Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоогийн Өрнөндэлгэр |
Хэргийн индекс | 151/2019/01065/И |
Дугаар | 223/МА2021/00001 |
Огноо | 2021-01-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 223/МА2021/00001
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01345 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч*******т холбогдох,
Гэм хорын хохиролд 13.367.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг /онлайнаар/, хариуцагч******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Л.Алтанзагас нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 хороо, булгийн 19 гудамж 1125 тоот хашаа байшинг мөргөж хохирол учруулсан.******* нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй ба гэртээ амьдрах боломжгүй байна. Иймд хохирол 13 367 000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1125 тоот хашаа, байшинг миний эзэмшлийн машин засвар хийж байхад эвээс нь мултарч мөргөсний улмаас 12 855 000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилж байгаа нь бодит хохиролтой нийцэхгүй байна.” гэжээ.
Хариуцагч Н.Гүррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н.Гүррагчаа миний бие ******* гэдэг хүнд соната 2 маркийн машиныг зарж худалдсан болно. Уг хэрэг гарах үед машин Алтанзагасын мэдэлд очсон байсан тул надад хамааралгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Манайх энэ байшингаа өөрсдөө барьж 2 жил гаруй амьдарч байсан, нөхөр маань автобусны жолооч, би сувилагч ажилтай, бага насны 3 хүүхэдтэй айл юм. 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 11.30 минутын үед манай байшингийн баруун хойд талаас гал тогооны өрөөнд суудлын машин цөм мөргөөд ороод ирсэн. Машины урд хэсэг байшинд тэр чигээрээ орж ирсэн. Машин жолоочгүй байсан. Тэр үед би жирэмсэн 2 хүүхэдтэйгээ том өрөөнд байж байсан юм. Ингээд цагдаа дуудаж хэргийн газар үзлэг хийсэн, 2 хоногийн дараа байшиндаа үзлэг хийлгэж, Ашид билгүүн ХХК-д 512000 төгрөгийн хөлс төлж, үнэлгээний тайлан гаргуулсан. Үнэлгээний тайлангаар байшинд учирсан хохирлыг 12855000 төгрөг гэж тогтоосон. Байшинг бүхэлд нь засвар хийх шаардлагатай гэж үнэлгээний тайланд тусгасан байгаа.
Осол гарсны дараа байшинд амьдран суух боломжгүй тул 3 нялх хүүхдээ дагуулаад аав ээж, хамаатан саднаар амьдарч байгаад энэ зун бага зэрэг засвар хийгээд орсон.
Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж байшинд учирсан хохирлыг 7980 800 төгрөг гэж, дахин хүсэлт гаргаж шинжээч үнэлгээг 1 792 370 төгрөг гэж гаргасан байна.
Энэ хоёр үнэлгээг зөвшөөрөхгүй, үнэлгээ нь машин орж ирсэн эвдэрхий хэсгийг бөглөх, таглах хэмжээг л үнэлсэн байгаа юм.
Гэтэл хэрэг болсон даруйд үнэлгээ нь байшинд учирсан бүх хохирлыг үнэлсэн үнэлгээ юм. Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээнээс падаангүй авсан зардал 1 553 000 төгрөг, зарлагын баримтаар авсан 1 140 000 төгрөг, нийт 2 693 000 төгрөгийг хасаад 10 674 000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж өгнө үү.
Хариуцагч Н.Гүррагчаа нь уг машиныг*******т худалдсан гэсэн, осол гарах үед******* машинаа засаж байсан тул энэ хохирлыг*******аас гаргуулж өгнө үү. Хариуцагч Н.Гүррагчаагаас нэхэмжлэхээс татгалзаж байна.” гэжээ.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2735 УБЭ улсын дугаартай соната 2 маркийн тээврийн хэрэгслийг Н.Гүррагчаагаас худалдан авсан, бичиг баримтыг шилжүүлж аваагүй байгаа юм.
2019 оны 09 сарын 18-ны өдөр өндөрлөг газар машиндаа засвар хийж байтал өнхөрч 2-3 хашаа дайраад нэхэмжлэгчийн хашааг мөргөөд байшинд нь ороод зогссон. Би машинаа зогсоох гэж өөрөө урдуур нь орсон боловч зогсоож чадаагүй алдсан. Байшинд нь би засвар хийгээд өгье гэхэд зөвшөөрөөгүй. Миний бие 2 оюутны тэтгэлэг төлдөг, эрхэлсэн ажилгүй, төлбөрийн чадваргүй тул Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн 12855000 төгрөгийг төлөх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлсэн 1 792 370 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч*******аас 10 674 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Н.Гүррагчаад холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч *******ийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 224 785 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Л.Алтанзагасаас 185 734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Алтангадас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт "....Ашид билгүүн ХХК-ийн хийсэн үнэлгээг нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээний шаардлагад хамааралтай ач холбогдолтой байх тул шүүх бүрэлдэхүүн эргэлзээгүй талаас нь үнэлсэн... Хариуцагчийн татгалзлын үндэслэл болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 08 сарын 20-ны өдрийн 293 тоот дүгнэлтээр 1792370 төгрөгийн үнэлгээ нь шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй байна. Учир нь уг дүгнэлт цаг хугацааны хувьд осол хэрэг гарснаас хойш 1 жилийн хойно өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсний дараа мөн тухайн эвдрэл бүхий нурсан хана тааз шал хаалга зуухны яндан, дээврийн засвар хашааны засварын хэмжээг тодорхой хэсэг талбайн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй байна" гэжээ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй." гэж заасан. Шүүхээс шийдвэрийн үндэслэл болгосон “Ашид билгүүн” ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан дүгнэлтээр тухайн эд хөрөнгөд ямар хэмжээний хохирол учирсныг тогтоолгүйгээр байшинг бүхэлд нь засах хэмжээний хохирлыг тооцсон. Тухайлбал: дээврийн төмрийг одоо болтол засаагүй байгаа ба ослын үед дээврийн төмөрний ирмэг цохигдож 8.8м2 талбайтай төмрийг солихоор байсан. Энэ хэсгийг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээ хийхдээ хэмжилт хийгээгүй дээврийн төмрийг бүхэлд нь засах шаардлагатай гэж үзсэн. Харин Хөрөнгийн үнэлгээний төв ХХК эвдэрсэн гэмтсэн зурагдсан хэсгийг хэмжиж эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг тооцсон. Цаг хугацааны хувьд 1 жилийн дараа хийгдсэн үнэлгээ нь үндэслэл болохгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь өөр эд хөрөнгөд биш осолд өртсөн тухайн эд хөрөнгөд үнэлгээг хийсэн. Уг эд хөрөнгө шинж байдал, хийц бүтээцийн хувьд огт өөрчлөгдөөгүй. Обой, хана, пийшин, хашаа, жижиг өрөөний дотор засал, лампир зэргийг л засварласан байсан. Энэ засварын зардлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК бүрэн тооцсон. Гэтэл шүүхээс бодит хохирлыг тооцсон эсэхийг үнэлэлгүйгээр цаг хугацааны хүчин зүйлийг үндэслэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн дээр нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.
“Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Шинжээчийн дүгнэлт гаргасан Г.Баярбаатар шүүх хуралдаанд ... байшинд учирсан хохирлыг засварласан байсан, үнэлгээг зөвхөн эвдрэл гарсан хэмжээгээр тогтоосон гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна" гэсэн "Тухайн эвдрэл бүхий нурсан хана тааз шал хаалга зуухны яндан, дээврийн засвар хашааны засварын хэмжээг тодорхой хэсэг талбайн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй байна" гэж шүүх үзсэн нь гэм хорын хохиролоос давуулан хийгдсэн үнэлгээг баримтлаж буй дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Бодит хохирлын хэмжээг эвдрэл гэмтэл үүссэн хэмжээгээр нь үнэлэхгүй өөрөөр яаж үнэлэх ёстой вэ? Байшинг бүхэлд нь засах хэмжээний хохирол учраагүй. Шүүх бүрэлдэхүүн миний шудрага шүүхээр шүүлгэх эрхийг минь зөрчиж шүүх хурлын турш намайг эвлэрэхийг шаардаж, өдий насны хүн байж хүний байшинг эвдчихээд засаад ч өгөхгүй гэх зэргээр загнаж, өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй дарамтлах зэргээр хурлыг дуусгасан. Ийм нөхцөлд би өөрийн хэлье гэсэн бүх зүйлээ хэлж чадаагүй даралт ихсээд зүрх дэлсээд гарч ирсэн.
Миний хувьд тухайн хэрэг осол болсны дараа нэхэмжлэгчид байшинг чинь засаад өгье гэхэд засуулахгүй шүүхдэж мөнгөө авна гэсэн. Шүүх бүрэлдэхүүний үгэнд нь орж эвлэрээгүй учраас ийнхүү хамгийн их үнэлгээний дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би бусдад учруулсан бодит хохирлоо төлөх хуульд заасан үүргээ биелүүлнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагчийн гэм хорын хохирлын хэмжээ, гэм хор учирсан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой давж заалдсан гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах боломжтой тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 13,367,000 төгрөг гаргуулахаар хариуцагч*******т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг бодит учирсан хохиролтой нийцээгүй гэж татгалзжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гармаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг 2,693,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний баримтыг үндэслэн 10,674,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.
Л.Алтанзагас нь 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 11.30 минутын үед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт 2735 УБЭ улсын дугаартай соната 2 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаандаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 14.6-д жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн зүйлийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 19-1125к тоот хаягт орших нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн хашаа, байшинг мөргөж хохирол учруулсан гэм буруутай болох нь зохигч талуудын тайлбар болон*******т 2019 оны 09 сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан Цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудсаар тогтоогджээ.
Осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Л.Алтангадас эзэмшиж, ашиглаж байсан ба Гүррагчаа гэгчтэй худалдах-худалдан авах хэлцэл хийж, эзэмшлийг шилжүүлэн авсан боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримт нь өмнөх өмчлөгчөөс шилжээгүй байсан байна. Гэхдээ тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй юм.
Тээврийн хэрэгслийг гэрээ, хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжүүлэх үед уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад гэм хор учруулсан тохиолдолд хариуцлага хүлээх субъектийг зөв тодорхойлох шаардлагатай. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул тухайн тээврийн хэрэгсэл бусдад гэм хор учруулсан этгээдийн буюу*******ын эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдсон байна. Тээврийн хэрэгслийг хариуцагч өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй.
Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүснэ.
Хариуцагчийн бусдад гэм хор учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн ба машины хөдөлгүүрийг унтрааж, явах үйлдлийг түр хориглосон үед авто машин өнхөрч, *******ийн өмчлөлийн хашаа, байшинг мөргөсний улсаас хашаа, байшин эвдэрч, гэмтэж, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогджээ. Энэ нь замын хөдөлгөөн ба тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай салшгүй холбоотой байна.
Хариуцагчийн хууль бус, гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмч хөрөнгөд гэм хорын хохирол учирсан, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хариуцагч******* нь өмчлөх эрх шилжүүлэх үүргийн шилжүүлгийн хэлцлийн үндсэн дээр Гүррагчаагаас Соната 2735 УБЭ маркийн автомашиныг эзэмшиж байгаа, гэм хорыг хариуцагч учруулсан бөгөөд Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар тэрээр шууд эзэмшигч болох тул мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан эзэмшигчид хамаарна. Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т заасан эзэмшигч гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. дэх хэсгийн зохицуулалтын агуулгаар гэм хорын хохирол шаардаж буй этгээд нь шаардлагаа тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигчийн алинд ч холбогдуулан гаргаж болохоор байна. Нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгслийн шууд эзэмшигчид холбогдуулан гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргасан.
Зохигчид хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирч улмаар эд хөрөнгийн бодит хохирол учирсан тухайд маргаагүй. Харин гэм хорын хохирол хүлээх хариуцлагын хэмжээний асуудлаар маргасан байна.
Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
******* нь гэм хорын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гаргасан хохирлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.
Нэхэмжлэгч нь осол гарснаас хойш хоёр хоногийн дараа “Ашид билгүүн” ХХК-иас үнэлгээний тайлан гаргаж, эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоосон тул хөрөнгийн үнэлгээг үндэслэн 12, 855,000 төгрөгийн гэм хорын хохирлыг шаардах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр шүүхээс томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хохирлыг бодитой тогтоосон тул 1,792,370 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээнэ гэж маргасан байна.
Анхан шатны шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг гэм хорын хариуцлага хүлээлгэх, хохирлыг тогтооход нотолгооны ач холбогдолтой, хамааралтай гэж үзэхдээ шүүхийн шатанд хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр томилогдож, хөрөнгийн үнэлгээ хийсэн “Итгэлт эстимейт” ХХК-ийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй байна.
Харин мөн хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг ...уг дүгнэлт цаг хугацааны хувьд осол хэрэг гарснаас хойш 1 жилийн хойно, өмчлөгч нь тодорхой хэмжээний засвар хийсний дараа мөн тухайн эвдрэл бүхий нурсан хана, тааз, шал, хаалга, зуухны яндан, дээврийн засвар, хашааны засварын хэмжээг тодорхой хэсэг талбайн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй гэж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр байшинг бүхэлд нь засах гэж үзэж, материалын зардалд 5,897,500 төгрөг, ажлын хөлс 6,607,500 төгрөг, тээврийн зардал 350,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, байшинг бүхэлд нь зассанаар эд хөрөнгө өмнөх байсан байдалдаа нөхөн сэргээгдэнэ гэж үзсэн үндэслэл тодорхойгүй, бүхэл тоосгон байшин барих хэмжээний буюу 7750 ширхэг тоосго орох зэргээр материалын зардлыг тооцсон нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүх “Итгэлт эстимейт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм хорын хохирлын хэмжээг тогтоож, хариуцлагын хэмжээг тодорхойлох нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1.дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ гэж үзэв. Учир нь уг үнэлгээгээр материалын зардалд 3,347,800 төгрөг, ажлын хөлс 3,652,500 төгрөг, тээврийн зардал 250,000 төгрөг хохирлыг арилгах нийт зардлын хэмжээг 7,980,800 төгрөгөөр тогтоосон нь илүү бодитой байна.
Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 7,980,800 төгрөг, нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 512,000 төгрөг, нийт 8,492,800 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2,181,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:
1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 151/ШШ2020/01345 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтын “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч*******аас 10,674,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч*******аас 8,492,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 2,181,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...185,734 төгрөг гаргуулан...” гэснийг “150 835 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Ц.ӨРНӨНДЭ