Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2020/00003

 

“Халтмар” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                    хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 05-ны өдрийн 151/ШШ2020/00188 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Халтмар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын даамалд холбогдох,

Газрын төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Халтмар” ХХК-ийн захирал Н.Гүнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, хариуцагч М.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Халтмар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Халтмар ХХК-д Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвзрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн тус компанид 000316588 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамал нэхэмжлэгч Халтмар ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр "Иргэн хуулийн этгэээдэд газар эзэмшүүлэх тухай" гэрээг байгуулсан. Мөн уг газар эзэмшүүлэх эрхийн гэрээг Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамал 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан байдаг.

Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамал болон Халтмар ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай" гэрээний 2.2-т Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамал газрын төлбөрийн хэмжээг жил бүр 4 сая төгрөг байхаар тогтоож, мөн гэрээний 2.3-т зааснаар газрын төлбөрийг газар эзэмшүүлэгчийн 140000943 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч "Халтмар" ХХК нь 2016 оны газрын төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сан банкны 100140000943 тоот дансанд 4 сая төгрөг, 2017 оны газрын төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сан банкны 100140000943 тоот дансанд 4 сая төгрөг, нийт 8 сая төгрөгийг газрын төлбөрт тушаасан.

Нэхэмжлэгч Халтмар ХХК-ийн газрын төлбөрт төлсөн 8 сая төгрөгийн төлбөрийг хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамал буюу Санхүү, төрийн сангаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон" бол буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын даамал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Халтмар" ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд "Халтмар" ХХК нь Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дагуу гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлж газрын төлбөрийг 100140000943 тоот дансанд тушаасан нь Аймгийн төрийн сангийн дансанд төвлөрч байгаа юм. Мөн Сэргэлэн сумын газрын даамал М.Аззаяа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492,1-д зааснаар тухайн газрын төлбөр нийт 8 000 000 төгрөгийг олж авсан этгээд биш бөгөөд дээрх мөнгө нь Аймгийн төрийн санд төвлөрдөг тул Газрын даамлаас мөнгө нэхэмжилж байгаа нь зохисгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.2-т бүгд үнэ 4 000 000 төгрөг гээд, 2.3-т 1001400000943 дансанд газрын төлбөрийг тушааж байхаар гэрээ байгуулсан учраас гэрээнийхээ дагуу манай компани 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байгаа учраас энэ мөнгийг гэрээний дагуу шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа тул шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед сумын Засаг даргын захирамж, шийдвэр хүчингүй болоогүй байсан учраас сумын Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээний дагуу тухайн аж ахуйн нэгж мөнгө төлөх ёстой. 2017 оны төлбөрийг тухайн жилд төлсөн байх ёстой байтал 2018 онд газрын даамалтай уулзалгүйгээр өөрсдөө мөнгөө хийсэн асуудал үүсэж байгаа бөгөөд бид нар Засаг даргын захирамж хүчингүй болоогүй учраас тухайн оныхоо төлбөрийг хийсэн байгааг үндэслэн газрын даамал гэрээг сунгаж, дүгнэж явсан. Иймд гэрээнд заасан газрын төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байгаа” гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар нэхэмжлэгч “Халтмар” ХХК-д 2017 оны газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын даамалаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78 950 төгрөгийг Төв аймгийн Сэргэлэн сумын Газрын даамлаас гаргуулан нэхэмжлэгч “Халтмар” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Халтмар” ХХК-ийн захирал Ц.Гүнбилэг давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2020/00188 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч "Халтмар" ХХК-ийн газрын төлбөрт тушаасан 8 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны газрын төлбөрт төлсөн 4 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 5-д зааснаар Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх" гэрээний 2.4-т зааснаар Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан едрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд төлөхөөр зохицуулсан байна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл "Халтмар" ХХК нь 2016 оны газрын төлбөр болох 4 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 140000943 тоот Төрийн сангийн дансанд төлсөн бөгөөд энэхүү газрын төлбөр нь тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан хугацаандаа төлсөн төлбөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна..." гэх дүгнэлтүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүнийг эс зөвшөөрч байна.

Учир нь, нэхэмжлэгч болон хариуцагч нар нь газрын төлбөрийн хэмжээ, газрын төлбөр төлөх хугацааны асуудал дээр огт маргаагүй. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрийн асуудлын талаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаагүй юм. Нэхэмжлэгч "Халтмар" ХХК-ийн хувьд 2016 оны газрын төлбөрөө төлж, улмаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан гэрээг дүгнэж сунгасан тухай баримт хэрэгт авагдсан байгаа.

Түүнчлэн газрын төлбөрийг газар эзэмшигч, ашиглагч нь газрын үр өгөөжийг хүртэх зорилгоор төлж, түүнийхээ үр шимийг хүртдэг гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч "Халтмар" ХХК-ийн хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газрын үр шимийг хүртэж чадаагүй байж газрын төлбөрт 8 сая төгрөг төлж хохирсон. Нэхэмжлэгч "Халтмар" ХХК-д Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлээгүй юм.

Харин Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 33 зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчсөн болон 2016 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдаа явуулаагүй газрыг олгосон нь буруу байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч "Халтмар" ХХК нь газрын төлбөрт 8 сая төгрөг төлж, тус компанид хохирол учраад байна. Хэрэв захиргааны байгууллага, албан тушаалтан хууль, журмаа зөрчиж газар олголт хийгээгүй байсан бол манай компанид 8 сая төгрөгийн хохирол учрах ёсгүй байсан юм.

Гэтэл шүүх Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 5 дахь заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эдгээр хуулийн заалтуудыг үзвэл тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд ямар ч хамааралгүй, зохигчдын маргаагүй асуудлын талаарх хуулийн заалтуудыг баримтласан байх бөгөөд харин зарим нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд баримтлах хуулийн заалт төдийгүй, зарим нь 2019 онд шинээр нэмсэн, өөрчлөн найруулсан хуулийн заалтууд байх юм. Шүүх ийм хуулийн зүйл, заалтуудыг баримталж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж болохгүй байхаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч "Халтмар" ХХК нь газрын төлбөрийн хугацаатай холбоотой асуудлаар, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн газар эзэмших эрх цуцлагдаагүй болохыг анхаарч үзэх хэрэгтэй.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2020/00188 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөв хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Халтмар” ХХК нь хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын газрын даамалд холбогдуулан газар эзэмших эрх хүчингүй болсноор 2016, 2017 оны газрын төлбөрт төлсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Сэргэлэн сумын газрын даамал М.Аззаяа шүүхэд гаргасан тайлбартаа ...гэрээнд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөрийг аймгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлж тушаасан тул газрын даамалаас төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж  маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3.-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа  газрын төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг Сэргэлэн сумын газрын даамал буюу албан тушаалтнаас гаргуулж, нэхэмжлэгч “Халтмар” ХХК-д олгохоор шийдвэрлэж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа бөгөөд газрын төлбөрийг уг албан тушаалтан өөртөө олж авч, хөрөнгийн нэмүү байдал бий болгоогүй, тухайн төлбөр аймгийн төрийн сангийн орлогод орсон тухайд зохигчид маргаагүй байхаас гадна уг үйл баримт хэргийн  нотлох баримтаар тогтоогдсон байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээг зохицуулахдаа 23.1.-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна” гэжээ. Мөн хуулийн 23.4.-т газрын даамалын эрх хэмжээг зохицуулахдаа 23.4.2.-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж,байгууллагатай газар эзэмшүүлэх,ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох...” гэжээ.

Нэхэмжлэгч “Халтмар” ХХК нь Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Сэргэлэн сумын газрын даамалтай 2016 оны 07 дугаар саорын 08-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээг байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэрээ сунгагдсан, 2016, 2017 оны газрын төлбөрт 8 000 000 төгрөгийг төлсөн байна.

Гэвч газар эзэмшүүлэх эрхийг нэхэмжлэгч компанид олгохдоо Газрын тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Сэргэлэн сумын Засаг даргын  2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.

Сэргэлэн сумын газрын даамал нь Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, “Халтмар” ХХК-тай газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулсан явдал нь түүнийг газрын төлбөрийн талаар хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлийг бий болгохгүй юм.  

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж, мөн зүйлийн 2-т “Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион багуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна...” гэж газрын төлбөрийн орлогын зориулалт, зарцуулалтыг хуулиар  тодорхой зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэжээ.

Нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээдийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч тухайн этгээд хариуцлага хүлээх эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрлэх учиртай.

Хэргийн зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагчийг тодорхойлох үндсэн шинж нь зохигчдын хооронд маргаантай эрх зүйн харилцааг үүсгэсэн материаллаг эрх зүйн харилцаа байдаг. Хэргийн зохигчдыг тодорхойлохын тулд тэдгээр нь  субъектив эрхийн  болон хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлын талаар маргаан бүхий этгээдүүд мөн эсэхийг шүүх хянан шийдвэрлэдэг. 

Өөрөөр хэлбэл, маргаантай эрх зүйн харилцаа зохигчдын хооронд үүссэн эсэх, хариуцагчаар тодорхойлогдсон этгээд нь бодит байдлаар нэхэмжлэгчийн субъектив эрх болон хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шүүх тогтоох ёстой.

Шүүх хариуцагчаар нэхэмжлэлд тодорхойлогдсон этгээдэд төлбөр хариуцуулах болсон эрх зүйн  үндэслэлээ  хууль зүйн хувьд тодорхойлохгүйгээр төлбөр гаргуулсныг шийдвэр хууль ёсны гэж үзэх боломжгүй болно. Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсний дагуу хариуцагч нь хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг үндэслэлтэй тогтоож чадаагүй тул шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШШ2020/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Халтмар” ХХК-ийн захирал Н.Гүнбилэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

                          ШҮҮГЧИД                                       Г.БОЛОРМАА

                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР