Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/00886

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

    Дугаар 102/ШШ2024/00886

    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      

      

         Нэхэмжлэлийн шаардлага: 25.160.000 төгрөгийг гаргуулах тухай

      

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 17.500.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянаад     

        

        Шүүх хуралдаанд оролцогчид:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

        Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.А, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 25.160.000 төгрөгийг гаргуулах, хариуцагчийн 17.500.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:           

        3.1.Нэхэмжлэлийн шаардлагын хувьд амины орон сууцын зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 25.160.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

        Н.А 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, Шар хадны аманд байрлах зуслангийн хотхонд 0 метр квадрат талбайтай, 0 өрөө амины орон сууц бариулахаар “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т тэй гэрээ байгуулж орон сууцын урьдчилгаанд эхлээд 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

           Дараа нь 10.000.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, дахин 10.000.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “М” ХХК-ийн захирал Э.С гийн 0 дугаартай “Хаан” банк ХК-ийн дансанд шилжүүлсэн.

           Гэрээнд зааснаар захиалсан орон сууц 2021 оны 06 дугар сарын 01-ний өдөр ашиглалтад орох ёстой байсан боловч “М” ХХК-ийн зүгээс цаг үеийн нөхцөл байдлаас болж барилга, барилгын материал нийлүүлэгдэхгүй байгаа мөн барилгын материалын үнэ нэмэгдсэн зэрэг олон төрлийн шалтаг хэлж,  хугацаандаа захиалгын орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул  2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээгээ цуцалсан.

          Гэрээ цуцалсантай холбоотойгоор өнөөдрийг хүртэл захиалгын мөнгийг буцааж аваагүй байна. А.Т 2021 оны 10 дугаар сарын 30-ны дотор урьдчилгаа мөнгө 1.000.000 төгрөг, алдангийг төлнө гэж баталгаа бичиж өгөөд удахгүй хохиролгүй болгоно гэх амлалтыг өгч байсан. Гэтэл алдангид 1.000.000 төгрөгийг буцааж өгөөд бусдаар амлалтаа биелүүлэхгүй, утсаа авахгүй, уулзахгүй зугтаж байгаагаас үзэхэд хариуцагч үүргээ цаашид биелүүлнэ гэдэг итгэл төрөхгүй нөхцөл байдалтай бий болсон.

          Иймээс орон сууц захиалгын анх төлсөн төлбөр 20.000.000 төгрөг болон тохиролцсоны дагуу урьдчилгаа мөнгө шилжүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойшхи 516 хоногийн алданги 5.160.000 төгрөг нийт 25.160.000 төгрөгийг “М” ХХК, А.Т болон түүний эхнэр Э.С нараас гаргуулж өгнө үү.

Гэрээ цуцалсантай холбоотойгоор талуудын хооронд Иргэний хуульд заасан захиалгаар орон сууц барих буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь  талуудын тайлбараар тогтоогдож байна.

Ажил гүйцэтгэх гэрээний явцад тухайн захиалагч тал  гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Харин гүйцэтгэгчийн хувьд үүргээ гүйцэтгэсэн нөхцөлд гэрээнээс татгалзах юмуу эргэлзээ бүхий байдал үүснэ гэдэг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл ажлыг гүйцэтгэсэн үр дүн байна гэж тодорхойлсон.

Гэвч гүйцэтгэсэн ажлын үр дүн хаана байгаа бэ? Яаж гарсан бэ? гэхээр 2022 оны 12 дугаар сард тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үед захиалгын гэрээний орон сууц 12 дугаар сарын 13-ны өдөр баригдаж дуусаагүй,гүйцэтгэлийн хувьд 40 хувьтай буюу дөнгөж эхэлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

Тухайн үед ковидын нөхцөл байдалтай холбоотой барилгын материал нийлүүлэгдэхгүй байсан үүнээс хойш хугацаандаа амины орон сууцыг барьж чадаагүй байсан гэдгээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэрээ цуцалсантай холбоотой 5 хувийн шимтгэлийг авна гэж ярьж байгаа нь боломжгүй.

Хэрвээ магадгүй орон сууц баригдаад талдаа орсон юмуу эсвэл гүйцэтгэлийн 60 хувьтай байгаа нөхцөлд захиалгын гэрээг цуцалъя гэсэн тохиолдолд торгууль суутгал яригдах нь зүй ёсны асуудал.

Гэтэл гүйцэтгэгчийн хувьд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байж ингэж ярьж байгаа нь хууль бус байна. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр амины орон сууцыг хүлээлгэж өгнө гэж гэрээнд заагаагүй боловч энэ тухай асуудал байсан эсэх талаар шүүх хуралдаан даргалагч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдааны явцад тодруулахад хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч “тийм” гэх хариултыг өгснөөр гэрээний хувьд 6 дугаар сард ашиглалтад өгнө гэсэн нь тогтоогдож байгааг зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй.

Мөн Иргэний хуулийн 346 дугаар зүйлд хөлс төлөх хугацааг зохицуулсан зохицуулалт бий.Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үед хөлс төлнө, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт ажлыг тодорхой үе шаттайгаар гүйцэтгэхээр тогтоож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгээд өгөх үед зохих хөлсийг төлнө заасан. Захиалагч хөлсийг зохих журмаар төлөөгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх талын хувьд хууль, гэрээнд заасан хугацаанд захиалгын зүйлийг хүлээлгэн өгөхөөр биелүүлээгүй болох нь мэдэгдэл, хариуцагчийн тайлбар бусад баримтаар тогтоогддог учраас гүйцэтгэгч, захиалагч талын өмнө хариуцлага хүлээх нь хууль зүйн үндэслэлтэй.

Үүнийг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т анх гэрээ байгуулсан хүний хувьд мэдэж, захиалагч талд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийг хугацаа зааж өгөхөөр өөрөө амлаж, гар бичмэлээр 20.000.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж, нэмэлтээр алданги 1.000.000 төгрөгийг тус хугацаанд төлнө, хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.05 хувийн алданги бодож өгнө гэж бичсэн.

 Захиалагчтай компанийн менежер А.Т гэх хүн харьцаж, хариуцаад ажиллаад явдаг бөгөөд А.Т ийн хувьд өөрөө тамга тэмдэггүй боловч гар бичмэлээр 0.05 хувийн алданги төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бусад нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Мөн 20.000.000 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж, алдангийг А.Т өөс гаргуулах нь аль аль талдаа зохистой гэж үзэж байна.

Хариуцагч Э.С гаас татгалзаж байна, гэжээ.

 

          4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          4.1.Нэхэмжлэгчийн хувьд анх хариуцагч “М” ХХК-аас 25.160.000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Э.С, А.Т нарыг татан оролцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулж өгөөгүй байна.

          Ямар үндэслэлээр Э.С, А.Т нарыг хамтран хариуцагчаар татах болсон ба хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй тул бид нэхэмжлэлийн шаардлага тодруулж бичгээр өгөх байх гэж бодсон. Гэтэл өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан дээр ярьж байх шиг байна.

          Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “М” ХХК  2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй амины орон сууц лизингээр авах гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг авсан талаар маргахгүй.

         Гэрээний хувьд гэрээний үүрэг биелүүлээгүй тодорхой шалтгаанууд байсан. Тухайн үед барилга 40 хувийн гүйцэтгэлтэй баригдсан байсан.

         Гэтэл ковидын нөхцөл байдал үүсэж, барилгын материалын үнэ өсөж, блоконд хийдэг шохой материал дутсанаас болж ашиглалтад гүйцэт орж чадаагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт 5 хувийн шимтгэл суутгаж, үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууцыг худалдсан тохиолдолд буцааж өгнө гэсний дагуу төлөх боломжтой гэж үзэж байна. Э.Сгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

        Эрх зүйн харилцаанд нэхэмжлэгчтэй оролцоогүй, зөвхөн компанийг төлөөлж харилцаанд оролцсон тул Э.С хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Э.С гэх хүн хувиараа нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тухайн төлбөрийг дансаар авсныг үүрэг болон нэхэмжлэлийг шаардах эрхтэй гэж үзэхгүй байна.

        Гэрээний дагуу төлбөрийг тохиролцсон хугацааны дотор 10.000.000 төгрөгөөр хоёр хувааж төлсөн.

           Дээрх төлбөрийг компанийн захирлын хувьд авсан учраас Э.С иргэнээр хариуцна гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн. А.Тийн хувьд мөн адил компанийг төлөөлж борлуулалтын менежер хийж нэхэмжлэгчтэй харилцаж байсан.

           Нэхэмжлэгч хариуцагчийг хүсэлт буюу гар бичмэлийг бичиж өгсөн гэдгийг үндэслэж мөнгө төлөх, алданги төлөх ёстой гэж үзэж байна.

          Алданги гэдэг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол тодорхой үнийн дүнг төлнө гэх тохиролцоо.

          Амины орон сууцны зээлийн гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй. Нэгэнт алдангийг гэрээ гэж байгаа учраас хэлцэл биш, нэг талын хүсэл зоригийг илэрхийлэх зүйл биш. Тэгэхээр алданги нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Мөн А.Тийг хариуцагч гэж үзэхгүй зөвшөөрөхгүй байна.

           Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 5 хувийн шимтгэлийг суутгаж буцаан өгөх боломжтой гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс А.Тийн гар бичмэлийг үндэслэж А.Төөс алданги шаардаж байна.

Би тайлбартаа алданги гэдэг хоёр талын хүсэл зоригоор илэрхийлэх бичгээр илэрхийлсэн гэрээ гэж тайлбарлаж байгаа.

Зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн шинжтэй баримт бичгийг үндэслээд үүрэг үүссэн тул алданги төлөх үүрэгтэй гэж шаардах үндэслэл байхгүй гэдгийг хэлсэн. Алданги гэдэг үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээтэй холбоотой учраас үндсэн гэрээ байгуулсан талууд гэрээнд хүсэлтээ тусгаснаар шаардах эрх үүсэх асуудал яригдана. Энэ талаар шүүх өөрөө шүүх байх.

Алдангийг А.Төөс гаргуулъя, Э.Сгаас 20.000.000 төгрөгийг гаргуулъя гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна, гэжээ.

 

       5.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

       5.1. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.

 

       6.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:

 

       7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Амины орон сууцны зээлийн лизинг гэрээ, дансны хуулга, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай итгэмжлэл

 

       8.Хариуцагчаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэл”, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуулийн этгээдийн дүрэм, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0037 дугаартай итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг өгчээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шаардах эрхийн үндэслэлээ “Захиалсан амины орон сууц ашиглалтад ороогүй, ажил зогсож цаашид үргэлжлэх боломжгүй байсан учраас гэрээгээ цуцлах мэдэгдлийг өгч, урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөгийг нэхсэн. Гэтэл А.Т зөвшөөрч гараар бичиг үйлдэж алданги төлнө гэдгийг хэлээд 1.000.000 төгрөгийг өгсөн тул “М” ХХК-аас 20.000.000 төгрөг, алданги 4.160.000 төгрөгийг А.Т өөс нэхэмжилж, Б.С гаас татгалзаж байна” гэж тодорхойлов.

 

         3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөгийг төлнө. Гэхдээ гэрээнд заасан шимтгэлийн суутгаж өгнө. Амины орон сууц хугацаандаа баригдаагүй шалтгаан ковид гарч, ажил зогсож мөн барилгын материал өсөж хүндрэл үүссэн түр зогсоод одоо ажил үргэлжлээд 80 хувьтай явж байна. Хариуцагч А.Т ийн хувьд компанид менежер ажилтай. Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй. Тухайн үед мөнгөө нэхээд байхаар бичиг бичиж өгсөн байдаг. Энэ нь компанийн өмнөөс үүрэг хүлээж байгаа асуудал биш. 1.000.000 төгрөгийг авсан тухайд нэхэмжлэгч зөвшөөрч байгааг алданги төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэрээ нэхэмжлэгч, хуулийн этгээд хоёрын хооронд байгуулагдсан тул А.Т, Б.С нарт хамааралгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж илэрхийлж байна.

 

        4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

           

        5.Талууд 2021 онд Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, “Шар хадны” аманд байрлах 0 метр квадрат талбайтай, 0 өрөө, 0.35 метр квадрат газар эзэмших эрхтэй амины орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож “Амины орон сууцны зээлийн лицингийн гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг төлсөн нь гэрээ, зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        7.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         8.Мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

         9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.

 

       10. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу захиалагч, гүйцэтгэгч нар амины орон сууцны үнийг 55.000.000 төгрөгөөр тохиролцож, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг төлж, тогтоосон хугацаанд байр ашиглалтад ороогүйн улмаас хариуцагчид гэрээг цуцлах мэдэгдэл өгснийг зөвшөөрч, нэхэмжлэгчид 1.000.000 төгрөгийг төлсөн үйл баримтад тогтоогдож байна.

 

       11.Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд урьдчилгаа төлбөрт төлсөн 20.000.000 төгрөгийг “М” ХХК-аас, хариуцагч А.Т өөс “хүсэлт гаргах нь” нэртэй гар бичмэлд дурдсан алданги төлнө гэсний дагуу алдангид 4.160.000 төгрөг нийт 25.160.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан гэж тайлбарлаж байна.

 

       12.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч А.Т алданги төлөх үүрэгтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын байгуулсан гэрээнд алданги төлөхөөр заагаагүй харин урьдчилгаа төлбөрөөс шимтгэл тооцно” гэж маргаж байна.

 

       13.Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1, 232 дугаар зүйлийн 232.7, талууудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт зохигчид гэрээний үнэ, үүрэг хариуцлагыг тохиролцож мөн хуулийн 202  дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт “стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 202.2.12 дахь хэсэгт “үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан”, 202.2.13 дахь хэсэгт “санал гаргагч тал үүргээ хэсэгчлэн гүйцэтгэснээс нөгөө талын хууль ёсны ашиг сонирхол хохирох тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээгээ цуцалж, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг бүхэлд нь шаардах эрхийг үгүйсгэсэн;” гэж заасны дагуу гэрээнээс харахад, хэрвээ гүйцэтгэгч тал захиалагчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиодолд анз, шимтгэл шаардах эрхтэй, гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч анзыг шаардах эрхгүйгээр тусгасан нь нөгөө талдаа шударга бус хохиролтой хандсан гэж үзээд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

 

    14. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, хэн нэгнийхээ өмнө эрх эдлэж, үүрэг хүлээж хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй нөхцөлд нөгөө тал үүргийн биелэлтийг шаардах эрх үүсдэг тул нэхэмжлэгч, хариуцагч А.Тийн хооронд үүрэг үүсээгүй байна гэж үзлээ.

 

        15.Тиймээс хариуцагч А.Тийг алданги төлөхөө илэрхийлэн 1.000.000 төгрөгийг төлсөн учраас түүнээс алданги шаардах эрхтэй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарган мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгч Н.А, хариуцагч “М” ХХК-ийн хооронд байгуулагдсанд зохигчид маргаагүй өөрөөр хэлбэл үүргийн харилцаа хэлцлийн үндсэн дээр үүсэж, үүргийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч хүлээдэг учраас хариуцагч А.Т, нэхэмжлэгч Н.А нарын хооронд хэлцэл хийгдэж үүрэг үүсээгүй байх тул алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

       16.Нэхэмжлэгч хэдийгээр 1.000.000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн боловч “М” ХХК-ийн захирал Б.С, хариуцагч А.Т нар гэр бүлийн хүмүүс, хариуцагч А.Т 20.000.000 төгрөгийг төлнө гээд дээрх мөнгийг өгсөн гэх тайлбарыг талууд үгүйсгээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрөөс хасахд маргаагүй тул урьдчилгаа төлбөрөөс хасаж тооцоод хариуцагчаас 19.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

       17.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдааны явцад хариуцагч Э.С гаас татгалзсныг дурдах нь зүйтэй байна.

 

       18. Хариуцагч “М” ХХК-ийн 17.500.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

       18.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдах нь зүйтэй.

 

      19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 252.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 19.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А д олгож, үлдсэн 1.000.000 төгрөг, хариуцагч А.Төөс 4.160.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК 17.500.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталсугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245.450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 252.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА