Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2020/00002

 

Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөн-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 151/ШШ2020/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Найгалд холбогдох,

Гэрээний үүрэгт 5 997 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Өмгөөлөгч Б.Батмөнх болон иргэн Л.Найгалын хооронд 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний дагуу “Ану сервис” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Нямхас төв” ХХК-ийг төлөөлөн оролцсон бөгөөд тус иргэний хэргийг шүүхээс дор зааснаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаартай шийдвэр;
  2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2254 дугаартай магадлал;
  3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00483 дугаартай тогтоол.

    Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т зааснаар өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээний хөлсийг “Нямхас төв” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээний 10 хувиар тогтоосон бөгөөд тус гэрээний 4.2-т зааснаар хөлсийг төлөх үүрэг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үүссэн боловч үүргийг зөрчсөн.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг төлсөн нь үндсэн хөлсний хэмжээнд хүрэхгүй, түүнээс 170,000 төгрөг дутах бөгөөд хөлс төлөх үүргийг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна.

Мөн өмчлөөлөгч Б.Батмөнх болон иргэн Л.Найгалын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дараах “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээгээр “Нэхэмжлэгч буюу төлбөр авагч “Нямхас төв” ХХК-иас хариуцагч буюу төлбөр төлөгч Ану сервис” ХХК-д холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Нямхас төв” ХХК-ийг төлөөлөн оролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т зааснаар өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээний хөлсийг 2,130,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд тус гэрээний 3.2-т зааснаар хөлсийг төлөх үүрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулсан төлбөрөөс төлөхөөр зохицуулжээ.Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т заасан хөлс төлөх үүрэг шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг “Ану сервис” ХХК-иас гаргуулсан үед үүсэхээр байна. Гэвч хөлс төлөх үүргийг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35.1.2-т заасан өмгөөлөл, төлөөллийн хууль зүйн туслалцаа үйлчилгээний хөлсийн нийтлэг хэмжээ 10 бөгөөд хөлсийг урьдчилан төлөх эсвэл хэсэгчлэн хувааж төлөх жишигтэй. Гэтэл хэргийг шийдвэрлэсний дараа хөлс төлөхөөр нэн тааламжтай нөхцөлөөр тохиролцсон бөгөөд тухайн хэрэг, маргаан удаан хугацаанд үргэлжилсэн тул хөлсийг дараа төлөх нөхцөлөөр иргэн Л.Найгалд хууль зүйн туслалцаа үзүүлэгч өөр этгээд олдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа, үйлчилгээний үр дүнд “Ану сервис” ХХК-иас 41,700,000 төгрөгийг иргэн Л.Найгалын “Нямхас төв” ХХК-д олгогдсон бөгөөд хууль зүйн туслалцаа, үйлчилгээгүйгээр “Ану сервис” ХХК-иас гаргуулах боломжгүй байтал хөлс төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж буй нь байж боломгүй үйлдэл.

Иймд хариуцагч иргэн Л.Найгалаас талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний үүрэгт 170,000 төгрөг, алдангид 2,085,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний үүрэгт 2,130,000 төгрөг, алдангид 1,065,000 төгрөг, бусад зардалд 547,000 төгрөг, нийт 5,997,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч иргэн Б.Батмөнхөд олгоно уу” гэжээ.

 Хариуцагч Л.Найгалын бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Батмөнх, Л.Найгалд холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие Б.Батмөнхтэй байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны” гэрээг байгуулах явцдаа “Ану сервис” ХХК-аас 41,700,000 төгрөгийг “Нямхас төв” ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөний найман хувиар тооцон хууль зүйн туслалцааны төвийг авна” гэж өмгөөлөгч Б.Батмөнх надад амаар тайлбарлаж ойлгуулсан тул би гэрээ байгуулахаар болсон. Гэтэл бичгээр гэрээ байгуулахдаа үйлчилгээний хөлсийг 2 хувиар нэмэгдүүлж 4,170,000 төгрөгөөр төлөх болгон өөрчилснийг арга буюу хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны” гэрээний төлөх ёстой мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлж, улсын тэмдэгтийн хураамжийн илүү мөнгө Б.Батмөнхөд шилжүүлэх замаар бүрэн төлж барагдуулсан.

Бидний тохиролцсон ёсоор “Ану сервис” ХХК-аас 41,700,000 төгрөгийг “Нямхас төв” ХХК-ийн дансанд 2018 оны 12 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжиж орж ирсэн тул Б.Батмөнх хууль зүйн туслалцааны үлдэгдэл хөлс 170,000 төгрөг, алданги 2,227,050 төгрөг, бусад үйлчилгээний хураамж 7,650 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

“Ану сервис” ХХК-аас гаргуулах 41,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 366,450 төлөх үүрэгтэй боловч Б.Батмөнх надаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 165,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 35,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр 11-ний өдөр 550,000 төгрөг, нийт 750,000 төгрөг буюу 383,550 төгрөг илүү авсан тул 170,000 төгрөг төлсөнд тооцох ёстой.

Б.Батмөнх хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тухайлбал: Б.Батмөнх анх хууль зүйн туслалцааны гэрээг байгуулахаар уулзаж байхад “би таны хүсэлт болох “Нямхас төв” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох “Ану сервис” ХХК-аас 41,700,000 төгрөг гаргуулахаар мөнгөн дүнгийн 8 /найман/ хувь болгон өөрчилж үндэслэлгүй 2 хувиар үйлчилгээний хөлсөө нэмэгдүүлсэн.

“Нямхас төв” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох “Ану сервис” ХХК-аас шилжүүлсэн мөнгөнөөс үйлчилгээний хөлсийг авахаар амаар ойлгуулж гэрээ байгуулсан мөртлөө “Ану сервис” ХХК-аас мөнгө орж ирээгүй хугацааны алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

2018 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлтийг гаргах явцад бид харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны” гэрээг шинээр байгуулж үйлчилгээний хөлсийг 4,170,000 төгрөг байсныг 1,830,000 төгрөгөөр нэмэгдүүлж 6,000,000 төгрөг болгон өөрчилж, Б.Батмөнх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлж төлбөр гаргуулбал уг 1,830,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохирсон бөгөөд энэ байгуулсан гэрээний 1 хувийг надад өгөөгүй болно.

Гэвч Б.Батмөнх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хангалттай үйлчилгээ үзүүлээгүй тул миний бие хууль зүйн туслалцааны үйлчилгээний хөлсөнд анх тохирсон 4,170,000 төгрөг дээр 1,830,000 төгрөг нэмж нийт 6,000,000 төгрөг төлөхөөс татгалзаж харин 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлэхийг Б.Батмөнх хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед үлдэгдэл хөлс 170,000 төгрөг, алданги 2,227,050 төгрөг, бусад үйлчилгээний хураамж 7,650 төгрөг дутуу байгаа талаар надаас шаардаагүй атлаа одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Батмөнх нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх мөн хяналтын шатны шүүхэд “Нямхас төв” ХХК-ийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож 4,170,000 төгрөгөөр өмгөөлсөн. Б.Батмөнх нь хуулийн этгээдийг төлөөлж удаа дараагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг. Б.Батмөнх, Л.Найгал нар нь анх 41,700,000 төгрөгийн 10 хувь болох 4,170,000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон гэж байна. Нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хуулийн этгээдэд холбогдуулж гаргах байтал иргэн Л.Найгалд холбогдуулан гаргасан нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага нь 170,000 төгрөг байгаа, гэтэл хариуцагч тайлбарлахдаа бид анх амаар 8 хувь гэж тохирсон. Гэтэл 10 хувь болгосон байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, анх тохиролцсноос 2 хувиар өсгөсөн. Уг гэрээ 2 хувь хийгдсэн. Хэрэгт авагдсан гэрээний 2 дахь хуудсанд Л.Найгал гарын үсэг зурсан ч компаний тамга дарагдаагүй. Уг хуудсанд гэрээний хөлсийг тохирсон учраас зөвшөөрөхгүй. Гэтэл Л.Найгалд үлдэх гэрээний хувь дээр Л.Найгалын гарын үсэг байдаггүй, ганцхан Б.Батмөнх л гарын үсгээ зурсан байдаг. Иргэний хуульд харилцан гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэнд тооцно гэж заасан байдаг. Гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлсэн байх ёстой. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2.8-д талуудын эрх үүрэг, 6.2.5-д өмгөөлөгчийн үүргийг тусгаж өгсөн байгаа. Мөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд акт үйлдэж баталгаажуулах гэсэн заалт тусгасан байгаа, энэ заалт хэрэгжээгүй. Дуусгавар болгох акт маш чухал. Хэдний өдөр гэрээгээр тохирсон хөлсөө төлж дуусгах ёстой байсан эсэх, дуусаагүй нөхцөлд ямар хугацаагаар тоолох зэргээр акт үйлдэх ёстой байсан. Алдангид 2,085,000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнийг яаж тооцоолсон нь мөн тодорхойгүй байна. Гэрээнд хугацаа заагаагүй байдаг. Гэрээний 7.2.8-д зааснаар акт үйлдээгүй, баталгаажуулаагүй учраас нэхэмжлэл гаргах, шаардах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг харахаар 3 хуудас байдаг. Түүний үнэ тохирсон хуудас нь дээр тамга дараагүй байдаг. Б.Батмөнхийн гаргаж өгсөн гэрээ нь тамгаар баталгаажаагүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасан байдаг. Гүйцэтгэх ажиллагаа хийх захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сайн дураараа биелүүлэх мэдэгдэл өгсөн. Сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас өгсөн байдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Ану сервис” ХХК шинэ нөхцөл байдал илэрснээр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтүүд авагдсан байдаг. Үүнээс харахаар хөндлөнгийн хүний оролцоогүйгээр төлбөр төлөгч, төлбөр авагчийн эрх олгосон байгууллагын хийсэн ажил юм. Хүсэлтэд тулгуурлаад 2,130,000 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Мөн 6,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн гэж Л.Найгал хэлдэг. Энэхүү гэрээг гаргаж өгөөгүй. 2,130,000 төгрөгийн гэрээн дээр би гарын үсэг зурах нь зурсан, гэхдээ хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлж, 2 талаасаа хийсэн гэрээ биш гэж Л.Найгал өөрөө тайлбарладаг. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ яг хэдэн төгрөгөөр хийлгэсэн нь тодорхойгүй, мөн акт үйлдээгүй байдаг. Иймд гэрээний 5.2.8 дахь заалт хэрэгжээгүй гэж үзэж байна. Алданги яаж тооцсон нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Үйлчлүүлэгчээ хохироосон гэрээ байсан. Гэрээнд хэрвээ үйлчлүүлэгч гэрээнээсээ татгалзсан бол, үүнд өмгөөлөгч буруугүй бол тохирсон хөлсний 80 хувийг авна гэж тохирсон байдаг. Энэ гэрээ нь үнэхээр үйлчлүүлэгчийг хохироосон, үндэслэлгүйгээр мөнгөжих санаа агуулагдсан, нэг талын гэрээ байсан. Л.Найгал нь Б.Батмөнх надад үйлчилгээ үзүүлж чадаагүй, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбараа өгсөн байдаг. Мөн гэрээ нь тамга тэмдгээр баталгаажаагүй, гэрээний шаардлагаа биелүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан хариуцагч Л.Найгалаас 4,527,070 /дөрвөн сая таван зуун хорин долоон мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,469,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Найгалаас 87,383 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож,

         Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШЗ2020/00009 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Батмөнх давж заалдах гомдолдоо: “Гомдолын шаардлага: Төв аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2020/00093 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангуулах тухай.

Гомдолын утга: Иргэн Б.Батмөнхөөс иргэн Л.Найгалд холбогдуулан гаргасан Талуудын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан "Өмгөөлөл, хууль зуйн туслалцаа үзүүлэх тухай" гэрээний үүрэгт 170,000 (нэг зуун далап мянга) төгрөг, илдангид 2,085,000 (хоёр сая наян таван мянга) төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан "Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай" гэрээний үүрэгт 2,130,000 (хоёр сая нэг зуун гучин мянга) төгрөг, алдангид 1.065,000 (нэг сая жаран таван мянга) төгрөг, бусад зардалд 547,000 (таван зууп дөчин долоон мянга) төгрөг, нийт 5,997,000 (таван сая есөн зууи ерэн долоон мянга) тогрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны одөр "НЯМХАС ТӨВ" ХХК-ийн дансанд 30,306,225 төгрөгийг шилжүүлсэнээр хариуцагч Л.Найгалд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу 2,130,000 төгрөгийг хөлс төлөх үүрэг үүсэх бөгөөд уг үүргээ 6 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Л.Найгалын эхнэр Оюунбилэгийн данснаас Б.Батмөнхөд 4.000.000 төгрөгийг "Мөгөөллийн хөлс" утгатайгаар шилжигдсэн боловч аль гэрээний төлбөр гэдгийг заагаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн төлбөр орж ирснээр хөлс төлөхөөр тохиролцсон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний хөлс бүрэн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй юм. /хх-105, 206/;

Харин 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гэрээний хөлсийг шийдвэр гүйцэтгэлийн мөнгө "НЯМХАС ТӨВ" ХХК-ийн дансруу шилжсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 6 хоногийн дараа гэрээний хөлсийг Б.Батмөнхийн дансанд шилжүүлсэн тул тухайн хугацааны алдангид нийт 63.900 төгрөгийг Нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсчээ гэж дүгнэлээ;

Б.Батмөнх нь Хариуцагч Л.Найгал гэрэний үүргээ биелүүлээгүйн улмаас нотариатын зардалд 7800 төгрог. архивын зардалд 6350 төгрөг. шуудангийн зардалд 2420 төгрөг. унааны зардалд 61,600 төгрөг, нийт 78.170 төгрөгөөр хохирсон болох нь хэрэгт авагдсан иотлох баримтаар тогтоогдож. харин үлдэх 468,830 төгрөгийг юунд зарцуулсан гэж шаардсан нь тодорхойгүй, үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 4,527,070 (дөрвөон сая таван зуун хорин долоон мянга дал) төгрөгийг хангаж үлдэх 1,469,930 (нэг сая дөрвөн зуун жаран ёсөн мянга есөн зуун гуч) төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 151/ШШ2020/00093 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Холбогдох хууль зуйн эх сурвалжийг ашиглан гомдлын агуулгыг дараах асүудлын хүрээнд тодорхойлов. Үүнд:

1. Өмгөөллийн хөлс төлсөн тухай;

2. Зардлын тухай;

НЭГ. Өмгөөллийн хөлс төлсөн тухай

Талуудын хооронд дараах хугацаанд гэрээ байгуулагдаж, түүний хөлсийг төлөх үүрэг дор зааснаар үүссэн байна. Үүнд:

1. 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний 4.1-т зааснаар хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр;

2. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар хөлсийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулсан төлбөрөөс төлөх буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр.

Дээрхээс үзвэл Талуудын хооронд байгуулагдсан эхний гэрээний хөлс төлөх үүрэг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, удаах гэрээний хөлс төлөх үүрэг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүссэн бөгөөд энэ дарааллын дагуу хөлс төлөхийг шаардах, ийнхүү шаардсаны дагуу хөлс төлөх үүрэг үүснэ.

Тиймээс эхлээд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлсөөс төлөгдсөн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлс төлөгдөөгүй нь Хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбарт "миний бие 2017 оны 01 сарыи 27-ний өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээний төлөх ёстой мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлж, улсын тэмдэгтийн хураамжийн шүү мөнгө Б.Батмөнхөд шилжуулэх замаар бүрэн төлж барагдуулсан" болон "Гэвч Б.Батмөнх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хангалттай үйлчилгээ үзүүлээгүй тул миний бие хууль зүйн туслалцаа үйлчилгээний хөлсөнд анх тохирсон 4,170,000 төгрөг дээр 1,830,000 төгрөг нэмж нийт 6,000,000 төгрөг төлөхөөс татгалзаж...” гэснээр тогтоогдож байна.

Учир нь Хариуцагч Л.Найгал нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дараалал болон хөлс төлөх үүргийн дарааллын дагуу эхлээд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлсөөс 4.000,000 (дөрвөн сая) төгрөгийг төлөх хүсэл зоригоо үйлдлээр илэрхийлж, биелүүлсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлс төлөхөөс татгалзсан, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүхэд тайлбарласан.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлөгдсөн хөлс нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээнийх бус 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлс болох талаар Зохигчид маргаагүй байтал түүнийг хөлс төлөх үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, сүүлийн гэрээний хөлсийг бүхэлд нь, эхний гэрээний хөлсийн зарим хэсгийг төлжээ гэж шүүхээс тайлбарлаж шийдвэрлэсэн нь ИХ-д заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулалттай зөрчилдөж байна. Нөгөөтэйгүүр өмгөөлөгчөөс Б.Батмөнхөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлүүлэгч Л.Найгалд өгсөн мэдэгдэл болон 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд бичсэн гар утасны мессежид хийсэн үзлэгээр цугларсан нотлох баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үзүүлсэн хууль зүйн туслалцаа, үйлчилгээний гэрээний хөлсөнд 2,130,000 (хоёр сая нэг зуун гучин мянга) төгрөг төлөх үүргээс огт гүйцэтгээгүй нь тогтоогдож байна.

Тиймээс тус хөлсийг төлөх үүргийг гүйцэтгээгүй түүнийг шаардаж 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан нь талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлс төлөх үүрэг үүссэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 134 хоногийн дараа байна.

Энэхүү 134 хоногт ногдох алдангийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т заасан хэмжээгээр тооцвол 1,427,100 төгрөг болох бөгеөд үүнийг ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцвол 1,065,000 (нэг сая жаран таван мянга) төгрөг төгрөг болох тул шүүхээс 6 хоногийн алдангид 63,900 (жаран гурван мянга есөн зуу) төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дутуу байна.

ХОЁР. Зардлын тухай

Тухайн үед иргэн Л.Найгал нь "АНУ-СЕРВИС" ХХК-ийн ажлыг өөрийн болон зээлийн хөрөнгөөр гүйцэтгэсэн боловч хөлсөө авч чадалгүй удаан хугацаа өнгөрсний улмаас маш их хохирч, ажилчдын цалин, хөлс болон зээлийн төлбөрийн өрөнд орж, улмаар "ХАС БАНК"-аас авсан зээлийн хугацаа хэтэрснээр шүүхэд дуудагдахад хүрсэн тул төлбөрийн чадваргүй байгаа гэж тайлбарласан.

Нөгөөтэйгүүр гүйцэтгэсэн ажлын хөлсөө "АНУ-СЕРВИС" ХХК-иас хэрхэн шаардах талаар мэдлэггүйн дээр шүүхийн ажиллагааны зардлыг төлөх санхүүгийн боломжгүйн улмаас хугацаа алдсан гэж тайлбарласан бөгөөд одоогийн байдлаар шүүхийн зардал болон өмгөөллийн хөлсийг урьдчилан төлөх боломжгүй байгаагаа тайлбарлаж. тэдгээрийг аль болох боломжоороо шийдвэрлээд явахаа илэрхийлсэн.

Хэрэв өмгөөллийн хелсийг төлөхгүй бол миний бие ажиллах боломжгүй гэхэд өмгөөллийн хөлсийг шүүхийн шийдвэр гаргасаны дараа төлнө, шүүхийн зардлыг намайг урьдчилаад төлвөл дараа нь нөхөж өгнө гэсэн.

Тиймээс цаг алдалгүй шүүхэд нэхэмжлэлээ гаргахын тулд миний бие шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 366.450 (гурван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид 165.000 (нэг зуун жаран таван мянга) төгрөгийг 2017 оны 2 дүгаар сарын 9-ний өдөр үйлчлүүлэгчээс шилжүүлсний дагуу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бөгөөд үйлчлүүлэгчээс шилжүүлсэи мөнгөнөөс 5.000 (таван мянга) төгрөг үлдсэн.

Үүний дараа давж заалдах журмаар гаргах гомдлын улсын тэмдэгтийн хураамжид 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 1 1-ний өдөр үйлчлүүлэгчээс шилжүүлсний дагуу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 526,450 (таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бөгөөд үйлчлүүлэгчээс шилжүүлсэн мөнгөнөөс 23,550 (хорин гурван мянга таван зуун тавь) төгрөг үлдсэн.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 35,000 (гучин таван мянга) төгрөгийг үйлчлүүлэгчээс шилжүүлсэн.

Улмаар Л.Найгалын санхүүгийн байдал хунд байсан тул миний бие шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргахад ажиллагааны зардалд 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн бөгөөд дээрхийг нэгтгэн дүгнэвэл миний бие төлсөн төлбөрөөс нийт 432,900 (дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуу) төгрөгийг буцаан олгогдоогүй байна.

Үлдэх төлбөр нь хариуцагчаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан шүүх хуралдаанд оролцоход зорчсон автобусны зардлын төлбөрт 35.930 (гучин таван мянга есөн зуун гуч) төгрөг төлсөн.

Гэтэл дээрхийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээний хөлс төлөх үүрэг зөрчсөний алдангиас 1,001,100 (нэг сая нэг мянга нэг зуу) төгрөг, бусад зардлаас 35,930 (гучин таван мянга есөн зуун гуч) төгрөг, нийт 1,469,930 (нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга есөн зуун гуч) төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ундэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний едрийн 151/ШШ2020/00093 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 21-ны өдрийн 00093 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь нэхэмжлэлдээ 2018 оны 12-р сарын 19-ны өдөр төлсөн 4.000.000 төгрөг нь үндсэн хөлсний хэмжээнд хүрэхгүй түүнээс 170.000 төгрөг дутааж төлөх үүргийг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар апданги тооцох үндэслэл бүрдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 01-р сарын 27-ны өдөр байгуулагдсан "Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай" гэрээнд заасан үндсэн хөлсний дутуу болох 170.000 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” гэрээний хөлс 2.130.000 төгрөгийг үндсэн хөлс болох 4.000.000 төгрөгнөөс төлөгдсөн гэж хасаж тооцон үлдэх 1.870.000 төгрөгийг нь 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн гэрзэний үлдэгдэл мэтэзр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, 170.000 тегрөгийг яаж шийдвэрлэсзн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн гэрээг шүүх дүгнэхдээ талууд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар хэлцэл хийгдсэн байна гэж үзсэн гэтзл гэрээний талуудад үлдсэн хувь болох Л.Найгаль гарын үсгээ зураагүй гэрээг хариуцагч талаас нотлох баримтаар /хх-143/ гарган өгч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасан хэлцэл хийсэн гэж үзэхгүй талаар үгүйсгэн мэтгэлцэж байхад, мөн Л.Найгаль тайлбартаа би Б Батмөнхтэй үнийн дүнгийн 8 хувиар анх харилцан тохиролцож бид гэрээ байгуулахаар болсон юм гэтэл Б.Батмөнх гэрээгээ өөрөө бичгээр хийхдээ надтай тохиролцолгүй үнийн дүнгээ 2 хувиар нэмэгдүүлсэн байсан, үүнээс болж талуудад үлдэх хувь буюу Найгаль өөрт үлдэх гэрээний хувь дээр гарын үсгээ зураагүй байна гэтэл шүүх уг нотлох баримтыг нь болон бодит тайлбарыг нь анхаарч үзээгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг шийдвэрлэхдээ гэрээний зарим заалтуудыг нь үндэслэл болгосон атлаа хариуцагч талаас нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн гэрээний заалтуудыг нь анхаарч үзээгүй юм.

Өөрөөр хэлбэл 2017.01.27-ны өдрийн гэрээний 6.2.5, 2018.05.17-ны өдрийн гэрээний 5.2.5 дахь заалтуудад гэрээний гүйцэтгэлийн талаар акт үйлдэн үйлчлүүлэгчтэй хамтран баталгаажуулж байх" гэсэн заалт хэрэгжээгүй байхад үүний улмаас дээрхи хоёр гэрээний төлбөр гүйцэтгэлийн талаар талууд маргаж, нэхэмжлэгч болон шүүх зөрүүтэй дүгнэлт хийж мөн гэрээний 6.1.1-д өмгөөлөгч үйлчлүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад ч анхаарч үзээгүй юм.

Иймд Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь хууль зүйн хүрээнд дүгнэлт хийж чадаагүй учир Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 21-ны өдрийн 00093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Батмөнх өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны гэрээний үүрэгт хөлс 170 000 төгрөг, алданги 2 085 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны гэрээний үүрэгт хөлс 2 130 000 төгрөг, алданги 1 065 000 төгрөг, шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гарсан зардалд 547 000 төгрөг, нийт 5 997 000 төгрөгийг хариуцагч Л.Найгалаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Л.Найгал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  татгалзжээ.

Анхан шатны шүүх өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн болон 2018 оны 05 дугаар сарын 17-ны  өдрийн  2 гэрээний харилцаа хэний хооронд үүссэн болох, уг гэрээний  талуудыг хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоож чадаагүйгээс иргэний эрх зүйн гэрээний үүргийн шаардах эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчмыг алдагдуулсан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээдийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тухайн этгээд хариуцлага хүлээх эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч Б.Батмөнх “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай” 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд талуудыг тодорхойлохдоо өмгөөлөгч Б.Батмөнх,  “үйлчлүүлэгч иргэн Найгал” гэж, “хэргийн оролцогч: нэхэмжлэгч “Нямхас төв” ХХК, хариуцагч “Ану-Сервис” ХХК гэж тодорхойлж, гэрээний гарын үсэг зурах хэсэгт компанийн захирал Найгал гарын үсгээ зурж, “Нямхас төв” ХХК-ийн тамга дарагдаж баталгаажуулжээ. /хх-ийн 129-131-р тал/

Өмгөөлөгч Б.Батмөнх нь дээрх гэрээний үндсэн дээр анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд  нэхэмжлэгч “Нямхас төв” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ану-Сервис” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,700, 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь зохигчдын тайлбар болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нотлогдсон ба зохигчид тухайн үйл баримтыг маргаагүй байна.

Түүнчлэн “Нямхас төв” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх эрх олгох тухай албан бичгээр “Нямхас төв” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ану-Сервис” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлөн оролцох бүрэн эрхийг Б.Батмөнхөд олгож, захирал Л.Найгал гарын үсгээ зурсан байна./хх-ийн 80-р тал/

Өмгөөлөгч Б.Батмөнх, “Нямхас төв” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөн “өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх  тухай” гэрээ байгуулагдсан

 

ба төлбөр төлөгч “Ану-Сервис”ХХК-иас авах 41,700,000 төгрөгийн төлбөрийн  шүүхийн

шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч “Нямхас төв”ХХК-ийг төлөөлөн оролцож, 2,130,000 төгрөгийн хөлс авахаар тохиролцжээ. /хх-ийн 205-207-р тал/

Дээрх гэрээний дагуу “Нямхас төв” ХХК-ийн захирал Л.Найгал Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/10 дугаартай албан бичгээр өмгөөлөгч Б.Батмөнхөд тухайн компанийг төлөөлөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахаар төлөөлөх эрх олгосон байна./хх-ийн 90-р тал/

Шүүх гэрээг буруу тайлбарласнаас гадна хэргийн бусад баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.

Шүүх хариуцагч Л.Найгалд нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шинээр дахин гаргасан 2 гэрээний үүрэгт 5,997,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардуулсан байгаа хэдий ч хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд зөвхөн эхний гэрээний үүрэгтэй холбоотой өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргасан, харин хоёр гэрээний үүрэг, алданги шаардсан 5,997,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар зохигчдыг мэтгэлцүүлэх ажиллагааг шүүх хангалттай явуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчиж, нэхэмжлэгч эхний гэрээний үндсэн үүрэг буюу өмгөөллийн хөлс 170 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан байхад төлөгдсөн төлбөрөөс 2 гэрээний үүрэгт шилжүүлэн тооцох журмаар тооцоо хийж, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2,300,000 төгрөгийн хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2.дахь хэсгийн “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэсэн  хуулиар зөвхөн нэхэмжлэгчид олгогдсон эрхийг зөрчжээ.     

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авч  хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20120 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2020/00093 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, зохигчдын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 38 470 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 87 383 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ЭНХМАА

 

             ШҮҮГЧИД                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР