Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2020/00009

 

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бумбардай” цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 193 057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч Н.Отгончимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэнзэн овогтой Энхтуяа миний бие 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгийн нярвын ажилд анх томилогдсон. Анх ажилд орсон цагаас би өөрийн хувийн зардлаар өөрийн албаны өрөө, агуулах склад зэргийг тохижуулсан. Мөн миний бие ажиллаж байх хугацаандаа аймаг орон нутгийн удирдлагаас ирсэн шалгалт, үзлэг зэрэгт хангалттай үнэлгээ дүгнэлт авдаг байсан. Ажилд томилогдсон цагаас эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг намайг хэл амаар доромжлох, өвлийн идэш амлаж ажилд ороо байлгүй гэх мэт зүй бус харьцдаг байсан бөгөөд энэ байдал даамжирч намайг хэл амаар доромжилж ажилчид албан хаагчдын дунд нэр төрийг минь гутаах зэрэг үйлдэл гаргадаг байв. Энэ бүрт би дандаа буулт хийж уучлалт гуйж байнга эрхлэгчийг дэмжиж ажилладаг байлаа. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэнэт үндэслэлгүйгээр намайг ажлаас халах тушаал гаргасан. Би энэ тушаалыг ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж миний Үндсэн хуулиар олгогдсон "Хөдөлмөрлөх, түүнийхээ үр шимийг хүртэх" эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг нь намайг үндэслэлгүйгээр Цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулж хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан юм. Надад холбогдуулан гаргасан гомдлуудыг Төв аймгийн Прокурорын газраас удаа дараа хааж шийдвэрлэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг миний бие 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр миний бие хүлээн авлаа. Энэ тогтоолоор надад холбогдуулан гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэрэгсэхгүй болгож байсан үндэслэл арилж байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. “2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд “Бумбардай” цэцэрлэгт нярваар ажиллаж байсан. Гэнэт халагдсан, ажлаас халлаа энэ тэр гэж надад мэдэгдсэн зүйл бол байхгүй. Энэ нь манай эрхлэгч Н.Отгончимэгийн надтай таагүй харилцаатай байсны илрэл байх гэж бодож байна. 2018 оны 03 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халагдаад, тэгээд л өргөдөл өгтөл эрүү үүсгэгдээд хавтаст хэрэг үүссэн гээд надад хэлсэн 1 721 000 төгрөг хувьдаа завшсан гээд намайг цагдаад өгсөн байсан. Тэгээд тэр хэргийг цагдаа Прокурорын байгууллага шалгаад намайг холбогдолгүй болохыг нотолсон.

2018 оны 02 дугаар сарын 29, 30, 31-ний өдөр намайг ажилдаа очоогүй гээд байгаа би тухайн өдрүүдэд бол ажилдаа очсон 29-нд би аваарт ороод ажил дээрээ очоод ёс зүйн хорооны С.Гэрэл, Дотоод хяналт шалгалтын ажилтан Ё.Лайжинханд нарт хэлсэн би аваарт орчихлоо эмнэлгээр явах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Тэгээд би тэр өдрөө, мөн 30, 31-ны өдөр ажил дээрээ очсон. Тэгээд намайг 5 өдөр ажил тасалсан мөн намайг ажил дээр архи уусан гэх шалтгаануудаар ажлаас халсан байсан. Архи уух үед нь  би хамт байсан ч архи уугаагүй гэдгээ хэлсэн, ажилдаа очиж чадаагүй 2 өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд аваарт орсон учраас хэвтрийн дэглэм барих шаардлагатай болоод очиж чадаагүй гэдгээ ч мөн хэлсэн. Гэтэл намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс  2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин болох 7 193 057 төгрөг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.” гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумбардай” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот тушаалыг эрх зүйн актынх нь хувьд архив албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн шаардлагад нийцээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа шийдвэр нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн дотоод журам болоод хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг буруу үндэслэсэн дараах нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш. 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 гэсэн 2 заалтыг сонгож, хэрэглэсэн байдаг. Энэ 2 заалтыг сонгож хэрэглэснээр Д.Энхтуяа гэдэг ажилтан 3 төрлийн зөрчил гаргасан мэтээр тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дээр сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Д.Энхтуяад сахилгын зөрчил оногдуулсан тушаал гаргасан байдаг. Энэ тушаалыг Д.Энхтуяа мэдээгүй. Сахилгын арга хэмжээг ажил олгогч бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Дараа нь ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй. Тэрийгээ мөн адил хуулийн дагуу бүртгэж аваагүй. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгээ ажил олгогч хүүхдийн тоо зассан гэдэг асуудал ярьдаг. Бид хэргийн материалыг шинжлэн судлаад, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг зэргээс харахад хүүхдийн тоо зассан асуудал ажил олгогч буюу Отгончимэгтэй өөртэй нь шууд хамааралтай асуудал байна. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол Отгончимэг гуай ч гэсэн өөрөө ноцтой зөрчил гаргасан. Яагаад гэвэл хүүхдийн тоо зассан асуудлыг өөрөө хянаж баталгаажуулж, гарын үсэг зурдаг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ч нотлогддог. Энэ нь өөрөө ялимгүй зүйл байсан.

Д.Энхтуяа гэдэг хүн няравын албан тушаал хашдаг. Энэ хүн бол мөнгөтэй харьцдаггүй. Ямар нэгэн санхүүгийн гүйлгээтэй харьцдаггүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэх нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ бүгдийг багцлаад хэлэх юм бол ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа хуулийн нэг л үндэслэлийг барих ёстой. Гэтэл 2, 3 хуулийн үндэслэлийг барьж байгаа нь хуульд нийцэхгүй, оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг буруу сонгож хэрэглэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагаа алдаж байгаа гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-ыг үндэслэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Яагаад гэвэл ажлаас халах гэдэг нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Түүнээс хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудал биш. Мөн тушаалын тэргүүн хэсэг дээр ажлаас халах тухай гэсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ийм ойлголт байдаггүй. Ажлаас халах гэдэг нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Цаашлаад Дэнзэн овогтой Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б/09 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гэж байгаа. Энэ сахилгын шийтгэл нь яг ямар сахилгын зөрчил гаргасан. Хэзээ, хаана, яаж үүнийг баталгаажуулсан талаар зөрчлийг шалгасан тэмдэглэл нь тодорхойгүй. Мөн энэ тушаалаа танилцуулаагүй. Тушаалыг танилцуулсан гэдгээ нотолж чаддаггүй. Хэргийн материалд тушаалыг танилцуулсан талаар баримт байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л асуудлыг ярина. Байгууллагын хамтарсан сургалттай холбоотой хүүхдийн тоог зассан гэдэг. Хүүхдийн тоог зассан гэдэг нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу ноцтой зөрчил гэдэг. Ноцтой зөрчил гэж юу вэ гэдгийг тайлбарласан хуулийн шаардлага, Улсын дээд шүүхийн тайлбартай нийцээгүй асуудал байдаг.

Дээрээс нь хүүхдийн тоо зассан гэдэг асуудал дээр байгууллагын эрхлэгч өөрөө хамааралтай гэдэг нь олон талаараа харагдаж байдаг. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлийг тавьж өгдөг. Санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн гэдгийг эрүүгийн журмаар шалгуулсан. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг эрх бүхий байгууллага буюу цагдаа, хууль хяналтын байгууллага шалгаж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг шалгадаг. Ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг ойлголт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 40 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлийг заасан. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм уу эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ хугацаанд Д.Энхтуяа нь 2018 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдөр аваарт орсон. Үүнийг нотолсон баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, хэргийн материалд авахуулсан. Мөн 2 дугаар сарын 1, 2-нд өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолдог. 2 дугаар сарын 3, 4-ны өдөр амралтын өдөр байдаг. Ингэхээр 40 цаг гэдэг асуудал үндэслэлгүй байна. Хаанаас ийм их цаг гаргаж ирсэн нь тодорхойгүй. Дээрээс нь ажил олгогч хэрвээ 40 цаг тасалсан гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Тодорхой баримтууд, гэрчийн мэдүүлэг, эсвэл цахим хурууны бүртгэлээр юм уу. Үүнийг нотолсон баримт хэргийн материалд байдаггүй.

Тэгэхээр энэ бол учир дутагдалтай ойлголт гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Ийм зөрчил байхгүй гэдгийг түрүү хэлсэн. Санхүүгийн хуурамч бичиг бүрдүүлсэн гээд дахин дахин давтаад биччихсэн. Ийм учраас Д.Энхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тушаалаас үзэхэд Д.Энхтуяа байгууллагад маш их хохирол учруулсан, ноцтой зөрчил гаргасан, дээрээс нь ноцтой зөрчил давтан гаргасан мэтээр харагддаг. Гэтэл энэ бол хуулийн үндэслэл байхгүй. Үүнийгээ баталгаажуулсан баримт байхгүй. Д.Энхтуяаг ажлаас халах тухай гээд тэргүүгээ ч гэсэн буруу бичсэн. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 17 сарын цалинтай тэнцэх хэмжээний 7.193.057 төгрөг гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Отгончимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Энхтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Энхтуяа нь 2015 оноос эхлэн тус цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгэээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлүүдээр ажлаас халагдсан билээ. Д.Энхтуяа дээрх тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаж байсан ба хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/Ш32018/01786 тоот болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/11132019/00684 тоот захирамжуудаар тус тус хэрэгсэхгүй болгож байсан билээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь ажлаас халсан үндэслэлүүдийн нэг болох байгууллагын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулж үүнтэй холбогдуулан хүүхдийн тоог зассан үйлдлийг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон билээ. Д.Энхтуяа нь хүүхдийн тоо зассанаас  гадна санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн  хуурамчаар шинэ дэвтэр нээж хөтөлсөн, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан   зэрэг   хэд  хэдэн   үндэслэлээр   ажлаас   халагдсан   боловч   эдгээр үндэслэлүүдийн нэг болох хүүхдийн тоо зассан асуудал нь эрүүгийн журмаар шалгаж асуудалд хамаарч байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан билээ. Төв аймаг дахь Цагдаагийн хэлтсээс Д.Энхтуяад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн боловч бараа материал ашиглан шамшигдуулсан нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаах тухай Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 тоот тогтоол гарсан байсныг миний бие Д.Энхтуяаг гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад мэдсэн билээ. "Бумбардай"   цэцэрлэгийн   эрхлэгч   Н.Отгончимэгийн   зүгээс   дээрх   хэргийг хаах тухай тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн Прокурорын газарт гомдол өгөөд уг гомдол одоогийн байдлаар хянагдаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд Д.Энхтуяагийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/01786 тоот болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2019/00684 тоот захирамжуудын үндэслэл арилаагүй буюу эрүүгийн журмаар шалгаж буй асуудал нь эцэслэн  шийдвэрлэгдээгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. “Бумбардай” цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Д.Энхтуяа нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан байгаа. Энэ хүний ажлаас халагдсан үндэслэл нь 03 зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэдэг нь байгууллага дээр болсон 12 дугаар сарын 01-ний өдрийн архидалт, тэр үйл ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Д.Энхтуяа өөрөө энэ зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй. Байгууллагын хурал дээр ёсгүй авирлаж, тухайн баримт материалууд дээр гарын үсгээ зураагүй явсан. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь 2017 оны 11, 12, 2018 оны 01 дүгээр сарын тайлан мэдээг гаргах хугацаандаа гаргаагүй.

Энэ хэрэг зөрчил нь илэрсэн өдөр буюу 01 дүгээр сарын 26-ны өдөр бөөнөөр нь барьж орж ирж байсан зэрэг нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байсан гэдгийг нотолж байгаа. Дээрээс нь 40 цагийн ажил тасалсан гэдэг нь би тухай үед 8 хоног өөр хүн хүнсний бараа бүтээгдэхүүн гаргаж байсныг мэдээгүй. 02 дугаар сарын 05-ны Даваа гарагт мэдсэн. Энэ үндэслэлээрээ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр яаралтай байгууллагын ёс зүйн хороог байгууллагын багш, ажилтнуудын төлөөлөлтэй хуралдуулж, Д.Энхтуяад арга хэмжээ авах талаар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн байгаа. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан. Д.Энхтуяа нь байгууллагын нярав, эд хариуцагч хүн. Хүүхдийн тоог засаж байгаагийн цаад талд мөнгө, хүүхдийн эрүүл мэнд явж байгаа. Тухайн өдөр хүүхдэд өгөх хоол тэжээлийн илчлэг, норм бүх зүйл хамаарч байгаа гэдгийг би хэлсэн. Ингээд яагаад ажлаас халах тушаалыг гаргасан гэхээр тухайн өөрийнхөө гаргасан тоогоо засаж хий 5 хүүхдээр нэмээд, хүнсний бараа бүтээгдэхүүнийг дутаасан зүйлүүдээ хий зарлагадаж явж байсан. Д.Энхтуяа санхүүгийн хуурамч материал бүрдүүлж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйл ажиллагаа гаргасан. Эдгээр үндэслэлээр Д.Энхтуяаг ажлаас нь чөлөөлсөн байгаа.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ажил олгогч 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хоёрдугаарт, мөн дээрх хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг 3 үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь анхны зөрчлийг ажилтан Д.Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлын байран дээр архидан согтуурсан, архидан согтуурах арга хэмжээг зохион байгуулж, хүмүүст архи хундагалж өгсөн гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан байдаг. Сануулах арга хэмжээ авагдсан талаар багш, ажилчдын хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа.

Энэ хуралдаан дээр Д.Энхтуяа оролцсон. Удирдлагатай маргаж муудалцаж, гарын үсэг зураагүй гэдэг нь нотлогддог. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн сануулах арга хэмжээ авагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. 2 дахь зөрчил бол 2018 оны 01 сард болсон. Энэ нь 2017 оны 11 сард ирсэн хүүхдийн тоог зассан. Ийм зөрчил гаргасан байдаг. Энэ зөрчлийг гаргасан гэдэг нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Гэрчээр орж ирсэн бүлгүүдийн багш нар мөн гэрчилсэн. Хавтаст хэрэгт тоог зассан байдал, шинэ дэвтэр дээр хуулсан 2 дэвтрийг аль алийг нь гаргаж өгсөн. Д.Энхтуяаг зөрчлүүдийг давтан гаргасан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдож байгаа. Зөрчлүүдийн хоорондох хугацаа бол хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. 6 сараас хэтрээгүй байх ёстой. 6 сараас хэтрээгүй, хугацааны хувьд ямар нэгэн зөрчил байхгүй гэж харж байна. Хоёрдахь, үндэслэл гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг хүн. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хариуцлагыг талууд тусгасан.

Хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт ажил таслах гэж заасан байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээс зохих журмын дагуу чөлөө авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 3 өдрөөс дээших хугацаагаар ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан. 1 дүгээр сарын 24-ний өдөр даваа гараг, 02 дугаар сарын 02-ны өдөр  Баасан гараг байсан. Хагас, бүтэн сайн өдөр өнгөрөөд, 2 дугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч ажил дээрээ ирээд, өнгөрсөн долоо хоногт ажилдаа бүтэн ирээгүй болохыг мэдээд, тэр даруй багш ажилчдын хурлыг хуралдуулж, хуралдаанаар дээрх зөрчлийг гаргасан болохыг илрүүлээд, арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг. Энэ хурлын тэмдэглэл, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ авагдсан тэмдэглэлээр 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тасралтгүй 8 хоног ажил тасалсан болохыг 02 дугаар сарын 05-ны өдөр илрүүлээд, зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой.

Ингээд арга буюу 03 дугаар сарын 05-ны өдөр буюу хамгийн сүүлийн өдөр тушаалаа гаргасан байна. Энэ хугацаанд яагаад тушаал гаргаагүй талаар асуухад боломж бололцоо олгож, харсан. Д.Энхтуяа бол өөрийнхөө зөв гэж зүтгэдэг. Өөрийнхөө гэм бурууг хүлээдэггүй. Ингээд арга буюу хамгийн сүүлийн өдөр 03 дугаар сарын 05-ны өдөр тушаалаа гаргасан юм байна лээ гэдгийг тодотгож хэлмээр байна. Ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг нь нярав хүнд байж боломгүй үйлдэл гаргасан. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг өөрчилж, багш нараар хуулуулж байгаа нь ажил олгогчийнхоо итгэлийг алдаж байгаа ноцтой үйлдэл. Эдгээр 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. 3 үндэслэлийн ядаж 1 үндэслэл нь хангалттай  байвал ажил олгогчийн тушаал үндэслэлтэй болно гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бичээч овогт Дэнзэнгийн Энхтуяаг Төв аймгийн Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 387 985 төгрөгийг хариуцагч “Бумбардай” цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан Д.Энхтуяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Энхтуяагийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Бумбардай” цэцэрлэгийн санхүүд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Бумбардай” цэцэрлэгээс 149 158 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ч.Баднайнямбуу нар давж заалдах гомдолдоо: ...Шийдвэртэй танилцахад нэхэмжлэгч Д.Энхтуяагийн болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнайгийн хүсэлт тайлбаруудыг бүхэлд нь ханган шийдвэрлэжээ.

...Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дор дурдсан үндэслэлээр давж заалдаж байна.

Үүнд:

1. Д.Энхтуяа нь Аймгийн засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон cap бүрийн 01-ний өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундаа ажил дээрээ авчирснаас тэнд байсан багш ажилтан нар ууж согтуурснаас жижүүр Лувсандорж эрүүлжүүлэгдэж уг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.17.5 дахь хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 12 дугаар зүйл, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний 4.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.3.3 хөдөлмөрийн гэрээний хавсралтын 1. 2-р заалтуудыг тус тус зөрчсөн нь Бумбардай цэцэрлэгийн багш ажилчдын хурлын тэмдэглэлээр дээрх хууль тогтоомж дүрэм журмыг зөрчсөн нь нотлогдож байхад шүүгч Б.Түвшинжаргал түүнийг үгүйсгэсэн нь үндэслэл муутай байна. Энэ багш ажилчдын хурал дээр илэрсэн Д.Энхтуяагийн зөрчил болон түүн дээр гарсан санал шүүмжлэлийг үндэслэж цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг Д.Энхтуяад хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авсан нь үндэстэй байна. Дараа нь байгууллагын захиргаанд мэдэгдэлгүйгээр ажлын 5 өдөр буюу 40 цаг ажил тасалсан нь тухайн байгууллагын цагийн бүртгэл болон гэрчээр асуугдсан багш ажилтан нарын мэдүүлгээр нотлогдож байхад түүнийг аваарт орж хэвтрийн дэглэмд сахиснаас ажил таслаагүй байна гэж шүүгч дүгнэсэн нь мөн л үндэслэл муутай байна. Үнэхээр аваарт орсон бол автын болон машинд үзлэг хийсэн үзлэгийн материалаар нотлогдоно. Тухайн үед өвдсөн гэх эмч үнэхээр хэвтрийн дэглэм сахихаар Д.Энхтуяагийн биеийн эрүүл мэндийн байдал хүнд байсан бол тэр үедээ тодруулбал анхных нь тодорхойлолтоор хэвтрийн дэглэм сахих шаардлагатайг бичих байсан байтал дараа нь ийм бичиг бүрдүүлж ирж байгааг нотлох баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул ИХШХШ тухай хуулийн 25.1.3 зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байгаа билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг хэлдэг тул цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг давтан хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэж хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгээр арга хэмжээ авсан нь зөв билээ. Сахилгын арга хэмжээ авсан 2017 оны 12 сарын 05-ны өдрийн тушаалаа Д.Энхтуяад гардуулах гэсэн боловч хүлээж аваагүй гэж Н.Отгончимэгийн тайлбарласан нь Д.Энхтуяагийн зан харьцааны байдлын талаарх гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгааг шүүх анхаарсангүй. Ер нь сахилгын арга хэмжээ авсан тушаалыг гардуулах нь чухал боловч хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар бол өмнөх сахилгын зөрчилд нь арга хэмжээ авсан эсэх нь үл хамаарах тул уг тушаалыг гардуулаагүй буюу хүлээн аваагүй гэдгийн аль аль нь.ач холбогдолгүй билээ.

2. Н.Отгончимэг гаргасан тушаалдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан байгууллагын хамтран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил гэж арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байна. Д.Энхтуяа нь ажиллаж байх хугацаандаа хүүхдийн өдөр тутмын ирцтэй холбоотой бүртгэл тооцоог будлиантуулж тухай бүр гаргах тайлангаа цаг хугацаанд нь гаргалгүй хэдэн сарын дараа гаргаж өөрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тухайн байгууллагад 1 721 000 төгрөгийн эд хөрөнгийг хэн хариуцах эзэнгүй болгож сөрөг үр дагавар бий болгож өөрийнхөө хариуцсан үүрэгтээ харш үйлдэл хийсэн нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой үйлдэл мөн байхад шүүх үүнийг үгүйсгэж ташаа дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй байна.

3. Байгууллагын хамтран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж ажил олгогчийн итгэл алдсан гэж хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-ийг баримталсан нь үндэслэлтэй байна. Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 сарын 11-ний өдрийн 1/38 албан бичгээр ирүүлсэн "Бумбардай" цэцэрлэгийн эрхлэгчээс ирүүлсэн хүсэлтийг шалгасан тухай  товч тайлангаар тухайн цэцэрлэгт няраваар ажиллаж байсан Д.Энхтуяа санхүүгийн холбогдолтой хууль дүрэм, тухайн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ зэргийг ноцтой зөрчиж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл байсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх үүнийг үгүйсгэж тушаал гарсны дараа гарсан Аудитын дүгнэлт гэж Д.Энхтуяагийн буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн дүгнэлт хийж хариуцагч "Бумбардай" цэцэрлэгиин эрхлэгч Н.Отгончимэгийн тайлбар нотолгоог хэрэгсэхгүй болгож Д.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүхийн шийдвэр захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг ноцтой зөрчжээ.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний анхан шатны шүүхийн 2020 оны 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Д.Энхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсч байна.” гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч “Бумбардай” цэцэрлэгт холбогдуулан ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 193 057 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Бумбардай” цэцэрлэг шаардлагыг эс зөвшөөрч, Д.Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан,үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн ба 2017 оны 11, 12, 01 дүгээр сарын тайлан мэдээг хугацаандаа гаргаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 02-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 40 цагийн ажил тасалж  сахилгын ноцтой зөрчил гаргасан, 2017 оны 11 дүгээр сард ирсэн хүүхдийн тоог 2018 оны 01 дүгээр сард засч ирцийг өөрчилж ажил олгогчийн итгэлийг алдсан ноцтой үйлдэл гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан гэж  маргаж, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа  нь Төв аймгийн Зуунмод сумын “Бумбардай” цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлаас ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б\02  дугаар  тушаалаар халагдсан байна.

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., 131 дүгээр зүйлийн 131.1.,3., Хөдөлмөрийн дотоод журмын 4.17 дахь хэсгийн 10, хөдөлмөрийн гэрээний 2.3.2., 2.3.3., 3.1.1., 3.1.5. дахь заалтуудыг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

 Ажил олгогчийн Б/02 тушаалын талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1.-д зааснаар гомдол гаргасан тул ”Бумбардай” цэцэрлэг өөрийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн бол түүнийг ийнхүү давтан  зөрчил гаргасан,  уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын давтан зөрчил болохыг нотлох үүрэгтэй болно.

 Сахилгын давтан зөрчил нь тушаалын нэг үндэслэл болж байгаа тул ажил олгогчийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дугаар тушаалын  үндэслэл болгож сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчил болон ногдуулсан шийтгэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Ажил олгогчийн зөрчил гэж үзсэн болгоныг шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ зөрчил гэж үзэх эсэх, шийтгэл хүлээлгэсэн болгоныг шийтгэл гэж үзэх эсэхийг шүүх хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэргийн нотлох баримтад үндэслэн эрх зүйн хувьд үнэлж дүгнэх учиртай.

Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар өгсөн эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил олгогч болон ажилтны хоорондох хөдөлмөрийн гэрээг цуцалснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажилтныг сахилгын зөрчлөөр халж буй тушаалын үндэслэл болсон сахилгын зөрчил тус бүр нэг бүрчлэн тогтоогдсон байх учиртай. 

Ажилтан Д.Энхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, сахилгын зөрчлөөр ажлаас халсан  ажил олгогч “Бумбурдай” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалд тодорхойлсон  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан сахилгын давтан болон ноцтой зөрчлүүд, мөн хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Ажил олгогчийн дээрх тушаалд Д.Энхтуяагийн гаргасан гэх нэг зөрчил буюу цэцэрлэгийн хүүхдийн ирцийн бүртгэл дэвтэрт хүүхдийн тоог засч, санхүүгийн баримт бичиг хуурамчаар бүрдүүлсэн зөрчлийг сахилгын давтан зөрчил  болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдлийн  аль алинд нь хамааруулж сахилгын хоёр зөрчил мэтээр тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4., 40.1.5. дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна. Түүнчлэн тухайн зөрчлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль бус тушаал гаргасан гэж ажил олгогчийг буруутгасан шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох  баримтын хэмжээнд дүгнэлт өгсөн байна.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Д.Энхтуяаг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 40 цагийн ажил тасалсан гэж сахилгын зөрчлийг тодорхойлсон атлаа шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 29-31, 02 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үйл баримтыг цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлаар тайлбарлаж мэтгэлцжээ. 

Шүүх хариуцагч талын тайлбарыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29,30,31, 02 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд нэхэмжлэгч ажил тасалсан зөрчил гаргасан эсэх үйл баримтыг тогтоохдоо цагийн бүртгэлийн дэвтэр, гэрч С.Гэрэл, Ё.Лайжинханд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтад үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд ажилдаа ирсэн тухай бүртгэлтэй байгаа болон осолд орсны улмаас 01 дүгээр сарын 30-ны өдөр эмчид үзүүлсэн тухай амбулаторийн картад бичигдсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлт өгсөн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Ажил тасалсан гэх 2018 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд цагийн бүртгэлд Д.Энхтуяа нь ажилдаа ирсэн тухай бүртгэлгүй байгаагаас шүүх 1 өдрийг нь хөдөлмөрийн гэрээний 4.6.-д заасан ажилтныг чөлөөтэй байсанд тооцох тухай заалтад хамааруулан үзэж, 2 өдрийг нь ажил тасалсан гэж үзсэн байна. Ажил олгогч тушаалдаа  сахилгын ноцтой зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээний 3.1.5 дахь заалтыг үндэслэл болгожээ.  

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т хөдөлмөрийн гэрээг цуцлах  ноцтой зөрчил гэдэгт: 3.1.5. Ажил таслах. /Цэцэрлэгийн эрхлэгчээс зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхин ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан бол/... гэж тохиролцжээ. Хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтыг шүүх 3+1 өдөр гэж ойлгох  буюу 3 өдөр орохгүй гэсэн агуулгаар гэрээг тайлбарласан нь  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.” гэсэн заалтад харшлаагүй байна. 

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой  зөрчил гаргасан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, улмаар ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан үндэслэл үүссэн гэж үзэх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон эсэх үйл баримтын талаар анхан шатны шүүхийн өгсөн үнэлэлт дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5. дахь хэсгийн заалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцжээ.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх хэсгийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэсэн заалтуудад шүүхийн шийдвэр нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 193 057 төгрөг нэхэмжилсэн байхад 8 387 985 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр цалин олговрыг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан нэхэмжлэгч нь сахилгын давтан болон ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон байхад шүүх үгүйсгэж, буруу шийдвэрлэсэн  тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...8 387 985 төгрөгийг...” гэснийг “...7 193 057 төгрөгийг...” гэж, 4 дүгээр заалтын “...149 158 төгрөгийг...” гэснийг “...130 038 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 149 158 төгрөгөөс 19 120 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, 130 038 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА

 

                 ШҮҮГЧИД                                            Г.БОЛОРМАА

 

                                                                              Ц.ӨРНӨНДЭЛГЭР