Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0398

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0398

Улаанбаатар хот

Б.Н, Ч.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Н, Ч.Б нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр: ”Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.4,19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н, Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00 тоот, Ү-00000000 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 00000000 тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н-гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н Ё-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 57 дугаар байр 27 тоот 3 өрөө 74.7 м.кв талбай бүхий байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, тухайн байрыг эзэмшилдээ авч амьдарч байсан бөгөөд төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн барагдуулж дуусгаад Япон улсын иргэн Нишино Ёошимасад хандан байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах талаар удаа дараа хүссэн боловч байр банкны барьцаанд байгаа учир боломжгүй гэж татгалзсан байдаг.

Гэтэл Япон улсын иргэн Н Ё нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Дулмаа гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар уг гэрээг үндэслэн уг орон сууцны өмчлөх эрхийг иргэн Х.Д-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бөгөөд өмчлөх эрхийг 00000000 дугаартай гэрчилгээ олгосон нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газар бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар "бусдын хууль бусаар учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах" эрхээ эдэлж Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Дулмаа гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээг Н Ё-г төлөөлж гарын үсэг зурсан Л.А нь төлөөлөх эрхгүй гэрээ байгуулсан байтал Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул гол гудамж 00 дугаар байр 00 тоот 3 өрөө 74.7 м.кв талбай бүхий байрыг Х.Д-ийн нэр дээр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосонг хүчингүй болгуулах талаар хүссэн боловч Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан шатны шүүх хэргийг дутуу шалгаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 256 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Япон Улсын иргэн Н Ё өөрийн өмчлөлийн Ү-00000000 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 00000000 дүгээр гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 00 дугаар байр 00 тоот орон сууцны өмчлөх эрхийг иргэн Х.Дулмаад шилжүүлэхээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгснийг төрийн захиргааны байгууллага хүлээн авч, улмаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана/-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж Х.Дулмаагийн өмчлөх эрхийг бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00485345 дугаар гэрчилгээ олгожээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглосон бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Х.Дулмаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийн тухайд ийм нөхцөл байдал үүсээгүй, харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана/-д заасантай нийцсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Тухайн бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.3 /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно/-д зааснаар хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч Б.Н үүнээс хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч төрийн захиргааны байгууллагад хандсан, улмаар хариуцагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 /Өв залгамжлагч, худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно/, 21.2 /Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана/-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дээрх орон сууцны бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн боловч дээрх байдлаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 /мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол/, 15 дугаар зүйлийн 15.4 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана/-д зааснаар хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн мэдүүлгийг буцаасан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хуульд нийцэхгүй итгэмжлэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн тул бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон боловч тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн, тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд “итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байгаа, Япон Улсын иргэн Нишино Ёошимасаг төлөөлөх эрхгүй Л.А гэрээ байгуулсан байтал шүүх хэргийг дутуу шалгасан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР