Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

           Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

Хохирогч С.Энхжин, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан,   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Чива овогт Д.Мод холбогдох 1711 0030 00086 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороо, 5 дугаар хороолол 21-62 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Чива овогт Д.М  (РД:00000000000000)

нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд Сүрэнжавын Энхжинг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Тухайн өдөр манай хүн архи уусан байсан. Намайг хүүтэйгээ унтах гэтэл өөрөө унтана гээд маргаан болсон. Өмнө нь энэ оны 3 дугаар сарын 10-нд манай хүн архи уугаад тавьтаргүй зан гаргасан. Би зодоогүй. Над руу агсам тавиад байсан гэв.

            Д.Моос мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...хүү Эрхэс маань “аав хажууд унт” гэсэн тэгэхээр нь хэвтээд хүүгээ эрхлүүлээд байж байтал эхнэр Энхжин маань өөр газар унтчих гээд хүүг маань өөр рүүгээ татаад намайг түлхээд миний хүзүү рүү хумсаа шигтгэсэн. Би тэгэхээр нь гарыг нь бариад цааш түлхсэн гэжээ.  

Шүүх хуралдаан дээр хохирогч С.Энхжингээс мэдүүлэхдээ:-Би Д.Мөнхцогттой 2001 онд гэр бүл болж, 2002 онд хуримаа хийснээр өнөөдрийг хүртэл хамт амьдарсан. 2016 оноос эхлэн Д.Мөнхцогтын ааш зан нь эвдэрч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр намайг анх удаагаа зодсон. “Март 8”-ны баяр тэмдэглээд хадам аавынхаа гэрт байхад энэ асуудал болсон. Мөнхцогт гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж явсан ба энэ нь 1 удаагийн үйлдэл биш. Би өмнөх явдлуудыг нь уучилж байсан. 2016 онд ч мөн ийм асуудал гарсан. 2017 оны 03 сард 308.000 төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн авсан баримт гарч ирсэн тул учрыг нь асуухад минийх биш гэсэн. Тэгээд надтай ярилцахгүй уурлаад байсан ба үг ч дуугарахгүй байсан. Ингээд би 3 дугаар сарын 10-ны өдөр эгч, дүү нарт нь энэ талаар хэлсэн. Гэтэл энэ шалтгаанаар уурлаж намайг зодсон ба газарт унагааж дэвссэн. Тэр үед аав, ээж нь унтаж байсан. Тухайн үед Мөнхцогтын төрсөн эгч Наранцацрал, дүү Нарантуяа, нөхөр Мөнхбаяр болон тэдний хүүхдүүд байсан. Тэр хүмүүүс биднийг салгасан тул би хүүхдээ аваад гэрээсээ явсан. Уурлахаараа биеэ барих чадваргүй болдог тул дахиж намайг зодох байх гэж айсан. Намайг явуулахгүй гэсэн тул бараг л гэрээсээ зугтааж гарсан. Би үеэл эгч болон төрсөн ахындаа хэд хоног амьдарсан. Ингээд 10 гаруй хоногийн дараа гэртээ ирсэн. Дараагийн асуудал нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болсон. Хадам аавын зусланд “Яргайт”-д очиж хоол идээд унтахаар хэвтсэн. Би хүүтэйгээ унтаж байхад шөнө 23 цаг өнгөрч байхад Мөнхцогт ирээд хажуугаар хэвтэх гэхээр нь чи багтахгүй, өөр хөнжил авч ирээд унт эсхүл 2 давхарт гарч унт гэхэд үгүй, би энд унтана, чи юу яриад байгаа юм бэ гэсэн ба маргаан үүсч намайг атгасан гараараа шанаа руу цохьж, хөлөөрөө өшиглөсөн. Манай хүүхэд уйлсан ба би цагдаа дуудсан. Тэр үед Мөнхцогтын ээж нь босох гэж байгаад орноос унасан тул би очиж түшиж босгох гэхэд Мөнхцогт ирээд ээжийгээ босголцохдоо миний нуруу руу цохьсон. 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст очиход хэрэг бүртгэгч нь байгаагүй тул маргааш нь буюу 23-ны өдөр өргөдлөө бичиж өгөөд шүүх эмнэлгийн үзлэгт хамрагдсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр нотлох баримтаа шалгуулах материал өгсөн. 9 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөгчид гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг үүсч шалгагдах явцад миний Ланд Круйзер-200 маркийн машин Мөнхцогтын нэр дээр байхад нь миний зөвшөөрөлгүйгээр дүү Нарантуяагийнхаа нэр дээр шилжүүлж, дугаарыг нь сольсон. Төрсөн эгч Наранцацралтынх нь зүгээс намайг дарамталсан мессэж ирсэн. Мөн хэрэг гардаг өдөр цагдаа ирээд явсны дараа намайг хэл амаар доромжилсон тул би бичлэг хийсэн. Түүнчлэн хүүхдийг минь авна, чамд өгөхгүй гэж удаа дараа дарамталсан. Эрхэс бол бидний албан ёсоор үрчилж авсан хүүхэд. Мөнхцогтын эгч, дүү нараас нь удаа дараа дарамталсан мессэж ирж, хүүхдийг минь авна гэж дарамталдаг байсан. Энэ бол сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэр тул шалгуулахаар хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй. Бүх үйлдлээрээ энэ чиний хүүхэд биш гэсэн хандлага гаргадаг. Би 2017 оны 9 дүгээр сарын 14-нд гэр бүл цуцлуулах талаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гомдолтой гэв.

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.26-ны №9407 тоот шинжилгээний дүгнэлтэд:

1.С.Энхжингийн биед тархи доргилт, зүүн бугалга, бүсэлхийн зүүн дээд хэсэг, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад баримтуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч Д.М нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд орших өөрийн эцгийн байшин дотор хамт унтана унтахгүй, хөнжил байгаа байхгүй гэх шалтгаанаар өөрийн эхнэр С.Энхжинтэй маргалдаж, улмаар түүнийг цохьж, өшиглөснөөс хохирогчийн биед тархи доргилт, зүүн бугалга, бүсэлхийн зүүн дээд хэсэг, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.7.26-ны №9407 тоот шинжилгээний дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Чива овогт Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг эсэх, хэдий хэмжээний тогтмол орлоготой эсэх нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, холбогдох баримт ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн нь буруу, харин шүүгдэгч нь хохирогчийг 2017 оны 3 дугаар сарын 10, 7 дугаар сарын 21-нд тус тус зодсон, мөн хохирогчийн нэр дээрх хуваарьт орон сууцыг нь зарж авсан автомашиныг дураараа зарж борлуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан гэм буруутай байна гэж үзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай хэмээн маргаж байна.

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Мын өөрийн эхнэр С.Энхжинг 2017 оны 3 дугаар сард зодсон гэх, мөн оны 7 дугаар сард зодсон үйлдлүүдийг хэвшмэл шинжтэй буюу байнга зодсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэж байна. Мөн шүүгдэгчээс гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан гэх байдал нь нотлогдон тогтоогдоогүй байна. Харин хохирогчоос автомашины асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн хэмээн мэдүүлснийг дурдах нь зүйтэй. 

Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Чива овогт Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирлын нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мын урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ