Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 37

 

Д.З-ын нэхэмжлэлтэй, Ховд

аймгийн Дарви сумын Засаг дарга, тус сумын

Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч

нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Л.Атарцэцэг

                                                      Б.Мөнхтуяа

                                                      Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу явагдсан 2018 оны 04 сарын 13-ны өдрийн газрын дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн А/43 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0622 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Д.З,

Гуравдагч этгээд Б.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжууд, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан газрын дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0622 дугаар магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 125/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Эбон тур” ХХК-ийн төлөөлөгч Б.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд “Э т” ХХК-ийн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... давж заалдах шатны шүүхийн магадлал хариуцагч маргаан бүхий захирамжуудыг нэхэмжлэгч болон бусад этгээдэд мэдэгдсэн талаар холбогдох нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр мэтгэлцээгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй тул гуравдагч этгээдийн гомдлын “иргэн Д.Зр Дарви сумын Засаг даргын маргаан бүхий эдгээр захирамжуудыг хэзээ мэдсэн нь маргааны шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна” гэж дүгнэжээ.

4. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд тодорхой 30 хоногийн хугацаа зааж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс Засгийн газрын тогтоолоор заасан хоног хугацааг баримтлан маргааныг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж байгаа нь өөрөө шүүхээс хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзэж байна.

5. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Дарви сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/43 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад мөн л хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан байж болзошгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.

6. ...шүүхийн зүгээс www.mle.mn цахим хуудсыг хөгжүүлэгч буюу админ эрхтэй Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас уг зарыг анх хэзээ хэний захиалгаар тавьж, хэзээ хэрхэн (анхан шатны шүүхээс мэдээлэл өөрчилсөн талаарх огноог зар анх оруулсан гэж дүгнэсэн) өөрчилсөн талаарх мэдээллийг авсаны үндсэн дээр нотлох баримтуудын зөрүүтэй байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байсан ч зөвхөн компьютерийн дэлгэцнээс авсан гэрэл зургаар асуудлыг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс мөн л магадлалынхаа гол үндэслэл болгосон нь мөн учир дутагдалтай байна.

7. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0622 магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

9. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т газар эзэмших эрх олгох дуудлага худалдаа явуулах журам, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар тогтоохоор заасны дагуу газрын дуудлага худалдааг зохион байгуулж, явуулахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-аар тусгайлан зохицуулсан байна.

10. Уг журмын 6.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын алба, сумын газрын даамал ... дуудлага худалдаа зохион байгуулахтай холбогдуулан дор дурдсан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэнэ: ...6.1.2.дуудлага худалдааны тов,... тогтоосон шийдвэрийн төслийг бэлтгэж, тухайн шатны Засаг дарга /-аар/ гаргуулах”-аар, 7.1-д “дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ: 7.1.1.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр; 7.1.2.аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэж тус тус зааснаас үзэхэд: дуудлага худалдааны товыг тогтоох захиргааны актыг дуудлага худалдааг явуулах өдрөөс дор хаяж 30 хоногийн өмнө гаргасан байвал зохихоор, “зар”-ыг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнөөс эхлэн зэрэгцээ 2 хэлбэрээр түгээхээр заажээ.

11. Энэ маргааны хувьд Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/28 дугаар захирамжаар газрын дуудлага худалдааг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж явуулахаар “тов”-ыг тогтоосон нь дуудлага худалдааны зарыг нийтэд мэдээлэх хугацаа зөрчигдөх байдалд хүрсэн, “зар”-ыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй ба www.mle.mn /газрын биржийн цахим хуудас/ сайтад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байршуулсан үйл баримт тогтоогдсон, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн хариуцагч нарын үйл ажиллагаа хууль бус болохыг, үүний улмаас сонирхож байсан этгээдийн хувьд нэхэмжлэгч Д.З-ын уг дуудлага худалдаанд оролцох хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Харин давж заалдах шатны шүүх “...“дуудлага худалдааны зарыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэх” тухай ойлголт нь хариуцагчийн албан ёсоор дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэр гарсныг ойлгоно” гэж дүгнэсэн нь буруу хэдий ч үүгээр хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал өөрчлөгдөхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

13. Иймд, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан “...зарыг сайтад байршуулсан гэрчийн болон гуравдагч этгээдийг тайлбар зөрүүтэй, шүүх “зар”-д өөрчлөлт оруулсан огноог “зар” оруулсан мэтээр дүгнэсэн, нотлох баримтуудын зөрүүтэй байдалд бодитой үнэлэлт өгөөгүй ” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

14. Түүнчлэн, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/28 дугаар захирамж, уг захирамжийн дагуу явагдсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дуудлага худалдаа, дуудлага худалдааны үр дүнд гарсан мөн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/43 дугаар захирамжийг хянуулахаар нэхэмжлэгчээс дээд шатны Засаг дарга болох Ховд аймгийн Засаг даргад гомдол гаргасантай гуравдагч этгээд маргаагүй, нэхэмжлэгчийн гомдлыг Ховд аймгийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй энэ тохиолдолд шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.2-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасныг зөрчөөгүй.

15. Иймд, гуравдагч этгээдээс “...давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан байж болзошгүй” гэх гомдол гаргасныг мөн хүлээж авах үндэслэлгүй.

16. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0622 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ЭБОН тур” ХХК-ийн захирал Б.Эрдэнбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ