| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1934001210072 |
| Дугаар | 2023/ДШМ/35 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрсүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/35
2023 5 26 2023/ДШМ/35
Г, З.С, С.Л, Л.В нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Дэлгэрсүрэн
Шүүгдэгч С.Л, З.С нарын өмгөөлөгч А.Содхүү,
Шүүгдэгч С.Л, З.С, Г
Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Л, З.С нарын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г, З.С, С.Л, Л.В нарт холбогдох эрүүгийн 1934001210072 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Угтаалцайдам сумын 2 дугаар багт Уушгины 5-171-б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С Л,
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Лын В,
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 28-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 3-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Гийн Г,
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 01-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх сум 4 дүгээр баг “Өртөнт” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Згийн С
Шүүгдэгч С.Л, Л.В, Г нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2.390.000 төгрөгийн,
Л.В, З.С нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 1 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж 3.385.000 төгрөгийн,
Л.В нь 2020 оны 4 дүгээр сарын 25-аас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн “Хар балгас” гэх газраас иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлж, 800.000 төгрөгийн,
З.С нь 2021 оны 5 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас С.Л, Л.В, Г, З.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
З.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт С Л, Б овогт Лын В, Б овогт Гийн Г, Б овогт Згийн С нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Б овогт Згийн Сг бусдын эд хөрөнгө хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Л.В, Г, З.С нарт тус тус 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
Шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалалаар тус тус тогтоож, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Шүүгдэгч Г, Л.В, С.Л, З.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэж хорих ялаар солих болохыг тус тус анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г, Л.В, С.Л нараас 796.700 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Чимэдваанчигт, шүүгдэгч З.С, Л.В нараас тус бүр 392.500 төгрөг гаргуулж хохирогч П.Лайханжавд олгож, хохирогч Л.Бямбадаш нь энэ хэрэгт холбогдуулан гарсан зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Вгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 23-25 АРХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, 72-89 УБВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн бусдын эзэмшлийн 72-89 УБВ Приус-20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч С.Л нь 56 хоног, шүүгдэгч Л.В нь 32 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г, З.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Л, З.С нарын өмгөөлөгч А.Содхүү гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад дурдсан “72-89 УБВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 13.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” гэсэн зүйл шүүх хуралд яригдаагүй бөгөөд энэ үйлдэлд Портер маркийн машин ашигласан гэж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл шүүх хуралд яригдаагүй, тэмдэглэлд тусгаагүй зүйл тогтоолд зөрүүтэй бичигдсэн байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа ухамсарлаж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, заримыг нь нөхөн төлсөн байтал 2022 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг ямар учраас хэрэглээгүй талаар үндэслэл хэсэгт дурдагдаагүй байна. Шүүгдэгч С.Л нь мал малладаг бөгөөд хөдөө орон нутагт малын араас явах, өвчтэй дүүгээ асардаг болохоор эмнэлэг, аймгийн төв, хот явах зэрэг зайлшгүй хэрэгцээ гарах хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү.
Шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн хэлсэн “С.Лын хувьд сэтгэцийн өвчтэй дүүгээ асардаг байдлыг харгалзан үзэж” гэдгийг Л.В гэж буруу бичсэн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т зааснаар Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт битүүмжлэгдсэн Приус автомашины битүүмжлэлийг чөлөөлөн хууль ёсны эзэмшигчид нь олгуулах дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Мөн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх боломжтой байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч С.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа” Миний 70 гарсан настай хөгшин ээж Архангай аймагт амьдардаг ба асрах хүнгүй болоод байна. Мөн би хоёр нуруугаа хугалсан учир тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч З.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотод байдаг ба ээж, аав хоёр хөдөө байдаг учир энэ байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотод амьдардаг, хөдөө томилолтоор их явдаг гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г, З.С, С.Л, Л.В нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.С, С.Л нарын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэлээ.
Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр шүүхийн харьяаллыг тогтоон өгсөн.
Гэтэл Төв аймгийн прокурорын газраас С.Л, Л.В, Г нарыг бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Чимэдваанчигийн 3 тооны үхрийг хулгайлсан, Л.В, З.С нар бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээс иргэн П.Лайханжавын 3 тооны үхрийг хулгайлсан, Л.Вг 2020 оны 4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрээс иргэн Г.Ганбаярын 1 тооны гүүг хулгайлсан, З.Сг 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн харьяаллын асуудлыг шийдвэрлэлгүйгээр шийтгэх тогтоол гарган, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, ял оногдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсгийн “Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт” гэх хэсэгтээ шүүгдэгч З.Сг 2021 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг “Тойром” гэх газраас иргэн Л.Бямбадашийн эзэмшлийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлан авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа “Эрүүгийн хариуцлагын талаар” гэх хэсэгтээ З.Сд уг зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хэрхэн оногдуулах талаар огт дурдалгүйгээр “Тогтоох” хэсгийнхээ 2 дахь заалтаар түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан,
Мөн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийнхээ тогтоох хэсэгт тус хэрэгт битүүмжлэгдсэн “72-89 УБВ улсын дугаартай Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлээгүй атлаа хэргийн оролцогч нарт гардуулсан шийдвэрийнхээ тогтоох хэсэгт уг тээврийн хэрэгслийн үнэ болох 13.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулсан,
Шүүгдэгч Г, В, С.Л, З.С нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хэрхэн тогтоосон зэрэг нь ойлгомжгүй эргэлзээтэй байдлыг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Дээрх алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.2-т “...хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүй шийдвэрлэсэн...” гэх, 1.6-д “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэх, 1.8-д “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол...” гэх ноцтой зөрчлүүдэд хамаарч байна.
Анхан шатны шүүхээс гаргасан уг алдаа зөрлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэсэн тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч З.С, С.Л нарын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэл байх шаардлагыг хангасан гэж үздэг болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА