Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 223/МА2020/00004

 

Д.Батдоржийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Батдоржийн нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан Самбуугийн Гочоодоржийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тайванжаргалын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тайванжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямба нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Самбуу овогтой Гочоодорж нь 1886 онд төрсөн, Архангай аймгийн Шанх сумын харъяат, ам бүл 2, түвд ном мэддэг, гавж, аграмба мяндагтай. Баруун хүрээний их гэвхүй цогчин, дацангийн лам, зурхайч байжээ.

С.Гочоодорж нь эхнэр Дуламжавын хамт амьдарч байхад нь 1938 оны 01 сарын 03-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан авч явсан байна. Энэ үед эхнэр Дуламжав нь төрөх дөхсөн жирэмсэн байсан байна. Дуламжав нь нөхөр С.Гочоодоржийн араас Улаанбаатар хот руу явах замдаа хүү Батдоржийгоо төрүүлэн одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Балжидийн Дэндэвт үрчлүүлэн үлдээжээ. Ээж дуламжав нь Улаанбаатар хотод очоод нөхрийнхөө сургийг гаргаж чадаагүй байтал нөхөр С.Гочоодоржийг хуулийн дээд хэмжээгээр 1938 оны 01 сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 сарын 11-ний өдрийн өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна.

Улмаар ээж Дуламжав маань Улаанбаатар хотод суурьшин амьдарч, хүү Батдорж нь Төв аймгийн Эрдэнэсант суманд Дэндэвийн гэрт өсөж хүмүүжсэн байна. Д.Батдоржийг СГочоодоржийн төрсөн хүү болохыг Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 сарын 13-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. С.Гочоодоржийн хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгасан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 12 сарын 18-ны өдрийн 21 өдрийн тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан Зууны мэдээ сонины 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 135 дугаарт хүүхэд Д.Батдоржид 80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор нийтэд мэдээлсэн байна. Д.Батдорж нь хэлмэгдэгчийн төрсөн ганц хүү учраас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхех олговор 80 сая төгрөгийг хүү Д.Батдоржид олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний төрсөн эцэг Самбуугийн Гочоодорж нь Архангай аймгийн Шанх сумын харъяат, лам хүн байсан юм. Түүнийг 1938 оны 01 сард улс төрийн хилс хэрэгт баривчлан 1938 оны 02 сард хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн.

С.Гочоодоржийг баривчлах үед эх Дуламжав маань бие давхар болчихсон байсан. Ингээд нөхрийнхөө сургийг гаргахаар хот руу явах замдаа буюу Төв аймгийн Эрдэнэсант суманд 1938 оны сүүл хавьцаа намайг төрүүлээд Дэндэв гэж айлд үрчлүүлээд явсан гэдэг.

Миний бие өргөж авсан авсан эцэг Дэндэвээр овоглон түүний ам бүлд тоолуулсаар ирсэн. 1950-иад оны үед сургуульд сурч байхаа оргож, төрсөн эх Дуламжавтай хотод нэг удаа уулзаж байсан. Тэр үед төрсөн эцгийнхээ талаар ярилцаж байгаагүй, ээжтэйгээ дахиж уулзаагүй байж байтал нас барсан гэж сураг дуулдсан.

Самбуугийн Гочоодоржийг миний төрсөн эцэг мөн гэдгийг тухайн үед Эрдэнэсант суманд байсан настай хөгшчүүл болох Доржпалам, Цэрэндолгор, Шатар, Зэвэг, Бат-Очир, Цэдэвсүрэн нарын гэрчилснээр Төв аймгийн сум дундын шүүх 1999 онд топгоосон юм. Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин дахь шүүх 2004 онд Б.Дулам гэх хүн хэлмэгдэгчийн нөхөх олговор 1000 000 төгрөгийг олгосон байдаг. Цагаатгалын улсын комисс дээр Рэнцэн гэдэг хүнд энэ талаар хэлж хөөцөлдөж байгаад орхисон.

Миний бие 1938 онд төрсөн иргэний үнэмлэх авах үедээ ажил төрлийн боломжгүй байдлаас хүнд захиад орхисон байтал 1939 онд төрснөөр бүртгүүлсэн байдаг. Одоо 1939 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн гэж бүртгэлтэй байдаг.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Дэндэвийн Батдорж миний биеийг хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүүхэд гэж тогтоосон Төв аймгийн Сум дундын шүүхийн шийдвэрийг үндэслэн Зууны мэдээ сонинд 2019 оны 07 сард зарлуулсан бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй. Иймд хэлмэгдэгч С.Гочоодоржийн нөхөх олговорын 80 сая төгрөгийг түүний хүүхэд Д.Батдорж надад олгож өгнө үү” гэв.

Прокурор Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Батдорж нь хэлмэгдэгчийг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд төрсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: “...хэргийн баримттай танилцахад Д.Батдоржийг Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 сарын 13-ны өдрийн 426 тоот шийдвэрээр хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг тогтоосон мөн Зууны мэдээ сонины 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 135 дугаарт хэлмэгдэгчийн хүүхэд зарласан болно. Миний эзгүйд хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Самбуугийн Гочоодоржийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай Баян-Уул овгийн Дэндэвийн Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тайванжаргал давж заалдах гомдолдоо: “Самбуу овогтой Гочоодоржийг эхнэр Дуламжавын /эхнэр жирэмсэн байсан/ хамт амьдарч байхад 1938 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна.

С.Гочоодоржийн хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгасан.

Батдоржийг С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн иргэний шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр тогтоосон бөгөөд төрсөн эцэг Самбуугийн Гочоодоржийг хэлмэгдүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа. Иймээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговрыг авахаар хүсэлт гаргасан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 135-д хүүхэд Д.Батдоржид 80 000 000 /наян сая төгрөг/-ийн нөхөн олговор олгохоор нийтэд зарлаж 30 хоног өнгөрч, үүнтэй холбоотой маргаан гараагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 сарын 04-ны өдөр гаргасан. 2019 оны 12 сарын 09-ны өдрийн хуралдаанаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Д.Батдорж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Самбуугийн Гочоодоржийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэжээ.

Үүнд: Улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэж заасан байна.

Батдоржийг С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн иргэний шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр тогтоосон байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын өндөр настан Т.Доржпалам, Т.Цэрэндолгор, Т.Шатар, Л.Зэвэг, Д.Бат-Очир, Ж.Цэдэвсүрэн нар гэрчээр оролцсон. Гэрчүүдийн мэдүүлэгт Самбуу овогтой Гочоодорж нь Архангай аймгийн Шанх сумын харьяат байсан бөгөөд эхнэр Дуламжав нарыг харж хандах ах дүү байгаагүйн улмаас 1937 оны үед Төв аймгийн Эрдэнэсэнт сумын харьяат дүү Санжаа, Цэрэндолгор нар нутагтаа нүүлгэн авчирч ойр дотно явтал 1938 оны өвөл Мөөрсийн эх болох Буянт гэдэг газар өвөлжиж байхад нь баривчлан авч явжээ. Эхнэр Дуламжав нь бие жирэмсэн үлдэж хавар 3 сарын дундуур хүү төрүүлснийг Б.Дэндэв үрчилж авсан байна. Эхнэр Дуламжав нь нөхрийнхөө сургийг гаргаж эргэхээр Улаанбаатар явсан хэмээн мэдүүлсэн байна.

Монгол улсын иргэн Дэндэв овогтой Батдоржийг 1938 оны 03 сарын 15-ны өдөр төрсөн Самбуу овогтой Гочоодоржийг эцгээр тогтоож, 1999 оны 10 сарын 05-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын эцэг тогтоосны бүртгэлийн 02-рт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Монгол улсын хэмжээнд иргэдийг регистрийн дугаараар бүртгэл хийх үед иргэний паспорт авахдаа ойролцоо амьдарч байсан хүнээр дамжуулан иргэний паспортоо авсан байна. Тухайн хүн Д.Батдоржийг 1938 онд төрснийг 1939 он хэмээн төрсөн он сарыг алдаатай хэлж бүртгүүлсэн байна. Иргэний паспортийн регистрийн дугаар 1939 онд төрсөн гэж алдаатай бүртгүүлснийг засах тухай иргэний бүртгэл мэдээллийн ажилтанд удаа дараа сануулж байсныг засаж өгөлгүй одоог хүрсэн. Одоо 1939 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн гэж бүртгэлтэй байна.

Д.Батдоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн төрсөн эхийг Дуламжав гэж мэдүүлсэн, харин Самбуугийн Гочоодоржийн ам бүлийн байдал болон өрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүн буюу эхнэр Дуламжавын талаар бүртгэгдээгүй байгааг 1929, 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд, Тагнуулын Ерөнхий газрын архивын лавлагаар тогтоогдож байна гэжээ.

1938 онд Монгол улсад бурханы шашин ихээр дэлгэрсэн үе байсан бөгөөд лам нар сахил санваараа сахиж эхнэр авч гэр бүлтэй байхыг шашны зан үйлэд харш гэж үздэг байжээ. Мөн тухайн үеийн нийгмийн байдлаас хамаарч эхнэр хүүхдээ өөрийн ам бүлд бүртгүүлдэггүй байсныг түүхийн олон баримтанд тусгагдсан байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэх байдал их хийгдэж түгшүүртэй байсан учир өөрийн үр хүүхэд, эхнэр гэр бүлийн гишүүдээ хэлмэгдүүлэхээс эмээн нууж өөрийн хамааралгүй байдлаар бүртгүүлэх, эсвэл иргэний бүртгэл огт хийлгэхгүй байх, тусдаа өрх айл болгон бүртгүүлэх зэрэг үзэгдэл их байжээ.

Эдгээр шалтгаануудын улмаас С.Гочоодоржийн хүн амын бүртгэлд эхнэр хүүхэд нь бүртгэгдээгүй байх магадлалтай юм.

Мөн 1938 оны үед Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн байдлаас хамаарч төрсөн хүүхдийг төрөнгүүт бүртгэн баримтжуулах байдал дутагдалтай байжээ. 1929, 1933, 1944 оны 10 сарын 18-нд, 1947 оны 08 сарын 09-ны өдөр хүн амын тооллогыг хийгдэхдээ иргэний төрсөн он сарыг нотлох баримт байгаагүйн улмаас аман байдлаар бүртгэн авдаг байжээ.

Тухайн үед сургуулийн насны хүүхдийг албадан сургуульд суулгадаг байсан бөгөөд амьдралын нөхцөл байдлаас болж хүүхдээ сургуульд суулгахаас зугтаалгаж насыг нь зөрүүтэй бүртгүүлж тухай олон ахмад настны баттай аман мэдээ байдаг.

Хуульд хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ.

Төв аймгийн Эрдэнэсант сумын 11 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогын байдлаар 5 настай буюу 1939 онд төрсөн байхаар мөн 1947 оны хүн амын тооллогын байдлаар 7 настай буюу 1940 онд төрсөн байх боломжтой гэж үзэхээр мөн хууль зааснаар хэлмэгдэгчийг нас барснаас хойш /1938 оны 02 сарын 11-ний өдрөөс 1938 оны 12 сарын хүртэл хугацаанд/ 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж прокурор дүгнэсэн байна.

Холбогдох хуулийн заалтанд төрсөн насыг сараар тооцож хуульчилсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт Д.Батдоржийн төрсөн насыг тооцохдоо жилээр тооцож дүгнэлт гаргасан ба сараар нарийвчилсан байдлаар тооцож дүгнэлт гаргаагүй байна.

Хүн амын тооллогын лавлагаанаас харахад насны зөрүүтэй бүртгэгдсэн нь хүн амын тооллого нарийвчилсан тодорхой хийгдэж байгаагүйг илтгэж байна. Хэрэв тухайн үед тооллогыг нарийвчилсан тодорхой сайн хийдэг байсан бол 1944, 1947 оны хүн амын тооллогын насны дараалал зөрүүтэй бүртгэгдэх боломжгүй юм. Тухайн үед хүн амын тооллогыг хийхдээ насыг нотлох баримтгүй учир аман, асуулгын аргаар хийдэг байснаа хамаарч насны зөрүүтэй бүртгэгдсэн гэж үзэж болохоор байна.

Төв аймаг дахь сум дундын Nргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн шийдвэрээр тогтоосон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэг зааснаар хэлмэгдэгч Самбуугийн Гочоодоржийн нөхөх олговорт 80 000 000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай Баян Уул овгийн Дэндэвийн Батдорж /НФ39031610/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Батдоржийн нас хүн амын тооллогод нас зөрүүтэй бүртгэгдсэнийг тодруулаагүй, насыг тооцохдоо сараар тооцож гаргаагүй, эцэг тогтоолгоход гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгийг харгалзан үзээгүй зэрэгт гомдолтой байна.

Иймээс Төв аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Энэхүү гомдлыг хүлээн авч Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар  зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

1938 онд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлж хэлмэгдсэн Самбуу овогтой Гочоодоржийн нөхөн олговорт 80 000 000 төгрөг  гаргуулах   нэхэмжлэгч Д.Батдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

            Нэхэмжлэгч Д.Батдорж нь нэхэмжлэлийн үндэслэл, зорилгоо улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд олгох нөхөх олговорыг авах гэж тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Самбуу овогтой Гочоодоржийг 1938 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор  түүнийг хуулийн дээд хэмжээ буюу  цаазаар авах ялаар  шийтгэснийг  БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгажээ.

Нэхэмжлэгч Д.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тайванжаргал  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Самбуу овогтой Гочоодорж нь 1886 онд төрсөн бөгөөд ам бүл-2, түвд ном мэддэг, гавьж,аграмба мяндагтай, Баруун хүрээний их гэвхүй цогчин ба дацангийн лам зурхайч,... Архангай аймгийн харъяат байсан.

Түүнийг эхнэр Дуламжавын хамт амьдарч байхад нь 1938 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан авч явсан. Энэ үед эхнэр Дуламжав нь төрөх дөхсөн жирэмсэн байсан... нөхрийнхөө араас Улаанбаатар хотод очоод явах замдаа хүү Батдоржийгоо төрүүлсэн” гэсэн тайлбар, Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр  нэхэмжлэгч Д.Батдорж  нь өөрийн төрсөн эцгийг баривчлагдсаны дараа төрсөн, хилс хэрэгт хэлмэгдэгчийн төрсөн хүү болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон /хх-19 тал/ гэх боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөг” олгоно гэсэн хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөн олговор олгох тухай хуулиар тодорхойлсон этгээдэд хамаарахгүй  байна.

Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” гэдэгт хэлмэгдсэн этгээдийг нас барснаас хойш хуанлийн 10 сарын дотор төрсөн хүүхдийг хамааруулан ойлгоно.

Нэхэмжлэгч нь хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхэд мөн эсэх, нөхөн олговор авах нэхэмжлэх эрхтэй болохыг нотлон тогтооход  нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, архивын лавлагаа, ам бүлийн тодорхойлолт зэрэг  нотлох баримтууд зайлшгүй шаардлагатай байдаг.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Батдорж нь 1939 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, түүнийг төрсний дараа явагдсан 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн баримтад “хүү Дэндэвийн Бат-Очир /Батдорж/ 5 настай“ гэж, 1947 оны хүн амын тооллогын бүртгэлийн баримтад “... хүү Дэндэвийн Батдорж эрэгтэй 7 настай“ гэж бүртгэгджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Д.Батдоржийн төрсөн он, нас нь тохирохгүй байгаагийн дээр хуанлийн хугацаагаар тоолоход хэлмэгдэгч Самбуу овогтой Гочоодоржийг 1938 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор цаазаар авах ялаар  шийтгэснээс хойш 10 сарын дотор төрсөн хүүхэд гэж үзэх боломжгүй, нөхөн олговор олгох хуулиар тодорхойлсон “хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд“ байх  заалтад хамаарахгүй байна.

Мөн түүнчлэн хэлмэгдэгч С.Гочоодоржийн зээ дүү Б.Дуламд Үндэсний архивын  лавлагаанууд, хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр 1 сая төгрөгийн  нөхөх олговрыг олгосон  байна.

Хэлмэгдэгч С.Гочоодоржийн нөхөх олговрыг түүний зээ дүү Б.Дулам гэгч нь 2004 онд шүүхээр шийдвэрлүүлэх үед нэхэмжлэгч Д.Батдорж нь 5 жилийн өмнө хэлмэгдэгчийн төрсөн хүү болохоо шүүхээр тогтоолгосон байсан атлаа нөхөх олговрын талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй, улмаар нөхөх олговрыг хэлмэгдэгчийн зээ дүү Б.Дуламд олгохоор хүчин төгөлдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа зэрэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Хэрэгт авагдсан “Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 5-ны өдрийн номер 135 дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад Төв аймгийн харъяат Д.Батдоржийг хэлмэгдэгч С.Гочоодоржийн хүүхэд, нөхөн олговрын хэмжээ 80 сая гэж зарлагдсан байгаа нь нөхөх олговор авах эрхийг үүсгэж, баталгаажуулж байгаа явдал биш бөгөөд Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 9-д зааснаар “...Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана” гэсний дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэнийг нийтэд зарлан мэдээлж, эдгээр иргэний нэр дээр нөхөх олговор нэхэмжлэх болон олговрыг авах асуудлаар маргаан гарвал хаана, хэнд хандахыг зааж, маргаан гараагүй нөхцөлд нэхэмжлэлээ бүрдүүлсэн гэж зарлагдсан иргэний хувьд сонины нэрсийн  жагсаалт нийтлэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор харъяалах шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлэх тухай мэдээлдэг байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Төв аймгийн Эрдэнэсант сумын өндөр настан Т.Доржпалам, Т.Цэрэндолгор, Т.Шатар, Л.Зэвэг, Д.Бат-Очир, Ж.Цэдэвсүрэн нар гэрчээр оролцсон“ гэх боловч эдгээр гэрчүүдээс шүүхэд хэрхэн тайлбар гаргаж байсан  талаар Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаар шийдвэрт тусгагдаагүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурьдсан баримтуудыг үндэслэн шүүх нөхөн олговор хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн /1998 оны/ холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

 

           

                     ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР