Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00293

 

Д.Б-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00004 дугаар магадлалтай,

Д.Б- /**39******/-ийн хүсэлттэй,

Нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч О.Б, прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч Д.Б-ийн шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Самбуу овогтой Гочоодорж нь 1886 онд төрсөн, Архангай аймгийн Шанх сумын харъяат, ам бүл 2, түвд ном мэддэг, гавж, аграмба мяндагтай. Баруун хүрээний их гэвхүй цогчин, дацангийн лам, зурхайч байжээ. С.Гочоодорж нь эхнэр Дуламжавын хамт амьдарч байхад нь 1938 оны 01 сарын 03-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан авч явсан байна. Энэ үед эхнэр Дуламжав нь төрөх дөхсөн жирэмсэн байсан. Дуламжав нь нөхөр С.Гочоодоржийн араас Улаанбаатар хот руу явах замдаа хүү Д.Б-ийгоо төрүүлэн одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Балжидийн Дэндэвт үрчлүүлэн үлдээжээ. Ээж Дуламжав нь Улаанбаатар хотод очоод нөхрийнхөө сургийг гаргаж чадаагүй байтал нөхөр С.Гочоодоржийг хуулийн дээд хэмжээгээр 1938 оны 01 сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 сарын 11-ний өдрийн өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Улмаар ээж Дуламжав маань Улаанбаатар хотод суурьшин амьдарч, хүү Д.Б- нь Төв аймгийн Эрдэнэсант суманд Дэндэвийн гэрт өсөж хүмүүжсэн байна. Д.Б-ийг С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 сарын 13-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. С.Гочоодоржийн хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 12 сарын 18-ны өдрийн 21 өдрийн тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул мөн тогтоолын 4 дэх хэсгийн 5-ын б, в, 9 дүгээр заалтуудыг баримтлан Зууны мэдээ сонины 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 135 дугаарт хүүхэд Д.Б-ид 80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор нийтэд мэдээлсэн байна. Д.Б- нь хэлмэгдэгчийн төрсөн ганц хүү учраас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхех олговор 80 сая төгрөгийг хүү Д.Б-ид олгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Сувд-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Д.Б- нь хэлмэгдэгчийг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд төрсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хэргийн баримттай танилцахад Д.Б-ийг Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 сарын 13-ны өдрийн 426 тоот шийдвэрээр хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг тогтоосон мөн Зууны мэдээ сонины 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 135 дугаарт хэлмэгдэгчийн хүүхэд зарласан болно. Миний эзгүйд хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Самбуугийн Гочоодоржийн нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай Баян-Уул овгийн Дэндэвийн Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00004 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх магадлалдаа дараах 2 дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” гэдэгт хэлмэгдсэн этгээдийг нас барснаас хойш хуанлийн 10 сарын дотор төрсөн хүүхдийг хамааруулан ойлгоно. Нэхэмжлэгч Д.Б-ийн төрсөн он, нас нь тохирохгүй байгаагийн дээр хуанлийн хугацаагаар тоолоход хэлмэгдэгч Самбуу овогтой Гочоодоржийг 1938 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор цаазаар авах ялаар шийтгэснээс хойш 10 сарын дотор төрсөн хүүхэд гэж үзэж боломжгүй, нөхөх олговор олгох хуулиар тодорхойлсон “хэлмэгдчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” байх заалтад хамаарахгүй байна гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Б- нь хэлмэгдэгч С.Гочоодоржийг цаазаар авах ялаар шийтгэснээс хойш 10 сарын дотор төрсөн хүүхэд мөн эсэх асуудалд дүгнэлт өгөхдөө хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүх 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Д.Б- нь хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг тогтоосон бөгөөд 426 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал хэлмэгдэгчийг цаазаар авах ялаар шийтгэснээс хойш 10 сарын дотор төрсөн хүүхэд гэж үзэх үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Д.Б- нь С.Гочоодоржийн төрсөн хүү болох нь шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа тул шүүх дахин дүгнэлт өгч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Д.Б- нь хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү болох нь тогтоогдсон учир нэхэмжлэгч Д.Б-ийг хэлмэгдэгч С.Гочоодорж 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цаазаар авах ялаар шийтгэгдсэнээс хойш 10 сарын дотор төрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Д.Б- нь шүүх хуралдаанд дараах “С.Гочоодоржийг баривчлах үед эх Дуламжав маань бие давхар болчихсон байсан. Ингээд нөхрийнхөө сургийг гаргахаар хот руу явах замдаа буюу Төв аймгийн Эрдэнэсант суманд 1938 оны сүүл хавьцаа намайг төрүүлээд Дэндэв гэдэг айлд үрчлүүлээд явсан. Миний бие 1938 онд төрсөн иргэний үнэмлэх авах үедээ ажил төрлийн боломжгүй байдлаас хүнд захиад орхисон байтал 1939 онд төрснөөр бүртгүүлсэн байдаг. Одоо 1939 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гэж бүртгэлтэй байдаг” тайлбарыг гаргасан. Мөн магадлалд “Төв аймгийн Эрдэнэсант сумын өндөр настан Т.Доржпалам, Т.Цэрэндолгор, Т.Шатар, Л.Зэвэг, Д.Бат-Очир, Ж.Цэдэвсүрэн нар гэрчээр оролцсон эдгээр гэрчүүдээс шүүхэд хэрхэн тайлбар гаргаж байсан талаар Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 426 дугаар шийдвэрт тусгагдаагүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг маргаан юм. Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримтыг шүүх бүрдүүлдэг зохицуулалттай. Уг маргааныг хянан шийдвэрлэхэд дээрх гэрчүүдээс шүүхэд гаргасан тайлбар зайлшгүй шаардлагатай нь тогтоогдвол анхан шатны шүүхийн шүүгчийн гүйцэтгэх ажиллагаа юм. Аливаа маргааныг шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэдэг. Хэлмэгдэгч С.Гочоодоржийн зээ хүү Б.Дуламд Үндэсний архивын лавлагаанууд, хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, хэлмэгдэгчтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр 1 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Хэлмэгдэгч С.Гочоодоржийн нөхөх олговрыг түүний зээ дүү Б.Дулам гэгч нь 2004 онд шүүхээр шийдвэрлүүлэх үед нэхэмжлэгч Д.Б- нь 5 жилийн өмнө хэлмэгдэгчийн төрсөн хүү болохоо шүүхээр тогтоолгосон байсан атлаа нөхөх олговрын талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй, улмаар нөхөх олговрыг хэлмэгдэгчийн зээ дүү Б.Дуламд олгохоор хүчин төгөлдөр шийдвэр байгаа зэрэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна" гэж тус тус дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ мөн адил хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн нь илэрхий байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нэг сая төгрөгийн нөхөх олговорыг хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд олгохоор заасан байдаг. С.Гочоодоржийн зээ дүү Б.Дуламд хуульд заасан нэг сая төгрөгийн нөхөх олговор олгосон нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр бөгөөд харин давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Д.Б- нь нэг сая төгрөгийн нөхөх олговорын талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй, улмаар нөхөх олговорыг хэлмэгдэгчийн зээ дүү Б.Дуламд олгохоор хүчин төгөлдөр шийдвэр байгаа зэрэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна” гэж дүгнэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нэг сая төгрөгийн нөхөх олговорыг гэр бүлийн гишүүдийн хэн авсан нь, хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд нэхэмжлэл гаргаагүй эсэх нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсгийг хэрэглэхэд ач холбогдолгүй юм. Маргаан бүхий асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд шийдвэрлэхдээ анхан болон давж заадпах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Б- нөхөх олговорт 80.000.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ “миний эцэг Самбуугийн Гочоодорж улс төрийн хилс хэрэгт 1938 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баривчлагдаж, мөн оны 02 дугаар сарын 11-ний өдөр ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн, би төрсөн хүү нь тул хуулийн дагуу олговор гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож ”Д.Б- нь хэлмэгдэгчийг нас барснаас хойш хуульд заасан хугацаанд төрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ”...Д.Б- нь хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү болох нь тогтоогдоогүй” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Архангай аймгийн Шанх сумын харъяат, 1886 онд төрсөн, гавж, аграмба мяндагтай, Баруун хүрээний их гэвхүй цогчин, дацангийн лам, зурхайч Самбуу овогтой Гочоодоржийг 1938 оны 01 сарын 03-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 сарын 11-ний өдрийн өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэснийг, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 12 сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгасан байна.

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999.12.13-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Д.Б-ийг хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү болохыг тогтоосон  хэдий ч энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүү гэж үзэж, нөхөх олговор олгох үндэслэлгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999.12.13-ны өдрийн 426 дугаар шийдвэрт зааснаас үзвэл, шүүх Д.Б-ийг хэлмэгдэгч С.Гочоодоржийн хүү гэж тогтоохдоо Төв аймгийн харъяат өндөр настан, гэрч нарын мэдүүлгийг үндэслэжээ.

Д.Б-ийн шүүхэд хандсан хүсэлтийн үндэслэлд дурдснаар хэлмэгдэгч С.Гочоодорж нь Архангай аймагт байхдаа баригдсан ба энэ хэрэгт авагдсан баримтаар хэлмэгдэгч С.Гочоодорж 1929 оны тооллогоор эцэг, дүү нарын хамт 7-уул, 1933 оны хүн амын тооллогоор дүүгийн хамт ам бүл 2-уул амьдарч байсан, эхнэр Дуламжавын талаар мэдээлэл байгүй байна. Түүнчлэн хүсэлт гаргагч Д.Б- нь 1939.03.16-ны өдөр төрсөн гэж иргэний бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд энэ нь хэлмэгдэгчийг нас барснаас хойш 13 сарын дараа байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхөх олговорыг шаардах эрхтэй этгээдийг заахдаа, 1-рт хэлмэгдэгч өөрөө, 2-рт хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр..., 3-рт хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, 4-рт дээр заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж дэс дараалалтай заасан байна.

Д.Б- нь түүнийг хэлмэгдэгч С.Гочоодоржийн хүү болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан 1.000.000 төгрөгийн нөхөх олговорыг шаардаагүй, харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2004.07.07-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр хэлмэгдэгч С.Гочоодоржийн нөхөх олговрыг эхний ээлжид нэхэмжлэх эрхтэй эхнэр, хүүхэд байхгүй гэж үзэн зээ дүү Б.Дулам энэхүү нөхөх олговрыг гаргуулсан баримт хэрэгт авагджээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахдаа хуулийн 13 дугаар зүйлд 13.2 гэсэн хэсгийг нэмсэн байна.

Уг хэсэгт “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдснаар олгоно.” гээд, 13.2.1-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг тус тус олгоно” гэж заасан байна.

Дээр дурдснаар хүсэлт гаргагч Д.Б-ийг хэлмэгдэгч С.Гочоодоржийн төрсөн хүү гэж үзэх нь эргэлзээтэй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэв.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дугаар шийдвэр,Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 223/МА2020/00004 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ