Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0348

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0348

Улаанбаатар хот

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3, Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг тус тус баримтлан Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” б/28 дугаар тушаалын 6 дахь хэсгийг, 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” б/42 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Б-ийг өмнө ажиллаж байсан Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 2 жил 10 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13.974.553 /арван гурван сая есөн зуун далан дөрвөн мянга таван зуун тавин гурван/ төгрөгөөс урьд авсан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаа тэтгэлэг болох 3.484.260 /гурван сая дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун жаран/ төгрөгийг хасаж тооцон Т.Б-т нийт 10.490.293 /арван сая дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун ерэн гурван/ төгрөгийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгаж,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Б-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт давж заалдах гомдолдоо: “Нэг. Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 6/28 дугаар тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухайд:

... Засгийн газрын 2014 оны 387 дугаар ... тогтоолоор Ашигт малтмалын газрын орон тоог 170 байсныг 145 болгож бууруулсан/орон тоо хасагдсан/, уг тогтоолын дагуу ажлын байрыг нь “цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн дарга”, “цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон Цөмийн энергийн газрын ... нэр бүхий 6 албан хаагчийг газрын даргын 2015 оны б-11 дүгээр тушаалаар дээрх 6 албан хаагчийн ажиллуулах ажлын байрыг холбогдох хэлтсүүдэд нэмж, ажилд түр томилсон. ... Үүнтэй холбоотойгоор тус агентлагийн ... цалингийн сан хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тул ... газрын даргын 2015 оны б/28 дугаар тушаалаар цацраг идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан орон тоог хассан.

... Анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 6/28 дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар “хууль бус” гэж үзэж хүчингүй болгож байгаа тохиолдолд тухайн захиргааны акт нь яг ямар материаллаг болон процессын хэм хэмжээ /хууль тогтоомж/ зөрчсөний улмаас хууль бус гэж дүгнэж байгааг тодорхой заах /дурдах/ үүрэгтэй. ... Хариуцагчаас “цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудлыг Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн зөвлөл шийдвэрлэдэг” гэсэн тайлбарыг амаар болон бичгээр хаана ч гаргаагүй. Харин цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цацрагийн хяналттай холбоотой үйл ажиллагаанд дээрх 2 байгууллага хуулиар харьяалуулсан чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажилладаг гэсэн тайлбар өгснийг шүүх дээрх байдлаар өөрчлөн дүгнэж, улмаар түүнийгээ хариуцагчийн гаргасан тайлбар мэтээр шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй байна.

... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын албан тоот/шүүхийн шийдвэрт дурдагдсан/-ууд нь төрийн захиргааны байгууллага өөрийн орон тоо, бүтцээ баталж, тодорхой ажлын байр/албан тушаал/-ыг хассаныг буруутгах үндэслэл болохгүй юм.

... Анхан шатны шүүх ... ажлын байр /орон тоо/ байхгүй болсон /хасагдсан/-ыг хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ ийнхүү орон тоо хассан шийдвэрийг хууль бус хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Мөн анхан шатны шүүх дээрх Төрийн албаны тухай хуульд заасан 2 нөхцөлийн чухам алийг Ашигт малтмалын газар зөрчсөн гэж үзэж байгаагаа шүүхийн шийдвэртээ огт дурдагдаагүй болно. ... Ашигт малтмалын газрын хувьд Засгийн газрын тогтоолоор татан буугдсан Цөмийн энергийн газрын нэр бүхий албан хаагчдыг, түүний дотор нэхэмжлэгч Т.Б-ийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн б-13 дугаар тушаалаар албан тушаалд томилж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн болно.

Мөн ... агентлагийн даргын орон тоог тогтоох эрхийг анхан шатны шүүх нэг талаасаа хүлээн зөвшөөрөөд, нөгөө талаараа үгүйсгэсэн дүгнэлт хийсэн.

Хоёр.Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 6/42 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд:

... Ашигт малтмалын газрын дарга тухайн тохиолдолд хамгийн боломжит хувилбар буюу ажлаас халах бус, харин чөлөөлөх тушаал гаргаж, улмаар хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно. ... Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” а/01 дүгээр тушаалаар батлагдсан тус газрын бүтцэд нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан Уул уурхайн хэлтсийн цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаал байхгүй болно.

Энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхийн шийдвэрийг үндэслэн одоогийн бүтэц, орон тоондоо өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тооны талаар шүүхээс шийдвэрлэдэг болох практик /жишиг/ бий болохоор байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэг. “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” б/28 дугаар тушаалын Т.Б-т холбогдох хэсгийг хүчингүйд болгуулах” шаардлагын тухайд:

Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор зарим агентлагийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн боловсруулахыг даалгасны дагуу Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгаж, холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох этгээдүүдэд даалгасан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2030 дугаар албан бичгээр 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан томилон ажиллуулахыг мэдэгдсэнээр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн б-11 дүгээр тушаалаар тус газрын Уул уурхайн хэлтэст Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог нэмж, б-13 дугаар тушаалаар тус орон тоонд Т.Б-ийг түр томилжээ.

Засгийн газрын дээрх 2014 оны 387 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг батлахдаа Ашигт малтмалын газрын урьд байсан орон тоог цөөрүүлж 145 болгон баталсан бөгөөд тухайн тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын дарга 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн б/28 дугаар тушаалаар Бүтэц, орон тоог шинэчлэн баталсан нь хууль зөрчөөгүй байна.

Тодруулбал, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах/-д зааснаар Засгийн газрын дээрх шийдвэрийг түүний агентлаг болох Ашигт малтмалын газар биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэгэнт Засгийн газраас орон тоог цөөрүүлсэн тохиолдолд хариуцагч батлагдсан хязгаарт багтаан орон тоог шинэчлэн баталсан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 /батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох/-д заасан өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтны шууд удирдах эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлж, хуульд заасан өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж, орон тоог хасах тухай” б/28 дугаар тушаал нь байгууллагын орон тоог зохицуулсан дотогшоо чиглэсэн, нэхэмжлэгч рүү шууд буюу гадагш чиглээгүй акт байна.

Үүнээс үзвэл Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж, орон тоог хасах тухай” б/28 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг агуулаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Анхан шатны шүүх энэ талаар “хуулиар харьяалуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоог хасах эрхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь буруу болжээ.

Хоёр. “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Маргаан бүхий тухайн захиргааны актыг хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 /төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно/-д заасан буюу албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр гаргажээ.

Хэдийгээр 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн б/28 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын даргаас Б.Б-ийн эрхэлж байсан Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоог нэр заан хассан боловч Цөмийн энергийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д зааснаар тухайн ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг эдэлж, энэ хүрээнд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.2.2-т заасан нөхцөлийг хангасан эсэхийг хянах үүрэгтэй хариуцагч байгууллагад байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хянах чиг үүрэг хуулиар хадгалагдсан хэвээр байгаа, өөрөөр хэлбэл, тухайн чиг үүргийг бие даасан нэг мэргэжилтэн гүйцэтгэхгүй ч өөр бусад мэргэжилтэн хариуцан ажиллахаар байна.

Эндээс цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлыг зохицуулах, хяналт тавих асуудал буюу Т.Б-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хариуцагч байгууллагад хэвээр хадгалагдсан, харин тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж болохоор байна.

Гэтэл хариуцагч Т.Б-ийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж Засгийн газраас тогтоолоор шилжүүлэн ирүүлсэн албан хаагчдыг тухайн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчтай адил хэмжээнд авч үзэлгүйгээр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан буюу орон тоо хасагдсан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөр эрхлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Зүй нь хариуцагч албан тушаалтан Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан ч хуулиар Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлыг зохицуулах, хяналт тавих чиг үүрэг тухайн байгууллагад хэвээр хадгалагдаж байгаа энэ тохиолдолд уг чиг үүргийг хариуцан гүйцэтгэхээр шилжүүлэн авсан мэргэжилтнүүдтэй хамт Т.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оруулах байжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Т.Б нь Ашигт малтмалын газрын бүтцэд байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Бичил уурхайн ажиллах хүч, байгаль орчны судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд мэргэжил, мэргэшлийн хувьд сонгон шалгаруулалтад орох боломжтой байжээ.

Иймээс “Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин хариуцагчаас бүрэн эрхийн хүрээндээ байгууллагын бүтэц, орон тоог батлахдаа “Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог хассан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд тодруулсан “нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил”-д буюу байхгүй орон тоонд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангах боломжгүй.

Мөн хариуцагчаас дээрх байдлаар нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглээгүй, хуулийн зүйл, заалтыг оновчтой баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх дэх заалтыг “1. Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулж орон тоог хасах тухай” б/28 дугаар тушаалын 6 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т.Б-ийг өмнө ажиллаж байсан Уул уурхайн хэлтсийн Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4”, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР