Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00564

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00428 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00008 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтсийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох

Татварын өр 71,515,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбаатар, хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан татварын өр 64,088,000 төгрөг, татварын өрийг хугацаанд нь төлөөгүй торгууль, алданги 7,427,900 төгрөг, нийт 71,515,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00428 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас нийт 71,515,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 515,529 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

3. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00008 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2020/00428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...71,515,900 төгрөгийг...” гэснийг “...64,088,000 төгрөг...” гэж, “...олгосугай” гэснийг “...олгож” гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,427,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт оруулж, 3 дугаар заалтын “...515,529 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...478,390 төгрөгийг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 515,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 223/МА2020/00008 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний хувьд: Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон татварын байцаагчийн акт нь 2012.12.19-ний өдөр тавигдсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь 2008, 2009, 2010 онуудын орлогоосоо НӨАТ төлөөгүй гэж татварын улсын байцаагчийн 140643 дугаар акт тавигдсан. Гэтэл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006.06.29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2011.02.02-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр уг хуулийн 13 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэсэн зүйлд 13.1.18 дахь хэсэг болж “газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил” гэсэн зохицуулалт орсон бөгөөд ингэснээр газар тариалангийн орлого уг албан татвараас чөлөөлөгдсөн. Иргэний хуулийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008.05.20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон”, мөн зүйлийн 10.1.3-т “татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн” гэсэн зохицуулалт байсан бөгөөд энэ зохицуулалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2019.03.22-ны өдөр батлагдаж, 2020.01.01-ний  өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 болон 14.1.4 дэх хэсгүүдэд мөн байгаа болно. 2020.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилж байгаа дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.” мөн зүйлийн 3.3-т “Энэ хуулийн 3.2-т заасны дагуу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль, зүйл, хэсэг, заалтыг тодорхойлох боломжгүй бол аль сүүлд батлагдсан хууль, хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтална.” гэж тус тус зохицуулсан байна. Эдгээр хуулийн зүйл заалтаас үзвэл 2011.02.02-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь манай энэ асуудалд, энд яригдаж байгаа харилцаанд үйлчилнэ гэж үзэж байгаа бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх гэсэн зүйлийн 13.1.18 дахь хэсэг болж “газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил” гэсэн зохицуулалт нь дээр дурдагдсан 2012.12.19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 140643 дугаар акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан нэмэгдсэн өртгийн татвартай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан, мөн хамгийн сүүлд гарсан хуулийн зохицуулалт юм. Хуулийн энэ зүйл заалтын дагуу уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хариуцагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006.06.29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно” гэж шууд хуульчилж өгсөн байсан. 2015.07.09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.” гэж хуульчилсан. Манай байгууллага 1994 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, тухай бүр татварын тайлангаа үнэн зөв гаргаж, татвар хураамжаа сайн дураар, шударгаар төлсөөр ирсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн (1994 он) жил бүрийн татварыг сайн дураар тайлагнаж, татвар төлөгчийн үүргээ маш сайн биелүүлж, энэ маргаанд хамрагдах 2008, 2009, 2010 онуудад ч жилийн санхүүгийн тайлангаа үнэн зөв бүрдүүлэн өгч байсан ба энэ талаарх баримтуудыг ч Татварын албаны тамга тэмдэгтэйгээр нотлох баримт болгон шүүхийн материалд хавсаргасан. Тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Татварын ерөнхий хуульд Татварын алба, түүний ажилтны хийж гүйцэтгэх үүрэг, баримтлах зарчим зэргийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнд татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчдөд үйлчлэх, мэдээллээр хангах зэрэг зүйлүүд хуульчлагдан зохицуулагдсан. Гэтэл татвар төлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс бүхий л жилүүдийн тайлангаа цаг хугацаанд нь үнэн зөвөөр гаргаж өгсөөр байтал тухайн үед нь тухайлбал 2008, 2009, 2010 онуудад танайх НӨАТ төлөх ёстой юм байна, үүнийгээ төл, энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгүүл, НӨАТ-ын падаан ав гэх мэт мэдээллээр огт хангаагүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх үйлдэл хийгээгүй атлаа, 2012 онд шалгалт хийж, танайх 2008, 2009, 2010 онуудад НӨАТ төлөх ёстой байсан байна, үүнийгээ төл гэсэн нь нэг талыг барьсан өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэл гаргасан. Төрийн албаны хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх үүргээ зөрчсөн үйлдэл, түүнээс гарах үр дагаврыг хэн нэг буруугүй иргэн, байгууллага хүлээх ёсгүй. Тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, Татвар төлөгчид үйлчлэх гэсэн зүйлд “Татварын алба, татварын улсын байцаагч нь ... татвар төлөгчид тусалж дараах үйлчилгээг үзүүлнэ: 15.1.1 “татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах”, 15.1.2 “татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах”, 15.1.3 “татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах, 15.1.4-т “татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч ... ганцаарчлан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөгөө өгөх” зэрэг үүргүүдийг хуульчилж өгсөн. Дээр хэлсэнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно” гэж шууд зааж хуульчилж өгсөн бөгөөд Татварын байгууллага энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгээгүй, гэрчилгээ олгоогүй байж, татвар ногдуулсан энэ үйлдлийг зөвтгөн гарсан хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй магадлалыг эс зөвшөөрч байна.

4.2. Шүүхийн ажиллагааны журам зөрчсөн тухайд: Энэ маргаан нь шүүхээр маш удаан хэлэлцэгдэж явсан бөгөөд ихэнхдээ Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь буцаах, хэргийг хэрэгсэхгүй болгох байдлаар зохих шийдвэрүүд гарч байсан. Энэ хавтаст хэрэгт уг хэргийг өмнө нь хэрхэн шийдвэрлэгдэж байсан байдал байхгүй, өмнөх шүүхийн шийдвэрүүд авагдаагүй байгаа тул уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэн болсон шүүхийн процессыг тоймлон харуулав.

Д/д

Шийдвэрлэсэн шүүх

Нэхэмжлэл гомдол гаргасан тал

 

Огноо

Шийдвэрийн дугаар

Шийдвэрийн товч утга

Тайлбар

1.

Зүүнхараа сум дундын 21 дүгээр шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

 

2014.06.25

Шүүгчийн захирамж №620

Нэхэмжлэлийг буцаах

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ирээгүй.

2.

Зүүнхараа сум дундын 21 дүгээр шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

2015.05.29

Шүүгчийн захирамж №663

Улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай

Ямар үндэслэлээр энэ захирамж гарсан болох,  шийдвэрийг хариуцагчид мэдэгдээгүй.

 

3.

Зүүнхараа сум дундын

 

21 дүгээр шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

2015.06.24

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас №207

 

 

4.

Зүүнхараа сум дундын 21 дүгээр шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК

 

 

2015.10.23

Шүүгчийн захирамж663

Хүчингүй болгох тухай

№1240

 

Шүүгчийн захирамж №663-ийг хүчингүй болгосон.

 

5.

Зүүнхараа сум дундын 21 дүгээр шүүх

Төв

аймгийн Татварын хэлтэс

2015.11.16

 

Шүүхийн тогтоол №06

 

Шүүгчийн захирамж хүчингүй болгох тухай №1240 Захирамжийг хэвээр үлдээсэн.

 

 

6.

Төв аймгийн  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

 

 

 

2018.04.10

Шүүгчийн захирамж

№151/ШЗ2018/01174

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Татварын ерөнхий хуулийн дагуу хуульд заасан ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр (Татварын ерөнхий хуулийн 63, 64-т заасан)

 

7.

Төв аймгийн  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

2018.04.10

Шүүхийн тогтоол №151/ШТ2018/00030

Гомдол хэлэлцсэн тухай

 

Шүүгчийн захирамж №151/Ш32018/01174-ийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон. Үндэслэл хэвээрээ гэсэн нөхцөлөөр. (Татварын ерөнхий хуулийн 63, 64-т заасан)

 

 

8.

 

Төв аймгийн  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

 

2019.01.17

 

 

 

Шүүхийн шийдвэр №151/ШШ2019/00208

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

9.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

2019.03.25

Шүүхийн магадлал №223/МА2019/0008

Шүүхийн шийдвэр №151/ШШ2019/00208-ийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан.

 

 

 

10.

 

Төв аймгийн  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

 

 

2019.06.05

 

Шүүгчийн захирамж №151/Ш32019/01938

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Татварын ерөнхий хуулийн дагуу хуульд заасан ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр. (Татварын ерөнхий хуулийн 63, 64-т заасан)

 

 

11.

 

Төв аймгийн  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

 

 

 

 

2019.06.25

 

 

 

 

 

Шүүхийн тогтоол №151/ШТ2019/

00035

 

 

Гомдол хэлэлцсэн тухай

 

Шүүгчийн захирамж №151/Ш32019/01938-ийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон

 

 

12.

 

Төв аймгийн  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэс

 

2020.03.23

 

 

 

Шүүхийн шийдвэр №151/ШШ2020/00428

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

 

Дээрх хүснэгтийн 9-д дурдсан 2019.03.25-ны өдрийн 223/МА2019/0008 дугаар шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч шүүхэд уг татварын өртэй холбоотой шүүхээс гарсан шийдвэрүүд байгаа талаар тайлбар гаргаж мэтгэлцэн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох нотлох баримтуудыг шүүхийн архиваас авахуулах хүсэлтийг 2018.12.12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа бичжээ. Шүүх нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн” гэж уг магадлалаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан бөгөөд энэ шаардлага хангагдаагүй байдлаар анхан шатны шүүх дээр хэрэг шийдвэрлэгдэж, мөн ийм байдлаар дахин давж заалдах шатны шүүхийн хурал болсон. Нэг хэргийг зориуд 2 тасалсан, өмнөх шүүхийн шийдвэрүүдийг одоо байгаа хэрэгт хавсаргаагүй байдал нь хууль зөрчиж нотлох баримтуудыг гаргуулах хүсэлт өгсөн байхад уг хүсэлтийг хангахгүйгээр хэрэг дахин анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Дээр дурдсанчлан энэ олон удаагийн шүүхийн ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалт зөрчигдсөн. Иймд нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн магадлал, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтсээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан татварын өр 64,088,000 төгрөг, татварын өрийг хугацаанд нь төлөөгүй торгууль, алданги 7,427,900 төгрөг, нийт 71,515,900 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 64,088,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 7,427,900 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... 2012 онд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагч акт тогтоосон. Татвар төлөгч актын мөнгөн дүнг эс зөвшөөрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах комисст гомдол гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгосон. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК тус актын талаар захиргааны хэргийн шүүхэд хандаагүй. Маргаан таслах зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр үйлчилсэн. Уг актын биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан... 2012.12.19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 140643 дугаар актаар НӨАТ 42,355,000 төгрөг, хүү 127,000 төгрөг, алданги 102,500 төгрөг, торгууль 21,252,800 төгрөг, актын нөхөн татвар, торгууль, алданги нийт 64,088,000 төгрөг болж байгаа. Уг нэхэмжлэлд нийт 71,515,900 төгрөгийг нэхэмжилсэн...” гэсэнд,

хариуцагч “... 2012.12.19-ний өдрийн 140643 дугаар улсын байцаагчийн актыг анхнаасаа зөвшөөрөөгүй тул гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль газар тариалангийн салбарт хэрэгжих ямар ч эрх зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтэст жил болгон тайлангаа өгч байсан... Гэтэл 2008, 2009, 2010, 2011 онуудад юу ч хэлэхгүй байж байгаад 2012 оны 12 сард татварын хяналт шалгалтаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй гэсэн акт гаргасан... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд газар тариалангийн салбар НӨАТ төлөх ажил үйлчилгээнд ороогүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар чөлөөлөгдөж байгаа. Гэтэл Татварын алба зөрчил 2008, 2009 онд байна, шинэчлэгдсэн хууль 2011.02.02-оос эхэлсэн гэж хэлдэг. Актыг 2012.12.19-нд шинэ хууль гарснаас хойш 1 жилийн дараа тавьсан. Иймд энэ хуулийг хүндэтгэж энэ актыг хүчингүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нь 2012.12.19-ний өдрийн 140643 дугаар татварын улсын байцаагчийн актыг мэдсэн учир ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан, гэвч тус зөвлөлөөс гомдлыг хэрэгсэхгүй болгож, актыг хэвээр үлдээсэн. Хариуцагч уг акттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул 140643 дугаар акт хүчин төгөлдөр болсон байна. Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу татварын өр барагдуулах ажиллагааг хэрэгжүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу актын хэрэгжилтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэх эрхтэй.  

 10. Анхан шатны шүүх нэхэмжлэлд заасан хэмжээгээр 71,515,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “...Маргааны зүйл болж буй 71,515,900 төгрөгийн 64,088,000 төгрөгийн өр нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан байна. Харин 7,427,900 төгрөгийн татварын өрийг нэхэмжлэгч тайлбарлахдаа дээрх актаар тогтоосон татварын өрийг хугацаандаа барагдуулаагүйгээс тогтоосон торгууль, алданги тооцсон гэсэн боловч тухайн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй...” гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2012 оны 140643 дугаар актаар тогтоосон хэмжээгээр хангаж (нэхэмжлэлийг багасгаж) шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, уг магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

11. Иймд, “... 2011.02.02-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг татвараас чөлөөлөхөөр заасан байхад 2012.12.19-ний өдрийн татварын улсын байцаагчийн 140643 дугаар актаар татвар ногдуулсан нь үндэслэлгүй, тухайн актыг гаргахдаа нарийвчлан зохицуулсан, мөн хамгийн сүүлд гарсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх байсан...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, захиргааны (татварын) акт хууль ёсны эсэх, хууль бус бол түүнийг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй эсэхийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй (захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал тул), энэ тохиолдолд татварын улсын байцаагчийн акт нэгэнт хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагч тухайн актыг биелүүлэх үүрэгтэй.

12. Түүнчлэн, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан гомдлын тухайд, хэрэгт авагдсан баримт болох Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.05-ны өдрийн 1938 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг баримтаар баталгаажуулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахад уг захирамж саад болохгүйг дурдсан” ба үүний дагуу нэхэмжлэгчээс дахин шүүхэд хандсанаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх тул “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл бүрдсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх гомдол үгүйсгэгдэнэ.

13. Иймээс шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 478,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН