Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 55

 

“Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Л.Атарцэцэг

                                                     Х.Батсүрэн

                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх №125/2013 тоот зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0610 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Н, Д.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Гуравдагч этгээд Д.З, түүний өмгөөлөгч Г.Ц, Д.Э, Р.Б нар

Нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэрээр Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх №125/2013 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0610 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан “Б ц” ХХК-ийн “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №125/2013 дугаар С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Н, Д.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд “хэдийгээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас анх олгосон 2013 оны 5 сарын 17-ны өдрийн 125/2013 дугаар С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга болох 34x15.4 хэмжээтэй, зоорьтой, 4 давхар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд уг барилгыг гүйцэтгэгч “Б ц” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, мөн уг зөвшөөрлийн хугацаа дуустал “Г к” ХХК барилгын гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажилласан ч тус газраас дээрх зөвшөөрлийн хугацааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгахдаа гүйцэтгэгч компанийн нэрийг өөрчлөөгүйг зөвтгөх боломжгүй. Бодит байдалд гүйцэтгэгч өөрчлөгдсөнийг захиалагч С сургуулийн зүгээс дээрх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргахдаа мэдэгдсэн гэдэг ч, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О “... Барилгын тухай хуульд зааснаар гүйцэтгэгч солигдох тохиолдолд манайд мэдэгдэх үүрэгтэй, харин сунгуулах хүсэлт гаргах батлагдсан маягтад өөрчлөгдсөн хуулийн этгээдийн нэрийг бичих хэсэг байдаггүй, түүнээс “Г к” ХХК-ийг гүйцэтгэж буйг мэдээгүйдээ сунгасан зүйл байхгүй...” гэх тайлбараас үзэхэд барилгын үндсэн гүйцэтгэгч нь "Б ц ” ХХК биш болсныг хариуцагч сунгалт хийх үедээ мэдэж байсан. С сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан, гэтэл тус сургуулиас сунгуулах хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нь Улсын Их Хурлаас мөн оны 2 дугаар зүйлийн 30.2-т заасан “зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргах”, 30.4-т заасан “барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол зөвшөөрлийг шинээр “тухай зохицуулалттай нийцэхгүй мэт боловч эдгээр нь С сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зөвшөөрөлд үйлчлэхгүй. Учир нь Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, ... хүчин төгөлдөр байна” гэж заасан, иймд хууль зүйн хувьд С сургуулийн зүгээс барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах, хариуцагчийн зүгээс уг хүсэлтийг үндэслэн сунгалт хийх шаардлагагүй байсан бөгөөд 2013 онд олгогдсон зөвшөөрлийн хугацаа 2015 онд дууссан ч, дээрх хуулийн дагуу өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч, гэрчилгээ олгох хүртэл хүчин төгөлдөр байхаар зохицуулсныг хариуцагч анхаараагүйгээс одоогийн маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэжээ.

4. Бодит байдалд С сургуулийн өргөтгөлийн барилгад “Г к" ХХК нь ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэх гэрээ нь хуурамч буюу байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд хийсэн хуурамч гэрээ болох нь доорхи баримтуудаар нотлогдоно.

Үүнд: Гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэх боловч А.А нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гэрчийн мэдүүлэг өгөхдөө албан тушаалаа “П А Э” ХХК-д ерөнхий инженер хийдэг, гэж мэдүүлсэн нь “Г к” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй, мөн мэдүүлэгтээ “би угсралтын ажилд л хяналтаа тавьсан. Засал, сантехник, цахилгаан ямар болсныг би мэдэхгүй” гэж хариулсан байдаг нь тухайн үед гэрээ хийгдээгүй байсныг харуулж байна. Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн арын хуудсанд “Г к” ХХК-ийн захирал С.Н гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед А.А нь захирлаар ажиллаж байгаагүй. С сургуулийн өргөтгөлийн барилгад Эрчим хүчний яамны мэргэжилтэн, Эрчим хүчний улсын байцаагч П.Д-ийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Ц.Ц, А.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан Барилгын ажлыг зогсоох тухай акт, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Н.Н-ын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №02-07-101 тоот актад ерөнхий гүйцэтгэгчээр “Бүрэн цутгамал” ХХК ажилласан болохыг тогтоосон байдаг. С сургуулийн дэд захирал З.Э нь 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт сунгуулах тухай хүсэлтээ гаргахдаа гүйцэтгэгч компаниа “Б ц” ХХК гэж бичсэн зэргээс харахад л хуурамч гэрээ гэдэг нь харагдаж байна. “Голомт констракшн” ХХК манай компанийг явснаас хойш 22 хоногийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийж, үлдэгдэл ажлыг гүйцэтгэсэн бол барилгын ажлын тэмдэглэл, ил, далд актууд бичигдэж, Барилгын тухай хуулийн 40.1.16 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авсан байх ёстой байсан бөгөөд Архивын ерөнхий газарт “Голомт констракшн” ХХК-ийн бичсэн эдгээр баримтууд огт байхгүй.

5. Уг магадлалд “түүнчлэн бодит байдалд барилгын гүйцэтгэгчээр “Б ц” ХХК-ийг өөрчлөлгүйгээр зөвшөөрөлд сунгалт хийснээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 806 дугаар тогтоолд “...хэрэгт авагдсан Барилга угсралтын ажлын талаар хийсэн зохиогчийн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 056-16 дугаар нэгдсэн дүгнэлтэд барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Г к” ХХК, туслан гүйцэтгэгчээр ТБ бүтээцээр “Б ц” ХХК гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 актад барилгын үндсэн гүйцэтгэгчээр “Г к” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Я и” ХХК, “М х” ХХК, “Э н” ХХК, “У” ХХК гэж тус тус тусгагдсан, мөн барилга байгууламжийн чанарын баталгааг гүйцэтгэгч “Г к” ХХК 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан зэргээс үзэхэд сунгалт хийхдээ “Б ц” ХХК-ийн нэрийг өөрчлөөгүйгээс Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үүрэг, хариуцлагыг хүлээх нөхцөл байдал нэхэмжлэгчид үүсэхээргүй байна” гэжээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь нэг талаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноороо эцсийн шийдвэр, нөгөө талаас нэхэмжлэгчийн маргах эрхийг л нээснээс бус нэхэмжлэл хангагдах үндэслэлийн нэг болохгүй. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 221/ШТ2018/0027 дугаартай тогтоолд “нэг нь барилга байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, нөгөө нь уг зөвшөөрлийн хүрээнд баригдсан барилгыг ашиглалтад оруулах шийдвэр байхад эдгээрт хамаарах маргааны үйл баримтыг нэг мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм” гэжээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх улсын комисстой холбоотой маргаан өөр үйл баримт гэж тогтоосон мөртлөө магадлалд улсыг комиссын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн 221/МА2018/0610 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зөвшөөрлийн хугацааг “барилга угсралтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэх” төрлөөр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан, нэхэмжлэгч “Б ц” ХХК нь уг сунгалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж “...хууль бус сунгалтын улмаас манай компанийн нэр ашиглагдаж хохирч байна, ... сунгалт нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учрах бодит нөхцөлийг бүрдүүлсэн” гэж маргажээ.

10. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албанаас барилгын захиалагч С сургуульд тус сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга /34.0х15.4 м хэмжээтэй зоорьтой, 4 давхар/-ыг барих барилгын гүйцэтгэгч “Б ц” ХХК-ийн нэр дээр 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 125/2013 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон, С сургуулийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус зөвшөөрлийн хугацааг “барилга угсралтын ажлыг иж бүрнээр гүйцэтгэх” ажлын төрлөөр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дугаар актаар С сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Барилгын тухай /2008 оны/ хуулийн 5 дугаар зүйлд барилгын талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлж, 5.1.3-т “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах болон барилгын ашиглалтын дүрмийг батлаж, мөрдүүлэх”-ээр заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохтой холбогдсон харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ээр тусгайлан зохицуулсан, уг дүрмийн 4 дүгээр хавсралтад “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах болон ашиглалтад оруулахад бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг, баримт”-ыг жагсаалтаар заажээ.

12. Энэ маргаан нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалттай холбоотой, дээрх “Дүрэм”-д барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан журамлаагүй ч төрийн захиргааны байгууллага нь “сунгуулах” тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ хүсэлтэд зайлшгүй хавсаргавал зохих бичиг баримтуудын бүрдлийг хянаж, зөрчилгүй, бодит байдалд нийцсэн шийдвэрийг гаргах үүрэгтэй.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд С сургуулийн захирал Д.З-гийн барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 3 жилээр сунгуулах тухай 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтэд барилгын гүйцэтгэгчийн нэрийг заагаагүй, хүсэлтэд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 125/2013 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-өөс өөр бичиг баримт хавсаргаагүй, хүсэлт гаргах үед барилгын ажлын гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “Б ц” ХХК нь ажиллаж байгаагүй, үүнийг хариуцагч мэдэж байснаа үгүйсгээгүй байна.

14. Иймд, дээрх “Дүрэм”-ийн 4 дүгээр хавсралтад заасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримтууд, тухайлбал, барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ зэргийг хүсэлт гаргагч нь өгөөгүй, энэ тохиолдолд “сунгалт”-ын хугацаанд барилгын гүйцэтгэгчээр ажиллах хуулийн этгээдийн талаархи мэдээлэл нь тодорхойгүй байхад барилгын гүйцэтгэгчийг тодорхойлох эдгээр бичиг баримтыг хариуцагч нь шаардалгүй улмаар гүйцэтгэгчийг тодорхойлолгүйгээр “сунгах” шийдвэр гаргасан нь хууль бус болохыг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

15. Харин, сунгалт хийсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан магадлалд тодорхой дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор заасанд нийцсэн, нэхэмжлэлийн хяналтын журмаар “... “Голомт констракшн” компанитай 2013.11.17-ны өдөр байгуулсан гэрээ нь хуурамч, гэрээг хуурамч болохыг прокурор тогтоосон” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй бөгөөд маргааны үйл баримтыг дурдаж гаргасан гомдлыг хангах боломжгүй.

16. Түүнчлэн, сунгалт хийх захиргааны актыг гаргах үед 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/ үйлчилж байсан ба Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал тус тус хүчин төгөлдөр байх”-аар заасан, энэ тохиолдолд С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгад 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон 125/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” нь тус барилгыг ашиглалтад оруулсан 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчинтэй, иймээс зөвшөөрлийн хугацааг сунгасан захиргааны акт нь агуулгаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй.

17. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцсэн байна.

18. Иймд, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0610 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ