүрээр кадастрын хэмжилт хийж гаргасан.
Мөн шүүхээс тухайн аж ахуйн нэгжийн эзэмшсэн газартай холбоотой асуудлыг хориглоогүй бөгөөд сумын Засаг даргын 2013 оны А/113 дугаар захирамжид заасан газар ;эзэмших эрхийн хугацааг нэмж сунгаагүй, өмнөх захирамжийн хугацаагаар газрыг эзэмшүүлсэн тул сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй болно” гэжээ.
8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аливаа захирамж, шийдвэр заавал хуулийн үндэслэлтэй байх ёстой байдаг. Мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй байхад аж ахуйн нэгжийг хохироож шийдвэр гаргана гэдэг асуудалтай. Анхны газар эзэмшигч нь Монгол компани байсан. Одоогоор хятад компани гэдэг нь нотлогдоогүй. Мэдээж газар тариалан байгаль цаг уурын нөхцөлийг харж улсынхаа бүтээгдэхүүн болох гурил будааг хийгээд явж байгаа аж ахуйн нэгж олон эрсдэл гаргаж байгаа. Энэ дээр ямар нэгэн шийдвэргүйгээр захирамжаа цуцалбал араас нь гарах үр дагавар байдаг. Тийм учраас миний зүгээс эрх зүйн шийдвэр гарах нөхцөл бүрдээгүй гэж харж байгаа” гэв.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... .................. ХХК нь 2013 оны 6 сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд фермерийн аж ахуй, газар тариалан эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг болно.
‘СБ” ХХК нь “.....” ХХК-аас 2013 оны 9 сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ, Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын 2013 оны 9 сарын 25-ны өдрийн А/113 дугаарт захирамжийн дагуу, тус сумын газрын албатай “Иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан Дорнод аймаг, Халх гол сум, Ташгай баг, Атар гурав гэх байршилд 000298776 дугаарт гэрчилгээтэй, газар тариалангийн зориулалттай 1631.2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Бид тус газар эзэмших эрхийг эзэмшсэн үеэс эхлээд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсаар байна.
Гэтэл .................. ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлийг дараах байдлаар тайлбарласныг тус бүрийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ “ААҮ” ХХК ийн охин компани болох тухайд .................. ХХК-ийн 24%-ийн хувьцаа эзэмшигч болох Хятад улсын 100% хувийн хөрөнгө оруулалттай ..... захиралтай “.....”-ийн шийдвэрээр Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Өвөр Монгол эзэнтэй гэгдэх Ц захиралтай “ААҮ” ХХК-ийн охин компани болгон өөрчилж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөөр байна” гэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.
Учир нь .................. ХХК нь Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг хуульд заасан нөхцөл болзлын дагуу эзэмшиж байгаа бөгөөд Монгол улсын Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.
... Эдгээр нь нотлох баримтгүй, үндэслэлгүй юм. .................. ХХК нь “.....” ХХК-нд газар ашиглуулдаггүй.
... .................. ХХК тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж Газрын тухай хууль болон бусад хууль тоггоомжийг биелүүлсээр ирсэн.
Мөн нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд .................. ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлуулах эрхгүй.
... Нийтийн эрх ашгийг хамгаалж буй байгууллага буюу “Буйр нуур халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” НҮТББ нь тухайн асуудлаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх ба нийтийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж, эсхүл зөрчигдөж болзошгүй ямар нөхцөл байдал байгааг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээрээ тайлбарлах ёстой.
Гэтэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл “СБ ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэн нийтийн ямар эрх ашиг зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй байгаа гэдэг нь тодорхой бус байна. “Буйр нуур халхгол нөмрөгийн сав газрыг аалах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй мөн дээрх нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх этгээдийн гол шаардлагыг хангаагүй тул манай компанийн газар эзэмших эрхийг цуцлуулах хууль үндэслэлгүй гэж үзэж байна.
... Гуравдагч этгээд .................. ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн газрыг хууль бусаар ашигласан зүйл байхгүй ба Газрын тухай хууль болон холбогдох дүрэм журамд заасны дагуу газраа 2013 оноос хойш ашигласаар ирсэн билээ. Мөн энэ талаар шинжээч тодорхой дүгнэсэн байдаг, Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй юм.
... Иймд нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4, 54.1.8-д заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
...Нөлөөлөх байдлын үнэлгээг хийгээгүй, хийдэггүй гэж байна. Бид нар 2017, 2023 онд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу 5 жил тутамд 1 удаа нөлөөлөх байдлын үнэлгээг хийдэг. Нөлөөллийн төлөвлөгөө гаргаагүй, хортой бодис ашигласан гэх мэтчилэн зүйлийг тайлбарлаж байх шиг байна. Шүүхээс ажиллагаа хийсэн, баримтууд хэрэгт авагдсан байгаа. Жил болгон газар эзэмших гэрээгээ эрх бүхий байгууллагаар дүгнүүлдэг. Үнэлгээ хийлгэсэн, төлөвлөгөөгөө гаргаад эрх бүхий байгууллагаар дүгнүүлээд явсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл хаана байгаа, ямар баримтыг үндэслээд ийм зүйл хийгээгүй гэж ярьж байгааг мэдэхгүй байна. Өөрөө газар дээр нь очиж танилцаж үзээгүй бололтой. Бид нар ажил гүйцэтгэх гэрээ болон Засаг даргатай тохиролцсон гэрээний дагуу, стандарт журмын дагуу үйл ажиллагаагаа хийгээд явж байгаа. .................. ХХК хортой бодис ашигласан гэж шүүх дээр маргаад явж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа гурав дахь үндэслэл болгон дурдаж байна. Үнэхээр маргаан үүсээд тийм асуудал явж байсан бол шүүхийн шийдвэр, захирамжаар тогтоогдсон зүйл байх ёстой.
... Амаараа байхгүй зүйлийг гүтгэн доромжилж ярьж байгаа нь харамсалтай байна.
... .................. ХХК эзэмшиж байгаа газартаа огт 3 жил тариалалт хийгээгүй гэж байна ... Мэргэжлийн байгууллагуудын шинжээчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагуудын тариалалтын мэдээллүүд хэрэгт авагдсан. .................. ХХК 2016-2022 оныг хүртэл тасралтгүй талбайнууд дээрээ сэлгэн тариалаад үйл ажиллагаа явуулж байгаа нь тариалалтын мэдээ, шинжээчийн дүгнэлтээс харагдана. Ямар баримтуудыг үндэслээд ингэж яриад байгааг мэдэхгүй байна. Энэ яриад байгаа зүйл нь үндэслэлгүй байна.
... Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй байна, холбогдох баримтуудыг цуглуул гээд шүүхээс мэргэжлийн шинжээч томилоод холбогдох баримтуудаа цуглуулаад давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мушгиж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
... Гадаад эзэнтэй гэж байна. Талууд энд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй. Өөрийнхөө тайлбар, мэдүүлгийг нотолж оролцох үүрэгтэй. Гэтэл ямар ч үйл баримтгүй, хятад эзэнтэй, би мэддэг, харсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авагдсан. Энэ дээр хэн хэзээ эзэмшсэн талаарх мэдээлэл дэлгэрэнгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон Компанийн тухай хуулиар гадаад хүн компанид хувьцаа эзэмшиж болно. Энэ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Хувьцаа эзэмшиж байгаа компани Монгол улсад Газрын тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулаад газар эзэмшиж болно. Энэ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Гэтэл бодит байдлыг мушгин гуйвуулаад Хятад эзэнтэй, Хятадууд Монголын газар нутгийг сүйтгэдэг гэх мэтчилэн байдлаар үнэн зөв нөхцөл байдлыг мушгиж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
... мөн манай байгууллагыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хэдэд заасан үндэслэлийг зөрчсөн гэж байгаагаа тайлбарлахгүй байна.
.... Хүчингүй болгосон шийдвэрийг эс үйлдэл, хууль бус болохыг тогтооно гэсэн хуульд байхгүй зүйл яриад байна. Энэ тушаал хүчингүй болоод шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах ямар арга хэмжээ авах юм. Хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгоод эс үйлдэхүй байна гэж тогтоогоод хууль бус болохыг тогтоогоод шийдвэрлэх нөхцөл байдал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй.
... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээрээ 4/73 тоот тушаалыг хүчингүй болгоно гэж байгаа. Амаараа А/73 гэж тайлбарлаад хэрэгт авагдсан бичгийн баримт нь 4/73 байдаг. Тэгэхээр шүүх хурлын тэмдэглэлд тусгаад энэ хүмүүсийн ярьж байгаа үнэн зөв гэж үзэх юм уу, бичгийн нотлох баримтуудыг үнэн зөв гэж үзэх юм уу. Процессын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гэсэн шаардлагыг хангахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан шаардлагаа хангаагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзана гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл энэ хүмүүс нэхэмжлэл гаргахдаа дээд шатны байгууллагад хандахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар .................. ХХК буюу гуравдагч этгээд бол ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй гэж харж байгаа.
... Иймээс нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна, А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна, хүчингүй болгосон тушаалыг дахин хүчингүй болгохоор шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.6-д зааснаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж оролцож байна” гэв.
11. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...нэхэмжлэгчийн зөв байна...“ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........ нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан 2013 онд .................. ХХК-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг цуцлахыг даалгах, Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн, байгаль орчны аудит, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ огт хийлгээгүй, химийн хортой бодис ашигласан гэж маргаан явж байсан, Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016 оны дүгнэлт гарсан ба зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн, 2016-2019 онд 3 жил дараалан тариалалт хийгээгүй, СБ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, газар эзэмшүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж, Хариуцагч нь 2013 онд олгосон газар эзэмших эрхийг 2022 онд хүчингүй болсонд тооцож, газрыг 4 хуваан үлдсэн хугацаагаар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагаар химийн хортой бодис ашигласан гэдэг нь тогтоогдоогүй, уг компани нь Монгол компани, нотлогдоогүй байхад нь аж ахуйн нэгжийн газар эзэмших захирамжийг хүчингүй болгон хохироож болохгүй гэж маргаж байна.
Гуравдагч этгээдийн хувьд “манай компани Газрын тухай хууль зөрчөөгүй, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан, талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлага нь уг асуудлаар гарсан дүгнэлт биш, химийн хортой бодис ашиглаагүй, 2017, 2023 онд үнэлгээ дүгнэлт хийлгэсэн, газрын гэрээг жил бүр дүгнүүлдэг, 3 жил дараалан тариалалт хийсэн талаар тариалалтын мэдээ, шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт байгаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, тус хуулийн 18.3.1-д нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-д дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг тус тус хуульчилсан.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2-д заасныг “ ... Дүрмийн зорилгоор "нийтэд үйлчлэх" төрийн бус байгууллагыг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нийгэмд үйлчлэх зорилготой төрийн бус байгууллага гэж үзнэ. Тухайн төрийн бус байгууллагын дүрэмд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан "хүрээлэн байгаа орчин", "хүүхдийн эрх", "нийтийн эрүүл мэнд", "нийтийн өмчийг хамгаалах" дөрвөн үндсэн хүрээнд хамаарах зорилгыг тодорхойлсон бөгөөд уг дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагааг гурваас дээш жил явуулсан нь тогтоогдсон тохиолдолд нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ гэж үзнэ. ... Дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаа тогтвортой явуулсан гэдгийг шүүх тогтоохдоо хуульд заасан журмын дагуу татварын алба, улсын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн, хүргүүлсэн тайланг үндэслэнэ.” гэж тайлбарласан.
........-ын 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр баталсан дүрмийн 6-д “Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгж, хувь хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд байгалийн нөөц ашиглах, нөхөн сэргээлтийн үйл явцад иргэдийн хяналтыг тогтоож, ил тод хариуцлагатай, олон нийтэд нээлттэй болгох, байгаль орчин түүний нөөцийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахаар заажээ.
Хуулийн дээрх шаардлагуудыг хангасан нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ[5], төрийн бус байгууллагын дүрэм[6], 2021, 2022, 2023 оны татварын тайлан[7] зэрэг нотлох баримтуудаар ........-а нь шүүхэд “хүрээлэн байгаа орчин” түүнд хамаарах асуудлын хүрээнд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасны дагуу Халхгол сумын Засаг даргын 2013 онд .................. ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүй болон 2023 оны А/73 дугаартай захирамжийн улмаас нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүйд шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:
Халхгол сумын Засаг даргын 2013 онд .................. ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нийтийн эрх зүйн маргааныг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжүүдийг бүрэн хангасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянана.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамж[8] гаргаж, газар тариалангийн зориулалтаар 1631.2 га газар эзэмшиж буй “.....” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг .................. ХХК-нд шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай “Эзэмшил газрыг нэгж талбар бүрээр хуваан эзэмшүүлэх тухай” захирамж[9] гаргаж, нэгж талбар тус бүрээр 4 хуваан 6 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба уг захирамжийн 2 дугаар заалтаар сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсон. Мөн хариуцагчаас шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/47 дугаартай албан бичгээр “0002988776 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигч СБ ХХК-ийн газар эзэмших эрх 2022 оны 05 дугаар сарын 11 өдрийн А/73 дугаар захирамжаар хүчингүй болж өөрчлөлт орсон” гээд 72901, 72861, 72915, 72796 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтын шаардлага ханган хавсарган ирүүлсэн байна.[10]
Дээрх үйл баримтаас үзэхэд 2013 онд .................. ХХК-д 1631.2 га газрыг эзэмшүүлсэн захиргааны акт нь хүчингүй болж эрх зүйн үйлчлэлгүй болсон, 0002988776[11] тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ мөн хүчингүй болсон байх тул “Халхгол сумын Засаг даргын 2013 онд .................. ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэл нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:
Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчиж гарган, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байгаа тул “Халхгол сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заажээ.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 7/ дахь заалтад байгаль орчныг хамгаалах гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрхийг хангах, байгаль хамгаалах шаардлага нь өнөө ба ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх тэдгээрт хяналт тавихад чиглэх ба Газрын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд дараах байдлаар зохицуулжээ.
Газрын тухай хуулийн 4.1-т “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална: 4.1.4.газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.3-т “Хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийн гэрчилгээгээр эзэмших газарт хийсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж, дуудлага худалдааны үнийг буцаан олгоно”, 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно” гэж заажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.6./"байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;/, 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж, 7.4-т “...байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана: 7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах; 7.4.2 төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх; 7.4.3 байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх” гэж заажээ. Уг хуулийн хавсралт ”Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-ын 4-т Хөдөө аж ахуйн төслийн хувьд “газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх талбай“ гэж тусгажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газар тариалан эрхлэх зориулалтаар аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэсний дараа газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээг олгож улсын бүртгэлд бүртгэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болох, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарвал эрхийн гэрчилгээг олгохоос татгалзахаар байна.
Нөгөө талаас газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхдээ өмнө нь зайлшгүй байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулах гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан газар төрийн хамгаалалтад байж, Монгол улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах, Байгаль хамгаалах тухай хуульд заасан өнөө ба ирээдүй хойчийн нийтийн ашиг сонирхлын үүднээс газрыг зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавьж байгаль хамгаалахад чиглэгдэж байгаа юм.
Энэхүү маргааны хувьд нийтийн ашиг сонирхлыг төлөөлж гаргасан нэхэмжлэлээр үүссэн учраас обьектив эрхийн маргаанд хамаарах бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалдаг тул маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчсөн эсэх, хууль зөрчсөн бол хүрээлэн буй орчинд хамаарах асуудлаар өнөө ба ирээдүй хойчийн ашиг сонирхол зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүйг дүгнэж шийдвэрлэх нь шүүхийн үүрэг юм.
Гуравдагч этгээд .................. ХХК нь байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй нь хариуцагчийн шүүх хуралдаанд “.................. ХХК нь байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй” гэх тайлбар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаартай албан бичигт[12] .................. ХХК нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй”, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмжийн илэрсэн зөрчил дутагдлын 9-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй”[13] гэсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасныг хэрэгжүүлээгүй байна.
Гэтэл Халхгол сумын Засаг дарга нь байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгээгүй байхад нь .................. ХХК-д газар тариалангийн зориулалтаар 2101000442 нэгж талбарын дугаартай 1631,2 га газрыг 2013 оны А/113 дугаар захирамжаар эзэмшүүлж газар эзэмших 000298776 дугаартай эрхийн гэрчилгээг[14] олгож, газар эзэмшүүлэх гэрээг[15] байгуулжээ. Мөн байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгээгүй байхад 2023 оны А/73 дугаар захирамжаар уг газрыг 4 хуваан 2101001092, 2101001093, 2101001094, 2101001095 нэг талбарын дугаар бүхий газруудыг[16] дахин үргэлжлүүлэн эзэмшүүлж, гэрчилгээ олгосон нь тогтоогдож байна.
Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга нь Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгээгүй байхад нь 2013 оны А/113 дугаар захирамжаар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэн, улмаар үргэлжлүүлэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжаар уг газрыг 4 нэгж талбар болгон хуваан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчсөн байна.
.................. ХХК нь уг 1631.2 га газрыг 11 жилийн хугацаанд эзэмшиж байгаа ба гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэдэг компани байдаггүй, манай компани газар эзэмших эрхийг “.....” ХХК-аас шилжүүлэн авсан ба Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг анх газар эзэмших эрх авсан компани хийлгэх үүрэгтэй байсан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Объектив эрхийн маргааны хувьд хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхол зөрчигдөх эсхүл зөрчигдөж болзошгүй үр дагавар үүсэх юм.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн №12-02-018-107 дугаартай Албан шаардлагын 16-д “Тариалангийн зориулалтаар зурваслан тариалах, ойн зурвас байгуулах чиглэлээр салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй нь Тариалангийн тухай хуулийн 12.1/Тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас нь тариалангийн газрын хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор байгуулсан мод, бут бүхий зурвас газар байна./, 20.2.4. /тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;/” гэж заасныг зөрчсөн”[17] гэсэн дүгнэлт, 2101001092, 2101001093, 2101001094, 2101001095 нэг талбарын дугаар бүхий газруудад 2023 оны 7 дугаар сарын 17-нд Газрын төлөв байдал хянан баталгаа хийлгэж дүгнэлт гаргуулсан байх ба “хөрсний механик бүрэлдэхүүн 2017 оны шинжилгээний хувьд хөнгөн шавранцар бүрэлдэхүүнтэй байсан бол 2023 онд элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй ... байна” гэжээ. [18]
Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсний дараа газрыг эзэмшүүлсэн бол төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох боломжтой болж, Байгаль хамгаалах тухай хуулийн зорилт хангагдах юм. Гэтэл Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүйгээс салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс хөрсний механик бүрэлдэхүүн өөрчлөгдөх үр дагавар бий болсон байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт тариалангийн СБ ХХК нь газрын хөрсийг салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах зорилгоор тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах зэргээр тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах ажил хийгээгүй хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч болон гуравдагч этгээд няцаагаагүй болно.
Мөн нэхэмжлэгчийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 14-т “байгаль орчны аудит" гэж байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг”, 101 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.” гэж заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт .................. ХХК уг газартаа байгаль орчны аудит хийлгэж байсан уу” гэсэн шүүгчийн асуултад Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “хийлгээгүй” гэж мэдүүлсэн ба Байгаль орчны аудит хийлгэж байсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.
Дээрх бүгдээс дүгнэвэл Хууль зөрчиж газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга нь Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгээгүй байхад нь 2013 оны А/113, 2022 оны А/73 дугаартай захирамжуудаар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг удаа дараа зөрчсөн нь хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчин амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс .................. ХХК нь Химийн хортой бодис ашигласан, 3 жил дараалан 2016-2019 онд газартаа тариалалт хийгээгүй” гэж маргасан ч, энэ нь 2022 оны 5 сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт[19], мөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай Шинжээчийн дүгнэлт[20], 2023 онд хийсэн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны “Хөрсний химийн, ахуйн бусад бохирдол байхгүй” дүгнэлтээр няцаагдаж байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 /газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;/, 40.1.4 /байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, ... удаа дараа ... зөрчсөн” нь гуравдагч этгээд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг 2013, 2022 онд тус тус зөрчиж Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй байхад хариуцагч 2013 оны А/113 дугаар захирамжаар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэн, улмаар үргэлжлүүлэн 2022 оны А/73 дугаартай захирамжаар уг газрыг 4 нэгж талбар болгон хуваан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 зөрчсөн нь тогтоогдож байх тул Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Халхгол сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/146 дугаартай албан бичгээр “газар эзэмших эрх цуцлах нотлох баримт үндэслэлгүй тул шүүхэд хандах боломжтой” талаар ..... Гүйцэтгэх захиралд ирүүлсэн байх тул анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад өөрт нь хандсан нь тогтоогдож байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий 2013 оны А/113 дугаартай захирамжийг хүчингүй болгож, газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй уг газрыг үргэлжлүүлэн 2022 оны А/73 дугаартай захирамжаар эзэмшүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаж байна.
Иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгчийн зөв байна” гэсэн дүгнэлт өгснийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,10, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан, .................. ХХК-нд 2013 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Б.БАЯРМАА
[1] 2 дугаар хавтаст хэргийн 212-р хуудас,
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 13-р хуудас,
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 16-р хуудас,
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 184-189 дүгээр хуудас,
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас,
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас,
[7] 3 дугаар хавтаст хэргийн 4-22 дугаар хуудас,
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 15-р хуудас,
[9] 2 дугаар хавтаст хэргийн 175-р хуудас,
[10] 2 дугаар хавтаст хэргийн 172, 173, 177, 179,184-р хуудас,
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 208-р хуудас,
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 49-р хуудас,
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 56-р хуудас
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 208-р хуудас
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 207-р хуудас
[16] 2 дугаар хавтаст хэргийн 173,177,179,184-р хуудас,
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 68-70-р хуудас
[18] 2 дугаар хавтаст хэргийн 97-112 дугаар хуудас,
[19] 2 дугаар хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас
[20] 2 дугаар хавтаст хэргийн 77, 78-р хуудас