Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00996

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 4 03 181/ШШ2023/00996

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 6, 0 тоотод байрлах, Х ХХК /Регистрийн дугаар: 00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 0 тоотод байрлах, Ж ХХК /Регистрийн дугаар: 000000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж 0 байр, 0 тоотод оршин суух, Б овогт Н-ын З /Регистрийн дугаар: 00000000/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.771.807.038 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Г.Лж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК нь Ж ХХК, Н.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.771.807.038 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 Зээлдэгч Ж ХХК болон Н.З нар Х-ны З тооцооны төвөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ201944929021 тоот зээлийн гэрээ, 2020 ны 01 дүгээр сарын 09-ний өдөр БГҮ/201944929021 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 3.200.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар жилийн 16.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байдаг. 

Зээлийн барьцаанд Ж ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00 дугаар байр, 0 давхрын 160 мкв, 106 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00-р байр, 0 давхар тоот хаягт байршилтай 122 мкв, мөн барилгын 73 мкв, 146 мкв, 54 мкв талбайтай нийт 6 ширхэг үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 03 дугаар хороо, Сөүлийн гудамж, нэгж талбарын 000000000 дугаартай, 931 мкв талбайтай алдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Зээлдэгч нар үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй, зээлийн хүүд 24.174.700 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргүүлэн төлөөгүй, зээл эргэн төлөх хугацаа хэтэрсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 21.2 дэх хэсэгт зааснаар банк 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар тооцож нэхэмжилж байна. Үүнд үндсэн зээл 3.200.000.000 төгрөг, зээлийн хүү 1.468.533.245 төгрөг /1.164.594.615+303.938.630/, нэмэгдүүлсэн хүү 103.273.793 төгрөг /13.903.443+54.454.450+34.915.900/ буюу нийт 4.771.807.038 төгрөгийг Ж ХХК болон Н.З нараас гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Манайд төлбөртөө тооцон хөрөнгө өгөх санал тавьсан ч хэт өндөр үнээр санал болгож байсан. Цар тахалтай холбоотойгоор хүсэлтийг хүлээн авч, хоёр удаа гэрээнд өөрчлөлт оруулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлийг төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэв.

 

2.Хариуцагч Ж ХХК, Н.З нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

Анх зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийг авсан нь үнэн. Гэвч зээл аваад удаагүй байтал дэлхий нийтээр цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засаг хүндэрч, хөл хорио тогтоосон. Энэ үйл баримтыг нотлох шаардлагагүй нийтэд илэрхий баримт юм бөгөөд компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, санхүүгийн хүндрэлд орсон. Өөрөөр хэлбэл зээлдэгчээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар 2020 оны 3 дугаар сараас хойш удаа дараа хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг банкинд гаргаж байсан. Мөн зарим хөрөнгийг төлбөрт өгье гэх мэтээр бараг 10 гаруй удаа хүсэлт гаргасныг банк хүлээж аваагүй. Олон хүсэлтээс хоёр удаагийн хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөх хугацааг хойшлуулсан байдаг боловч компанийн үйл ажиллагаа сэргээгүй. Энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээгээр тогтоогдоно.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүргийг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй, үүрэг гүйцэтгэгч хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа 2020, 2021 оны хүүг зөвшөөрөхгүй. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 9 удаагийн хөл хорио тогтоосон тогтоолуудыг түүж үзэхэд нийтдээ 83 хоногт бүх үйл ажиллагаа зогссон. Нэг өдрийн хүү 117.882.740 төгрөг байх тул энэ 83 хоногт бодогдсон хүүг хасч өгнө үү.

Мөн гэрээг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байсан. Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг хугацаанаас өмнө цуцласан гэж үзнэ. Гэрээг цуцласан хэрнээ хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүй тул түүнээс хойшхи хугацаанд тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү. Үүнээс гадна коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг үндсэн хүү торгууль алданги тооцохгүйгээр хойшлуулах гэж заасан. Гэтэл банк нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж харж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ/201944929021 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №ЗГ/201944929021-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ21944929021-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №БГҮ/201944929021 тоот барьцааны гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, зээл олгосон гүйлгээний баримт, зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн картууд, зээл төлөх мэдэгдлүүд, итгэмжлэлүүд /хх 5-34, 120-122, 167, 178-179/

Хариуцагч нараас нотлох баримтаар: Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хаан банкны тусгай активын газарт гаргасан хүсэлт, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн, 2021 оны 7дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдөр тус тус гаргасан хүсэлтүүд, Монголбанкны сайтаас хэвлэсэн мэдээллүүд хуулбараар, Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг ирүүлжээ. /ХХ 40-41, 48, 58, 65-106, 123-125, 163-165/

Шүүхийн журмаар: 181/Ш32023/02828 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн лавлагаа зэргийг бүрдүүлжээ. /хх 156-162/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х ХХК нь Ж ХХК, Н.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.771.807.038 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: зээл олгосон, зээлийг төлөөгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт гаргуулж, барьцаа хөрөнгөнөөс хангуулна, хуулиар зээлийг төлөх хүртэл хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, цар тахалтай холбоотойгоор төлөх хугацааг хойшлуулж байсан гэж тайлбарлав.

3.Хариуцагч үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: цар тахлын улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон, удаа дараа хандсан тул хөл хориотой байсан 2020, 2021 оны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэсгүй, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас өмнө цуцласан тул хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдүүлэн тооцох үндэслэлгүй гэж тайлбарлав.

4.хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.нэг талаас Х ХХК, нөгөө талаас Ж ХХК, Н.З нар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 3.200.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч жилийн 16,2 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр ЗГ/201944929021 тоот Зээлийн гэрээг байгуулжээ.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохирч, гэрээний хугацааг 6 сараар сунгаж, зээл эргэн төлөх хуваарийг өөрчлөхөөр ЗГ/201944929021-1, ЗГ/201944929021-2 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ. /хх 8-14/

4.2.Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж ХХК-ийн өмчлөлийн,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032113 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20 дугаар байр, 0 давхарт байрлах 0 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 байр, 0 давхарт байрлах 122 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00 байр, 0 давхарт байрлах 106 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 байр, 0 давхарт байрлах 73 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 барилгын 0 дүгээр хэсэг хаягт байрлах 54 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 барилгын 0 дүгээр давхарт байрлах 146 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-Ж ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Э-00000000 дугаартай, нэгж талбарын 0000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжид байрлах 931 мкв талбайтай газраас хангуулахаар тохиролцож БГҮ/201944929021 тоот барьцааны гэрээг байгуулжээ. /хх 15-29/

Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

4.3.Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, энэ хугацаанд хүүнд 24.174.700 төгрөг төлсөн, 2020 оны 3 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгдээгүй үйл баримтад маргаагүй. /хх 30-31/

5.Харин зохигчид цар тахлын улмаас хөл хорио тогтоосон хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох эсэх, зээлдэгч хугацаа хэтрүүлсэн явдал давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүдэлтэй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах эсэхэд тус тус маргаж байна. Түүнчлэн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдох эсэхэд маргасан.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Зохигчид хугацааг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болохоор зээлийн гэрээгээр тохирсон ч хариуцагч 2020 оны 3 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцалсан гэж үзнэ. Хэргийн баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхтэй.

6.Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тооцож, үндсэн зээл 3.200.000.000 төгрөг, зээлийн хүү 1.468.533.245 /1.164.594.615+303.938.630/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103.273.793 төгрөг /13.903.443+54.454.450+34.915.900/ төгрөг, нийт 4.771.807.038 төгрөг гаргуулахаар шаардсан.

6.1.Талуудын хоорондох гэрээний 2.1.4-т зээлийн хүү жилийн 16,2 хувь гэж, 2.4.2-т зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлөөгүй тохиолдол дараах байдлаар төлүүлнэ гэж, үүнээс 2.4.2.2-т эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэлх хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг төлнө гэж заажээ.

Хэрэгт авагдсан зээл эргэн төлөх хуваариас үзвэл анх үндсэн зээлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс төлж эхлэхээр, хүүнд нийтдээ 784.475.609 төгрөг төлөхөөр тусгажээ. Цар тахалтай холбоотойгоор эргэн төлөх хуваарийг хоёр удаа шинэчилж баталснаар 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс үндсэн зээлийг төлж эхлэхээр, хүүг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс төлж эхлэхээр, нийтдээ 30 сарын хугацаанд хүү 995.412.623 төгрөг, нийт 4.195.412.623 төгрөгийг зээлдэгч эргүүлэн төлөхөөр тохиролцжээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар баталсан банкны зээлийн хүү бодох аргачлалын дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хугацааг сунгасан 30 сараар тооцвол төлбөл зохих зээл, хүү нийт 3.874.016.438 /3.200.000.000+ 674.016.438/ төгрөг байхаар байна.

Гэвч талууд гэрээгээр үндсэн зээл, хүү төлөх хугацаа, хуваарийг өөрөөр тохирсон, түүнчлэн хариуцагч зээлийн хүүг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул шүүх анх нэхэмжлэл гаргаж гэрээг цуцласан өдрөөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тооцож хариуцагчаас үндсэн зээл 3.200.000.000 төгрөг, хүү 1.164.594.615 төгрөг гаргуулах нь зүйтэй.

6.2.Нэхэмжлэгчээс 2021 онд шинэчлэн батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан ...гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэж, гэрээ цуцласнаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан.

Иргэний хуулиар талуудын хоорондох гэрээ цуцлагдсанаар гэрээний харилцаа, эрх, үүрэг дуусгавар болохоос гадна талууд гэрээг 2019 онд байгуулсан, гэрээгээр хэтэрсэн хугацааны хүүний талаар тохиролцоогүй тул маргааны энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зарчмын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

6.3.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан.

Монгол Улсад коронавирус цар тахлын улмаас эрх бүхий этгээдийн шийдвэрээр удаа дараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хөл хорио тогтоож байсан, зээлдэгч Женерал-Импекс ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас олгосон нь баримтаар тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтад заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлд хамаарна. Гэвч ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нөхцөлд нийцүүлэхийг гэрээний нэг тал нөгөө талаас шаардах эрхтэй байхаар, талууд тэргүүн ээлжинд зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй байхаар, хэрэв нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4-т заасан. Харин энэ тохиолдолд гэрээний үндсэн үүргээс чөлөөлөх эсхүл үүрэг дуусгавар болох талаар хуулиар заагаагүй тул 2020, 2021 оны хүүг эсхүл бүх нийтээр хөл хорио тогтоосон 83 хоногийн хүүг хасуулах тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

6.4.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 103.273.793 төгрөг гаргуулахаар шаардсан.

Талуудын хоорондох гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. нэмэгдүүлсэн хүүг хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасан, нэхэмжлэгч үндсэн зээлийг төлж эхлэх хугацаанаас хойш буюу 2021 оны 6 дугаар сараас хойш 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан. Шүүх дээр дурдсанаар гэрээ цуцлагдснаас хойшх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн хүү тооцооллын хүснэгтээс үзвэл 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү нийт 42.295.921 төгрөг байх боловч анх нэхэмжлэлд 13.903.443 төгрөгөөр тооцож шаардсан тул үүргийг энэ хэмжээтэй буюу 13.903.443 төгрөг гэж үзэв.

6.4.Гэвч Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 141 дүгээр зүйлийн 141.3-д барьцаалан зээлдүүлэх газар .... нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох хэрэглэхийг хориглоно гэж, 141 дүгээр зүйлийн 141.4-т Зээлдэгч бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй гэж заасан. Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар заасан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж тус тус заажээ.

Зээлийн нэмэгдүүлсэн хүү Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хариуцлага буюу нэмэлт үүрэг-т хамаарах тул шүүх хэргийн нөхцөл байдал, цар тахалтай холбоотойгоор баталсан хуулиар нэмэгдүүлсэн хүү-гээс чөлөөлөгдөхөөр заасан тул хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Тус хуулийн 141 дүгээр зүйлийг Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ гэж томьёолж зохицуулжээ. Гэвч Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаанд нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэл хуулиар угаасаа байхгүй, харин зөвхөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй тул тухайн хуулийн үзэл баримтлал болоод зүй ёсны зарчимд нийцүүлж хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгээд хариуцагч нараас үндсэн зээл 3.200.000.000 төгрөг, хүү 1.164.594.615 төгрөг, нийт 4.364.594.615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ж ХХК, Н.З нараас 4.364.594.615 /дөрвөн тэрбум гурван зуун жаран дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 407.212.423 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175.1-д зааснаар төлбөрийг сайн дураар төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ж ХХК-ийн өмчлөлийн,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00 дугаар байр, 0 давхарт байрлах 160 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 байр, 0 давхарт байрлах 122 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00 байр, 0 давхарт байрлах 106 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 байр, 0 давхарт байрлах 73 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 00/0 барилгын 0 дүгээр хэсэг хаягт байрлах 54 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн, 3 дугаар хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 20/1 барилгын 0 дүгээр давхарт байрлах 146 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

-Женерал-Импекс ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Э-00000000 дугаартай, нэгж талбарын 00000000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамжид байрлах 931 мкв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.403.084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 22.051.123 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ