| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0009/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
шүүгдэгч Г.Батцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Жонон овогт Гантэвнийн Батцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000460039 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 3-7 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 139 тоотод оршин суух, регистрийн ЕЭ83042591 дугаартай, Жонон овогт Гантэвнийн Батцогт нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Батцогт нь эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн огноотой С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ийн захиргаанд гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2017 оны 03 дугаар сарын 20, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн,
мөн хууль сахиулагч Г.Батцогт нь эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Г.Болормааг 2017 оны 02 дугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Батцогт нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч хийж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн 201501080248 дугаартай хэргийн оролцогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн Г.Болормааг хохирогчоор дахин мэдүүлэг авахаар дуудан ирүүлээгүй атлаа түүнээс дахин мэдүүлэг авсан тухай хуурамч мэдүүлэг үйлдэн өөрөө түүний гарын үсгийг өмнөөс нь дуурайлган зурах, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт Санжмятав овогтой Энхцэцэг гэгчид гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол үйлдэн түүний өмнөөс С.Энхцэцэг гэж гарын үсэг бичих, мөн өдөр гарын үсэг зурахаас татгалзаж байна гэсэн тайлбар өөрөө бичиж, хуурамчаар түүнийг сэжигтнээр тооцсон тогтоол, түүнээс сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдэх, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой Налайх дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захиргаанд эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоолгох, С.Энхцэцэгийн зурагтай дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах тухай албан бичиг тус тус үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батцогтын өгсөн: “2017 онд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт 5 мөрдөн байцаагч ажиллахаас 2 мөрдөн байцаагч ажилласан тул ажлын ачаалал их байсан. Би хугацаа хожих зорилготой гадагш явах тогтоол дээр гарын үсэг зурсан. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хугацаанд хийхийг шахаж шаарддаг. Тухайн үед хуурамч баримт үйлдэж шалгуулаад дараа нь хэрэгт нөхөж хийх зорилготой. Хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд тухайн этгээдийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай. Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсээс лавлагаа авах, “Чандмань-Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хохирогч тогтоох зорилгоор 2 албан бичгийг төлөвлөсөн. Тухайн үед тасгийн дарга Оргил хот руу шилжиж, Чинбат дарга ажлаа хүлээж аваагүй завсрын үед байсан. Энэ үед хэргийн хугацаа дуусч таарсан. Тухайн үед гарын үсэг зурах эрх нь надад байсан. Би албан бичигт өөрөө гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан. Албан бичгийг дугаарлахдаа өмнөх албан бичгийн дугаарыг харж дугаарласан. Хэргийн хугацаатай холбогдуулж он сарыг тавьсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Цэцэгмаагийн өгсөн: “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Батцогт нь Эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хохирогч Г.Болормааг дахин байцаасан мэдүүлгийг авсан мэтээр хуурамч нотлох баримт үйлдсэн байсан. Мөн Эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа С.Энхцэцэгийн сэжигтнээр тооцсон тогтоолыг хуурамчаар үйлдэж, мэдүүлэг авалгүйгээр мэдүүлгийг зохион бичсэн. Түүнчлэн түүнд гадагш явахгүй байх баталгаа авах тогтоол үйлдэж тогтоолд нэрийг нь өөрөө бичиж, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захиргаанд бичсэн албан тоотуудад гарын үсэг зурж эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг зориуд хуурамчаар үйлдсэн байсан” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 58-60 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Энхцэцэгийн өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст очоогүй. Мөн намайг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр тооцож, байцаасан асуудал огт байхгүй. Гадагш явахгүй байх баталгаа аваагүй. Гарын үсэг зурахаас татгалзаж байна гэж хэлсэн асуудал байхгүй. Гадагш явахгүй баталгаан дээр гарын үсэг зураагүй. Тогтоол, байцаалттай огт танилцаагүй гэдгээ хэлж тайлбарласан. Нэг ч удаа дуудаж уулзаагүй байж намайг сэжигтэн болгосон ахлах мөрдөн байцаагч Г.Батцогтод гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 155 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Оргилын өгсөн: “Миний гарын үсэг биш байна. Би тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Би гадуур ажлаар явсан үедээ тасгийн тэмдгийг голдуу Батцогт дээр үлдээдэг байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 158 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Янжинлхамын өгсөн: “Би тухайн үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Батцогтод яагаад Э.Оргилын даргын нэрээр албан бичиг гаргаж байгаа юм бэ? энэ хүн чинь өөр газар луу шилжсэн. Одоо танай тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Л.Чинбат томилогдсон байгаа ш дээ гэхэд мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Батцогт дээрх албан бичгүүдийг хэрэгт хавсаргахгүй, өөртөө авч үлдэж байгаа. Тийм учраас дугаар авах шаардлагагүй гэж хэлсэн. тэгээд дээрх 3 албан бичигт ямар нэгэн дугаар авалгүй, албан бичгүүдийг аваад явсан. Сүүлд нь хэрэгт уг албан бичгүүдийг ахлах мөрдөн байцаагч Г.Батцогт хийсэн байсныг мэдсэн. ” гэх мэдүүлэг,
/1хх-162-163/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Болормаагийн өгсөн: “...хэргийг хойш нь эргүүлж үзтэл 2017 оны 02 сард мөн надаас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд эд зүйлээ олсон гээд Батцогт гээд гэсэн гарын үсэгтэй байсан. Мөн хуурамчаар, дахин хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 173-174 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4613 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Батцогтын бичгийн хэвийн албадан болон чөлөөт загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлэн С.Энхцэцэгийн бичгийн хэвийн албадан болон чөлөөт загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
3. 201701080023 дугаартай хэргийн 15-р хуудсанд байх “Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол”-той танилцсан хэсэгт бичигдсэн С.Энхцэцэг гэсэн гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.Энхцэцэгийн гарын үсгийн загвартай тохирохгүй байна.
4. 201701080023 дугаартай хэргийн 22-р хуудсанд "Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс”-т гэх албан бичгийг баталсан Э.Оргил гэсний урд байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Батцогтын гарын үсгийн загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 183 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад шинжээчийн өгсөн: “Шинжилгээнд ирүүлсэн дээрх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Батцогтын бичгийн хэвтэй хөдөлгөөний эвсэл, бичгийн чадвар, хэмжээ, сунгалт, даралт зэрэг ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц хэлбэр чиглэл хэмжээ харилцаа байрлал зэоэш хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байсан” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 208 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5431 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201501080248 дугаартай хавтаст хэргийн 41-42-р хуудас дахь хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл гэсэн гарчигтай гар бичвэр нь нэг хүний бичиг мөн.
2. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201501080248 дугаартай хавтаст хэргийн 41-42-р хуудас дахь хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл гэсэн гарчигтай гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Мөнхбаярын гэх бичгийн хэвийн загвартай тохирч байна” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 243 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5430 дугаар:
“1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Батцогтын бичгийн хэв, гарын үсгийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 201701080023 дугаартай хавтас хэргийн 34, 35, 36 гэж дугаарласан хуудсуудад байх 12/1084, 12/1087, 12/1082 дугаартай Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичгүүдийн доод хэсэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч гэсний ард Э.Оргил гэсний урд байх гарын үсгүүдийг Г.Батцогт зурсан байна.” гэх дүгнэлт,
/1 хх-ийн 190 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4614 дүгээр: “1. Шинжилгээнд Г.Батцогтын, Г.Болормаа, С.Мөнхбаяр нарын гарын үсэг, бичгийн хэвийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. 201501080248 дугаартай хавтаст хэргийн 50-р хуудсанд байх "Хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл", 52-р хуудсанд байх "Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл" гэсэн баримтууд дахь Г.Болормаа гэж бичигдсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Болормаагийн загваруудтай тохирохгүй байна.
3. Харин уг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Батцогтын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 215 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Батцогт нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С.Энхцэцэг гэгчийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичиг,
мөн эрүүгийн 201501080248 дугаартай хэргийн оролцогч буюу эд хөрөнгийн хохирол учирсан Г.Болормааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин мэдүүлэг өгсөн мэтээр хуурамчаар тэмдэглэл тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Жонон овогт Гантэвнийн Батцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2016 оны/ хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан ба шүүгдэгч Г.Батцогтын хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг эрүүгийн 201501080248, 201701080023 дугаартай хэргүүдэд хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт нь Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах шаардлагагүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” мөн хэсгийн 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж хууль тогтоогч тус тус хуульчилсан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй, прокурор хохирогчийг тогтоож, мөрдөгч гэрч нарыг прокурорын зөвшөөрөлгүй дуудан мэдүүлэг авах зэргээр хууль буруу хэрэглэсэн, С.Энхцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй гэсэн дүгнэлт тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Гэхдээ шүүгдэгч Г.Батцогт нь нэг гэмт хэргийн шинжийг агуулсан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг 2017 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн байхад түүний үйлдлийг тус тусад нь зүйлчилсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт тооцоогүй нь үндэслэл муутай байна.
Шүүгдэгч Г.Батцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Батцогтод хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жонон овогт Гантэвнийн Батцогтыг Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батцогтод 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Батцогтод оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Батцогтод мэдэгдсүгэй.
4. Г.Батцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Батцогтод оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Батцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ