| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0097/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Д.Ариунжаргал
Хохирогч Б.Б
Шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Ж.Мөнхнасан, Б.Оюунбилэг
Шүүгдэгч Б.Б, Б.Э, М.Д нарын өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Л-н Б, А овогт Б-н Б, А овогт Б-н Э, Т овогт Б-н Л, С овогт М-н Д нарт холбогдох 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дугаар сарын ***-нд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .... суух хаягтай, 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заанаар, 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, ДБ.... регистрийн дугаартай, Т овогтой Л-н Б гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-нд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ДР... регистрийн дугаартай, А овогтой Б-н Б гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДП...регистрийн дугаартай, С овогтой М-н Д гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдө төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДР... регистрийн дугаартай, *** овогтой Э гэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДБ... регистрийн дугаартай, Т овогтой Б-н Л гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нар нь *** аймгийн *** сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э, хэсгийн төлөөлөгч Б.Б нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар *** аймгийн *** сумын Тамгын газрын дарга Ц.Б-н баталсан удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э, хэсгийн төлөөлөгч Б.Б зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй тамгын газраас томилогдсон ажилтнууд 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хөвчийн нурууны Шивээт гэх газрын орчимд хяналт шалгалт хийж явахдаа шүүгдэгч Б-с мэдрэгчний таваг 2 ширхэг, хянах 2 ширхэг, молдок 1 ширхэг, мотор 1 ширхэг зэргийг тэмдэглэл үйлдэн түр хураан авсан байх үед шүүгдэгч Л.Б, М.Д нар ирж, Л.Б та нар юун хүмүүс вэ, бичиг баримтаа үзүүл гэж хохирогч нарын бичиг баримтыг авсан, улмаар Ц.Э-н үнэмлэхний хугацаа нь дууссан байна, хураалгасан зүйлүүдээ ав гэснээс маргаан үүссэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг прокурор, мөрдөгчид байдаг. Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч гэм буруутай байна уу, тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн байна зэрэг байдлыг тогтоохоор заажээ.
Улсын яллагч дүгнэлтдээ “Яллагдагч Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгаль орчны улсын байцаагч Ц.Э, хэсгийн төлөөлөгч Б нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хх-8-рт хяналт шалгалт хийх ажлын удирдамж, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Э-н мэдүүлэг, Б-н мэдүүлэг, Д-н мэдүүлэг, А-н мэдүүлэг, хохирогч Б-н мэдүүлэг, гэрч С-н мэдүүлэг, Б.Б-н мэдүүлэг, Б.Э-н мэдүүлэг, Б.Л-н мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Л нь хууль сахиулагчийн үйлдлийг эсэргүүцээгүй гэдэг зүйлийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А хэлж байна. Б.Б-н зөрчлийг баримтжуулж байсан гар утсыг Б.Л булаан авсан. Тухайн хүмүүсийн биед ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан учир би бичлэг хийсэн гэдэг зүйлийг хохирогч Б хэлдэг. Тухайн гэмт хэрэг нь хохирлын зэргээр эсхүл гэмтлийн зэргээр үүсдэг.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна... Хохирогч Б нь машины хаалгаар оруулахгүй гээд машины хаалгыг хаагаад зогсож байхад нөгөө талын хаалгаар орж эд зүйлийг авсан байдаг. Энэ нь хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл...” гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын өгсөн тайлбараар Л.Б ийм үйлдэл гаргасан гэдгийг нотолж байгаа. Б.Б, Б.Э, М.Д нар нь эрх бүхий албан тушаалтны хурааж авсан эд зүйлийг авч болохгүй гэдгийг мэдсээр байж хураан авч машин руу зөөсөн гэдэг нь үйлдэл санаа зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна. Алтны дээж авах зорилгоор явж байсан гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл тухайн хүмүүст алтны дээж авах тусгай зөвшөөрөл байхгүй. Л.Б-н тухайд түрээсийн гэрээ хийж явсан гэдэг боловч түрээсийн гэрээ байгуулсан талаар баримт байхгүй. Хохирогчийн мэдүүлгээр энэ хүмүүс нь нэг санаа зорилготой яваад үйлдлээр нэгдээд явсан гэдэг нь нотлогдож байна гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгч Б.Э, Б.Б, М.Д нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Б.Оюунбилэг, Б.Эрдэнэбат нарын байгаль орчны улсын байцаагч эсхүл хэсгийн төлөөлөгчийн тавьсан ямар шаардлагыг, хэн нь яаж эсэргүүцсэн гэдэг нь яллах дүгнэлт болон улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдаагүй, ерөнхий байдлаар бичигдсэн байна.
Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй, ямар нэгэн зөрчил гаргаагүй, тухайн зорьж явсан газраа очоогүй байхад нь эд зүйлийг хурааж авсан нь Байгаль орчны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний тээврийн хэрэгсэл болон баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн баримт бичиг хууль бусаар олборлосон, ашигласан эд зүйл тоног төхөөрөмжийн хураан авах талаар заасныг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий харуулсан боловч хэнд хохирол учирсан нь тодорхойгүй гэсэн дүгнэлтүүдийг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч Л.Б, Б.Л, Б.Б, М.Д, Б.Э нар гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид нар Шивээт гэх газраас дээж авахаар явж байсан. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тухайн Шивээт гэх газраас 2 километрийн зайтай явж байсан. УАЗ 469 маркын машин зогсож байхаар нь яваад очиход цагдаа буугаад ирсэн. Тэгээд бүх бичиг баримтаа эд зүйлээ хураалгасан. Баригдахдаа ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэдэг зүйлчлэлээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Эд зүйл хураалгах үед Б.Л байгаагүй. Том машинтай явж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Шивээт гэх газраас хойшоо километрийн зайд бор ногоон өнгийн УАЗ-469 маркын машин зогсож байсан. Бид хэд дээж авах зорилготой явж байсан. Би дээж авах ажилд гар бие оролцоогүй. Аймаг дээр гэртээ байж байхад аав над руу яриад хамт явъя гэхээр нь хамт явсан. Шивээт гэх газар руу явж байхад замд УАЗ-469 маркын машин зогсож байсан. Аав бид хоёр хойд хамар дээр явж байгаад очиж уулзсан. Ямар нэгэн цагдаа, хөөлөг байна гэж бодож очоогүй. Очтол хэсгийн төлөөлөгч бууж ирээд үнэмлэхээ үзүүлсэн дараа нь улсын байцаагч Э үнэмлэхээ үзүүлээд машины ар талыг онгойлго гээд аавын машины бичиг баримт болон машинд байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл хөтөлсөн. Тухайн тэмдэглэл дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Араас Л.Б, М.Д хоёр ирсэн. Л.Б гуай цонхоор хоёр хүний бичиг баримтыг шалгаад Б, Э хоёр бичиг баримтаа үзүүлэхэд бичиг баримтыг нь хурааж авсан. Хэсэг хугацааны дараа Б-н бичиг баримтыг өгсөн гэсэн. Бичиг баримтыг нь өгөхөд би байгаагүй. Б болон Э нарт миний зүгээс болон аав бид хоёрын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Бид хоёр ямар ч хэрүүл маргаангүй эд зүйлээ хураалгаад иргэн хүнийхээ үүргийг биелүүлээд явж байсан. Хавтаст хэрэгтэй танилцахад өөрсдийнх нь мэдүүлэгт байсан. Өөр хэлэх зүйл байхгүй. Л.Б гуай та нар хууль бусаар хүмүүсийн эд зүйл хураан авсан байна буцааж өг гэдэг шаардлагыг тавьсан. Л.Б гуай та нарын бичиг баримтын хугацаа дууссан байна гэдэг зүйлийг яриад машинаас бууж ирсэн. Тэгээд буулгах юм байна гэж ойлгоод машинаас буулгаад газарт тавьсан. Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нарыг ямар нэгэн зөрчил гаргасан гэж хэлээгүй. Байгаль орчны улсын байцаагчийг эсэргүүцсэн зүйл байхгүй. Хохирогчийн гар утсыг хэн авсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр М.Д гэдэг залуу ирээд танай компани экскаватороо түр өгөөч аймаг орон нутагт алт ухсан газруудын нөхөн сэргээлт олгох гэж байгаа юм байна. Үүний дагуу Бугат сумын Шивээт гэх газраас дээж авах гэсэн юм гэдэг хүсэлтийг тавьсан. Тухайн хүсэлтийн дагуу гэрээ хийгээд экскаватороо түрээслүүлээд явуулсан. Эндээс явах замдаа олон хоног цас ухаад, машин тэрэг нь саатаад тэгээд манай жолооч над руу залгаад олон хоног цас ухлаа тухайн газар очиход зам нь их хэцүү, машин тэрэг саатаад байна гэж ярьсан. Тэгээд араас нь шарикийг нь хүргэж өгөөд очиход М.Д надад санал хэлсэн. Нэгэнт энэ хүртэл ирсэн учир дээж аваад очмоор байна гэж хэлсэн. Ачааны машинууд уулын хормойгоор явахгүй бол уул дамжиж явж болохгүй байсан. Их олон машины мөр байсан. Өмнө нь Б.Б хүүтэйгээ түрүүлээд явсан. Бид хэд араас нь цас ухаж байгаад гараад ирэхэд урд хамар дээр хоёр машин зогсож байсан. Хүмүүс тойроод зогсоод байхаар нь би шууд яваад очсон. Бид нарыг очиход цагдаа хувцастай хүн, энгийн хувцастай намхан нуруутай эмэгтэй ирээд утсаараа бичлэг хийгээд байсан. Энд юу болоод байгаа юм бэ? гэхэд хэсгийн төлөөлөгч нь ирээд Бугат сумын нутаг дээр явж байгаа машиныг шалгах үүрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь шалгаж болно ямар хүмүүс шалгаад байгаа юм бэ? та нарын бичиг баримтыг шалгая гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч бичиг баримтаа өгсөн. Нөгөө эмэгтэй утсаар бичлэг хийгээд “Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч хүн энд алт ухаад явж байна” гэж хэлэхээр нь ямар хүн бичлэг хийгээд байгаа юм бэ? гээд бичиг баримтыг нь хурааж авсан. Бичиг баримтыг нь үзэхэд байгаль орчны улсын байцаагч гээд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дууссан үнэмлэхтэй байсан. Тухайн эд зүйлүүд газарт байсан. Тэгээд эдгээр зүйлүүдийг хурааж авч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь та байгаль орчны улсын байцаагч мөн юм уу? гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёрын хооронд маргаан гарсан. Бид өндөр уулын оройд байсан ачааны машин 1 километр зайтай зогсож байсан. Би өөрөө Иргэдийн төлөөлөгч хүний хувьд хэн нэг хүн ирээд шууд эд зүйлийг хураахаар нь хуулийн хүрээнд хураасан байх гэж бодоод асуусан. Тухайн асуултад хариулалгүй намайг хэл амаар доромжилсон. Би чимээгүй буугаад хэсгийн төлөөлөгчийн бичиг баримтыг өгчихөөд, Э-н үнэмлэхийг өгөөгүй аймагт ирж Мэргэжлийн хяналтын газраар шалгуулъя гэсэн бодолтой байсан. Тухайн үед ачааны машин хол байсан. Манай сууж байсан машин дотроос ачааны машин байгаа газар харагдахгүй. Тэгээд намайг гарч ирэхэд Э бичиг баримтаа авах гэж байгаад газрын уруу унахдаа миний гарын алга шалбарсан гэж хэлээд уйлаад байсан. Би тухайн хүнийг зодож цохиод ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Прокурорт шилжүүлээд яллах дүгнэлт үйлдээд хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэнэ гэж хэлсэн. Би хүсэлтээ гаргаад бичгээр өгсөн. Бид нийгэмд болон хувь хүнд ямар нэгэн хохирол учруулаагүй. Хавтаст хэрэгт нүх ухсан зураг байсан тэр нь ямар учиртай юм бол бид тийм газарт очоогүй гэдэг утгаараа прокурорт хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Тухайн үед хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэдийг би болон бусад хүмүүс ойлгоогүй. Л.Б гэдэг хүн Улаанбаатараас хоёр өмгөөлөгч, аймгаас нэг өмгөөлөгч авахаар хүмүүс гайхаж байгаа байх. Тэгэхээр аливаа юманд үнэнч шударга байя гэж бодоод энэ олон өмгөөлөгчийг авсан. Төрийн албан хаагч хүн үүргээ биелүүлэх явцдаа ямар ч хүнтэй харилцаж байдаг. Өнөөдөр хавтаст хэргийн материал бүрдүүлэхдээ Л.Б нарт холбогдох, Л.Б-с түрүүлж мэдүүлэг авах гэх мэтээр хэтэрхий туйлшраад байна гэж бодож байна. Ямар нэгэн удирдамж бичиг үзүүлээгүй. Ямар ажлаар явж байгаа талаараа хэгсийн төлөөлөгч болон байгаль орчны улсын байцаагч хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.Б-тай уулзаад экскаваторыг чинь түрээслээд Бугат сумаас очиж дээж авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд ярьж тохироод гэрээ хийгээд аймгаас 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр явсан. Явах замд машины шаарик нурсан. Тэгээд жолоочоор нь Л.Б руу яриулаад шаариг авахуулсан. Л.Б-г ирэхээр нь та энэ техникээ өөрөө хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд цаашаа хамт явсан. Алт гарснаас хойшоо 2 километрийн зайтай явж байгаад цасанд суусан. Б.Б гуай хүүтэйгээ түрүүлээд явсан тэгээд араас нь гараад ирэхэд бор УАЗ-469 машинтай хүмүүстэй уулзаж байсан. Тэгээд очиход багажаа хураалгасан байсан. Мотор машинд, молдок газарт байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч бичиг баримтаа үзүүлсэн. Э утсаараа бичлэг хийж байгаад бичиг баримтаа үзүүлэхэд Э-н бичиг баримт нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дууссан байсан. Тэгэхэд Э та нар шиг нинжа нартай хөөцөлдөж явж байгаад хугацаа сунгуулах боломж гарахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Э-тай маргалдсан. Тэгээд хугацаа нь дууссан үнэмлэхтэй хүн эд зүйл хураах эрхгүй юм байна гэж ойлгоод газарт байсан молдокыг аваад машиндаа хийчихээд, машинд байсан моторыг Б.Э-тай хамт аваад өөрийн машинд хийсэн. Машин дотроос мотор авахдаа хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй. Бид цагдаагаас прокурор дээр ирэхэд энэ хүн доод тал нь 2.700.000 төгрөг, 1 жилийн хорих ял авах юм байна. Та хоёр цагаадчихна, ял авах нь Б.Б, Б.Л хоёр ял авахаар юм байна. Гэхдээ тэнсэн болчихно. Тэгэхээр гайгүй энэ дээр гарын үсэг зурчих гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Тухайн хүмүүс явах замдаа техник эвдэрсэн сэлбэг хүргээд өгье гэхээр нь би араас нь Л.Б ахтай хамт очсон. Тэгээд очиход машиных нь бөгс эвдэрсэн байсан. Тэгээд цас ихтэй байсан учир машин цасанд суусан шөнөжингөө цас ухаад өглөө үүрээр цаснаас гарсан. Би том машин барьж явсан. Хоёр жийп түрүүлээд явсан. Шөнөжингөө цас ухсан учир би унтсан байсан. Тэгээд сэрэхэд хаалга цохиод цагдаа ирчихсэн буугаад ир гэж хэлсэн. Машинаас буухад хаанаас хаа хүрч яваа хүмүүс вэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна хариуцаж яваа хүмүүс нь урд явж байгаа хоёр машинтай хүмүүс гэж хэлсэн. Тэгээд нэг хүн нь бичлэг хийгээд байсан. Машин дотроос нэг нь утсыг нь ав гэдэг зүйлийг хэлсэн. Утсыг нь аваад хэнд өгсөнөө мэдэхгүй байна. Өөр зүйл болоогүй. Төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад учруулсан гэж байна тийм зүйл огт болоогүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2017 оны 03 дугаар сард *** сумын Засаг даргын Тамгын газрын даргын орлогч Д өрөөндөө дуудаад *** сумын Шивээт гэх газарт хууль бусаар алт олборлох гэж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсэн. Ажлын хэсэг байгуулагдаад хөөнө гэсэн. Засаг даргаас үүрэг чиглэл ирсэн гэж хэлээд маргааш өглөө нь үүрээр явахаар болсон. Тухайн хүмүүсийн явж байсан замаар явж чадахгүй учир урдуур 210 километр тойрч явсан. Тэгээд Шивээт гэх газарт очиход хүн байгаагүй. Нэг шинэ мөр ертөнцийн зүгээр зүүн хойшоо явж байхад хамар дээр жийп машин явж байсан тэгээд тухайн машин дээр очоод жолоочоос нь бичиг баримтыг нь шалгаад ямар ажлаар явж байгаа талаараа тайлбарлаад та нарын бичиг баримт байна уу? гэхэд жолооч Б.Б-н иргэний үнэмлэх байгаагүй жолооны үнэмлэх байсан. Хажууд байсан хүнийг энэ манай хүү гэж байсан. Тэгээд молдок, цахилгаан үүсгэгч, мэдрэгчийн хөлнүүд байсан. Байгаль орчны улсын байцаагчид эд зүйл хурааж авах тэмдэглэл байсан учир тухайн эд зүйлүүдийг гаргаад ир наад эд зүйлийг чинь бүгдийг нь хурааж авна гэж хэлсэн. Тухайн хүмүүс ямар учиртай эд зүйл хурааж авч байгаа юм бэ? гэж хэлсэн. Та нар алт олборлохоос урьдчилан сэргийлж эд зүйлийг чинь хурааж авч байна. Манай нутгаас гарахаар тухайн эд зүйлийг чинь буцааж өгнө гэдгийг хэлсэн. Мөн тухайн эд зүйл нь хулгайн эд зүйл байж болно та нарын өөрсдийн эд зүйл гэдгийг нотлох бичиг баримт байна уу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгээд Л.Б нь М.Д-н хамт ирсэн. Тэгээд та ямар шалтгаанаар явж байна та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд замд танай нэг цагдаа хурааж авсан ямар нэгэн бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Та хойт багажаа онгойлгоно уу? гэхэд та нар бичиг баримтаа үзүүлнэ үү гэж хэлсэн. Тухайн үед Э бичлэг хийгээд зогсож байсан. Тэгээд бид хоёрын бичиг баримтыг хоёуланг нь авсан. Бид хоёрын бичиг баримтыг өгөхгүй байсан учир тухайн үед ерөнхийдөө маргаан болсон. Л.Б машинаасаа бууж ирээд та нар яагаад прокурорын зөвшөөрөлгүй байж эд зүйл хураадаг юм бэ? гээд нөгөө хүмүүсээ эд зүйлээ буцааж ав гэж хэлсэн. Засаг даргын Тамгын газрын жолоочийн хойд талын хаалгыг Б.Б онгойлгож байхад нь би та нар боль гэж хэлээд хаалгыг нь дараад нөгөө хоёр хүнийг түлхээд энэ хаалгаар та нар авахгүй гэж хэлээд нөгөө хаалган дээр Засаг даргын Тамгын газрын хүмүүс байгаа байх гэж бодоод итгэл үнэмшилтэй байсан. Тэгтэл Л.Б хойд хаалгыг онгойлгоод суудлыг нь сэгсчсэн. Тэгээд би хойд хаалган дээр очих гэтэл Э жолоочийн хойт хаалга руу уйлаад ороод ирэхээр нь би босгож ирээд асуухад Л.Б намайг цохьчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Л.Б цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Л.Б тухайн үед би цохиогүй наадах чинь өөрөө уначихлаа гэж хэлсэн. Та нар хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж эд зүйлээ авсан гэдэг талаар нь хэлээд Э-ын утсаар бичлэг хийж эхэлсэн. Тэгээд Бугат сумын Засаг даргын орлогч Д наад залуучууд чинь чамд хүчрэгдэхгүй юм байна гээд бид хэд сүлжээ хайж уулын оройгоор явж байгаад аймгийн Цагдаагийн дарга руу ярьсан. Нэмэлт хүч явуулах боломж байна уу? гэхэд нэмэлт хүч явуулах боломжгүй гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүс дээр очиж та нар одоо яв хөөлгө ирж байгаа. Хурааж авсан эд зүйлийг хүч хэрэглээд авсан гэдэг талаар хэлсэн. Тэнд байсан хүмүүсийн хувийн байдлыг тогтоохын тулд утсаар бичлэг хийсэн. Тухайн гар утас нь Э-н утас байсан. Бүх машинууд хөдлөөд явж байсан. Тэгээд та нар хаашаа явж байгаа талаар асуухад Б.Л урд яваа хоёр машинтай хүмүүсээс асуу гэж хэлсэн, Б.Б боос мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр боос гэж хэнийг хэлсэн юм бол тэр тайлбарыг асуумаар байна. Б.Л утас булааж аваад Б.Л-г бариад авахад хажуу талаас 4 залуу ирж барьж авсан. Тэгээд бүгд машин руугаа яваад орсон. Тэгээд би эргэж очиж Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэж өгсөн камераар бичлэг хийсэн. Тэрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Надтай хамт явж байсан хүмүүс надад хань болохгүй мөн тухайн хүмүүст эрх үүрэг нь байхгүй учир би буцаж камераа аваад машин дээр нь очиж хаалгыг нь онгойлгоод ямар зорилгоор яах гэж яваа талаар хэлүүлсэн. Тэгээд хөөлгө ирж байгаа гэдэг талаар хэлээд Засаг даргын Тамгын газрын машинтай явсан. Аймгийн цагдаагийн газрын даргад танилцуулсан илтгэх хуудас, хохирогчийн мэдүүлэг дээр тодорхой ярьсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Ц.Э-г цохиж унагахыг хараагүй хэн цохисныг сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг/хх 63-рт/,
Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би цохиж байгааг хараагүй. Ц.Э-г хэн цохисныг мэдэхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх 67-рт/,
Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...хэсгийн төлөөлөгч тэнд болж байгаа асуудлыг бичлэг хийж байсан чинь нэг залуу гарнаас нь тэр утсыг булааж авсан. Бид машинаас бууж ирсэн залуучуудаас утсаа авахаар булаацалахад дамжуулаад алга болсон... Байгаль орчны байцаагч Ц.Э-г хэн цохисныг хараагүй....” гэсэн мэдүүлэг /хх 69-рт/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Л хэсгийн төлөөлөгчийн барьж байсан утсыг аваад энийг ав гэсэн. Би автал хэн нэг нь миний гараас дамжуулаад авсан. Хэн авсныг мэдэхгүй Бүлтэгийн хүү авсан байх... ” гэсэн мэдүүлэг /хх 74-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар байгаль орчны хяналтын улсын байцаагч, хохирогч Ц.Э, хэсгийн төлөөлөгч, хохирогч Б.Б нарын хэнд хандаж ямар шаардлага тавьсан эсэх, шаардлагыг хэн нь яаж биелүүлээгүй зэрэг байдал нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хохирогч Ц.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...Б нь хэсгийн төлөөлөгч Б бид хоёрын үнэмлэхийг үзээд авсан боловч өгөөгүй. Би өгөхийг шаардсан боловч миний үнэмлэхийг хугацаа дууссан байна гээд өгөөгүй. Хугацаа дууссан ч хяналт шалгалт хийх эрхтэй талаар хэлэхэд хууль бус бичиг баримт үзүүлж хуурч мэхэлж байна гээд “хураасан эд зүйлийг машинаас ав гэж хэлээд” өөрөө машинаас бууж ирээд УАЗ 469 машины хойд талыг онгойлгох гэхээр нь би “онгойлгож болохгүй, эд зүйлийг өгөхгүй” гэж машины хаалган дээр очсон чинь намайг Б тохойгоороо мөр, шанааг дамнуулан цохиж унагаасан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Б.Б-н хяналт шалгалтын явцад бичлэг хийж байсан миний LG маркийн утсыг хамт явж байсан залуучууд нь хэсгийн төлөөлөгчөөс булаан авсан...” гэж мэдүүлсэн байна.
Хохирогч Ц.Э-г шүүгдэгч Л.Б нь тохойгоороо мөр, шанааг дамнуулан цохиж унагаасан гэдэг нь хохирогч Б.Б-н мэдүүлсэн “...Тухайн үед Л.Б цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Л.Б тухайн үед би цохиогүй наадах чинь өөрөө уначихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б, Ц.Д, Б.С, М.Б нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Ц.Э-г цохиж унагахыг хараагүй хэн цохисныг сайн мэдэхгүй...” гэж мэдүүлсэн болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдохгүй, няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Л нь шүүгдэгч Б-г ав гэхээр нь хэсгийн төлөөлөгчөөс утсыг авсан гэж мэдүүлж байгаа хэдий ч түүний өмгөөлөгч Д.А-ий “...Б.Л нь цагдаагийн албан хаагчийн барьж явсан утсыг булааж аваад бусдад дамжуулсан энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэхдээ хүч хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй. Булааж авсан нь тусдаа гэмт хэргийн шинж байна уу? гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйл булаалтаар байж болно. Гэтэл энэ хэрэг нь хохирлын хэмжээг шаарддаг. Тухайн утас нь хэдэн төгрөгийн үнэтэй байсан талаар, тухайн утсанд үзлэг хийсэн асуудал байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнрүү орох боломжгүй, гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй, улсын яллагчийн шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э нь “...биед ямар нэгэн шарх гэмтэл учраагүй. Утас, бичиг баримтаа буцааж авсан. 80 литр А80 бензиныг албанаас гаргасан. Үүнийг нэхэмжилнэ...” гэсэн, хавтаст хэргийн материалаас үзэхэд Бугат сумын Засаг даргын Тамгын газраас шатахууны үнэ 136.000 төгрөгийг нэхэмжилсэн баримт байх тул /2хх-ийн 54-рт/ хохирогч Ц.Э-н 80 литр А80 бензины үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд бага боловсролтой гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт боловсролгүй гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчиж мэдүүлэг авсан байдал харагдаж байна. Мөн хавтаст хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч Б.Баярманлай хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л, С.Д нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай.
3. Шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Б.Б-н, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүгдэгч Б.Э-н, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Л.Б-н эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
5.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн мулдок, 3900 гэсэн бичиглэл бүхий цахилгаан үүсгүүр зэргийг эзэмшигч Б.Б-д, *** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Э-т, *** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Л.Б-д, *** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Б-д тус тус олгож, шүүгдэгч Б.Л, С.Д нарын иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсаргасугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Э-н 80 литр А80 бензины үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч Б.Б хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л, С.Д нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА