Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 114/2018/0017/З |
Дугаар | 42 |
Огноо | 2019-02-18 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 42
Г.Э, Ж.Э нарын нэхэмжлэлтэй,
Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
Г.Эрдэнсүхийн нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Ж.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Эрдэнэсүхэд холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Ж.Энхжаргалд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0619 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г,
Нэхэмжлэгч Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нар
Нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ээс “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
3 дахь заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,
4 дэх заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Э, Ж.Э нарт олгож,
5 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж.Э-ын гомдлоор хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0619 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-д, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтыг нэгтгэн 3 гэж дугаарлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э, Ж.Э нараас нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч нарт тус бүр 70200 төгрөгийг олгосугай гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэтэл хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч Ж.Э нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар өгөхдөө маргаан бүхий газрыг хүргэн ах Г.Эрдэнэбаяр нь миний нэр дээр авч байсан, татвараас газраас төлбөрөө төл гэхэд нь миний нэр дээр газар авсныг мэдсэн, Ж.Э нь тухайн газрыг эзэмшил, өмчийн аль газар гэдгээ ч мэддэггүй, мөн шүүхэд гуравдагч этгээд болон нэхэмжлэгчээр нэхэмжлэл гаргах хүсэл зориг байгаагүй төрсөн эгч н.Насанжаргалын ятгалгаар гарын үсэг зурсан, энэ газар надад огт хамаагүй гэсэн тайлбаруудыг өгсөн нь нотлох баримтад үндэслэх бодит үнэнд нийцээгүй байх тул захиргааны актын улмаас нэхэмжлэгч Ж.Э-ын хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
4. Мөн Р.Э нь 2012 онд Орхон сумын Засаг даргын албыг тухайн үед хашиж байхдаа өөрийн эхнэрийн төрсөн дүү Ж.Э-ын нэр дээр маргаан бүхий 5 га газрыг авч 2015 онд найз Г.Эрдэнэсүхэд шилжүүлж 2016 онд шилжүүлсэн газраа хууль бус аргаар буцаан авсан байдаг. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0619 дүгээр магадлалын зарим хэсэг буюу Орхон сумын Засаг даргын 2015 оны 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.
6. Дархан-уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар захирамжаар Энхтал багийн “Ноёнхонгор” гэх байршилд фермерийн зориулалтаар 5 га газрыг Ж.Э-д эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0403945 дугаар гэрчилгээ олгож баталгаажуулсан, мөн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Э-аас Г.Э-д шилжүүлсэн, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Ж.Энхжаргалын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.Э-ээс Р.Э-т шилжүүлсэн, нэхэмжлэгч Г.Э нь “миний хүсэлт зөвшөөрөлгүй, миний нэрийг илт зассан хуурамч хүсэлт бүрдүүлэн Р.Эрдэнэбаярт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн” гэх үндэслэлээр дээрх 2016 оны А/119 дүгээр захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ж.Э нь “миний зөвшөөрөлгүй, надад мэдэгдэлгүй газрыг шилжүүлсэн, хэн нэгэнд шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдлээ, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлж байсан” гэж маргаж, дээрх 2015 оны 150 дугаар захирамжийн Г.Э-д холбогдох хэсэг болон 2015 оны 159 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэл гаргажээ.
7. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, үүнийг шийдвэрлэх журмыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсны дагуу хүсэлтийг шилжүүлэгч, шилжүүлэн авагч талын аль аль нь гаргах ба хүсэлтэд нотариатаар баталгаажуулсан гэрээг, шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн зөвшөөрсөн нотолгоог, газрын татвар, хураамж төлсөн баримт зэргийг хавсаргахаар заасан, хүсэлтийг хүлээж авсан Засаг дарга нь эхний ээлжинд хүсэлтийг бүрдлийн талаас нь хуулийн шаардлагад нийцүүлэн хянаж, улмаар тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр шийдвэрлэх үүрэгтэй байна.
8. Энэ маргааны хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр Ж.Энхжаргал, шилжүүлэн авахаар Г.Э нарын аль аль нь, мөн маргаан бүхий газрыг эзэмшсэн гэх Г.Э-ээс гэрчилгээг шилжүүлэх талаар,түүнээс шилжүүлэн авахаар гуравдагч этгээд Р.Эрдэнэбаярын хэн нь ч хүсэлт гаргаагүй нь тогтоогдсон, Дархан-уул аймгийн Орхон сумын Засаг дарга нь “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 2015 оны 150, 2016 оны А/119 дүгээр захирамжуудыг гаргаж Газрын тухай хуулийн 38 дугаар 38.3-т заасныг зөрчсөн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч “газар эзэмших хүсэлт гаргаагүй Ж.Э-д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн, Ж.Энхжаргал өөрөө нэхэмжлэл гаргаагүй тул түүний эрхийг зөрчөөгүй” гэсэн дүгнэлтээр Засаг даргын 2015 оны 150 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Э-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.
9. Тодруулбал, нэхэмжлэгч Ж.Энхжаргал нь Орхон сумын Засаг даргын 2012 оны 142 дугаар захирамжаар түүнд эзэмшүүлсэн газрын жинхэнэ эзэмшигч нь түүний хүргэн ах Р.Эрдэнэбаяр болохыг, мөн нэрийг нь ашиглаж, тус актыг гаргасан гэдгийг үгүйсгээгүй ч дээрх актад холбогдуулан нэхэмжлэл гараагүй, уг актад холбогдох үйл баримт нь энэ маргаанд хамааралгүй, нэхэмжлэгч Ж.Энхжаргал “нэхэмжлэлээ өөрөө бичээгүй, эгч нь бичсэн нэхэмжлэлд гарын үсгээ зурсан” гэх асуудал нь хууль бус болох нь тогтоогдсон захиргааны уг актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй.
10. Мөн нэхэмжлэгч Ж.Э нь эрх зөрчигдсөн болохоо илэрхийлж, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах хүсэл зоригоос татгалзаагүй байхад “өөрөө нэхэмжлэл гаргаагүй” гэх үндэслэлээр түүний нэхэмжлэлийн зарим хэсэг болох Дархан-уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 150 дугаар захирамжийн Г.Эрдэнэсүхэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасанд нийцэхгүй.
11. Иймд, нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-ийн хяналтын журмаар гаргасан “...шүүгч өөрийн дотоод итгэлээр Ж.Энхжаргал нь анх газар эзэмших эрхгүй байсан талаар дүгнэсэн, ... Ж.Э-д шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэл зориг байгаагүй, төрсөн эгч Ж.Н-ын ятгалгаар гарын үсэг зурсан талаараа тайлбар өгсөн” гэх гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй.
12. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0619 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Эрдэнэсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ