Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2020/01077

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2020/01077

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .......... тоот оршин суух, .... овогт К.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ ............ алтны үйлдвэрт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17ы өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганжаргал, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие К.Э.нь 1990 оноос эхлэн .......харьяа толгойтын алтны үйлдвэр, Зэрэгцээ алтны үйлдвэр болон .......ХХК, .......алтны үйлдвэрт ажиллаж байсан. Гэвч .......алтны үйлдвэрийн захирал 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дугаартай тушаал гаргаж ямар нэг үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие нь ажлаас чөлөөлөгдсөн даруй Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх уг хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэн 151/ШШ2019/01151 дугаартай шийдвэр гаргаж ажилд эгүүлэн тогтоож 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2020 оны 2 дугаар сарын 14ний өдөр .......алтны үйлдвэрийн захирал Б/17 дугаартай тушаал гарган дахин ажлаас чөлөөлсөн болно. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16 дахь хэсэг Драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан SH-20-21 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 10д хэсгийг үндэслэсэн байх бөгөөд миний бие дээр дурдсан хууль журмын заалтыг зөрчөөгүй, ажлаас буруу халагдсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар гомдол гаргаж байгаа болно. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэжээ. К.Э.нь 1990 оноос хойш .......харьяа .......алтны үйлдвэрт ажиллаж байсан. 2019 оны 6 сарын 12-ны өдөр Б/17 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, шүүхийн шийдвэрээр 2019 оны 12 сарын 17-ны өдөр буцаан томилогдсон. Буцаан томилогдоход .......алтны үйлдвэрээс хугацаатай гэрээ байгуулсан. Хугацаатай гэрээнийх нь хугацаа 2 удаа сунгагдаад 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Б/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, драгийн даргын ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан SH20-21 дугаартай хөдөлмөрийн гэрээний 10д гэсэн заалтуудыг үндэслэж ажлаас нь чөлөөлсөн байдаг. К.Э.нь дээрх заалтуудад заасан зөрчлүүдийг гаргаагүй гэж үзэж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа .......алтны үйлдвэрийн драгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......алтны үйлдвэрийн захирлын Б/17 дугаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайн тушаал 2020 оны 2 сарын 14-ний өдөр гарсан. Драгийн даргын үүрэгт албан тушаалыг эрхэлж байсан К.Э.нь боловсролын дипломыг хуурамчаар үйлдэж, бүрдүүлж ажлын байранд томилогдож байгаа нь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 сарын 15-ны өдрийн албан бичигт боловсролын диплом нь давхардсан талаар манай мэдээллийн санд байхгүй байна гэсэн албан бичгээр нотлогдоно. Мөн хөдөлмөрийн дотоод журам нь дээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.16-д заасан боловсролын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь ямар нөлөөтэй юм бэ гэхээр драгийн дарга нь 28-38 хүнийг удирдаж ажилладаг, маш том овор хэмжээтэй техниктэй ажилладаг, маш хариуцлагатай албан тушаал. Ажлын байрны удаа дараагийн тодорхойлолт дээр дээд боловсролтой байх гэсэн нөхцөлийг заасан байдаг. Үүнийг бас зөрчиж байгаа юм. Мөн 28 хүн удирдаад ажиллаж байгаа албан тушаалтан ажлын хариуцлага алдсан. Энэ талаар тухайн үеийн нэр бүхий хүмүүс өөрсдөө гараараа тодорхойлолт бичиж өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдлын мэргэжилтэн драгер үлээлгэж хэмжсэн хэмжилт зэргээр нотлогдсон бичгүүд хавтас хэрэгт авагдсан байгаа. Эдгээрийг бүгдийг үндэслэж уг тушаал гарсан учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/17 ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд бүрэн нийцсэн нь дараах үндэслэлүүдээр нотлогдоно. К.Э-ыншууд удирдлага дор 28 ажилтан ажилладаг. Уг ажилчид нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн архидан согтуурч, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Тус алтны үйлдвэрт байгаа ажилтнууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг бөгөөд согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрийн байранд байх нь өндөр эрсдэлийг дагуулдаг. Тийм учраас сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан байдаг. К.Э.нь өөрийн ажлын байранд хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж, түүний шууд удирдлагад ажилладаг албан хаагч нар нь зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагч нарын өөрсдийнх нь тайлбар, драгер үлээлгэсэн баримт, К.Э-ынтайлбар зэргээр нотлогддог. Мөн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Ажилд орохдоо хуурамч дээд боловсролын гэрчилгээг ашигласан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.16, мөн хөдөлмөрийн гэрээний 10д заалтад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх заалтуудыг тусгасан байгаа. 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 06/126 дугаар мэргэжлийн хяналтын газрын албан тоотоор К.Э.нь Улсын багшийн их сургуулийг 1999 онд түүх, нийгэм судлалаар төгссөн талаар мэдээлэл байхгүй, Х1999/5758 дугаар диплом олгогдоогүй болох нь нотлогдож байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан ажилтанг буруу халсан, өөр ажилд шилжүүлсэн тухайн гомдлоо ажил олгогчдын шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэсэн байдаг. К.Энхжаргалыг ажлаас халсан тушаалыг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр танилцуулаад гарын үсэг зуруулсан. Гэтэл К.Э.нь хугацаа хэтрүүлж 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 45 минутад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Э.нь хариуцагч .......үйлдвэрт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Тэрээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн үйлдвэрийн захирлын Б/17 тушаалаар Драгийн даргын ажлаас чөлөөлөгдсөн боловч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халагдсан гомдлоо ...ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан Тушаалтай танилцсан байдал гэх баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...нэхэмжлэгч К.Э-д ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдөр танилцуулж, гардуулан өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авсан талаар маргаагүй болно.

 

Энэ байдалд дүгнэлт хийхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байх ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг сэргээлгэх хүсэлт гаргаагүй зэргээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч К.Э.нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 зааснаар К.Э-ынажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУУЛ