Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2020/00804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........

Хариуцагч: ..............т холбогдох

Газрын төлбөрт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр, хариуцагч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн, хариуцагч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, Л.Цэрэнноров, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х” ХХК-д ........сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар Хөшигтийн хөндийд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн тус компанид 000316588 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, ........сумын газрын даамал нэхэмжлэгч “Х” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээг байгуулсан. Мөн уг газар эзэмшүүлэх эрхийн гэрээг ........сумын газрын даамал 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан байдаг.

Ингээд “Х” ХХК нь тухайн газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ” гэсэн хуульд заасны дагуу баталгаажсан.

........сумын газрын даамал болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээний 2.2-т ........сумын газрын даамал газрын төлбөрийн хэмжээг жил бүр 4 сая төгрөг байхаар тогтоож, мөн гэрээний 2.3-т зааснаар газрын төлбөрийг газар эзэмшүүлэгчийн 140000943 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь 2016 оны газрын төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100140000943 тоот дансанд 4 сая төгрөг, 2017 оны газрын төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100140000943 тоот дансанд 4 сая төгрөг, нийт 8 сая төгрөгийг газрын төлбөрт тушаасан байна.

Гэтэл ........сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар “Х” ХХК-д газар эзэмших эрх олгосон ........сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг бөгөөд энэхүү хүчингүй болгосон шийдвэрээ нэхэмжлэгч “Халтмар” ХХК-д мэдэгдээгүй.

........сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 33 зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн болон 2016 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулаагүй газрыг олгосон нь буруу байна гэж дүгнэсэн.

“Х” ХХК-ийн хувьд тухайн газрыг ........сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдэх боломжгүй. Харин үүнийг газрын даамал, Засаг дарга нар мэдэж байж газар эзэмших шийдвэрээ гаргаж, гэрчилгээ олгон гэрээ байгуулах ёстой.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Х” ХХК нь тухайн газрын үр өгөөжийг хүртэж чадаагүй байж газрын төлбөрт 8 сая төгрөг төлж, тус компанид хохирол учраад байна.

........сумын Засаг даргын буруутай шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Х” ХХК нь төрийн сангийн 100140000943 тоот дансанд нийт 8 сая төгрөг тушаасан бөгөөд энэхүү газрын төлбөр нь засаг даргын дансанд биш харин аймгийн төсвийн орлогод орсон байх тул Төв аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татах хүсэлт гаргасан.

Түүнчлэн жинхэнэ хариуцагчаар хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаж байгаатай холбогдуулан Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-ийн 2-т заасны дагуу ........сумын Засаг даргын дээд байгууллага, албан тушаалтан болох Төв аймгийн Засаг даргад дээрх газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/348 дугаартай албан бичгээр хариугаа авч нэхэмжлэл гаргасан болно.

Мөн нэхэмжлэгч “Х” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн болно.

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газрын төлбөрт төлсөн 8 сая төгрөгийг хариуцагч ........сумын Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас буцаан гаргуулж, манай компанийг хохиролгүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.                              

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“........сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 тоот захирамжаар Хөшигтийн хөндийд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, аймгийн төрийн санд газрын төлбөр болох 8 сая төгрөгийг төлсөн боловч 2016 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдаа явуулаагүй газар олгосон байх тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, .......хүчингүй болгоно” гэж заасны дагуу ........сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжаар хүчингүй болгосон юм байна.

Тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын төлбөр болох 8 сая төгрөгийг тухайн оны хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулагдсан тул буцаан олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ........сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Тус сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн A/11 тоот захирамжаар Хөшигтийн хөндийд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 50 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, аймгийн төрийн санд газрын төлбөр болох 8 сая төгрөгийг төлсөн боловч 2016 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, төсөл сонгон шалгаруулалт дуудлага худалдаа явуулаагүй газар олгосон байх тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, .......хүчингүй болгоно” гэж заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/64 тоот захирамжаар хүчингүй болгосон.

Тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын төлбөр болох 8 сая төгрөг нь аймгийн төрийн сангийн дансанд төвлөрч ордог бөгөөд тухайн оны хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулагдсан тул буцаан олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч ........сумын Газрын даамалд холбогдуулан газрын төлбөрт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, ........сумын Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын тамгын газраас шаардсан байна. /хх-128-130/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг, хариуцагч нь татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талуудад эрхийг тайлбарлаж, үүргийг танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж, мөн зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хэнийг эрхээ зөрчсөн хариуцагч этгээд болохыг тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй.

Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газраас 8,000,000 төгрөгийг бүхэлд нь шаардаж, хариуцагч ........сумын Засаг даргад холбогдох шаардлагаас татгалзаагүй боловч албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас үндэслэлгүйгээр төлбөр төлөгдсөн учраас хариуцагч мөн гэж тайлбарлаж, 

Хариуцагч талууд нь газрын төлбөрийг тухайн оны төлөвлөгөөнд тусгаснаар аймгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлж, тухайн оны хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулагдсан, Ковид-19-тэй холбоотойгоор төсөв хэмнэлтийн горимд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Газар олгосон шийдвэрийн тухайд:

Нэхэмжлэгч “Х” ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар Хөшигтийн хөндийд 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр ........сумын Засаг дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг гаргасан байна. /хх-41/

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд аймаг, нийслэл, дүүрэг газрын асуудал эрхэлсэн алба, сумд газрын даамалтай байна”, мөн зүйлийн 23.4-т газрын даамлын эрх хэмжээг зохицуулахдаа 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох...” гэжээ.

Дээрх захирамжийг үндэслэн 000316588 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Х” ХХК болон ........сумын газрын даамал нар байгуулсан, тухайн гэрээг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ........сумын газрын даамал болон “Х” ХХК нар дүгнэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байна. /хх-44, 46-47, 49/  

   “Х” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “бусад зориулалтаар … газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ........сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. /хх-48/

“Х” ХХК нь тухайн А/64 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд “Х” ХХК-д 50 га газар эзэмшүүлсэн ........сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дүгээр захирамжийг “Газрын тухай хууль зөрчсөн” үндэслэлээр ........сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр захирамжийн холбогдох заалтаар “Х” ХХК-д эзэмшүүлсэн  захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгулулага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож...” гэж заасантай нийцэж байна гэж дүгнэн, холбогдох хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Захиргааны хэргийн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:

...“Х” ХХК нь маргаан бүхий 50 га газрын хууль ёсны эзэмшигч биш байх тул ... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

...Маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид хуульд заасан журмаар олгогдоогүйгээс гадна нэхэмжлэгч уг газрыг эзэмшиж ашиглаагүй нь тогтоогдож байх тул ... маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлээгүй байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “...Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ... эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ...этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус дүгнэжээ. /хх-36-37/

Газрын төлбөрийн тухайд

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т тухайн жилийн газрын төлбөрт төлөх хэмжээг 4,000,000 төгрөгөөр тооцож, мөн гэрээний 2.3-т зааснаар газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор эзэмшүүлэгчийн 140000943 тоот Төрийн сангийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-47/

Гэрээ байгуулагдсан, газрын гэрчилгээ олгогдсон, гэрээ сунгагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК нь 2016 оны газрын төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сан-100140000943 тоот дансанд 4,000,000 төгрөг, 2017 оны газрын төлбөрийг газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгосны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг газрын төлбөрт тушаасан болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газар нь Төрийн сан-100140000943 тоот дансанд газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлдэг, 8,000,000 төгрөг төлөгдсөн гэж хүлээн зөвшөөрч, энэ талаар талууд маргаагүй болно. /хх-29,30/

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Х” ХХК болон ........сумын газрын даамал нарын хооронд байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ нь Газрын тухай хууль зөрчсөн захиргааны актыг үндэслэн байгуулагдсан болох нь тогтоогдож байх учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хэлцэл байгуулсан талуудад үүснэ. Газар эзэмшүүлэх эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр хүчингүй болсноор газар эзэмших эрх захиргааны байгууллагад, тухайн гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан төлөх үүрэг мөн захиргаанд үүснэ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж, мөн зүйлийн 2-т “Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрын хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулна...” гэж заасныг үндэслэн 8,000,000 төгрөг нь Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн Төрийн сангийн дансны орлогод орж, түүнийг эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу захиран зарцуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. 

Газрын төлбөртэй холбогдсон маргааныг Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн ажиллагааг явуулсан болох нь “Х” ХХК-ийн Төв аймгийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл, түүнд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өгсөн албан тоотоор нотлогдож байна. /хх-112, 151/

Иймд “Х” ХХК нь Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар газрын төлбөрийг буцаан шаардах эрхтэй байх тул газрын төлбөрт төлсөн 8,000,000 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар /санхүү/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагч ........сумын Засаг даргыг хариуцагчаар татсан боловч, түүнд холбогдуулан шаардлага гаргаагүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас 144,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг баримтлан газрын төлбөрт төлсөн 8,000,000 /найман сая/ төгрөгийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, хариуцагч ........сумын Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын тамгын газар /Санхүү, төрийн сангийн хэлтэс/-аас 144,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХБҮРЭН