Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2020/00008

 

Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00428 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дэлгэр Уянга” ХХК-д холбогдох,

Татварын өр 71.515.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Энэрэл, хариуцагчийн төлөөлөгч Л.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, прокурор Д.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь татвар төлөгч өөрийн олсон орлогоо тайлагнаж төлөх үүрэгтэй байдаг. Тайлангаас үүссэн өрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байгаа. 2012 онд “Дэлгэр Уянга” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж татварын улсын байцаагч акт тогтоосон. Татвар төлөгч актын мөнгөн дүнг эс зөвшөөрч Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах комисст гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцээд татвар төлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Ингээд “Дэлгэр Уянга” ХХК тус актыг захиргааны хэргийн шүүхэд хандаад шийдвэр гаргуулсан зүйл байхгүй. Маргаан таслах зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилсэн байгаа. Үүний дагуу татварын өр төлбөрийг гаргуулж, актын биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нийт 71.515.900 төгрөгийг задлах юм бол 2012 оны 12 сарын 19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 140643 дугаартай актаар НӨАТ 42.355.000 төгрөг, хүү 127.000 төгрөг, алданги 102.500 төгрөг, торгууль 21.252.800 төгрөг, актын нөхөн татвар торгууль алдангийн мөнгө нийт 64.088.000 төгрөг болж байгаа Уг нэхэмжлэлд Нийт 71.515.900 төгрөгийг нэхэмжилсэн. Уг мөнгө дүн нь татварын улсын байцаагчийн 2012 онд тогтоосон актаар тогтоосон төлбөр, татвар төлөгч өөрөө татварын албанд тайлагнасан тайлангийн өр зэргээс бүрдсэн татварын өр төлбөр байгаа. Хариуцагч акттай холбоотой гомдол гаргах эрхээ алдсан. Хууль тогтоомж хоорондоо зөрчилдсөн юм байхгүй. Тийм учраас гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй. Татварын алба тухайн үед хуулийг хэрэгжүүлж актыг тогтоосон байгаа. 4 жил татварын тайланг авчихаад яагаад татвар төлөгчөөр бүртгүүл гэж хэлээгүй юм гэсэн тайлбар хэлж байна. Одоо үйлчилж байгаа хуулиар татвар төлөгч өөрөө ямар орлого олно тэрийгээ өөрөө татварын албанд тайлагнах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж байна уу? гэдэгт татварын алба хяналт шалгалт хийгээд зөрчилтэй байвал акт тогтоодог. Актаар тогтоогдсон татварын өр 71.515.900 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэр Уянга” ХХК-ийн захирал Болдбаатар миний бие татварын албаны 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот улсын байцаагчийн актыг анхнаасаа зөвшөөрөөгүй. Тэгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй. Актыг гэх хэсгийн доор хөндлөн зураад зөвшөөрөхгүй тухай үндэслэл тайлбараа бичиж хавсаргасан. Би үйлдвэрлэгч хүн. 40 жил ажиллаж байна “Дэлгэр Уянга” ХХК-г байгуулаад 25 жил болж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль газар тариалангийн салбарт хэрэгжих ямар ч эрх зүйн үндэслэлгүй. 2008, 2009, 2010 онд акт тавигдсан байдаг. Төв аймгийн Татварын хэлтэст жил болгон жилд 4 удаа, жилийн эцэст “А” маягтаар тайлангаа өгч байсан. Татварын алба хүлээж аваад тамгалаад та энэ жил аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгө, өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар тэдийг төлөх юм байна гэж хэлээд өгдөг байсан. 2008, 2009, 2010 оны аймаг сумын улсын байцаагч нар тайлангаа аваад баталгаажуулсан хэрнээ нэг ч удаа НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх ёстой гэж хэлж байгаагүй. Гэтэл 2008, 2009, 2010, 2011 онуудад юу ч хэлэхгүй байж байгаад 2012 оны 12 сард татварын хяналт шалгалтаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй гэсэн акт гаргасан. Би хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй юм. НӨАТ гэдэг бол дахин давтагдашгүй кодтой, НӨАТ-ийн тусгай падантай байх ёстой. Газар тариалангийн салбар НӨАТ-ийн тухай хуулиар чөлөөлөгдөж байсан. Ийм учраас энэ актыг зөвшөөрөхгүй. Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд газар тариалангийн салбар НӨАТ төлөх ажил үйлчилгээнд ороогүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар чөлөөлөгдөж байгаа. Гэтэл татварын алба зөрчил чинь 2008, 2009 онд байна. Шинэчлэгдсэн хууль 2011 оны 02 дугаар сарын 02-ноос эхэлсэн гэж хэлдэг. Надад актыг 2012 оны 12 дугаар сарын 19-нд тавьсан. Шинэ хууль гарснаас хойш 1 жилийн дараа тавьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжих үндэслэлгүй 42.355.200 төгрөг нь юм шиг байгаа юм. Журам дүрмээрээ л үржүүлээд тавьсан гэж тайлбарлаж байгаа. Үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Надад хийсэн хэрэг байхгүй. Улсын хөрөнгө шамшигдуулаагүй. Шударга хөдөлмөрөөр орлого олсон татвараа  ч төлж байсан 2008-2011 онуудад НӨАТатвараас чөлөөлсөн гэж байснаа яагаад гэнэт 2012 оноос ингэж актаар тогтоосон гэж төлбөр ногдуулж байгаа юм. НӨАТХуулиар газар тариалангийн салбар НӨАТ-өөс чөлөөлөгдөж байгаа. Харин маргаангүй татвараа төлөөд явж байсан баримт нотолгоо байгаа. Тийм учраас энэ хуулийг хүндэтгэж энэ актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэж прокурор оролцож дүгнэлтээ гаргаж байна. Хэргийн үйл баримтад нэг бүрчлэн нотлох баримтад үндэслэн тайлбар үндэслэлээ хэлсэн учраас товчхон хэлье. “Дэлгэр Уянга” ХХК Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын хэлтэст гаргаагүйгээс үйл явц, үйлдэл эхэлсэн. Тус хуулийн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа. Хуулийн мэдлэг дутмаг, хуулиа хэрэгжүүлээгүй ажилласан гэдэг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн улсын байцаагчийн актыг тухайн аж ахуйн нэгжийн захирал Л.Болдбаатарт гомдол гаргах эрхтэйг дурдаад актыг гардуулж өгсөн нотлох баримтыг судаллаа. Тухайн актыг хүлээн зөвшөөрөөгүй бол Аймгийн татварын хэлтэс, Татварын ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүхэд хандаж актыг хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхтэй байсан. Энэ эрхээр нь хангасан. Эрхээр нь хангасаар байхад гомдлоо гаргаагүй. Гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул татварын ерөнхий газар, захиргааны хэргийн шүүхэд эрхгүй тул энэ актыг хүчин төгөлдөр гэж үзэн энэ актаар ногдуулсан үнийн дүнг нэхэмжилж байна. Актаар тогтоосон 71.515.900 төлөх үндэслэл байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Дэлгэр Уянга” ХХК-ийн эрх ашгийг хамгаалан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Төв аймгийн Татварын хэлтсээс нэхэмжилсэн “Дэлгэр Уянга” ХХК-д холбогдох актын өр 71.515.900 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй тавигдсан. Татварын байцаагч нар нь тухайн үедээ ажлаа хийгээд явсан бол өнөөдөр ийм байдал гаргахгүй байсан. Тухайн үеийн төрийн түшээдийн буруу ойлголт өгч байснаас болоод 71.515.900 төгрөгийн өрөнд орсон байна. Татварын үйл ажиллагаа явагдаагүйгээс өнөөдөр ийм байдалд хүрсэн. Төр өөрийн буруутай үйл ажиллагаа харахгүй байна. Тухайн үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож эхэлсэн хугацааг татварын алба гэрчилгээ олгосноор тооцно гэж хуульчлан заасан байдаг. Гэтэл энэ ажиллагаа хийгдэж гэрчилгээ олгоогүй байхад акт тавигдсан байдаг. Олгоогүй байхад акт тавигдсан үндэслэлээ татварын байгууллага буюу нэхэмжлэгч нар тухайн үед акт тавигдсан энэ актыг зөвшөөрөхгүй талаар шүүхэд хандаагүй учраас тайлбар хэлэх үндэслэлгүй гэж үздэг. Гэтэл өнөөдөр төрийн байгууллага буюу татварын байгууллагын буруутай, хууль зөрчсөн ажиллагаа харагддаг. Жишээлбэл: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 10.1-д заасан гэрчилгээг олгогдоогүй байхад татварыг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Үндэслэлгүй акт нь татварын байцаагч 2008, 2009, 2010 онуудад өөрсдөө улирал жил болгон тухайн компаниас санхүүгийн татварын баримтуудаа гаргаж өгсөн нь харагдаж байгаа тухайн үед өөрсдөө НӨАТ-д бүртгүүл гэж хэлээгүй нь Жаргалант сумын татварын байцаагч нарын буруутай ажиллагаа харагдаж байгаа. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй юм гэж үзэж байгаа. Энд татварын байгууллагаас хийгдэх ямар ч ажиллагаа хийгдээгүй мөртлөө энэ акт тавигдсан. Актаа үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа. Татварын ерөнхий хуульд заасан бүх ажиллагаа хийгдсэний дараа шүүхэд хандах ёстой гэж үзэж байгаа. Татварын ерөнхий газраас ч юм уу, Төв аймгийн Татварын хэлтсээс ч юм уу тухайн нэхэмжлээд байгаа этгээдүүд хууль зүйн үндэслэлээр биш программд орсон учраас шийдэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа юм байна лээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хууль зүйн үндэслэлгүй актанд тулгуурлан энэ байдал шийдэгдэх гэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д зааснаар “Дэлгэр-Уянга” ХХК-аас нийт 71.515.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар Төв аймгийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “Дэлгэр-Уянга” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 515.529 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Болдбаатар давж заалдах гомдолдоо: ...“1.Хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний хувьд:

Нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа, энэ маргааны эх үүсвэр болоод байгаа Татварын байцаагчийн акт нь 2012 оны 12 дугаар сарйн 19-ний өдөр тавигдсан Татварын улсын байцаагчийн дугаар: 140643 тоот акт билээ. Үүгээр “Дэлгэр-Уянга” ХХК нь 2008, 2009, 2010 онуудын орлогоосоо НӨАТ төлөөгүй гэж уг акт тавигдсан.

Гэтэл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр уг хуулийн 13 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэсэн зүйлд 13.1.18 дах хэсэг болж "газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан ур тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлвэрлэсэн гурил" гэсэн зохицуулалт орсон бөгөөд ингэснээр Газар тариалангийн орлого уг албан татвараас чөлөөлөгдсөн.

Иргэний хуулийн 3 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх гэсэн зүйлийн 3.3-т "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж заасан.

Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих гэсэн зүйлийн 10.1.1-т тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон", мөн зүйлийн 10.1.3-т "татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн" гэсэн зохицуулалт байсан бөгөөд энэ зохицуулалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 болон 14.1.4 дэх хэсгүүдэд мөн байгаа болно.

Энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болж үйлчилж байгаа дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ гэсэн зүйлийн 3.2-т "Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварьн бусад хуульд заасан бод тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ." мөн зүйлийн 3.3-т "Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална." гэж тус тус зохицуулсан байна.

Эдгээр хуулийн зүйл заалтаас үзвэл 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь манай энэ асуудалд, энд яригдаж байгаа харилцаанд үйлчилнэ гэж үзэж байгаа бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэсэн зүйлийн 13.1.18 дах хэсэг болж "газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил" гэсэн зохицуулалт нь дээр дурдагдсан 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Татварын Улсын Байцаагчийн Дугаар: 140643 акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, Нэмэгдсэн өртгийн татвартай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан, мөн хамгийн сүүлд гарсан хуулийн зохицуулалт байсан билээ.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн, Иргэний хуулийн болон Татварын ерөнхий хуулийн зохицуулалтаас гажсан шийдвэрийг зөвтгөн гарсан дээр дурсан Дугаар: 151/ШШ2020/00428 шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Татварын албаны эс үйлдлийн тухайд:

“Дэлгэр-Уянга” XXК нь байгуулагдсан цагаасаа эхлэн (1994 он) жил бүрийн татварыг сайн дураар тайлагнаж, татвар төлөгчийн үүргээ маш сайн биелүүлж ирсэн бөгөөд энэ маргаанд хамрагдах 2008, 2009, 2010 онуудад ч Жилийн санхүүгийн тайлангаа үнэн звв бүрдүүлэн өгч байсан ба энэ талаархи баримтуудыг ч Татварын албаны тамга тэмдэгтэйгээр нотлох баримт болгон Шүүхийн материалд хавсаргасан байгаа.

Тухайн үед үйлчилж байсан одоо үйлчилж байгаа Татварын ерөнхий хуульд Татварын алба, түүний ажилтны хийж гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим зэргийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнд Татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчдөд үйлчлэх, мэдээллээр хангах зэрэг зүйлүүд хуульчлагдан зохицуулагдсан байдаг. Гэтэл татвар төлөгч “Дэлгэр-Уянга” ХХК-ийн зүгээс бүхий л жилүүдийн тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж өгсөөр байтал тухайн үеүүдэд нь тухайлбал 2008, 2009, 2010 онуудад танайх НӨАТ төлөх ёстой юм байна, үүнийгээ төл, энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгүүл, НӨАТ-ын падаан ав гэх мэт мэдээллээр огт хангаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх үйлдэл хийгээгүй байж байж, гэнэт 2012 онд шалгалт хийн танайх 2008, 2009, 2010 онуудад НӨАТ төлөх ёстой байсан байна, үүнийгээ төл гэж акт тавьсан нь нэг талыг барьсан өөрийн хуулиар хулээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэл гаргасан билээ. Төрийн албаны хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх үүргээ зөрчсөн үйлдэл, түүнээс гарах үр дагаврыг хэн нэг буруугүй иргэн, байгууллага хүлээх ёсгүй билээ.

Тухайлбал тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл. Татвар төлөгчид үйлчлэх гэсэн зүйлд "Татварын алба, татварын улсын байцаагч нь ... татвар төлөгчид тусалж дараах үйлчилгээг үзүүлнэ: 15.1.1 "татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах", 15.1.2 "татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах", 15.1.3 "татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах", 15.1,4 "татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч ... ганцаарчлан "зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөгөө өгөх" зэрэг үүргүүдийг хуульчилж өгсөн.

Мөн тухайн үед хүчин төгөлдөр байсан "Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журам" (Татварын ерөнхий газрын Даргын 2011.11.21-ний өдрийн Дугаар: 672 Тушаалаар баталсан) -ын 5.2-т "Татварын тайланг татварын улсын байцаагч дор дурдсан хяналтыг тавьж хүлээн авна" гээд уг зүйлийн 5.2.4-т "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үндэслэл зөв эсэх", 5.2.7 "НӨАТ-ын тайлангийн хувьд НӨАТ-ын падааныг ирүүлсэн эсэх", 5.2.8 "Харьяа татварын албанаас авсан НӨАТ-ын падааны дугаар борлуулалтын падааны дугаартай тохирч байгаа эсэх (Үүнийг хянахад татварын албанаас татвар төлөгчдөд олгосон НӨАТ-ын падааны бүртгэл бүрэн байх)" гэсэн зохицуулалттай байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйл. Албан татвар ногдуулах хугацаа гэсэн зүйлийн 10.1-т "Албан төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно" гэж шууд зааж хуульчилж өгсөн байгаа бөгөөд дээр хэлсэнчлэн Татварын байгууллага энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгээгүй, гэрчилгээ олгоошүй, өөрсдөө хуулийн зүйл заалтаа биелүүлээгүй байх үеийн Татварыг төлөх үндэслэлтүй билээ.

3. Энэ маргаан нь 2008, 2009, 2010 онуудын Татварын гэх асуудалтай холбогдуулан 2012 оны 12 сард тавьсан акттай холбогдон үүсдэг бөгөөд дээр дурдсанчлан бид бүхэн Татварын тайлангаа жил бур л өссөн дүнгээр, цаг хугацаанд нь, үнэн зөв тайлагнадаг байсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль, энэ оны эхнээс үйлчилж эхэлж байгаа Татварын ерөнхий хуулиудын аль алинд нь Татварын хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт байсан бөгөөд өмнөх хуулиар энэ нь 5 жил, одоо үйлчилж байгаа хуулиар 4 жил гэж заасан байгаа болно. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч энэ асуудал дээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа аль эрт өнгөрсөн байгаа юм.

Иймд нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн дээр дурдсан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 151/ШШ2020/00428 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлага болон үндэслэлийн талаар буруу дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Төв аймгийн татварын хэлтэс нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19”ний өдрийн 140643 дугаар акт /хх-ийн 15-16/ -д заасан татварын өр 64 088 000 төгрөг, уг актаас хойш үүссэн буюу  2013 онд татварын өрийг хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан торгууль, алданги зэрэг татварын өр 7 427 900 төгрөг, нийт 71 515 900 төгрөгийг хариуцагч “Дэлгэр-Уянга” ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь 2015-2018 онд татвар төлөгч өөрөө татварын албанд тайлагнасан тайлангийн өр буюу үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол 192 000 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 232 000 төгрөг, нийт татварын өр 424 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн байх тул татварын хэлтэс нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ багасгаж, 71 515 900 төгрөгийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч “Дэлгэр-Уянга” ХХК нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, хүү, торгуулийг зөвшөөрөхгүй татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 140643 дугаартай актаар татварын хяналт шалгалтаар илэрсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан 5 014 400 төгрөгийн зөрчилд 250 700 төгрөгийн нөхөн татвар, 75 200 төгрөгийн  торгууль, 102 500 төгрөгийн алданги, НӨАТатварын 423 549 500 төгрөгийн зөрчилд 42 355 000 төгрөгийн  НӨАТ-ын нөхөн татвар, 21 177 600 төгрөгийн торгууль,  хүү 127 000 төгрөг,  нийт 64  088 000 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Хариуцагч “Дэлгэр-Уянга” ХХК нь татварын улсын байцаагчийн актын зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль нийт 63 659 600 төгрөгийг эс зөвшөөрч, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж үзэж, 63 659 600 төгрөгийн НӨАТатварын өрийг хэвээр үлдээжээ.

Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоол болон татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар хариуцагч “Дэлгэр-Уянга” ХХК нь Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмлэл гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулснаар хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байх тул татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актын дагуу татварын өр төлбөр барагдуулах үүргийг хариуцагч “ Дэлгэр-Уянга” ХХК-д ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүх шаардлагыг татварын актаар тогтоосон татварын өр гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна татварын улсын байцаагчийн акт болон бусад баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөв хэрэгжүүлж чадаагүй байна.  

Маргааны зүйл болж буй 71 515 900 төгрөгийн татварын өрийн 64 088 000 төгрөгийн өр нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн байна. Харин 7 427 900 төгрөгийн татварын өрийг нэхэмжлэгч Татварын байгууллага тайлбарлахдаа дээрх актаар тогтоосон татварын өрийг хугацаандаа барагдуулаагүйгээс тогтоосон торгууль, болон алданги тооцсон гэсэн боловч тухайн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь  анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.”, 118 дугаар зүйлийн 118.4. дэх хэсгийн “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэсэн заалтыг зөрчжээ.

Хариуцагч “Дэлгэр-Уянга” ХХК-ийн давж заалдах гомдолд дурьдсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн хууль нь уг хууль батлагдахаас өмнө үүссэн харилцаанд буцаж үйлчлэхгүй бөгөөд  татварын улсын байцаагчийн акт нь хариуцагч хуулийн этгээдийн 2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалган тогтоосон байна.

Мөн хариуцагч нь татварын байгууллагыг НӨАТ төлөгчөөр бүртгүүл гэсэн шаардлага тавиагүй атлаа акт тогтоосон нь буруу гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д Энэ хуулийн 4.1.10.-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргах үүрэгтэй байна.

         Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”-т “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэцэх хугацаа 5 жил...”, 11.2.-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв   аймаг   дахь  сум  дундын   Иргэний  хэргийн  анхан   шатны   шүүхийн  2020  оны   03  дугаар   сарын  23-ны   өдрийн   151/ШШ2020/00428  дугаар   шийдвэрийн  тогтоох   хэсгийн  1  дүгээр  заалтын “...71 515 900  төгрөгийг...”  гэснийг “...64 088 000 төгрөг...” гэж,  “...олгосугай”   гэснийг “...олгож”   гэж,   нэхэмжлэлийн   шаардлагаас  7 427 900  төгрөгийн   шаардлагыг   хэрэгсэхгүй   болгосугай”  гэж   нэмэлт  оруулж,  3  дугаар   заалтын “...515 529   төгрөгийг   гаргуулж...”  гэснийг  “...478

390 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 515 529 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА

                 ШҮҮГЧИД                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР