Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 947

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Д.М-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор М.Очбадрах,

            шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

            хохирогч С.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Мод холбогдох 1711003000086 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чива овгийн Д.М, Улаанбаатар хотод 1971 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ......... дугаар хороолол, ....... дүгээр байрны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХА.................../,

 

Д.М нь 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд эхнэр С.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг шүүхээс тоггоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдаж, 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9407 дугаар дүгнэлт нь эргэлзээтэй, хөнгөн гэмтлийн шинжийг аль гэмтлээр агуулсан нь ойлгомжгүй, тархи доргилт гэмтэл хэзээ, хаана үүссэн болохыг яаж тогтоосон, хэсэг газрын үзлэгт яагаад дээрх тархи доргилт гэмтлийн талаар бичигдээгүй зэрэг нөхцөл байдал байсаар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байсныг шүүх анхаарч үзээгүй.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл яллагдагчаар татахгүй байх хугацаа өнгөрсөн байсныг хэлэлцээгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. ...” гэв.

 

Хохирогч С С.Э-гийн өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Энэ хэрэг 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд хоёр удаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэжээ. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй атлаа одоо шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж буй гол шалтгаан нь хохирогч С.Э-г Эрүүл мэндийн яаманд ажилладаг учир эмч нарт нөлөөлж дүгнэлт гаргуулсан гэж эргэлзэж байх шиг байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага юм.

Гэмт хэрэг гарсан өдөр С.Э нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн жижүүрийн эмчид үзүүлж дүгнэлтээ гаргуулсан. Тэгэхээр энэ дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн тархи доргилт гэмтэл нь өөрөө хөнгөн зэргийн гэмтлийн шинжийг агуулсан байдаг. Тэгэхээр бид эмч биш бөгөөд тусгай мэдлэг шаардсан ажлын юуг нь мэдэж эргэлзээтэй гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж өмгөөлөгч ярьж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаад явж байгаа хэрэгт энэ заалт нь хамаарахгүй. ...” гэв.

Хохирогч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээтэй зүйл байхгүй. ...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж мэтгэлзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9407 дугаартай шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй зүйл байхгүй  бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримт юм. Учир нь, уг дүгнэлтийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл хэсэгт ямар газар, ямар зовиуртай байсан талаар шинжээч эмч дүгнэлтдээ тодорхой тусгасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчид хохирогч өөрийн биеэр очиж үзүүлэн дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан тохиолдол байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий этгээд гаргадаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаа, тархи доргилт гэмтэл нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа гэх байдлаар анхан шатны шүүхийн шатанд маргаж мэтгэлзэж байсан. Энэ талаар хохирогчоос асуухад өөрөө очиж үзүүлсэн гэдэг бөгөөд энэ байдлаар шинжээчийн дүгнэлт гарсан гэж мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хуульд заасан хугацаанд яллагдагчаар татсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зохицуулалтыг хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Д.М нь 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд эхнэр С.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Э-гийн “... орой 23 цагийн орчим унтах гээд хүү, бид хоёр ор засаад хэвтэж байтал нөхөр хажуугаар орж ирсэн. Тэгэхээр нь “багтахгүй, өөр газар унт, эсвэл хөнжил авчираад унт” гэсэн чинь “чи намайг юу гээд байгаа юм” гээд атгасан гараараа  толгой, мөр рүү ханатай хавсарч тус бүр нэг удаа цохисон. Дахин хөлөөрөө зүүн ташаа орчим нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 13/, гэрч С.Энхтуяагийн “... дүү С.Э, нөхөр Д.М-д толгой, нуруундаа цохиулж, зодуулсан талаараа над руу мэссеж бичсэн. Тэр үед мэдсэн. С.Э цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25/, С.Э-гийн биед тархи доргилт, зүүн бугалга, бүсэлхийн зүүн дээд хэсэг, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 9407 тоот дүгнэлт /хх 28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.М-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хохирогч С.Эгийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хуульд заасан журмыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байх тул “хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах” талаар өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

 

Харин Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан  шийдвэрлэх үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                              М.ПҮРЭВСҮРЭН