Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 47

 

Ц.Чгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Х.Батсүрэн

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цэргийн цол сэргээлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0624 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ц.Ч, өмгөөлөгч Ж.А, Э.Ж,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар,

Нэхэмжлэгч Ц.Чгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1, 280 дугаар зүйлийн 280.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/279 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.Чг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, цэргийн дэслэгч цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны 5 сар 9 хоногийн цалин 4.011.824 төгрөгийг гаргуулан олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0624 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Ц.Чгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0624 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хуульд заасан журмын дагуу үнэлсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэр гүйцэтгэгчийн хуулиар хүлээсэн ямар үүргийг гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс “төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг холбогдох банкинд хүргүүлээгүйн улмаас ...” гэж “Ц.Чг албанаас халах тухай” Б/279 дүгээр тушаалд заасан “зөрчил”-ийг буруу тайлбарласан.

5. Магадлалын хянавал хэсэгт “... хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаар дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчид байсан, энэ үүргээ шилжүүлэх эрх олгогдоогүй, ийнхүү үүргээ дур мэдэн шилжүүлсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйлдэл тогтоогдсон байх боловч ...” гэж хэргийн нөхцөл байдал болон ажил үүргийн хуваарьт зөв үнэлэлт, дүгнэлтийг өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй байна. Мөн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий гүйцэтгэгч 4/2310 тоот албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт нэвтрэх эрхийг ашиглаж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болохыг нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Чг ажлаас халсан зөрчил бол “төлбөр төлөгчийн банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг холбогдох банкинд хүргүүлээгүй ...” эс үйлдэхүй байх бөгөөд энэ үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг байсан гэдгий г магадлалд дүгнэсэн байна.

6. Магадлалын Тогтоох хэсгийн 1-д, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 57 дугаар зүйлийн 57.1, 77 дугаар зүйлийн 77.1.1, 95 дугаар зүйлийн 95.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 262 дугаар зүйлийн 262.1.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргаан бүхий Б/279 дүгээр тушаалд баримтлаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Хэрэгт уг маргаан бүхий /төлбөр төлөгч “Үндэсний барилга консерциум” ХХК-ийн/ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт материал хувийн хэрэгт авагдаагүй тул Ц.Чг дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийх боломжгүй юм. Тиймээс ч давж заалдах шатны шүүхээс Ц.Чг “... дансны хасалт хийх тухай ... албан бичиг ... тогтоолыг арилжааны банкуудруу хүргэгдсэн эсэхэд … хяналт тавиагүй орхигдуулсан, хариу ирүүлсэн нотлох баримтуудыг гүйцэтгэлийн хувийн хэрэгт хавсаргаагүй, хугацаа алдсан, хариуцсан ажилдаа хайнга хандаж шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулж, төрийн тусгай албан хаагчийн хувьд ноцтой зөрчил гаргасан ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ажлаас халсан зөрчил биш байна.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б/279 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгуулахаар маргаж байна. Уг тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.2, 2.3.3.8 дах заалтыг үндэслэсэн байх ба өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн болон сахилгын дүрмийн заалт зөрчсөн гэсэн тохиолдолд тогтоогдоогүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Ц.Чгийн “банкинд мэдэгдэл  хүргүүлээгүй” гэх үйлдлийг хэлэлцсэн байдаг энэ үүргийг шийдвэр гүйцэтгэгчид  хүлээлгээгүй /2 шатны шүүх ингэж дүгнэсэн/ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа тул үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

9. Мөн хариуцагч хавтас хэрэгт авагдаагүй, маргаан бүхий тушаалын үндэслэл, тайлбарт огт дурдагдаагүй эрүүгийн хэргийн талаар гомдол гаргасан байдаг. Ц.Чд холбогдуулж төлбөр авагчийн гомдлоор цагдаагийн байгууллагаас шалгаж, Ц.Чг гэм буруугүй болохыг тогтоосон бөгөөд мөн гэмт хэргийн шинжгүй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэлгүйгээр ажлаас халсан Б/279 дүгээр тушаалыг хамгаалахын тулд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сандаг уг эрүүгийн хэрэгт өөрийн биеэр гэрчийн мэдүүлэг өгсөн гэж худал мэдээллийг нотлох баримтгүйгээр шүүхэд тайлбарлаж, Ц.Чг буруутгаж байгаад гомдолтой байна.

10. Мөн хурандаа Б.Нгийн хийсэн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан Ц.Чгийн “... Б.Бд өгсөн болохгүй болохоор нь ахдах дэслэгч Б.Цгээр шалгуулж дахин” явуулсан гэх бичиг нь Барилга, Хот байгуулалтын яам руу явуулах бичгийн талаарх асуудал биш бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны хасалт хийх мэдэгдлийг Б.Б банк руу явуулаагүй нь илэрсний дараа ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үүднээс төлбөр төлөгчийн дансны хасалт хийх мэдэгдлийг ахлах дэслэгч Б.Цгээр явуулсан тухай асуудал юм. Үүнийг давж заалдах шатны шүүх буруу ойлгож, нэхэмжлэгчийг буруутгасан дүгнэлт хийсэн байдаг.

11. Ц.Чг хариуцсан ажилдаа хайнга хандаж, араас нь хөөцөлдөөгүй гэж буруутгадаг. Харин Ц.Ч нь уг ажиллагааны араас анхаарал тавьж, хөөцөлдөж явсаар Барилга, Хот байгуулалтын яамны ажилтан Д.Бтай уулзаж төлбөр төлөгчийн дансанд мөнгө орох гэж байгаа мэдээллийг олж авч, энэ мэдээллийн дагуу ажиллагаа хийсэн нь харагддаг. Барилга, Хот байгуулалтын яам руу явуулах бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Ггаар хянуулаад дэд дарга н.Эд өгсөн.

12. Давж заалдах шатны шүүхээс Ц.Чг буруутгаж “Ц.Ч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад давтан зөрчил гаргасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй байна” зэргээр ажлаас халсан Б/279 дүгээр тушаалд дурдаагүй үндэслэлийг зааж, уг тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

13. Төлбөр төлөгч “Үндэсний барилга консерциум” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр орсон санхүүжилтээс суутгасан талаар 2017 оны 12 дугаар сард мэдсэн. Мөн энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г, дэд дарга н.Э нар мэдсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн гэдэг үндэслэлээр цагдаад шалгуулах асуудал яригдсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар н.Цогжаргал даргаас бичиг хүргүүлсэн бөгөөд даргад ямар байдлаар танилцуулагдсаныг мэдэхгүй ч бичгийн дагуу цагдаагийн газарт төлбөр төлөгчийн асуудал шалгагдсан.

14. Эрүүгийн хэрэг шалгах явцад эхний байцаалтаар төлбөр төлөгч өөрөө юу хийснээ мэдүүлсэн. Энэ бүхэн 12, 1 дүгээр сард болсон үйл явц, үүний дараа 2, 3 дугаар сарын шалгалтын үеэр уг асуудлыг дахин гаргаж ирээд тухайн үедээ мэдсэн мэт гэнэт халах асуудал яригдсан. Би ийм юм болсныг нуугаагүй. Миний шууд удирдах албан тушаалтнууд болох Ц.Г, н.Э нар анхнаасаа л мэдэж байсан. Надад 1 дүгээр сард арга хэмжээ авах үндэслэл ч үүнтэй холбоотой байсан. Ингэхээр сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байсан.

15. Давж заалдах шатны шүүхээс “дээрх албан бичгүүд төлбөр төлөгчийн харилцдаг арилжааны банкинд хүргэгдээгүйн энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүйн улмаас .... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн захирамж биелэгдээгүй байна” гэж дүгнэсэн байна. Харин энэ хэргийн улмаас төлбөр төлөгч “Үндэсний барилга консерциум” ХХК нь төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа асуудал биш бөгөөд “Үндэсний барилга консерциум” ХХК төлбөр төлөгч хэвээр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн хийгдэж, биелэгдэх боломжтой билээ.

16. Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0624 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл нь зөв боловч дүгнэлт нь буруу, харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

18. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч Ц.Чг үүрэгт ажилдаа хайнга хандаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хэдийгээр бодит байдал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Худалдаа хөгжлийн банкны хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, түүнийг үндэслэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг банкинд цахимаар явуулах үүрэг ахлах шийдвэр гүйцэтгэгчид байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид байгаагүй ч энэ нь нэхэмжлэгч өөрийн хариуцсан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох албан бичгүүд арилжааны банкуудад цаг хугацаандаа очсон эсэхийг тодруулах, хэрэв очоогүй бол дахин хүргүүлэх зэргээр шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс албаны үүргээ хангалттай сайн хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байх тул түүнийг огт буруугүй гэж дүгнэх боломжгүй.

19. Гэхдээ маргаан бүхий акт болох хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны Б/279 дүгээр “Ц.Чг албанаас халах тухай” тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн холбогдох заалтуудад үндэслэсэн байх ба уг актын эрх зүйн гол үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1. “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” бол албанаас халах тухай заалт байна.

20. Дээр дурдсанчлан, хэдийгээр нэхэмжлэгч Ц.Ч нь хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байх ч түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж үзэхээргүй байна.

21. Учир нь, нэхэмжлэгчийн буруутгагдаад буй “Үндэсний барилга консерциум” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан тэрээр хуульд заасан үүргийнхээ дагуу төлбөр төлөгчийн банк дахь дансны хаалт, хасалт хийх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ж.Наранбаатарын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/18138 тоот албан бичгийг нэр бүхий банкуудад хүргүүлсэн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгчийн хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаар батлуулсан байх ба тэрхүү тогтоол нь Худалдаа хөгжлийн банкнаас бусдад нь хүргэгдсэн, мөн шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах арга замыг эрэлхийлж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр /буюу төлбөр төлөгчийн дансанд мөнгө орж зарлагадсан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө/ төрийн захиргааны байгууллагын эрх бүхий этгээдүүдтэй уулзаж, холбогдох баримт бичгийг боловсруулан, гарын үсэг зуруулсан /түүнийг албажиж хүргүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу биш/ зэрэг зохих ажиллагаануудыг хийжээ.

22. Дээрх албан бичиг, тогтоол нь хүргэгдээгүй гэх Худалдаа хөгжлийн банктай Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах, данснаас хасалт хийж төлбөр гаргуулах мэдэгдэл, зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг PDF хэлбэрээр явуулах, программд нэвтрэх эрхийн нэр, нууц дугаарыг ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт олгосон, иймээс нэхэмжлэгч Ц.Чгийн үйлдсэн тогтоол, албан бичгийг тэрээр өөрөө биш харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 190 дүгээр тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь /бодит байдал дээр ахлах шийдвэр гүйцэтгэгч нь өөр шийдвэр гүйцэтгэгчид эрхээ шилжүүлсэн байсан/ программд нэвтэрч явуулах үүрэгтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

23. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Ч нь “Үндэсний барилга консерциум” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж тодорхой ажиллагаануудыг хийсэн, мөн Худалдаа хөгжлийн банкинд холбогдох баримтууд хүргэгдээгүй нь түүнээс шууд хамааралгүй байх тул нэхэмжлэгчийг “төрийн тусгай албан хаагчийн хувьд сахилга, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэж үзэхээргүй байна.

24.  Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” бол гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй байхад уг зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг албанаас халсан хариуцагч Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх ерөнхий газрын даргын 2018 оны Б/279 дүгээр тушаал хууль буруу хэрэглэсэн алдаатай бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

25. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан төрийн албанаас 1 жилийн хугацаанд дахин орох эрхгүйгээр халагдах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлээс хальж, хэргийн оролцогчдын маргаагүй, шүүхээр нотлогдоогүй, цаашилбал давж заалдах гомдолд заагаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.“Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

26. Тодруулбал, нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан уу, эсхүл хариуцагч нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулсан уу /давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэснээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо уг үндэслэлийг заасан байна/ гэдэг асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй учир анхан шатны шүүх тодруулаагүй, нотлох ажиллагаа хийгээгүй, энэ талаар дүгнээгүй байхад давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэсэн нь буруу байна.  

27. Хэдийгээр давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэх эрхтэй, энэ утгаараа анхан шатны шүүхийн орхигдуулсан юмуу буруу дүгнэсэн асуудлыг тодруулж, зөв болгож, нэмж дүгнэлт хийх эрхтэй ч энэ нь анхан шатны шүүхийн огт нотлоогүй /нотлох ажиллагаа хийгээгүй/ асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн үг биш бөгөөд харин тухайн асуудлыг тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзвэл шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрх байгааг дурдах нь зүйтэй.

28. Энэхүү маргааны хувьд анхнаасаа хэргийн оролцогчид нь энэ талаар маргаагүй, маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгч дахин зөрчил гаргасан уу, эсхүл хариуцагч нэг зөрчилд давхар шийтэл оногдуулсан уу гэдгийг тодруулахаар анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзлээ.

29. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 4-8,10-12,16/ хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2018/0624 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                           Г.БАНЗРАГЧ