Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2020/00520

 

 

 

 2020 оны 04 сарын 10 өдөр

дугаар 151/ШШ2020/00520

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, 19-3-34 тоотод байрлах РД:2649152, “““““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ”“““““““““рт холбогдох

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг шинжээч “““““““““““” ХХК-иас 48 650 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“““““““““““” ХХК нь Төв аймаг дахь сумдын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “““““““““““” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 357 336 215 төгрөгийг 2017 оны 12 дугаар 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн захирамжийн дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас болон албадан гүйцэтгүүлэх захирамж гарч Төв аймгийн ““““““““““рт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа. Барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр барын 17 тоотын 18 м.кв орон сууцны хөрөнгийн үнэлгээний “““““““““““” ХХК нь 48.650.000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцыг хэт доогуур үнэлсэн 70 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байгаа. Мөн ““““““““““р шинжээч томилсон процесс болон хөрөнгийн үнэлгээ нь хууль зөрчсөн үнэлгээ байна гэж гомдол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “““““““““““” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.”“““““““““г шинжээчээр томилсон. Тухайн тогтоолын дагуу үнэлгээг хийж ирүүлсэн. Тухайн компаниас томилж байгаа бол Г.”“““““““““г томилсон итгэмжлэл юм уу, тухайн хуулийн этгээдэд ажилладаг гэсэн нотлох баримт байх ёстой байтал тийм баримт байхгүй. Мөн хөрөнгийн үнэлгээчин бол Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх, үүрэг танилцуулагдаж, дүгнэлт гаргаж байгаа. Энэ хуульд захирагдах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн орлогын аргуудыг хослуулна гэж заасан. Тухайн хөрөнгөд зах зээлийн харьцуулалтын жишиг үнийн аргаар дүгнэлт гаргасан. Ингэж гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Мөн хөрөнгийн үнэлгээг Г.”“““““““““ гэдэг үнэлгээчин гүйцэтгэсэн гэдэг. Гэхдээ тайлан дотор туслах үнэлгээчинтэй цуг гүйцэтгэсэн. Туслах үнэлгээчин тухайн үнэлгээг гаргахад ямар эрх үүрэгтэй оролцсон юм, үнэлгээг хийхэд Үнэлгээний тухай хуульд зааснаар эрх үүрэг танилцуулсан гэдэг зүйл нь байхгүй. Энэ нь хууль зөрчсөн байна. Эдгээр 3 үндэслэлээр энэ үнэлгээ хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байгаа учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлага гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

““““““““““““” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 14 дүгээр байрны 17 тоотын 18 м.кв орон сууцыг 48. 650 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж байна. Ийм учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэх газар нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар “““““““““““” ХХК-аас 357 336 215 төгрөгийг “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 412 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд төлбөр төлөгч “““““““““““” ХХК-д төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй ба төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж барьцаа хөрөнгүүдийг хураах ажиллагаа явуулан үнэлгээг тогтоолгох болгонд шүүхэд гомдол гаргаж, 3 шатны шүүхээр хэлэлцүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулдаг. “““““““““““” ХХК-ийн барьцаа хөрөнгө болон Н.Бадрал, Н.Цацрал нарын барьцаа хөрөнгө болон дундын өмчлөлийн 18 м.кв орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын  22-ны 17200553/10 эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөх хугацааг 10 дугаар 30-ны өдрөөр тогтоож, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг Н.Цацралд хариуцуулан үлдээсэн.

Төлбөр төлөгч тогтоосон хугацанад төлбөр төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 06-ны 17200553/11 дүгээр шийдвэр гүйцэтгэлийн даалгавараар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн эд хөрөнгийг хураасан. Мөн хадгалалт, хамгаалалтыг өмчлөгч Н.Цацралд хариуцуулан үлдээж, төлбөр төлөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон. Мөн төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт дээрх хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Ийнхүү үнийн саналаа ирүүлээгүй тул шинжээч томилсон. Уг шинжээч томилсон тогтоолын дагуу “““““““““““” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.”“““““““““г шинжээчээр томилсон. Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, тухайн хөрөнгө 48 650 000 төгрөгөөр үнэлэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан. Тухайн хөрөнгийг зах зээлийн хандлагаар, арилжааны шууд харьцуулалтын аргаар ижил төстэй хөрөнгүүдийг судалж, үнэлгээг тогтоосон бөгөөд тухайн үнэлгээ хийгдэж буй орон сууцад харьцуулагдаж байх хөрөнгө нь нэг хороололд ашиглалтанд орсон хугацаа, талбайн хэмжээ, хийц материал нь ижил зэрэг нөхцөл байдлуудыг сайтар тогтоож, нийт 3 өөр төрлийн орон сууцтай харьцуулан үнэлгээг тогтоосон.

Иймд дээр шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардах тухай асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачлагаар эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах тухай тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулна гэж заасан. Шинжээчээр томилохдоо “““““““““““” ХХК-тай хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Шийдвэр гүйцэтгэх газар байгуулсан. Энэ гэрээнд Г.”“““““““““г дурдаж өгсөн. Тийм учраас хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна” гэв.

 

Шүүх, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “““““““““““” ХХК хариуцагч Төв аймгийн ““““““““““рт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн тогтоосон 48 650 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “““““““““““” ХХК нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Цацрал, Н.Бадрах нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012476 дугаартай Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг шинжээч “““““““““““” ХХК-иас 48 650 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээг гаргаагүй, хэт доогуур үнэлсэн, тухайн орон сууц нь өнөөдрийн байдлаар 70 000 000 төгрөг орчим үнэлгээтэй тул төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч Төв аймгийн ““““““““““р нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчид тухайн эд хөрөнгийн үнийн саналыг авах тухай мэдэгдэх хуудсыг явуулсан боловч тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул шинжээч томилж үнэлгээ тогтоосон, орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 48 650 000 төгрөгөөр тогтоосон, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлд дурьдсан Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай захирамжаар “““““““““““” ХХК-иас 357 336 215 25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч, тухайн эвлэрлийг баталсан захирамж гаргасан байна.

Тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17200553/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17200553/11 тоот тогтоолоор хураан авчээ.

Мөн төлбөр авагч Голомт банк ХХК болон төлбөр төлөгч “““““““““““” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюунцэцэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Бадрах, Н.Цацрал нарт дээрхи хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэх шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №17200553/12, №17200553/13, №17200553/14 тоот дугааруудтай мэдэгдэх хуудаснуудаар хугацаа тогтоож мэдэгдсэн боловч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь үнийн санал гаргаагүй байна.

Гэвч дээрхи шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсууд нь “Хас” банкинд олгох төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гэх бичилттэй байгаа нь тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх уу эсвэл өөр гүйцэтгэх ажиллагааны талаарх мэдэгдэх хуудас эсэх нь ойлгомжгүй төлбөр авагчийн зөрүүтэй бичилттэй мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй байна.

Мөн тухайн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хүний гарын үсгүүд нь нэг ижил, нэг хүний гарын зурагдсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “... мэдэгдэх хуудас хүлээн авсан хүний гарын үсэг гэсэн хэсэгт зурсан хүн нь манай бичиг хэргийн ажилтан зурдаг, тухайн хүн энэхүү албан бичгийг шууданд хийдэг...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн мэдэгдэх хуудсыг хэзээ ямар хүнд гардуулсан, ямар хаягаар явуулсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.2-т “...энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө...” мөн хуулийн 14.3-т “...Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ...” гэж заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналаа ирүүлээгүй байх тул 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №17200553/16 дугаар тогтоолоор “““““““““““” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч “““““““““““” ХХК нь Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний хандлагаар 48 650 000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заажээ.

Хариуцагч Төв аймгийн ““““““““““р нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан атлаа Монгол Улсын Эрүүгийн холбогдох зүйл заалтыг барьж тайлбарлаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь процессын шинжтэй буюу хариуцагч болох Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох ёстой тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болох шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийг татгалзах үндэслэл болох нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулах гаргаж өгөх, үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл “Шинжээч томилох тогтоолд”-д заасан Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас зэрэг нотлох баримтуудыг хариуцагч байгууллага шүүхэд гаргаж өгөөгүй, ямар эрх зүйн актыг үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийх шинжээч томилсон болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн барьцааны хөрөнгөнд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үнэлгээнд гомдол гаргах хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуулийн дээрхи заалттай нийцжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.    

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус зааснаар “““““““““““” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ““““““““““рт холбогдох Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 14 дүгээр байр 17 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг 48 650 000 төгрөгөөр үнэлсэн “““““““““““” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2020/01096 дугаар шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““““““““” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТҮВШИНЖАРГАЛ