Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 223/МА2020/00010

 

Х.Энхтуяагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 17-ний өдрийн 151/ШШ2020/00394 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Засаг даргад холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, Борнуур сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулж, улирал тутам олгодог үр дүнгийн урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь Төв аймгийн Борнуур сумын сургуульд 1991 оноос бага, дунд ангийн багшаар, 2004 оноос сургалтын менежерээр, 2013 оны 05 дугаар сараас тус сургуулийн захирлаар нийт 28 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2007 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2019 онд Алтан гадас одонгоор тус тус шагнуулж байсан. 2013 онд тус сургуулийн захирлаар томилогдсоноосоо хойш хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, үр дүнгийн гэрээ 91,5-94,10 хувь, сайдын 299 дүгээр тушаалын үнэлгээ 80-91 хувь, Аймгийн засаг даргын нэрэмжит үзлэгийн үнэлгээгээр 81,56-95,7 хувьтай тус тус үнэлэгдэж байсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 11 сарын 11-ний өдрийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр 88,11 хувьтай үнэлэгдсэн. Мөн Тев аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны үнэлгээгээр 2016-2018 онуудад зөрчилгүй үнэлэгдсэн.

Гэтэл 2019 оны 11 сарын 22-ны өдөр Төв аймгийн засаг даргын Б/61 тоот захирамж гарч, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. 2019 оны 11 сарын 22-ны өдрийн захирамжийг надад эх хувиар нь гардуулаагүй, 11 сарын 25-ний өдөр Борнуур сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.Галбадрах өрөөндөө дуудаж, дотоод удирдлагаар ирсэн захирамжийг хэвлэн гаргаж, хуулбар хувийг надад өгсөн.

Нийгмийн даатгалын дэвтрийг буцааж авах гэхэд нягтлан бодогч Ш.Энхтунгалаг асууж байж өгнө гээд өдийг хүртэл буцааж өгөөгүй. Ажил олгогчийн энэхүү үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-г зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэдийгээр миний бие Засаг даргын захирамжийг албан ёсоор гардаж аваагүй боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Уг захирамжинд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.3.2, 3.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн, сахилгын зөрчил давтан гаргасан байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байна.

Сахилгын зөрчил давтан гаргасан гэх тухайд:

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Төв Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, мэргэжилтэн А.Батзаяа, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг, СХАА-н улсын байцаагч С.Ганболд, Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ц.Намжилмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 12 сарын 21-ний өдөр тус сургууль дээр хяналтаар ажилласан бөгөөд ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийн 2 дахь заалтын дагуу Аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар Х.Энхтуяа миний  үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.

Тухайн үед хууль, эрх зүйн мэдлэггүйгээс гомдол гаргалгүй, сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн.

Уг хяналт шалгалтын дараа Төв аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оны 01 сарын 04-ний өдөр 06/14 тоот албан бичгээр сургуулийн хамт олныг нэгтгэх, цаашид харилцаа хандлагаа сайжруулах, ажил эрчимжүүлэх, 10 заалт бүхий зөвлөмж чиглэл бидэнд ирүүлсэн. Миний бие сахилгын шийтгэл оноосон асуудалд дүгнэлт хийн, ирүүлсэн зөвлөмж чиглэлийн хүрээнд төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байх хугацаанд Төв аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн А/559 тоот захирамжаар байгуулагдсан гэх ажлын хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7, 52.1, 52.3. 52.5 дахь заалтуудыг тус тус зөрчин, 2019 оны 10 сарын 29-ний өдөр тус сургууль дээр дахин хяналт шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын үр дүнд Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот акт, мөн өдрийн 33-08-61 тоот албан шаардлага гаргасан ба уг албан шаардлагыг надад гардуулалгүйгээр, тэдгээрт үндэслэн Төв аймгийн Засаг дарга захирамж гарган, ажлаас нь халсанд гомдолтой байна.

Засаг даргын захирамжид дурдсан Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн акт, албан шаардлагын тухайд:

Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд 2015 оны 06 сарын 20-ны өдөр 33-08-47 тоот улсын байцаагчийн албан шаардлага, 33-01- 99 тоот акт үйлдэгдсэн байх бөгөөд зөрчлийг илрүүлснээс хойш 5 сарын хугацаа хэтэрсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 т заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй юм. Тухайн үед сахилгын зөрчил гаргасан тухай амаар болон бичгээр мэдэгдэж байгаагүй болно.

Засаг даргын захирамжинд дурдсан Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот актын тухайд:

Нөхцөл байдлыг үндэслэлтэй судлан, дүгнэлт гаргаагүй, дээр дурдсан улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, 2019 оны 11 сарын 29-ний өдөр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Ч.Хүрэлбаатарт хандан, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот актыг хүчингүй болгохоор гомдол гаргасан.

Монгол улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар уг гомдлыг хянаад 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 13-2/8392 тоот албан бичгээр 33-01-204 тоот актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д анхан шатны баримт бүрдүүлэх гэсний дагуу анхан шатны баримт бүрдүүлээгүй, 14.4.4-т аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, 14.4.5-д бүх орлого, 14.4.6-д бүх зардлыг нягтылан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байх тул тухайн актын 2 дахь заалт үндэслэлтэй байна гэжээ.

Миний бие анхан шатны баримтын бүрдлийг дутуу хангасан, аж ахуйн ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардлыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байх ба энэ нь захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна.

Уг албан шаардлагад зарлагын баримтгүй бараа материалын тайланд орлого авсан, илүү орлого авсан, үндсэн хөрөнгийн бүртгэлд орлого аваагүй зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.1.1, 20.1.4, Сангийн сайдын баталсан “Эд хариуцагчийн дүрэм"-ийн 4.4 ийг зөрчсөн байна гэсэн байх бөгөөд дурдсан зөрчлүүд нь мөн л захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна.

Ажлаас чөлөөлөх захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй болно. Ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэх хэсэгт 40.1.5 гэж заасан боловч захирамжийн 1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгтэй холбоогүй байх тул хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Мөн Төв аймгийн Засаг дарга 2019 оны 11 сарын 22-ны өдрийн Б/61 тоот захирамжаар миний биеийг ажлаас халахдаа тушаал гарсан өдрөөс нь буюу 2019 оны 11 сарын 22-ны өдрөөс шууд ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэснийг зөрчсөн байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, Борнуур сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, улирал тутамд олгодог үр дүнгийн урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Борнуур сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Энхтуяагийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу томилсон ажлын хэсэг 2018 оны 12 сарын 21-ний өдөр тус сургуульд хяналт шалгалтаар ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр түр тушаалаар томилогдсон багш нарын ажлыг журмын дагуу үнэлж дүгнэсэн боловч үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй, зарим багш нарт 2018 оны ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй, мөн ёс зүй, харилцаа хандлагын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 04-ний Б/01 тоот захирамжаар цалинг 2 сар 15% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд сургуулийн хамт олныг нэгтгэх, цаашид харилцаа хандлагаа сайжруулах, ажил эрчимжүүлэх зөвлөмж чиглэлийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 04-ний 06/14 тоот албан бичгээр сургуулийн захиралд хүргүүлсэн.

 

Хяналт шалгалтаар ёс зүйн болоод төсөв, санхүүгийн зөрчил болох Солонгос улсын иргэнээс авсан 400 долларын хандив болон хамаарал бүхий аж ахуйн нэгжээс төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүй хандив авч данс бүртгэлд тусгалгүй зарцуулсан зэрэг сургуулийн санхүү төсвийн холбоотой, ашиг сонирхлын зөрчил, авлигын холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт хандаж хяналт тавьж ажиллах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 2019 оны 01 сарын 07-ны 06/17 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2019 оны 10 сарын 22-ны өдрийн Аймгийн Засаг даргын А/559 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны явцад хяналт шинжилгээ хийх, шалган туслах, өмнөх шалгалтын мөрөөр зохион байгуулсан ажлыг шалгах ажлыг 2019 оны 10 сарын 23-ны өдөр Борнуур сумын Ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулсан.

Шалгалтын ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтээр Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Энхтуяа нь Төсвийн ерөнхийлөн захирагчид урьдчилан мэдэгдэж, бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд орж, тайлагнаж байх ёстой төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд тухайн жилд шинээр бий болгосон нэмэлт орлого болох гаднаас ирсэн хандив тусламжийн мөнгө, төсөвт байгууллагын туслах үйл ажиллагааны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулж байсан бөгөөд байгууллагын нягтлан бодогч нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй, нярав Ж.Баярмаа нь “Хүслийн аялал”-ын төлөөлөгчөөр ажиллаж, захиралтай хамтран үгсэн хуйвалдаж байгаа нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 18 дугаар зүйл, давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчиж байх тул албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр төсөв санхүүгийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчилд Санхүүгийн хяналт аудитийн албаны улсын байцаагчийн акт албан шаардлагууд бичигдсэн тул сахилгын арга хэмжээ авхуулах тухай саналыг аймгийн Засаг даргад танилцуулсан.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Энхтуяатай 2017 оны 01 сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3.5-д заасан “төсвийн хууль тогтоомж зөрчсөн... зөрчил дутагдлыг 2 ба түүнээс дээш удаа гаргасан нь аймгийн санхүүгийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол...” гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн гэрээний 3.3, 3.3.2, 33.5 дахь заалтуудыг зөрчсөн сахилгын зөрчилд нь Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Энхтуяад ажлаас халах сахилгын арга хэмжээ ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Х.Энхтуяа нь 2019 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд нэг жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг баримтлан Аймгийн засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 6/61 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас халахаар шийдвэрлэсэн.

Аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 6/62 тоот захирамжийн 4-р заалтаар Х.Энхтуяад аймгийн засаг даргын 2020 оны 11 сарын 22-ны өдрийн 6/61 тоот захирамжийг гардуулж, сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажпыг 11 сарын 25-ны дотор ажлын хэсэг томилон хүлээлцүүлэхийг Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаярт даалгасан болно.

Аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 6/61 тоот захирамж нь хууль эрх зүйн үндэслэлтэй шийдвэр тул Х.Энхтуяагийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төв аймгийн Засаг даргад холбогдох “Төв аймгийн Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны Б/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын  сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэгч Х.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Төв аймгийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШШ2020/00394 тоот шийдвэрийг дор дурдсан хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгуй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ...нэхэмжлэгч Х.Энхтуяад холбогдох улсын байцааагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 33-01-204 тоот актын нэг дэх хэсгийг дээд албан тушаалтан хүчингүй болгосон хэдий ч тухайн актын бусад хэсэг нь хүчин төгөлдөр байгаа нь хөдөлмөрийн гэрээний 3.2.7-д заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төсвийн хууль тогтоомж зөрчсөн дутагдал гаргасан байдлыг тогтоосон гэж үзэхээр байна.

Төв аймгийн Засаг даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн үндсэн үйл ажиллагааны явц, үр дүн, удирдлага, зохион байгуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр ажиллаж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сургууль дээр ажиллаж, Төв аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 33-01-204 тоот акт, 330-08-61 тоот албан шаардлага гаргасан байдаг.

Нэхэмжлэгч X.Энхтуяа нь нөхцөл байдлыг үндэслэлтэй судлан, дүгнэлт гаргаагүй, 33-01-204 тоот улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч Ч. Хүрэлбаатарт хандан уг актыг хүчингүй болгохоор гомдол гаргасан. Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг гомдлыг хянаад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13-2/8392 тоот албан бичгээр 33-01-204 тоот актын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, 2 дах заалтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д анхан шатны баримт бүрдүүлэх гэсний дагуу анхан шатны баримт бүрдүүлээгүй, 14.4.4 т аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, 14.4.5-д бүх орлого, 14.4.6 д бүх зардлыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байх тул тухайн актын 2 дах заалт үндэслэлтэй байна гэжээ.

33-01-204 тоот актын 2 дах заалтаар Дэлхийн зөн ОУБ ын сургалтын үеийн хоолны орлого 3760830 төгрөгийг сургуулийн захирал X. Энхтуяа, нярав Ж. Баярмаа нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэв, 3 дах заалтаар төлбөрийн... төгрөгийг 2019 оны 11 дүгээр сард багтаан төлүүлж, Борнуур сумын ЕБС-ийн нэмэлт санхүүжилтийн ...тоот дансанд оруулахыг захирал, нягтлан бодогч нарт актаар хариуцуулав, 4 дэх заалтаар МУ-ын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1-д Аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана гэсэн заалтыг үндэслэж, тайлан тэнцэлд тусган хэрэгжүүлэхийг нягтлан бодогч Ш.Энхтунгалагт актаар хариуцуулав гэжээ. Мөн өдрийн 33-08-61 тоот албан шаардлагад зарлагын баримтгүй бараа материалын тайланд орлого авсан, илүү орлого авсан, үндсэн хөрөнгийн бүртгэлд орлого аваагүй зэрэг зөрчлүүд гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.1.1, 20.1.4, Сангийн сайдын баталсан "Эд хариуцагчийн дүрэм" ийн 4.4-ийг тус тус зөрчсөн байна гээд МУ-ын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасны дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, албан шаардлага хүргүүлэв гээд 3 дах заалтаараа албан шаардлагын биелэлтийг гаргаж, 2019 оны 11 дүгээр сард багтаан бичгээр ирүүл гэжээ.

Төрийн аудитын байгууллагаас зөрчил гаргасан албан тушаалтантай холбогдуулан Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д зааснаар тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэгт ажлаас нь халах тухай саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан Төв аймгийн аудитын газраас Төв аймгийн засаг даргад нэхэмжлэгч X.Энхтуяаг сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь халах тухай санал хүргүүлсэн талаар баримт байхгүй бөгөөд Төрийн аудитын албанаас зөрчил арилгуулахаар тогтоосон хугацаа дуусах буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Засаг дарга захирамж гаргаж, X.Энхтуяаг ажлаас халсныг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Шуүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй анхан шатны баримтын бүрдлийг дутуу хангасан, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардлыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлүүд нь байгууллагын ерөнхий нягтлан бодогч болон няравын ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэгтэй холбоотой байх бөгөөд X.Энхтуяа нь санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжил чадвар дутагдалтайн улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй явдал нь сахилгын зөрчилд тооцогдохгүй гэдгийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

                                                       ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Энхтуяа  ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, улирал тутам олгодог үр дүнгийн урамшуулал болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг даргаас Х.Энхтуяа нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан бөгөөд нэг жилийн дотор дахин сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/61 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халахаар шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төв аймгийн Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/61 тоот захирамжаар нэхэмжлэгч Х.Энхтуяаг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчилд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар сахилгын арга хэмжээ авагдсан, мөн төсөв, санхүүгийн зөрчил гаргасан болох нь 2019 оны 6 дугаар сарын 20, 10 дугаар сарын 29-ны өдрийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт, албан шаардлагуудаар тогтоогдсон  хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан 2 ба түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргавал давтан зөрчил гэж  үзэн ажил олгогч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд зөрчил хоорондын хугацаагаар давтан зөрчил гэсэн ойлголтын гол шинж тодорхойлогдохоос гадна шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ ажилтны гаргасан зөрчил, түүнд хүлээлгэсэн шийтгэлийн талаар хуулийг тайлбарлан хэрэглэх замаар ажил олгогчийн зөрчил гэж үзсэн зөрчил тус бүрд эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

Гэтэл  зайлшгүй дүгнэлт хийвэл зохих ажилтны эхний зөрчилд хүлээлгэсэн ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжийн талаар шүүх эрх зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй, уг захирамж нь хэрэгт  авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Х.Энхтуяа шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ “...тухайн үед хууль, эрхзүйн мэдлэггүйгээс гомдол гаргалгүй, сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн“ гэж дурьдсан /хх-2тал/, бол хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 15%-иар бууруулах сахилгын арга хэмжээ авсан” гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд харин шүүхээс “...Талууд энэхүү сахилгын арга хэмжээний талаар маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тухайн арга хэмжээг хүчин төгөлдөр гэж үзлээ...“ гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс талууд маргаагүй гэснээс өөр ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс сахилгын давтан зөрчлийн талаар болон ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, өмгөөлөгч Н.Одонтуяа нарын “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 151/ШШ2020/00394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                  ШҮҮГЧИД                                               Г.БОЛОРМАА

                                                                                  Т.ЭНХМАА