Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2020/00093

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2020/00093

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............тоотод оршин суух Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... оршин суух Л.Н-д холбогдох

Гэрээний үүрэгт 5,997,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Өмгөөлөгч Б.Б.болон иргэн Л.Н-ийнхооронд 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний дагуу Ану сервис ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нямхас төв ХХК-ийг төлөөлөн оролцсон бөгөөд тус иргэний хэргийг шүүхээс дор зааснаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02242 дугаартай шийдвэр;

2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2254 дугаартай магадлал;

3.  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00483 дугаартай тогтоол.

     Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т зааснаар өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээний хөлсийг Нямхас төв ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээний 10 хувиар тогтоосон бөгөөд тус гэрээний 4.2-т зааснаар хөлсийг төлөх үүрэг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үүссэн боловч үүргийг зөрчсөн. 

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг төлсөн нь үндсэн хөлсний хэмжээнд хүрэхгүй, түүнээс 170,000 төгрөг дутах бөгөөд хөлс төлөх үүргийг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна.

Мөн өмчлөөлөгч Б.Б.болон иргэн Л.Н-ийнхооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дараах Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээгээр Нэхэмжлэгч буюу төлбөр авагч Нямхас төв ХХК-иас хариуцагч буюу төлбөр төлөгч Ану сервис ХХК-д холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Нямхас төв ХХК-ийг төлөөлөн оролцсон. Талуудын

хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т зааснаар өмгөөлөл, хууль зүйн туслалцааны үйлчилгээний хөлсийг 2,130,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд тус гэрээний 3.2-т зааснаар хөлсийг төлөх үүрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулсан төлбөрөөс төлөхөөр зохицуулжээ.Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-т заасан хөлс төлөх үүрэг шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг Ану сервис ХХК-иас гаргуулсан үед үүсэхээр байна. Гэвч хөлс төлөх үүргийг зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох үндэслэл бүрдсэн байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35.1.2-т заасан өмгөөлөл, төлөөллийн хууль зүйн туслалцаа үйлчилгээний хөлсийн нийтлэг хэмжээ 10 бөгөөд хөлсийг урьдчилан төлөх эсвэл хэсэгчлэн хувааж төлөх жишигтэй. Гэтэл хэргийг шийдвэрлэсний дараа хөлс төлөхөөр нэн тааламжтай нөхцөлөөр тохиролцсон бөгөөд тухайн хэрэг, маргаан удаан хугацаанд үргэлжилсэн тул хөлсийг дараа төлөх нөхцөлөөр иргэн Л.Н.  д хууль зүйн туслалцаа үзүүлэгч өөр этгээд олдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа, үйлчилгээний үр дүнд Ану сервис ХХК-иас 41,700,000 төгрөгийг иргэн Л.Н-ийнНямхас төв ХХК-д олгогдсон бөгөөд хууль зүйн туслалцаа, үйлчилгээгүйгээр Ану сервис ХХК-иас гаргуулах боломжгүй байтал хөлс төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж буй нь байж боломгүй үйлдэл.

Иймд хариуцагч иргэн Л.Н.  аас талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний үүрэгт 170,000 төгрөг, алдангид 2,085,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний үүрэгт 2,130,000 төгрөг, алдангид 1,065,000 төгрөг, бусад зардалд 547,000 төгрөг, нийт 5,997,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч иргэн Б.Батмөнхөд олгоно уу гэжээ.

Хариуцагч Л.Н-ийнбичгээр гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Б.Батмөнх, Л.Н.  д холбогдох иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие Б.Батмөнхтэй байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээг байгуулах явцдаа Ану сервис ХХК-аас 41,700,000 төгрөгийг Нямхас төв ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөний найман хувиар тооцон хууль зүйн туслалцааны төвийг авна гэж өмгөөлөгч Б.Б.надад амаар тайлбарлаж ойлгуулсан тул би гэрээ байгуулахаар болсон. Гэтэл бичгээр гэрээ байгуулахдаа үйлчилгээний хөлсийг 2 хувиар нэмэгдүүлж 4,170,000 төгрөгөөр төлөх болгон өөрчилснийг арга буюу хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээний төлөх ёстой мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлж, улсын тэмдэгтийн хураамжийн илүү мөнгө Б.Батмөнхөд шилжүүлэх замаар бүрэн төлж барагдуулсан.

Бидний тохиролцсон ёсоор Ану сервис ХХК-аас 41,700,000 төгрөгийг Нямхас төв ХХК-ийн дансанд 2018 оны 12 сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжиж орж ирсэн тул Б.Б.хууль зүйн туслалцааны үлдэгдэл хөлс 170,000 төгрөг, алданги 2,227,050 төгрөг, бусад үйлчилгээний хураамж 7,650 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

Ану сервис ХХК-аас гаргуулах 41,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 366,450 төлөх үүрэгтэй боловч Б.Б.надаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 165,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 35,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр 11-ний өдөр 550,000 төгрөг, нийт 750,000 төгрөг буюу 383,550 төгрөг илүү авсан тул

170,000 төгрөг төлсөнд тооцох ёстой.

Б.Б.хууль зүйн туслалцаа үзүүлэх явцдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тухайлбал: Б.Б.анх хууль зүйн туслалцааны гэрээг байгуулахаар уулзаж байхад би таны хүсэлт болох Нямхас төв ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Ану сервис ХХК-аас 41,700,000 төгрөг гаргуулахаар мөнгөн дүнгийн 8 /найман/ хувь болгон өөрчилж үндэслэлгүй 2 хувиар үйлчилгээний хөлсөө нэмэгдүүлсэн.

Нямхас төв ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Ану сервис ХХК-аас шилжүүлсэн мөнгөнөөс үйлчилгээний хөлсийг авахаар амаар ойлгуулж гэрээ байгуулсан мөртлөө Ану сервис ХХК-аас мөнгө орж ирээгүй хугацааны алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

2018 оны 4 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлтийг гаргах явцад бид харилцан тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэрээг шинээр байгуулж үйлчилгээний хөлсийг 4,170,000 төгрөг байсныг 1,830,000 төгрөгөөр нэмэгдүүлж 6,000,000 төгрөг болгон өөрчилж, Б.Б.шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлж төлбөр гаргуулбал уг 1,830,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохирсон бөгөөд энэ байгуулсан гэрээний 1 хувийг надад өгөөгүй болно.

Гэвч Б.Б.шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хангалттай үйлчилгээ үзүүлээгүй тул миний бие хууль зүйн туслалцааны үйлчилгээний хөлсөнд анх тохирсон 4,170,000 төгрөг дээр 1,830,000 төгрөг нэмж нийт 6,000,000 төгрөг төлөхөөс татгалзаж харин 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлэхийг Б.Б.хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед үлдэгдэл хөлс 170,000 төгрөг, алданги 2,227,050 төгрөг, бусад үйлчилгээний хураамж 7,650 төгрөг дутуу байгаа талаар надаас шаардаагүй атлаа одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б.нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх мөн хяналтын шатны шүүхэд Нямхас төв ХХК-ийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож 4,170,000 төгрөгөөр өмгөөлсөн. Б.Б.нь хуулийн этгээдийг төлөөлж удаа дараагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг. Б.Батмөнх, Л.Н.   нар нь анх 41,700,000 төгрөгийн 10 хувь болох 4,170,000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон гэж байна. Нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хуулийн этгээдэд холбогдуулж гаргах байтал иргэн Л.Н.  д холбогдуулан гаргасан нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага нь 170,000 төгрөг байгаа, гэтэл хариуцагч тайлбарлахдаа бид анх амаар 8 хувь гэж тохирсон. Гэтэл 10 хувь болгосон байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, анх тохиролцсноос 2 хувиар өсгөсөн. Уг гэрээ 2 хувь хийгдсэн. Хэрэгт авагдсан гэрээний 2 дахь хуудсанд Л.Н.   гарын үсэг зурсан ч компаний тамга дарагдаагүй. Уг хуудсанд гэрээний хөлсийг тохирсон учраас зөвшөөрөхгүй. Гэтэл Л.Н.  д үлдэх гэрээний хувь дээр Л.Н-ийнгарын үсэг байдаггүй, ганцхан Б.Б.л гарын үсгээ зурсан байдаг. Иргэний хуульд харилцан гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэнд тооцно гэж заасан байдаг. Гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлсэн байх ёстой. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2.8-д талуудын эрх үүрэг, 6.2.5-д өмгөөлөгчийн үүргийг тусгаж өгсөн байгаа. Мөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд акт үйлдэж баталгаажуулах гэсэн заалт тусгасан байгаа, энэ заалт хэрэгжээгүй. Дуусгавар болгох акт маш чухал. Хэдний өдөр гэрээгээр тохирсон хөлсөө төлж дуусгах ёстой байсан эсэх, дуусаагүй нөхцөлд ямар хугацаагаар тоолох зэргээр акт үйлдэх ёстой байсан. Алдангид 2,085,000 төгрөг

нэхэмжилж байгаа. Үүнийг яаж тооцоолсон нь мөн тодорхойгүй байна. Гэрээнд хугацаа заагаагүй байдаг. Гэрээний 7.2.8-д зааснаар акт үйлдээгүй, баталгаажуулаагүй учраас нэхэмжлэл гаргах, шаардах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг харахаар 3 хуудас байдаг. Түүний үнэ тохирсон хуудас нь дээр тамга дараагүй байдаг. Б.Б-ийн.  гаргаж өгсөн гэрээ нь тамгаар баталгаажаагүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргасан байдаг. Гүйцэтгэх ажиллагаа хийх захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас сайн дураараа биелүүлэх мэдэгдэл өгсөн. Сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас өгсөн байдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ану сервис ХХК шинэ нөхцөл байдал илэрснээр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтүүд авагдсан байдаг. Үүнээс харахаар хөндлөнгийн хүний оролцоогүйгээр төлбөр төлөгч, төлбөр авагчийн эрх олгосон байгууллагын хийсэн ажил юм. Хүсэлтэд тулгуурлаад 2,130,000 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Мөн 6,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн гэж Л.Н.   хэлдэг. Энэхүү гэрээг гаргаж өгөөгүй. 2,130,000 төгрөгийн гэрээн дээр би гарын үсэг зурах нь зурсан, гэхдээ хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлж, 2 талаасаа хийсэн гэрээ биш гэж Л.Н.   өөрөө тайлбарладаг. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ яг хэдэн төгрөгөөр хийлгэсэн нь тодорхойгүй, мөн акт үйлдээгүй байдаг. Иймд гэрээний 5.2.8 дахь заалт хэрэгжээгүй гэж үзэж байна. Алданги яаж тооцсон нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Үйлчлүүлэгчээ хохироосон гэрээ байсан. Гэрээнд хэрвээ үйлчлүүлэгч гэрээнээсээ татгалзсан бол, үүнд өмгөөлөгч буруугүй бол тохирсон хөлсний 80 хувийг авна гэж тохирсон байдаг. Энэ гэрээ нь үнэхээр үйлчлүүлэгчийг хохироосон, үндэслэлгүйгээр мөнгөжих санаа агуулагдсан, нэг талын гэрээ байсан. Л.Н.   нь Б.Б.надад үйлчилгээ үзүүлж чадаагүй, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбараа өгсөн байдаг. Мөн гэрээ нь тамга тэмдгээр баталгаажаагүй, гэрээний шаардлагаа биелүүлээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний хөлс 170,000 төгрөг, алданги 2,085,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний хөлс 2,130,000, алдангид 1,065,000 төгрөг, бусад зардлын төлбөрт 547,000, нийт 5,997,000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Л.Н.  д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн болон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Нямхас төв ХХК-тай байгуулсан учраас гэрээний үүргийг иргэн Л.Н.  аас нэхэмжлэх эрхгүй, эхний гэрээний хөлсийг 41,700,000 төгрөг гаргуулах шаардлагын 8 хувиар амаар тохирчихоод бичгээр байгуулахдаа 10 хувь болгож үндэслэлгүй 2 хувиар нэмэгдүүлсэн, энэ нөхцлийг тохиролцсон гэрээний 2 дугаар хуудсанд тамга дарагдаагүй, 2 дахь гэрээг байгуулахдаа өмнөх гэрээний хөлсийг шийдвэр гүйцэтгэлээр мөнгө орж ирэхээр нийлүүлээд 6,000,000 төгрөг болгохоор тохирсон хэдий ч уг гэрээний хувийг өгөөгүй, энэ гэрээг өгч гарын үсэг зуруулсан, аль аль гэрээний заалтуудыг хэрэгжүүлж акт үйлдээгүйгээс үүрэг дуусгавар болж, шаардах эрх үүссэн гэж үзэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Нэхэмжлэгчийн ... үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэх ба хэнийг хариуцагчаар тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарна.

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн болон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнүүдийг өмгөөлөгч Б.Батмөнхтэй иргэн Л.Н.   байгуулаагүй, Нямхас төв ХХК-ийн захирлын хувиар хариуцагч гарын үсэг зурсан учраас хариуцагч нь хуулийн этгээд байхад иргэнийг хариуцагчаар тодорхойлсон гэж хариуцагч тал эс зөвшөөрч, нэхэмжлэгч тал гэрээг иргэн Л.Н.  тай байгуулсан, гэрээний зүйл нь Нямхас төв ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаанд хуулийн этгээдийг төлөөлөх байсан, гэрээний нөгөө тал нь иргэн учраас хуулийн этгээдийг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж тайлбарлан шаарджээ.

2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3646 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ гэх 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 3 хуудас баримтын 8 дугаартай буюу 2 дахь хуудасны баруун доод хэсэгт Гарын үсэг хэсэгт зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Л.Н-ийнгэх гарын үсгийн загваруудтай тохирно гэж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4989 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 1,2,3 дугаар буюу 20,21,22 гэж дугаарласан хуудаснууд нь нэг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн, хэвлэлийн 1 дүгээр хувь байна. ... Гарын үсэг гэсний ард байх Л.Н-ийнгэх гарын үсгүүд нь бичигч хэрэгслээр бичигдсэн байна гэж тус тус дүгнэсэн байх ба хүсэлт гаргасан хариуцагч тал шинжээчийн дүгнэлтүүдэд маргаагүй тул 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд Л.Н.   гарын үсэг зурсан гэж үзнэ. /хх-129-131/

Дээрх гэрээнүүдийн Удиртгал хэсэгт гэрээний талуудын тухай мэдээлэл: өмгөөлөгч Б.Батмөнх, үйлчлүүлэгч: иргэн Л.Н.   гэж өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийг хамтад нь Талууд, тус бүрт нь Тал гэнэ гэж заасан, Гэрээний дэд хэсэгт Гэрээ байгуулсан өмгөөлөгч Б.Батмөнх, үйлчлүүлэгч Л.Н.   гэж бичиж талууд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар хэлцэл хийгдсэн байна /хх-129-131, 205-207/.

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Найгал 4,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан, хариуцагч Л.Н.   4,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан, энэ талаар зохигчид маргаагүй байх боловч гүйлгээний утгыг Оюунбилэг-өмгөөллийн хөлс гэж, харилцагч Оюунбилэг, НР77111167 гэж гарын үсэг зурж, Б.Б-ийн.  5111018767 тоот дансанд орлогын гүйлгээг бэлнээр хийсэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан, өмгөөллийн хөлсийг компаниас төлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан үндэслэл нотлогдохгүй байна /хх-229/.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д зааснаар өмгөөллийн үйл ажиллагааг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхтэй байх учир хуулийн энэ шаардлагыг нэхэмжлэгч Б.Б.хангасан гэж үзнэ /II-хх-11-13/.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэг талаас өмгөөлөгч Б.Б.нь

нэхэмжлэгч Нямхас төв ХХК, хариуцагч Ану сервис ХХК-д холбогдох гэрээний үнэд 41,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцохоор, нөгөө талаас иргэн Л.Н.   нь гэрээний дагуу гүйцэтгэсэн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэлийн шаардлагын 10 хувьтай тэнцэх хэмжээний хөлс төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт гэрээний хөлсийг тохиролцсоноос өөрөөр буюу 2 хувиар нэмэгдүүлсэн тул зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, гэрээний зүйл болох гүйцэтгэх ажлыг нэхэмжлэгч Нямхас төв ХХК, хариуцагч Ану сервис ХХК-д холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөх гэж, уг үйлчилгээг шүүхийн шийдвэр гарах хүртэл үзүүлэхээр хугацаа тогтоосон, нөгөө талаар гэрээний хөлсийг нэхэмжлэлийн шаардлагын 10 хувиар, шүүхийн шийдвэр гарсан өдөр төлөх гэж гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцсон тул талуудын хооронд хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ /хх-129-131/.

Дээрх гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлснээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахаар талууд ярилцан тохиролцсон байна. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнө байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээтэй нийлүүлээд 6,000,000 төгрөгөөр буюу нэмэлтээр 1,830,000 төгрөг нэмээд, нийт 6,000,000 төгрөг болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэж мөнгө орж ирэхээр бүхэлд нь төлье гэж харилцан тохиролцсон боловч гэрээний хувийг өгөөгүй, ийм гэрээнд гарын үсэг зуруулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хангалттай ажил хийгээгүй учраас төлбөр төлөхгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /хх-224-225/

Иймд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэг талаас өмгөөлөгч Б.Б.нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгч буюу төлбөр авагч Нямхас төв ХХК, хариуцагч буюу төлбөр төлөгч Ану сервис ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, үйлчлүүлэгчээс гэрээний үндсэн хөлс 2,130,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж, талууд гарын үсгээ зурсан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ /хх-205-207/.

Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар

Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээр үүрэг хүлээсэн тал нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д зааснаар биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

Өмгөөлөгч Б.Б.нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр хүлээсэн нэхэмжлэгч Нямхас төв ХХК, хариуцагч Ану сервис ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнэд 41,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох үүргээ биелүүлсэн болох нь:

-нэхэмжлэгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, Б.Батмөнхөд олгосон итгэмжлэл

/хх-80/,                                                                                                                         

-Шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-76, 69-75, 175-179/

-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-64-68, 180-185/

-Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх-59-63, 186-189/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ өмгөөлөгч Б.Б.нь биелүүлсэн болох нь дараах үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Нямхас төв ХХК-ийн нэхэмжлэлтэй Ану сервис ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 41,700,000 төгрөг гаргуулах тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаснаар 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, төлбөр авагч Нямхас төв ХХК гэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна /хх-83-87/.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхэлснээс хойш төлбөр төлөгч Ану сервис ХХК нь Улсын дээд шүүхэд хандан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Б.оролцсон байх ба Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШТ2018/00251 дугаартай Шүүхийн тогтоолоор шүүхийн шийдвэрийн хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлджээ /хх-191-195/.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явагдаж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нямхас төв ХХК-ийн Хас банк ХХК дахь 5000649779 тоот дансанд төлбөрийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдэж дууссан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон /хх-105-108/

Иймд нэхэмжлэгч Б.Б.нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон учир гэрээний нөгөө тал буюу хариуцагч Л.Н.  аас хөлсөө төлөхийг шаардах хууль зүйн үндэслэлтэй юм.

Хөлс төлөх эсэх талаар

Нямхас төв ХХК-ийн нэхэмжлэлтэй Ану сервис ХХК-д холбогдох .... маргаан нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгдсэн, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нямхас төв ХХК-ийн Хас банк ХХК дахь 5000649779 тоот дансанд төлбөрийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдэж дууссан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ /хх-

105-108, 167-190/.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн болон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнүүдийн өмгөөлөгч тал үүргээ биечлэн гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх тул үйлчлүүлэгч Л.Н.   нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй /хх-130, 206/.

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д энэхүү гэрээний үндсэн хөлс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 10 /арав/ хувь байх..., 4.2-т энэхүү гэрээний 4.1-т заасан хөлсийг шүүхийн шийдвэр гарсан өдөр төлнө гэж буюу 41,700,000 төгрөгийн 10 хувьтай тэнцэх 4,170,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний нөгөө тал өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авсны хөлсийг тохиролцсон хугацаанд, тохиролцсон хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.

Гэрээний хөлсийг төлөх хугацааг тухайлан заагаагүй ч тодорхой үйл явдлаар тогтоосныг төлбөр төлөх хугацаа тогтоосон гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон буюу Улсын дээд шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэсэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. /хх-186-196/

Хариуцагч Л.Н.   нь Б.Батмөнхөд улсын тэмдэгтийн хураамж төлөхөд зориулж 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 165,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 35,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 550,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг шилжүүлснээс 383,550 төгрөг илүү авсан тул 170,000 төгрөгийг төлсөнд тооцох ёстой гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан нь нэхэмжлэгч Б.Б-ийн.  хүсэлтээр шүүхэд нотлох баримтаар цуглуулж, хэрэгт авагдсан Нямхас төв ХХК-ийн нэхэмжлэлтэй Ану сервис ХХК-д холбогдох нэхэмжлэлд холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн огноо-2016.12.28, дүн-366,450 төгрөг, төлбөрийн зориулалт-Нямхас төв ХХК-с УТХ, утасны дугаар-99222242 гэсэн Голомт банк ХХК-ийн орлогын баримт /хх-76, 77/, огноо-2017.02.10, дүн-160,000 төгрөг, төлбөрийн зориулалт-Нямхас төв ХХК рд-3867501 Улсын Т/Хураамж 99222242 гэсэн Голомт банк ХХК-ийн орлогын баримт /хх-110/, шүүхийн шийдвэр /хх-179/, огноо-2017.10.12, дүн-526,450 төгрөг, төлбөрийн зориулалт-УТХ НЯМХАС ТӨВ ХХК 3867501 99222242 гэсэн Улаанбаатар хотын банкны гүйлгээний баримт /хх-78/, магадлал /хх-185/, нэхэмжлэл гаргагч, түүний тухай мэдээлэл: Баатаржавын Батмөнх, холбоо барих утас:99222242 гэх нэхэмжлэл /хх-1/ зэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний гуравдугаар зүйлд 2,130,000 төгрөг байхаар, хөлсийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулсан төлбөрөөс төлнө гэж харилцан тохиролцсон байна. /хх-206/

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нямхас төв ХХК-ийн дансанд 30,306,225 төгрөгийг шилжүүлснээр хариуцагч Л.Н.  д 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу 2,130,000 төгрөгийг хөлс төлөх үүрэг үүсэх бөгөөд уг үүргээ 6 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Л.Н-ийнэхнэр Оюунбилэгийн данснаас Б.Батмөнхөд 4,000,000 төгрөгийг Өмгөөллийн хөлс утгатайгаар шилжигдсэн боловч, аль гэрээний төлбөр гэдгийг заагаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн төлбөр орж ирснээр хөлс төлөхөөр тохиролцсон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний хөлс бүрэн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй юм. /хх-105, 206/

Ийнхүү Б.Батмөнхөд төлсөн 4,000,000 төгрөгөөс дээрх гэрээний хөлс 2,130,000 төгрөгийг хасахад 1,870,000 төгрөг үлдэх ба үүнийг талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний хөлсөд харилцан тооцох нь зөв бөгөөд уг гэрээний хөлсөнд дутуу төлөгдсөн 2,300,000 төгрөгийг хариуцагч Л.Н.  аас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Алданги төлөх эсэх талаар

Хариуцагч Л.Н.   нь хөлс төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж

үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчлүүлэгч энэхүү гэрээний 4.2-т заасны дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтэрсэн 1 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр алданги төлнө гэж тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232.3-т заасан ...анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж байх тул алданги шаардах эрх үүсчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа нь талууд гэрээний хөлс төлөх хугацааг Нямхас төв ХХК-д шийдвэр гүйцэтгэлийн журмаар мөнгө орж ирэхээр төлөхөөр хойшлуулсан, үүргээ зөрчөөгүй, алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч түүнийгээ нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр тохиролцсон ёсоор шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нийт 269 хоногийн дараа 4,000,000 төгрөгийг Оюунбилэгээс-өмгөөллийн хөлс гэж шилжүүлснийг нэхэмжлэгч Б.Б.хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрч Л.Н-ийнтөлөх гэрээний хөлсөд харилцан тооцсон 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 4,170,000 төгрөгөөр, хоног тутмын 0,5 хувиар тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Н.  д гэрээгээр тохирсон хөлсөө төлөөгүй хоног тутамд 20,850 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алдангийг 50 хувиар хязгаарлан тооцвол алдангид 2,085,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байна.

Харин 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гэрээний хөлсийг шийдвэр гүйцэтгэлийн мөнгө Нямхас төв ХХК-ийн данс руу шилжсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 6 хоногийн дараа гэрээний хөлсийг Б.Б-ийн.  дансанд шилжүүлсэн тул тухайн хугацааны алдангид нийт 63,900 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсчээ гэж дүгнэлээ.

Бусад зардал төлөх эсэх талаар

Нэхэмжлэгч Б.Б.нь хариуцагч Л.Н.  ыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд хандахад гарсан зардалд нийт 547,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргийг харилцан хүлээнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.нь талуудын хооронд байгуулсан гэрээний хөлсөө төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч Л.Н.  аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох үүрэгтэй ба шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй тул хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан зардлын баримтуудыг үнэлсэн болно.

Б.Б.нь хариуцагч Л.Н.   гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нотариатын зардалд 7800 төгрөг, архивын зардалд 6350 төгрөг, шуудангийн зардалд 2420 төгрөг, унааны зардалд 61,600 төгрөгийг төлсөн, нийт 78,170 төгрөгөөр хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, харин үлдэх 468,830 төгрөгийг

юунд зарцуулсан гэж шаардсан нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Батмөнхийг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШЗ2019/03535 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, Б.Б-ийн.  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй болохыг дурдвал зохино.           

Дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагаас хөлсөөр ажиллах гэрээний үндсэн үүрэгт 2,300,000 төгрөг, алдангид 2,148,900 төгрөг, бусад зардал буюу хохиролд 78,170 төгрөг, нийт 4,527,070 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан хариуцагч Л.Н.  аас 4,527,070 /дөрвөн сая таван зуун хорин долоон мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,469,930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн.  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н.  аас 87,383 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгосугай.

3.  Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШЗ2020/00009 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.МӨНХБҮРЭН