Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 223/МА2020/00023

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох,

7 848 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Баатар-Эрдэнэ нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг" Их морин хөтөл" гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 02-82 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 2 м урттай 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Дээрх үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Лхагвабаяр мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж, тус аймгийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг тус Аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Эрхэмбаяр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.******* дээрх гэмт хэргийн улмаас байгаль экологид 7 848 900 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна.

Иймд тус аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дах хэсэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн*******эс байгаль экологид учруулсан 7 848 900 төгрөгийн хохирлыг гаргуулж, орон нутгийн төсөвт оруулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Ч.Баатар-Эрдэнээс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр болох 7 848 900 төгрөг гаргуулах байгаа. Үндэслэл нь******* нь Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 44 ширхэг нойтон нарс модыг тээвэрлэсэн. Энэ тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэж эрүүгийн журмаар Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна гэж Прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй учир тухайн орон нутгаас албан тоотыг авч Прокурорын газраас нэхэмжлэл бичиж шүүхэд хүргүүлсэн байгаа. Энэ хэргийг шалгах явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2 616 300 төгрөг гарсан байгаа. Энэ хохирлыг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 7 848 900 төгрөг болж байгаа юм.

Ч.Баатар-Эрдэнэ нь тухайн модыг бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэдэг нь гэрч Шинэбаяр, иргэний нэхэмжлэгч Ууганбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Мөн гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гээд Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.6.6-д зааснаар******* нь гарал үүслийн гэрчилгээгүй модыг тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдоно. Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр гаргасан. Шинжээчийн дүгнэлт дээр шинжээч н.Батмагнай гэж хүн шинжээчээр мэдүүлэг өгөхдөө нойтон мод бэлтгэсэн байсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч н.Батчимэг, иргэний нэхэмжлэгч н.Ууганбаяр нар нь тухайн газарт зөвшөөрөлгүйгээр модыг тээвэрлэсэн гэж мэдүүлсэн. Эдгээр нотлох баримтуудаар******* нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдож байгаа. Иймд*******эс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөр болох 7 848 900 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100140000955 дансанд оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай бүрэн танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариу тайлбараа шүүхэд хүргүүлсэн. Учир нь гэвэл Ч.Баатар-Эрдэнийг зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэж цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байгаа. Тээвэрлэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 11 дэх заалтад байгаль орчинд учруулсан хохирол гэж байгаль орчныг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр бэлтгэсэн, олборлосон бол байгаль орчинд хохирол учруулсан болж байгаа юм. Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дах хэсэгт ойд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх заалт байгаа. Ингэхээр******* нь бэлтгэсэн бус харин тээвэрлэсэн байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа тээвэрлэсэн үйлдэлд нь шалгасан байгаа. Уг модыг тээвэрлээд Төв аймгийн Жаргалант сум руу орж ирэх үед цагдаагийн байгууллагаас шалгаж цагдаагийн хэсгийн хашаанд хураасан байгаа. Энэ талаар Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас тодорхойлолтыг ирүүлсэн байдаг. Хэрэгт энэ тодорхойлолт байгаа. Тухайн сумын цагдаагийн хэсгийн хашаанд тоо ёсоороо хадгалсан байгаа гэдгийг гэрэл зургаар бэхжүүлсэн. Модыг тооллогын комисс гаргаж тоолсон байгаа. Ч.Баатар-Эрдэнийн хувьд 2 метрийн урттайгаар тайрсан 44 ширхэг мод байгаа. Энэ модноос 1 ширхэг ч мод аваагүй. Цагдаагийн газарт битүүмжлэгдсэн хэвээр байгаа гэдэг нь харагдаж байна. Тийм учраас өнөөдөр Прокурорын газраас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 510 дугаар 510.1, Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11, Ойн тухай хуулийн 42 зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй,*******д холбогдох, 7 848 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй давж заалдах гомдолдоо: “...Тус аймгийн прокурорын газраас*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол" гэж зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ч.Баатар-Эрдэний гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нөхөн төлбөр болох 7.848.900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд прокурорын газраас нэхэмжлэл гаргасныг Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тухайн модыг бэлтгэсэн этгээд тогтоогдоогүй байхад тээвэрлэсэн гэх Баатар-Эрдэнээс модны хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй" гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Хууль бусаар мод бэлтгэх " гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхад бэлтгэсэн этгээд тогтоогдоогүй байхад тээвэрлэсэн этгээдээс модны хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.******* нь тухайн модыг тээвэрлэхийн тулд Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журманд заасны дагуу "Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг" аваагүй, мөн журмын 6.6 дугаар зүйлд заасан "Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ" гэсэн заалтыг зөрчиж, тухайн зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн , гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн гэмт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон ба зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас учруулсан хохирол нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохиролд хамаарна. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх   шүүх хуралдааны явцад шинэчлэн судлагдсан гэрч Шинэбаяр иргэний нэхэмжлэгч Ууганбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар Баатар-Эрдэнэ нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг өөр газарт гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШТ2020/01248 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно...“ гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх байгаль орчинд гэм хор учруулснаас үүссэн үүргийн харилцаанд хэрэглэвэл зохих  Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хорын зохицуулалт болон Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд  заасан  ойн сан, байгаль орчинд учруулсан хохирлын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй  байх тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээр Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн “Их морин хөтөл” гэх газраас тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр 2 м урттай, 44 ширхэг нойтон царс модыг тээвэрлэж, байгаль экологид хохирол учруулсан гэх үндэслэлээр гэм хорын хохирол 7 848 900  төгрөгийг*******эс  гаргуулахаар Төв аймгийн Прокурорын газар шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасантай нийцэж байна. 

Хариуцагч *******эс ...байгаль орчинд учруулсан хохирол гэж байгаль орчныг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...  бэлтгэсэн бус харин тээвэрлэсэн,... Эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа тээвэрлэсэн үйлдэлд нь шалгасан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзжээ.

*******аас *******д холбогдуулан  Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2 мм урттай, 44 ширхэг нойтон нарс модыг, “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн“ гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт хариуцагч******* гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн гэм хорын талаарх эрх зүйн зохицуулалтын хүрээнд *******аас*******д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хуулийн дагуу хариуцвал зохих этгээд******* мөн болох нь тогтоогдож байх тул    түүнийг  хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна. 

Хэдийгээр хариуцагчаас “…мод бэлтгээгүй, мод бэлтгэсэн этгээд нь тогтоогоогүй байхад тээвэрлэсэн этгээд хохирлыг хариуцахгүй“ гэсэн тайлбар гарган маргаж байх боловч Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  “Хууль бусаар мод бэлтгэх“ гэмт хэрэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн...” ажиллагааг Ойн тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан холбогдох зохицуулалтыг хамааруулж ойлгоно.

Ойгоос хууль бусаар огтолж, бэлтгэсэн 2 метр урттай, 44 ширхэг нойтон нарс  модыг хариуцагч******* 02-82 УНЦ дугаартай тээврийн хэрэгслээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ачиж, тээвэрлэсэн үйлдэл нь:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтын “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;

Ойн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1дэх заалт “ойн санд учруулсан хохирол” Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана”,  42 дугаар зүйлийн 42.1.6. дахь заалтын “хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан”,

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулахтай холбогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох, хэрэглэхэд үүсэх харилцааг зохицуулахад оршино“, 6.6-д “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.” гэсэн  заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тиймээс хариуцагч******* хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байх ба хууль бусаар бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл, эс үйлдэхүйдээ байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эрх зүйн үндэслэл нь дээрх хуульд нийцэхгүй  байна. 

Харин Ойн сан болон байгаль экологид шууд учруулсан бодит хохирол нь модны  экологи эдийн засгийн үнэлгээгээр 2 616 300 төгрөг байхад нэхэмжлэгч Төв аймгийн прокурорын газраас Байгаль орчныг хамгаалах  тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-д зааснаар ойн санд учруулсан хохирлын үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 7 848 900 төгрөг гэж шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасантай нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр байгаль орчинд учруулсан бодит хохирол болох 2 616 300 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн хангаж, уг төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 151/ШШ2020/01248 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч*******эс 2 616 300 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 232 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай“ гэж өөрчилж, тогтоох хэсгийн  2 дахь заалтад “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч*******эс улсын тэмдэгтийн хураамжид  56 810  төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн заалт  нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

           

                          ШҮҮГЧИД                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                     Т.ЭНХМАА