Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2020/00020

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 151/ШШ2020/01077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шижир алт”-ны үйлдвэрт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч  Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганжаргал, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь 1990 оноос эхлэн “Монголросцветмет” ХХК-ийн харьяа толгойтын алтны үйлдвэр, Зэрэгцээ алтны үйлдвэр болон “Шижир алт” ХХК, “Шижир алт” алтны үйлдвэрт ажиллаж байсан. Гэвч “Шижир алт” алтны үйлдвэрийн захирал 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай тушаал гаргаж ямар нэг үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие нь ажлаас чөлөөлөгдсөн даруй Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх уг хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн 151/ШШ2019/01151 дугаартай шийдвэр гаргаж ажилд эгүүлэн тогтоож 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 14—ний өдөр “Шижир алт” алтны үйлдвэрийн захирал Б/17 дугаартай тушаал гарган дахин ажлаас чөлөөлсөн болно. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16 дахь хэсэг Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан SH-20-21 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 10д хэсгийг үндэслэсэн байх бөгөөд миний бие дээр дурдсан хууль журмын заалтыг зөрчөөгүй, ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар гомдол гаргаж байгаа болно. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье. гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “******* нь 1990 оноос хойш “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Шижир алт” алтны үйлдвэрт ажиллаж байсан. 2019 оны 6 сарын 12-ны өдөр Б/17 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, шүүхийн шийдвэрээр 2019 оны 12 сарын 17-ны өдөр буцаан томилогдсон. Буцаан томилогдоход “Шижир алт” алтны үйлдвэрээс хугацаатай гэрээ байгуулсан. Хугацаатай гэрээнийх нь хугацаа 2 удаа сунгагдаад 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан SH20-21 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10д гэсэн заалтуудыг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн байдаг. ******* нь дээрх заалтуудад заасан зөрчлүүдийг гаргаагүй гэж үзэж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир алт” алтны үйлдвэрийн драгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шижир алт” алтны үйлдвэрийн захирлын Б/17 дугаар “ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухайн тушаал 2020 оны 2 сарын 14-ний өдөр гарсан. Драгийн даргын үүрэгт албан тушаалыг эрхэлж байсан ******* нь боловсролын дипломыг хуурамчаар үйлдэж, бүрдүүлж ажлын байранд томилогдож байгаа нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 сарын 15-ны өдрийн албан бичигт боловсролын диплом нь давхардсан талаар манай мэдээллийн санд байхгүй байна гэсэн албан бичгээр нотлогдоно. Мөн хөдөлмөрийн дотоод журам нь дээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.16-д заасан боловсролын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь ямар нөлөөтэй юм бэ гэхээр драгийн дарга нь 28-38 хүнийг удирдаж ажилладаг, маш том овор хэмжээтэй техниктэй ажилладаг, маш хариуцлагатай албан тушаал. Ажлын байрны удаа дараагийн тодорхойлолт дээр дээд боловсролтой байх гэсэн нөхцөлийг заасан байдаг. Үүнийг бас зөрчиж байгаа юм. Мөн 28 хүн удирдаад ажиллаж байгаа албан тушаалтан ажлын хариуцлага алдсан.  Энэ талаар тухайн үеийн нэр бүхий хүмүүс өөрсдөө гараараа тодорхойлолт бичиж өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдлын мэргэжилтэн драгер үлээлгэж хэмжсэн хэмжилт зэргээр нотлогдсон бичгүүд хавтас хэрэгт авагдсан байгаа. Эдгээрийг бүгдийг үндэслэж уг тушаал гарсан учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 “ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд бүрэн нийцсэн нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно. *******ын шууд удирдлага дор 28 ажилтан ажилладаг. Уг ажилчид нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн архидан согтуурч, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Тус алтны үйлдвэрт байгаа ажилтнууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрийн байранд байх нь өндөр эрсдэлийг дагуулдаг. Тийм учраас сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан байдаг. ******* нь өөрийн ажлын байранд хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, түүний шууд удирдлагад ажилладаг албан хаагч нар нь зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагч нарын өөрсдийнх нь тайлбар, драгер үлээлгэсэн баримт, *******ын тайлбар зэргээр нотлогддог. Мөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Ажилд орохдоо хуурамч дээд боловсролын гэрчилгээг ашигласан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, мөн хөдөлмөрийн гэрээний 10д заалтад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх заалтуудыг тусгасан байгаа. 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 дугаар мэргэжлийн хяналтын газрын албан тоотоор ******* нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд түүх, нийгэм судлалаар төгссөн талаар мэдээлэл байхгүй, Х1999/5758 дугаар диплом олгогдоогүй болох нь нотлогдож байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан ажилтныг буруу халсан, өөр ажилд шилжүүлсэн тухайн гомдлоо ажил олгогчдын шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэсэн байдаг. *******ыг ажлаас халсан тушаалыг 2020 оны 2  дугаар сарын 14-ний өдөр танилцуулаад гарын үсэг зуруулсан. Гэтэл ******* нь хугацаа хэтрүүлж 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 45 минутад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 зааснаар *******ын  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх нь" хэсэгт "...Тэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үйлдвэрийн захирлын Б/17 дугаартай тушаалаар Драгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн боловч 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д "ажилтан ажлаас буруу халагдсан гомдлоо ... ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар" зохицуулсан байх тул шүүхэд нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна..." гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана." гэж заасан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас "Ажлаас чөлөөлөгдөхөд хүлээлгэн өгсөн баримт" гэх бичиг, баримт хүлээлгэн өгсөн актыг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгсөн бөгөөд уг актад "Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /эх хувь/" гэж дурдаад "2020.02.17" гэж огноо тавьж, *******д хүлээлгэн өгсөн /******* хүлээн авсан гэж гарын үсэг зурсан/ байна. Өөрөөр хэлбэл ******* нь ажил олгогчийн шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Гэтэл анхан шатны шүүх "...Тэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үйлдвэрийн захирлын Б/17 дугаартай тушаалаар Драгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн боловч 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсан байна..." гэж дурдан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэж, 40.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2020/01077 дугаартай шийдвэрийгхүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье.гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалт буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг хэрэглэх шүүхийн эрх хэмжээний асуудлыг хэргийн зохигчийг энэ талаар хүсэлт гаргаагүй гэж буруутган процесс ажиллагааны журамд хамааруулан хууль буруу хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж, Иргэний хуулийн 82 дүгээр зүйлийн 82.4. дэх хэсэгт “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг  хамгаалж болно” гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх дээрх материаллаг хуулиудын тодорхой зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаанд оролцох ажиллагаатай адил агуулгаар хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргаж, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж шийдвэр гаргаагүй нь хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг шүүх хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хавтаст хэрэгт авагдсан “Тушаалтай танилцсан байдал” гэх баримт болон хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч *******д ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр танилцуулж, гардуулан өгсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авсан талаар маргаагүй” гэсэн дүгнэлт нь хэргийн нотлох баримтад үндэслэгдээгүй байхаас гадна шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцоогүй, түүний өмгөөлөгч оролцсон боловч тушаалыг хэзээ гардаж авсан талаар тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй, шүүхээс энэ талаар зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж тайлбар авах байдлаар хязгаарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Хэрэгт ажлаас халсан тушаалыг 2020.02.14-ний өдөр ажилтанд танилцуулсан тухай болон ажил хүлээлцэх өдөр буюу 2020.02.17-ны өдөр тушаалыг ажилтанд гардуулсан тухай хоёр баримт авагдсан байх ба хариуцагч талаас шүүх хуралдаанд эдгээр баримтын талаар “тушаалыг 2020.02.14-ний өдөр танилцуулж, гардуулсан гэж, тушаалыг мөн энэ өдөр танилцуулаад гарын үсэг зуруулсан гэсэн өөр өөр тайлбарыг өгсөн байна. /хх-ийн 143, 145 дугаар тал/

Маргааны зүйл нь ажлаас үндэслэлгүй халагдсан эсэх үйл баримт байх ба эрх зүйн энэхүү маргаан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн болохыг харгалзан шүүх ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан шийдвэр буюу хууль зүйн фактын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар, түүнчлэн тухайн шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх, хэтэрсэн бол уг хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх  талаар эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ дүгнэлт хийх шаардлагатай болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 151/ШШ2020/01077 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ЭНХМАА

           

                          ШҮҮГЧИД                                              Г.БОЛОРМАА

 

                                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР