Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 223/МА2020/00011

 

БОНН ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БОНН ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-иас 48 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн төлөөлөгч З.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч “БОНН” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “БОНН” ХХК нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай захирамжаар "нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч "БОНН" ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид 357 336 215.25 төгрөгийг 2017 оны 12 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байр, 17 тоотод байрлах 18 м.кв талбайтай орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний "Эй Жэй Жэй Эм" ХХК-иар үнэлүүлэхэд 48 650 000 төгрөгөөр үнэлсэн байна. Тухайн орон сууц нь өнөөдрийн байдлаар 70 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй байгаа. Энэ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлж үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж төлбөр төлөгч хуулийн этгээдийг хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргасан болно. Иймд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байр, 17 тоотод байрлах 18 мкв талбайтай орон сууцыг 48 650 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БОНН” ХХК нь Төв аймаг дахь сумдын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Голомт” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй “БОНН” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 357 336 215 төгрөгийг 2017 оны 12 дугаар 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн захирамжийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас болон албадан гүйцэтгүүлэх захирамж гарч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа. Барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр барын 17 тоотын 18 м.кв орон сууцны хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК нь 48.650.000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцыг хэт доогуур үнэлсэн 70 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээч томилсон процесс болон хөрөнгийн үнэлгээ нь хууль зөрчсөн үнэлгээ байна гэж гомдол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.Амбасэлмааг шинжээчээр томилсон. Тухайн тогтоолын дагуу үнэлгээг хийж ирүүлсэн. Тухайн компаниас томилж байгаа бол Г.Амбасэлмааг томилсон итгэмжлэл юм уу, тухайн хуулийн этгээдэд ажилладаг гэсэн нотлох баримт байх ёстой байтал тийм баримт байхгүй. Мөн хөрөнгийн үнэлгээчин бол Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүрэг танилцуулагдаж, дүгнэлт гаргаж байгаа. Энэ хуульд захирагдах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн орлогын аргуудыг хослуулна гэж заасан. Тухайн хөрөнгөд зах зээлийн харьцуулалтын жишиг үнийн аргаар дүгнэлт гаргасан. Ингэж гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Мөн хөрөнгийн үнэлгээг Г.Амбасэлмаа гэдэг үнэлгээчин гүйцэтгэсэн гэдэг. Гэхдээ тайлан дотор туслах үнэлгээчинтэй цуг гүйцэтгэсэн. Туслах үнэлгээчин тухайн үнэлгээг гаргахад ямар эрх үүрэгтэй оролцсон юм, үнэлгээг хийхэд Үнэлгээний тухай хуульд зааснаар эрх үүрэг танилцуулсан гэдэг зүйл нь байхгүй. Энэ нь хууль зөрчсөн байна. Эдгээр 3 үндэслэлээр энэ үнэлгээ хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байгаа учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлага гаргасан.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БОНН” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 14 дүгээр байрны 17 тоотын 18 м.кв орон сууцыг 48. 650 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж байна. Ийм учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэх газар нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар “БОНН” ХХК-аас 357 336 215 төгрөгийг “Голомт” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 412 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд төлбөр төлөгч “БОНН” ХХК-д төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй ба төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж барьцаа хөрөнгүүдийг хураах ажиллагаа явуулан үнэлгээг тогтоолгох болгонд шүүхэд гомдол гаргаж, 3 шатны шүүхээр хэлэлцүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулдаг. “БОНН” ХХК-ийн барьцаа хөрөнгө болон Н.Бадрал, Н.Цацрал нарын барьцаа хөрөнгө болон дундын өмчлөлийн 18 м.кв орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны 17200553/10 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөх хугацааг 10 дугаар 30-ны өдрөөр тогтоож, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг Н.Цацралд хариуцуулан үлдээсэн.

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 06-ны 17200553/11 дүгээр шийдвэр гүйцэтгэлийн даалгавраар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн эд хөрөнгийг хураасан. Мөн хадгалалт, хамгаалалтыг өмчлөгч Н.Цацралд хариуцуулан үлдээж, төлбөр төлөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон. Мөн төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт дээрх хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Ийнхүү үнийн саналаа ирүүлээгүй тул шинжээч томилсон. Уг шинжээч томилсон тогтоолын дагуу  “Эй Жэй Жэй Эм”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.Амбасэлмааг шинжээчээр томилсон. Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, тухайн хөрөнгө 48 650 000 төгрөгөөр үнэлэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан. Тухайн хөрөнгийг зах зээлийн хандлагаар, арилжааны шууд харьцуулалтын аргаар ижил төстэй хөрөнгүүдийг судалж, үнэлгээг тогтоосон бөгөөд тухайн үнэлгээ хийгдэж буй орон сууцад харьцуулагдаж байх хөрөнгө нь нэг хороололд ашиглалтанд орсон хугацаа, талбайн хэмжээ, хийц материал нь ижил зэрэг нөхцөл байдлуудыг сайтар тогтоож, нийт 3 өөр төрлийн орон сууцтай харьцуулан үнэлгээг тогтоосон.

Иймд дээр шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардах тухай асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах тухай тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулна гэж заасан. Шинжээчээр томилохдоо “Эй Жэй Жэй Эм” ХХК-тай хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэх газар байгуулсан. Энэ гэрээнд Г.Амбасэлмааг дурдаж өгсөн. Тийм учраас хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.” гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус зааснаар “БОНН” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг 48 650 000 төгрөгөөр үнэлсэн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БОНН” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Батсайхан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.02-ны өдрийн 10 дугаартай Шүүгчийн захирамжаар "БОНН" ХХК /РД:2649152/-аас 357,336,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Голомт" банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.06-ны өдрийн 412 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн ирснийг тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч "БОНН" ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулж төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул 2019.10.22-ны өдрийн 17200553/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор "БОНН" ХХК-ний барьцаа хөрөнгө болох Н.Бадрах /РД:НЭ88070978/, Н.Цацрал /РД:НЭ97060723/ нарын өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 14 дүгээр байрны 17 тоотод байрлах 18м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн 2019.12.06-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлэн дээрх битүүмжилсэн орон сууцыг хураах ажиллагаа хийхийг даалгасан. Уг даалгаврын дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 141 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаяр нь 2019.12.25-ны өдөр 17200553/11 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан төлбөр төлөгч "БОНН" ХХК-ний захирал Н.Бадрахад төлбөр төлөх боломжит хугацааг 2019.12.30-ны өдөр байхаар тогтоосон. Тогтоосон хугацаанд "БОНН" ХХК нь төлбөрөө төлөөгүй тул төлбөр төлөгч "БОНН" ХХК болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Н.Цацрал, Н.Бадрах, "БОНН" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг нараас хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг ирүүлэхийг 2020.01.02-ны өдрийн мэдэгдэх хуудсаар, мөн өдөр Н.Цацралд 99924800 дугаарын утсаар, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэгт 99609453 дугаарын утсаар, "БОНН" ХХК-ний захирал болон тухайн хөрөнгийн өмчлөгч Н.Бадрахад 99095700 дугаарын утсаар холбогдон хураагдсан хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэн тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.

Төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас тухайн хөрөнгийн үнэлгээний талаар үнийн саналаа ирүүлээгүй тул 2020.01.23-ны өдөр хөрөнгийн үнэлгээний "Эй Жэй Жэй Эй" ХХК-тай Хөрөнгийн үнэлгээний гэрээ байгуулан мөн өдрийн 17200553/16 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Г.Амбасэлмааг шинжээчээр томилон шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14,15-р зүйлүүд болон шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13,14-р зүйлүүдэд заасан эрх үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан.

Хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг 2020.01.27-ны өдөр тус газарт ирүүлснийг тэмдэглэл хийн хүлээн авсан уг дүгнэлтэд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 14 дүгээр байрны 17 тоотод байрлах 18м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 48,650,000 төгрөгөөр үнэлснийг 2020.01.29-ний өдөр 1/141 дугаартай албан бичгээр төлбөр авагч “Голомт" банкинд, мөн өдрийн 1/142 дугаартай албан бичгээр "БОНН" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэгт, 1/143 дугаартай албан бичгээр тухайн хөрөнгийн өмчлөгч Н.Цацралд, 1/144 дугаартай албан бичгээр "БОНН" ХХК-ний захирал, тухайн хөрөнгийн өмчлөгч Н.Бадрах нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн.

Төлбөр төлөгч "БОНН" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль нь 2020.02.05-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 520 дугаартай шийдвэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 14 дүгээр байрны 17 тоотод байрлах 18м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 48,650,000 төгрөгөөр үнэлсэн "Эй Жэй Жэй Эй" ХХК-ний үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Шүүхээс дээрх үнэлгээг хүчингүй болгохдоо

Төлбөр авагч "Голомт" банк ХХК болон төлбөр төлөгч "БОНН" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Бадрах, Н.Цацрал нарт дээрх хураагдсан хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэх шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01 02-ны өдрийн 17200553/12, 17200553/13, 17200553/14 дугаартай мэдэгдэх хуудаснуудаар хугацаа тогтоон мэдэгдсэн боловч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь үнийн санал гаргаагүй байна.

Гэвч дээрх шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас нь "Хас" банкинд олгох төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэх бичилттэй байгаа нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх уу эсвэл өөр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдэх хуудас эсэх нь ойлгомжгүй төлбөр авагчийн зөрүүтэй бичилттэй мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй байна.

Мөн тухайн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хүний гарын үсгүүд нь нэг ижил, нэг хүний гарын үсэг зурагдсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа " мэдэгдэх хуудас хүлээн авсан хүний гарын үсэг нь гэсэн хэсэгт зурсан хүн нь манай бичиг хэргийн ажилтан зурдаг тухайн хүн энэхүү албан бичгийг шууданд хийдэг" гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн мэдэгдэх хуудсыг хэзээ ямар хүнд гардуулсан, ямар хаягаар явуулсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. иймд энэхүү ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.2-т "энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсэхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө" мөн хуулийн 14.3-т " шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүулнэ" гэж заасан хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй зөвхөн нэг баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүгд буруу явагдсан мэтээр ойлгогдохоор тайлбарлан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон гэж үзэж байна. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шийдвэр гүйцэтгэгч нь мэдэгдэх хуудсыг зөвхөн баталгаат шуудангаар хүргүүлдэггүй харилцаа холбооны хэрэгсэл буюу гар утсаар мэдэгдэж болдог талаар тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтад төлбөр төлөгч тал болон тухайн үнэлэгдэж буй хөрөнгийн өмчлөгч нарт хураагдсан хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэн утсаар ярьсан яриаг тэмдэглэл болгон нотлох баримтаар өгсөн боловч уг нотлох баримтыг шүүхээс үнэлээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгч нарт үнийн санал авах тухай мэдэгдлийг утсаар мэдэгдэх, мэдэгдэх хуудас хаягаар хүргүүлэх гэсэн 2 аргаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал нь тухайн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй талаар маргаагүй бөгөөд мөн 357,336,215 төгрөг гаргуулан “Голомт" банкинд олгох төлбөрийн талаар бүрэн ойлгож байсан гэж үзэж байна. нэхэмжлэгч тал хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй буюу эсхүл өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэх хуудас гэж ойлгон үнийн саналаа ирүүлээгүй бол энэ талаараа нэхэмжлэлдээ тусган шүүхээр шийдвэрлүүлэх бололцоотой. Гэтэл нэхэмжлэлд энэ талаар ямар нэгэн байдлаар тусгаагүй. Хариуцагч болох манай байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн эсэх талаарх баримтыг гаргуулахаар хүсэлт тавих эрх нь нээлттэй байсан хэдий ч энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д "Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т "Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатай хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна" гэж тус тус заажээ. Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээчид эрх үүрэг тайлбарласан атлаа Монгол Улсын Эрүүгийн холбогдох зүйл заалтыг барьж тайлбарлаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

Энэ нь шүүгч "Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна өөрөөр хэлбэл "Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна, гэж заасныг хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээчид эрх үүрэг тайлбарласан атлаа Монгол Улсын Эрүүгийн холбогдох зүйл заалтыг барьж тайлбарлаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тусгаснаас харагдаж байна. шийдвэр гүйцэтгэгч нь "Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заагдсан ажиллагааг хийх үүргийг хуулиар хүлээгээгүй бөгөөд энэ нь Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтны хийвэл зохих ажиллагаа юм. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.

8.2-т Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана.

8.3-т Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж зааснаас харагдаж байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020.01,23-ны өдрийн 17200553/16 дугаартай шинжээч томилох тогтоолын тогтоох хэсгийн 3-т шинжээч Г.Амбасэлмаад Шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлэхгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан бөгөөд уг тогтоолтой шинжээч Г.Амбасэлмаа нь танилцан гарын үсэг зурсан болно.

Мөн зохигч хооронд үүссэн маргааны зүйл нь процессын шинжтэй буюу хариуцагч болох Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох ёстой тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болох шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас хэрэгт авагдаагүй байна. гэж үндэслэл болгосон нь шүүгч талуудын маргааны зүйл буюу нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тайлбарласан, өөрөөр хэлбэл шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт "Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох ёстой тул" гэж тайлбарласан нь нэхэмжлэгч болон хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарласан тайлбар биш.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана, гэж заасныг зөрчин шүүгч тайлбарласан гэж үзэж байна. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль нь Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хандан гаргасан нэхэмжлэлийн, нэхэмжлэлийн шаардлага хэсэгт: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байр, 17 тоотод байрлах 18м.кв талбайтай орон сууцыг 48,650,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Түүнээс бус шүүгчийн тайлбарласнаар "Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийг татгалзах үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулах гаргаж өгөх, үүрэгтэй болно өөрөөр хэлбэл "Шинжээч томилох тогтоол"-д заасан Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийдвэр , гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтуудыг хариуцагч байгууллага шүүхэд гаргаж өгөөгүй, ямар эрх зүйн актыг үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийх шинжээч томилсон болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаас нэхэмжлэгч талд ашигтай байдлаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмчлөгч нь өөрийн шаардлага ба " гэх хэсгийг хасан зөвхөн "нэхэмжлэлийг татгалзах үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулах гаргаж өгөх, үүрэгтэй болно" гэх байдлаар тухайн шийдвэрийн үндэслэл болгон тодотгон өгсөн нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. өөрөөр хэлбэл тухайн маргаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д тусган өгсөн байна.

Иймээс Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 520 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, "ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ний үнэлгээчин Г.Амбасэлмаагийн 2020.01.27-ны өдрийн орон сууцны үнэлгээний тайлан, дүгнэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү.” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “БОНН” ХХК нь хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчид тухайн эд хөрөнгийн үнийн саналыг авах тухай мэдэгдэх хуудсыг явуулсан боловч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул шинжээч томилж үнэлгээ тогтоож, орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 48 650 000 төгрөгөөр тогтоосон, энэ талаараа төлбөр төлөгчид мэдэгдсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж заажээ.

Хуулийн дээрхи зохицуулалтын дагуу шийдвэр гүйцэтгэгч хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцсон эсэхийг тодруулж, тохиролцоогүй тохиолдолд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилох дараалалтай байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар  харилцан тохиролцсон эсэх тодорхойгүй, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тодруулаагүй, төлбөр авагч “Голомт банк”-наас үнийн санал аваагүйн зэрэгцээ мөн төлбөр төлөгч  үнийн саналаа тодорхой өгөөгүй байна. 

Иймээс  шийдвэр гүйцэтгэгч  хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар  талууд харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, талуудаас үнийн санал авалгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан дарааллыг зөрчсөн байна. 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын №17200553/12, №17200553/13, №17200553/14 дугаартай мэдэгдэх хуудсуудаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахаар мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн боловч тухай мэдэгдэх хуудсуудад “Голомт банк” ХХК-д биш “Хас банк” ХХК-д төлбөрийг барагдуулахаар бичигдсэн байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх шаардлагад нийцээгүй байна.

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17200553/16 дугаартай шинжээч томилсон тогтоол, шинжээчийн эрх үүргийг шинжээч Г.Амбасэлмаад танилцуулсан боловч Монгол улсын Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг сануулж тайлбарлаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулга бүхий хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 151/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.БОЛОРМАА

           

                          ШҮҮГЧИД                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                   Т.ЭНХМАА