Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2020/00006

 

Ё.Сэр-Одын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/00174 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ё.Сэр-Одын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Бямбад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 350 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3 700 000 төгрөг, нийт 6 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Бямбаагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Сэр-Од шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Бямба болон түүний талийгаач нөхөр Ө.Сүндалай нар над дээр 2014 оны 10 дугаар сарын 17-нд ирж уулзан надаас хэдэн адуу мал аваач, надад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би өөрөө маллаж чадахгүй гэрээ хийгээд, 2015 оны 6 сард авъя тэгвэл мөнгийг нь одоо ав 3.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 350.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-нд 500.000 төгрөг, 2015 оны 01 дугаар сарын 22-ны 500.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг нийт 2.350.000 төгрөгийг Т.Бямбаагийн дансанд шилжүүлж өгсөн. Ингээд адуугаа 2015 оны 6 дугаар сард авах гэсэн чинь энэ жил төл муу хойтон ав гэсэн. Иймэрхүү саад хэлсээр 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу нүүж отор хийх гэнэ гэж сонсоод яг гэрээ ачаалж байхад нь очиж уулзаж адуугаа авч үлдье гэсэн хавар ирэхээр аваа гэсэн. Тэгэхээр нь тэгвэл надад гарын үсэг хийж өг гэсэн чинь эхнэр Бямбаатайгаа ярилцаад ийм л тооны адуу хавар өгнө гээд яваад тэр хавар нь нас барсан байна лээ. Эхнэр Бямбаа нутагтаа буцаад ирэхээр нь малаа авья гэсэн чинь адуугаа хүүхдүүддээ тараагаад өгсөн мөнгөө ав гэсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул 6.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 Хариуцагч Ц.Бямба шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 3.700.000 төгрөгийг бол аваагүй, мэдэхгүй. Би авсан 2.350.000 төгрөгт өгөх юмаа өгчихсөн, ямар ч яриа хөөрөө байхгүй гэж бодож байгаа. Энэ хүн гомдолтой бол би Ё.Сэр-Од гуайгаас 3 адуу, мотороо аваад, Ё.Сэр-Од гуайд 2.350.000 төгрөгийг буцааж өгч болно.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Бямбаагаас 2.350.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Сэр-Одод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Сэр-Одын төлсөн 111.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бямбаагаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Сэр-Одод олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Бямба давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Баянхангай сумын иргэн Цэдсүрэн овогтой Бямба миний бие нь Төв аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 151/ШШ2020/00174 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч иргэн Ё.Сэр-Одод 2 350 000 төгрөгт тохиролцож 2 морь, нэг даага, нэг худгийн мотор өгсөнийг мэдэх /гэрчлэх/ нутгийн иргэн Ш.Мишиг, Х.Өлзийбаяр, М.Сувдмаа нарыг оролцуулан өгсөн малын зүс тамгыг гэрчилж чадна. Анхан шатны хуралд гэрч Х.Өлзийбаярын хэлсэнээр Ё.Сэр-Одод хоёр морь, нэг даага, нэг худгийн моторыг өгсөн болохоос малчинд нь өгөөгүй. Мөн малчныг танихгүй. Нэхэмжлэгч Ё.Сэр-Од нь өөрийн малчнаа бидэнтэй уулзуулж, хуулийн өмнө асуудлаа шийдвэрлэхэд хариуцагч тал татгалзах зүйлгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоохын тулд маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоох, хэргийн нөхцөл байдал бүрэн гүйцэд тогтоогдсон байх шаардлагыг анхаарч үзэхгүйгээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхдээ хариуцагч Ц.Бямбын “ХААН” банкны дансанд нийт 2 350 000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.Сэр-Одоос шилжүүлсэн тухай үйл баримтад  зөвхөн үндэслэжээ.

Хариуцагчийн эзэмшдэг дансанд 2 350 000 төгрөг нэхэмжлэгчээс шилжүүлсэн үйл баримтыг зохигчид маргаагүй, энэ нь банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа хэдий ч уг үйл баримт мөнгө шилжсэнийг нотлохоос бус зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болохыг эргэлзээгүй нотлох баримт биш болно.

Нэхэмжлэгч Ё.Сэр-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2 350 000 төгрөгийн шаардлагаа зээл болон худалдах-худалдан авах хэлцлийн аль үндэслэлээр нэхэмжилсэн болохоо тодорхой үндэслээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага тодорхой тусгагдсан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ё.Сэр-Од нэхэмжлэлдээ: “Ё.Сэр-Од би Ц.Бямба болон түүний талийгаач нөхөр Ө.Сүндалай нар над дээр 2014 оны 10 дугаар сарын 17-нд ирж уулзан надаас хэдэн адуу мал аваач, надад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би өөрөө маллаж чадахгүй гэрээ хийгээд, 2015 оны 06 сард авъя тэгвэл мөнгийг нь одоо ав 3 700 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 350 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 21-нд 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны 500 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөгийг нийт 2 350 000 төгрөгийг Т.Бямбын дансанд шилжүүлж өгсөн. Ингээд адуугаа 2015 оны 06 дугаар сард авах гэсэн чинь энэ жил төл муу хойтон ав гэсэн. Иймэрхүү саад хэлсээр 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу нүүж отор хийх гэнэ гэж сонсоод яг гэрээ ачаалж байхад нь очиж уулзаж адуугаа авч үлдье гэсэн хавар ирэхээр аваа гэсэн. Тэгэхээр нь тэгвэл надад гарын үсэг хийж өг гэсэн чинь эхнэр Бямбатайгаа ярилцаад ийм л тооны адуу хавар өгнө гээд яваад тэр хавар нь нас барсан байна лээ. Эхнэр Бямба нутагтаа буцаад ирэхээр нь малаа авъя гэсэн чинь адуугаа хүүхдүүддээ тараагаад өгсөн мөнгөө ав гэсэн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй байгаа тул 6 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэснээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага болох 6 050 000 төгрөгийг хариуцагч Ц.Бямбаас шаардах ёстой гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл хоёр нь тус тусдаа утга агуулгатай, ач холбогдолтой ойлголт бөгөөд нэхэмжлэгчийн бий болгохыг хүссэн үр дүн нь нэхэмжлэлийн шаардлага байдаг бол яагаад ийнхүү шаардах ёстой гэж үзэж байгаа шалтгаан нь шаардлагын үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл нь нэхэмжлэлийн үндэслэл болох ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж буй байдал юм.

Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгчийн зүгээс  шүүхээс хүсч буй бий болгохыг зорьсон үр дүн юм.

Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус, эсхүл шаардлага нь ойлгомжгүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авах, иргэний хэрэг үүсгэх, улмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүйд хүрэх юм.

Хариуцагч дээрх мөнгийг зээлж аваагүй гэж татгалзсанаас гадна уг мөнгөнд нь тооцож тодорхой тооны мал буюу 2 морь, 1 даага, 1 мотор өгсөн гэж тайлбарлаж маргасан байхад шүүх  хариуцагчийн тайлбарыг  бичгийн нотлох баримтаар нотлоогүй,  гэрч Өлзийбаярын мэдүүлэг нь өөр бусад байдлаар нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх талаарх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг  хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Шүүхээс хийсэн үнэлэлт дүгнэлт нь иргэний эрх зүйн гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчимд нийцээгүй, хэн, хэний хооронд ямар гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болохыг хууль зүйн үүднээс зөв тогтоохгүйгээр нэхэмжлэгч хэнээс, юуг, ямар үндэслэлээр шаардах эрхтэй эсэхийг тогтоох боломжгүй болохыг анхаарч үзээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2020/00174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Ц.Бямбын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 550 төгрөгийг хариуцагч Ц.Бямбад буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

 

                  ШҮҮГЧИД                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР