Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхмэнд,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Бод холбогдох 1707000460039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овогт ...........ийн ..........., 1983 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .........../,

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Б нь эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн огноотой С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст”, “Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ийн захиргаанд” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 20, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн,

мөн хууль сахиулагч Г.Б нь эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Г.Болормааг 2017 оны 2 дугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч ........... овогт ...........ийн ...........ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бод 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бод оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бод мэдэгдэж,

Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Г.Бод оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Хэргийг шалгасан мөрдөгч нар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Миний хувийн байдлыг тогтоох талаар гэр бүлийн гишүүд, төрөл садангаас мэдүүлэг аваагүй, хэт нэг талыг барьж эсрэг мэдүүлэг өгсөн гэрч Э.Оргил, Я.Чинбат нараас Г.Б нь “Үг дуу цөөтэй, даруухан” гэсэн хоёр үгнээс өөрөөр мэдүүлэг аваагүй, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн шаардлагыг анхаарч үзээгүй. Хохирогч /гэрч/ Г.Болормаад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч нар хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт хүргүүлсэн байдаг бөгөөд хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч С.Мөнхбаярын хохирогч Г.Болормаагаас авсан мэдүүлэгт хохирогч Г.Болормаа нь алдагдсан эд зүйлсээ олсон, алдагдсан нэг гутлаа 300.000 төгрөгөөр үнэлж байна гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн материалтай танилцаад санал хүсэлт, гомдол гаргаагүй байдаг ба хэрэгт хяналт тавьсан прокурор гутлын үнэлгээг хийлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. АТГ-ын мөрдөгчийн явуулсан мөрдөн байцаалтаар мөрдөн байцаагч С.Мөнхбаярын авсан дээрх байцаалтад шинжээчийн дүгнэлтээр нэмэлт зүйлс бичсэн байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахад С.Мөнхбаярын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож хохирогч алдагдсан эд зүйлсээ олсон, хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол, хүсэлт гаргаагүй, мөрдөгч С.Мөнхбаярт гомдолтой байна гэсэн мэдүүлгийг огт үнэлээгүй хэт нэг талыг барьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Мөн С.Энхцэцэгт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлтэд дурдсан С.Энхцэцэгээс авсан гэх сэжигтний мэдүүлэг, түүнд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зурсан гэх, Налайх дүүргийн улсын бүртгэл, Чандмань-Налайх ОНААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий” гэсэн хуулийн шаардлагыг төсөөтэй хэрэглэсэн болно. С.Энхцэцэгээс авсан гэх сэжигтний мэдүүлэг, түүнд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зурсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдол гаргаагүй, С.Энхцэцэгийн эрх зүйн байдал, дээрдээгүй, дордоогүй уг хэрэг одоо ажиллагаанд шалгагдаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэжээ. Гэтэл миний үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч нотлох баримтаар тооцогдсон баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэлгүй байна. Учир нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан гэх Г.Болормаагийн мэдүүлэг, С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, гадагш явж болохгүй тухай баталгаан дээр гарын үсэг зуруулсан байдал, албан тоот зэргийг нотлох баримтад тооцохгүй хэмээн хуульд заажээ.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасныг прокурор, шүүх хэрэглээгүй. Миний бие цагдаагийн байгууллагад 12, мөрдөн байцаах албанд 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2012 онд мөрдөн байцаах газрын даргын баярын бичиг, 2013 онд Улсын мөрдөн байцаах газрын шилдэг мөрдөн байцаагч, Нийслэлийн цагдаагийн газрын хүндэт тэмдэгээр тус тус шагнуулж ахлах мөрдөн байцаагчаар тушаал дэвшин ажилласан, элдэв муу зуршилгүй, төлөв даруу зантай урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, цагдаагийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хувийн байдлыг харгалзаж үзээгүй, энэ хэргийн тухайд гэрч Г.Болормаа, С.Энхцэцэг, хохирогч Ж.Цэцэгмаа нарт ямар ч хохирол, хор уршиг учраагүй бөгөөд хохирогч Г.Болормаад холбогдох хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгосон, /энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан/. С.Энхцэцэгт холбогдох хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй дээрх гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүйг прокурор, шүүх үнэлээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл. Нотолбол зохих зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй миний хувьд уг хэрэгт ямар ч хувийн сонирхол гаргаагүй, ашиг хонжоо хараагүй, авилга аваагүй, Г.Болормаа, С.Энхцэцэг нартай ямар нэгэн байдлаар хувийн харьцаа тогтоогоогүй, өмнө нь удаа дараа хэрэгсэхгүй болгох санал гаргаж байсан түдгэлзүүлсэн хэргийг “Түдгэлзүүлсэн хэрэг шийдвэрлэх аяны” хүрээнд шийдвэрлэх, хэргийн хугацаа хожих гэсэн өчүүхэн санаа, сэдэл ажлын хэт ачаалал, олон хоног ажил дээрээ хонож ажилласан байдал зэргийг харгалзаагүй.

3. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй түүнчлэн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно гэсэн заалтыг зөрчиж хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа хүсэлтийг бичүүлж хавтаст хэрэгт хавсаргасан. Түүнчлэн надад хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа Ж.Цэцэгмааг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч уг мэдүүлгийг хавтаст хэрэгт хавсаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 6, 7, 9, 10, 11 дэх заалтуудыг мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба ...прокурор хэргийг хянаж үзээд гаргах шийдвэрүүдийг тодорхой заасан /нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах/ байхад надад хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа Ж.Цэцэгмааг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, өөрийгөө өмгөөлнө гэсэн хүсэлтийг авч хавтаст хэргийн материалд хавсаргасан нь эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина мөн хуулийн 1.6 дахь хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.7 дугаар зүйлүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл. Прокурор дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй. Оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол. Өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол. Өөрөө шууд, эсвэл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол гэжээ. Гэтэл Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь эрүүгийн 1707000460039 дугаартай хэрэгт хяналт тавьж уг хэрэгт ямар ажиллагаа хийх талаар чиглүүлж байсан. Энэ хэргийн улмаас хохирсон байгууллага хэмээн тооцогдож хохирогч байгууллагын төлөөлөгчөө томилон оролцуулсан атлаа уг хэрэгтэй холбогдуулж шалгасан Г.Б намайг хяналт тавьж яллаж буй байдал нь энэ хэрэгт нэг талыг барьсан нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байж цуглуулан ялладаг тул мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй бол гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно гэж заасны дагуу хэрэгт хууль зөрчиж цуглуулсан шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэгт хууль зөрчсөн үйлдлийг шалгахдаа өөрсдөө хууль зөрчсөн байна гэж үзэж Г.Б нь давж заалдах гомдол гаргасан. Жишээ нь: Хэрэгт яллагдагчаар хоёр удаа байцаасан. Яллагдагчаар байцаах прокурорын тогтоол нь хавтаст хэргийн 36 болон 44 дүгээр хуудсанд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хоёр тогтоол байдаг. Энэ тогтоол гаргаснаас хойш 6 цагийн дараа нэн даруй байцаана гэж хуульд заасан байхад Г.Быг 5 хоногийн дараа байцаасан. Мөн хоёр тогтоолтой холбоотойгоор 2 байцаалт авсан. Тухайн байцаалтад “урьд бүх зүйлээ ярьсан. Нэмж ярих зүйгүй...” гэж бичдэг. Урьд ярьсан зүйл гэдэг нь гэрчийн мэдүүлэг дээрээс харагддаг. Гэтэл прокурорын өөрийнх нь 2017 оны 11 дүгээр сарын 8-ны тогтоол дээр үндэслэх хэсэгт нь өөрийнх нь эсрэг өгсөн мэдүүлгийг үндэслэх хэсэгт дурдаад яллагдагчаар татахдаа урьд ярьсан зүйлд нэмж хэлэх зүйл байхгүй гэж байгаа нь хэргийг анхнаас нь өөрийнх нь мэдүүлгээр гэм буруугийн асуудлыг тогтоосон гэж үзэж байгаа. Мөн гэрч Энхцэцэг, Болормаа нарт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй. Гэтэл эдгээр хүмүүс хууль, эрх ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа бол энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Зүгээр Г.Бын үйлдлийг нотлохын тулд гэрчийн мэдүүлэг авсан. Харин хэргийн материал танилцуулж, прокурорт шилжсэн хойно прокурор өөрийнхөө шатанд хохирогч тогтоосон. Тухайн хохирогч тогтоосон материалаа мөн танилцуулаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг ноцтой зөрчсөн. Мөнхбаярын үйлдэл холбогдлыг анх шалгаж байгаад яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлдэг. Гэтэл прокурор нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгоод 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 3 хоногийн дараа Г.Быг буруутай гэсэн талаас нь тогтоол үйлдсэн байдаг. Энэ 3 хоногийн хугацаанд Болормаагийн үйлдэлд ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдсан эсэх нь байхгүй. Шууд Мөнхбаярын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгочихдог. Энэ талаар Батцогтод холбогдуулж шалгасан ажиллагаа хэрэгт байдаггүй. Г.Бын гомдлыг ерөнхийд нь тайлбарлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд байна. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Б нь хувийн байдлыг тогтоогоогүй гэдэг асуудлыг ярьсан. Энэ дээр хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээс асууж байсан. Мөн холбогдох шагнал урамшуулал байгууллагын хэмжээнд ажиллаж байсан хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг авсан. Эдгээр нотлох баримтуудаар Г.Бын хувийн байдал нотлогдон тогтоогдсон. Хохирогчийг прокурорын шатанд тогтоож мэдүүлэг авсан. Энэ талаар Г.Бод танилцуулаагүй гээд байгаа юм. Үүнийг бол Г.Бод танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогчийг тогтоох эрх нь прокурорт байдаг. Тухайн эрхийн дагуу хохирогчоор тогтоож байцаалт авсан. Прокурор нь яагаад хохирогчоор Прокурорын байгууллагыг тогтоосон юм. Тогтоох яагаад зайлшгүй шаардлага байгаа юм бэ гэхээр хохирогчийн мэдүүлгээр Г.Бын үйлдэл холбогдол бүрэн дүүрэн нотлогдсон гэдэг нотлох баримтын хэмжээнд улсын яллагч ял шийтгэл оногдуулах гэм буруугаа хүлээхэд хохирогчийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм байна. Г.Бын үйлдсэн хэрэг нь тодорхой хохирогчтой биш эрх зүйн журам зөрчдөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэмт хэрэг байдаг. Энэ гэмт хэргийн хохирогч нь тодорхой хувь хүн, байгууллага байдаггүй. Яллагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаалт авахдаа өмгөөлөгчөөр хангаагүй гэх асуудал нь Г.Быг өмгөөлөгчөөр хангасан байдаг. Г.Б нь “би өмгөөлөгчгүйгээр байцаалт өгье. Би бичгээр үйлдэж өгье” гэж мөрдөгчид хэлчхээд бичгээ хийж өгөлгүй гараад явчихсан байдаг юм. Прокурорын шатанд мөрдөгч чамайг өмгөөлүүлэх эрхээр хангасан юм уу гэхэд тийм ээ хангасан. Бичиг хийж өгөх юм уу гэхэд тийм ээ гэж хэлсэн. Тэгээд энэ бичгийг хийж өгсөн. Энэ тал дээр хууль зөрчсөн ажиллагаа байхгүй. Энэ нь Г.Бын яриад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн. Хувийн байдал тогтоогоогүй гэх асуудлын талаар тодорхой дүгнэлт хийсэн. Мөрдөгч Мөнхбаярын Болормаагаас мэдүүлэг авахдаа мэдүүлгийг доод хэсэгт нэмээд юм бичсэн байна гэх асуудал яригдсан. Гэхдээ Мөнхбаярын Болормааг байцаасан мэдүүлгээр хэргийг шийдвэрлээгүй юм. Г.Б нь Болормаагаас дахиж мэдүүлэг авахдаа мэдүүлэг авсан баримтыг хуурамчаар үйлдсэн. Энэ нотлох баримтыг үндэслэж прокурор хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт нь Г.Бын үйлдлээс гарч ирж байгаа учир мөрдөгчийн тухайн мэдүүлгийн асуудлыг прокуророос Мөнхбаяртай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахдаа Г.Бын 2 тусдаа үйлдэлтэй 2 тусдаа хэрэг дээр үйлдэгдсэн гэмт хэргийг 1 үйлдэл болгож шийтгэх тогтоолоор ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэл байна гэж үзсэн. Ийм учраас өмгөөлөгчийн болон шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч буюу хууль сахиулагч, цагдаагийн ахмад Г.Б нь эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн огноотой иргэн С.Энхцэцэгийг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн огноотой 12т-3/1084, 12т-3/1087, 12т-3/1082 гэсэн дугаартай “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст”, “Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ийн захиргаанд” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 20, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрүүдэд хуурамчаар үйлдсэн,

мөн эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох иргэн Г.Болормааг 2017 оны 2 дугаар сард хохирогчоор дахин байцаасан тэмдэглэлийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 онд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт 5 мөрдөн байцаагч ажиллахаас 2 мөрдөн байцаагч ажилласан тул ажлын ачаалал их байсан. Би хугацаа хожих зорилготой гадагш явах тогтоол дээр гарын үсэг зурсан. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хугацаанд хийхийг шахаж шаарддаг. Тухайн үед хуурамч баримт үйлдэж шалгуулаад дараа нь хэрэгт нөхөж хийх зорилготой. Хавтаст хэргийн материал бүрдүүлэхэд тухайн этгээдийн хувийн байдлыг тодруулах шаардлагатай. Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсээс лавлагаа авах, “Чандмань-Налайх” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт хохирогч тогтоох зорилгоор 2 албан бичгийг төлөвлөсөн. Тухайн үед тасгийн дарга Оргил хот руу шилжиж, Чинбат дарга ажлаа хүлээж аваагүй завсрын үед байсан. Энэ үед хэргийн хугацаа дуусч таарсан. Тухайн үед гарын үсэг зурах эрх нь надад байсан. Би албан бичигт өөрөө гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан. Албан бичгийг дугаарлахдаа өмнөх албан бичгийн дугаарыг харж дугаарласан. Хэргийн хугацаатай холбогдуулж он сарыг тавьсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92-98 дугаар хуудас/,

хохирогч Ж.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б нь Эрүүгийн 201501080248 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хохирогч Г.Болормааг дахин байцаасан мэдүүлгийг авсан мэтээр хуурамч нотлох баримт үйлдсэн байсан. Мөн Эрүүгийн 201701080023 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа С.Энхцэцэгийн сэжигтнээр тооцсон тогтоолыг хуурамчаар үйлдэж, мэдүүлэг авалгүйгээр мэдүүлгийг зохион бичсэн. Түүнчлэн түүнд гадагш явахгүй байх баталгаа авах тогтоол үйлдэж тогтоолд нэрийг нь өөрөө бичиж, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захиргаанд бичсэн албан тоотуудад гарын үсэг зурж эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг зориуд хуурамчаар үйлдсэн байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,

гэрч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст очоогүй. Мөн намайг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр сэжигтнээр тооцож, байцаасан асуудал огт байхгүй. Гадагш явахгүй байх баталгаа аваагүй. Гарын үсэг зурахаас татгалзаж байна гэж хэлсэн асуудал байхгүй. Гадагш явахгүй баталгаан дээр гарын үсэг зураагүй. Тогтоол, байцаалттай огт танилцаагүй гэдгээ хэлж тайлбарласан. Нэг ч удаа дуудаж уулзаагүй байж намайг сэжигтэн болгосон ахлах мөрдөн байцаагч Г.Бод гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

гэрч Э.Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний гарын үсэг биш байна. Би тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Би гадуур ажлаар явсан үедээ тасгийн тэмдгийг голдуу Батцогт дээр үлдээдэг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,

гэрч Э.Янжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Бод яагаад Э.Оргилын даргын нэрээр албан бичиг гаргаж байгаа юм бэ? энэ хүн чинь өөр газар руу шилжсэн. Одоо танай тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Л.Чинбат томилогдсон байгаа шүү дээ” гэхэд мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Б “дээрх албан бичгүүдийг хэрэгт хавсаргахгүй, өөртөө авч үлдэж байгаа. Тийм учраас дугаар авах шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгээд дээрх 3 албан бичигт ямар нэгэн дугаар авалгүй, албан бичгүүдийг аваад явсан. Сүүлд нь хэрэгт уг албан бичгүүдийг ахлах мөрдөн байцаагч Г.Б хийсэн байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас/,

гэрч Г.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хэргийг хойш нь эргүүлж үзтэл 2017 оны 2 дугаар сард мөн надаас дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд эд зүйлээ олсон гээд Батцогт гэсэн гарын үсэгтэй байсан. Мөн хуурамчаар, дахин хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байсан.” гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,

Шинжээч Э.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн дээрх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Бын бичгийн хэвтэй хөдөлгөөний эвсэл, бичгийн чадвар, хэмжээ, сунгалт, даралт зэрэг ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц хэлбэр чиглэл хэмжээ харилцаа байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Бын бичгийн хэвийн албадан болон чөлөөт загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлэн С.Энхцэцэгийн бичгийн хэвийн албадан болон
чөлөөт загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 201701080023 дугаартай хэргийн 15 дугаар хуудсанд байх “Гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол”-той танилцсан хэсэгт бичигдсэн С.Энхцэцэг гэсэн гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.Энхцэцэгийн гарын үсгийн загвартай тохирохгүй байна. 201701080023 дугаартай хэргийн 22 дугаар хуудсанд “Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс”-т гэх албан бичгийг баталсан Э.Оргил гэсний урд байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Бын гарын үсгийн загвартай тохирохгүй байна.” гэх 4613 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас/,

“...Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201501080248 дугаартай хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас дахь хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл гэсэн гарчигтай гар бичвэр нь нэг хүний бичиг мөн. Шинжилгээнд ирүүлсэн эрүүгийн 201501080248 дугаартай хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас дахь хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл гэсэн гарчигтай гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Мөнхбаярын гэх бичгийн хэвийн загвартай тохирч байна.” гэх 5431 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар хуудас/,

“...Шинжилгээнд ирүүлсэн Г.Бын бичгийн хэв, гарын үсгийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 201701080023 дугаартай хавтас хэргийн 34, 35, 36 гэж дугаарласан хуудсуудад байх 12/1084, 12/1087, 12/1082 дугаартай Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захиргаанд гэсэн албан бичгүүдийн доод хэсэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч гэсний ард Э.Оргил гэсний урд байх гарын үсгүүдийг Г.Б зурсан байна.” гэх 5430 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 190 дүгээр хуудас/,

“...Шинжилгээнд Г.Бын, Г.Болормаа, С.Мөнхбаяр нарын гарын үсэг бичгийн хэвийн загварууд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 201501080248 дугаартай хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд байх “Хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл”, 52 дугаар хуудсанд байх “Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл” гэсэн баримтууд дахь Г.Болормаа гэж бичигдсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Болормаагийн загваруудтай тохирохгүй байна. Харин уг гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Бын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.” гэх 4614 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Бын гаргасан “Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Аливаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилтын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж ажиллах үүрэгтэй байтал шүүгдэгч Г.Б нь “Хэргийн хугацаа алдахгүй байх” нэрийдлээр мөрдөж байгаа хэрэгтээ хүнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, бусад байгууллагаас лавлагаа хүссэн албан бичиг, хохирогчоор байцаасан тэмдэглэл зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий баримтуудыг хуурамчаар үйлдсэн нь хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарчээ.

2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн шүүгдэгч Г.Бын үйлдлийн оногдуулах ялын хэмжээг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж түүний үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв болжээ. Харин шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй байгаа нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бод 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бод 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ц. ОЧ