Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0610

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0610

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд С сургуулийн захирал Д.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц, Д.Э, С.Б, Р.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нарын давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх .......... дугаар зөвшөөрлийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэрээр:

“Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх ......... дугаар тусгай зөвшөөрлийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Харин 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ........ дугаар актаар “С” сургуулийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. Уг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ........... дугаар актад “Г” ХХК, “Я” ХХК зэрэг компаниуд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан гэж тусгагдсан ба харин уг актад “Б” ХХК-ийн нэр тусгагдаагүй байна. 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ......... дүгээр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш маргаан бүхий барилгын ажлыг “Г” ХХК гүйцэтгэсэн болох нь нотлогддог бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно” гэжээ.

Бодит байдалд “Г” ХХК нь “С” сургуулийн өргөтгөлийн барилгад огт ажил хийгээгүй буюу шанага шавар ч зуураагүй, ширхэг тоосго ч өрөөгүй. Улсын комисст өгөхийн тулд хуурамч гэрээ хийснийг Улсын ерөнхий прокурор эрүүгийн журмаар шалгаж тогтоосон. /Улын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр/ Энэ талаар хавтаст хэрэгт байгаа баримт болон шүүх хуралдаанд мэдүүлсээр байтал шүүх “нотлогдсон” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан захиргааны актыг барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт гэж үзэхээргүй. Өөрөөр хэлбэл Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан захиргааны акт нь барилгын чанарын доголдлын улмаас бусдад учирсан хохирлыг “Б” ХХК хариуцах эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт биш.

“С” сургуулийн өргөтгөл, спорт заалны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйлдэл нь барилгын чанарын доголдлын улмаас үүсэх хариуцлагыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт биш юм” гэжээ.

Бодит байдалд 2016 оны Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-д “барилгын ажил гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг гэж заасан ба “Г” ХХК хуурамч гэрээ хийснийг Улсын ерөнхий прокурор эрүүгийн журмаар шалгаж тогтоосон.

Өөрөөр хэлбэл одоо “С” сургуультай барилга угсралтын гэрээ хийсэн хуулийн этгээд бол “Б” ХХК. Хэрвээ энэ өргөтгөлд магадгүй 10, 20-н жилийн дараа асуудал үүсвэл хууль хяналтын байгууллага хамгийн түрүүнд Үндэсний төв архивт байгаа тус барилгын өргөтгөлийн барилгад байгаа хувийн хэрэгт үзлэг шинжилгээ хийх бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш “Г” ХХК-тай холбоотой бичиг баримт /ганцхан гүйцэтгэлийн баталгаа гэх нэг хуудас баримтыг эс тооцвол/ байхгүй байгаа нь “Б” ХХК 2013 оны 10 дугаар сарын 25-ны хойших хийгээгүй ажлын төлөө Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үүрэг, хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсэх юм. /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2017/0806 дугаар тогтоол/

Шүүхийн шийдвэрт “...Мөн хариуцагчаас олгосон “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтад “Б” ХХК-ийн нэр тусгагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэжээ.

Бодит байдалд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2017/0806 дугаар тогтоолд “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “С” сургуульд олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сунгахдаа гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийн нэр дээр бичигдсэн байгаа” гэж тусгасан бөгөөд энэ тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар эцсийн тогтоол байтал анхан шатны шүүх биелүүлээгүй нь хууль бус юм.

Шүүхийн шийдвэрт “...Иймд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан сунгалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт биш юм” гэжээ.

Бодит байдалд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2.1-д зааснаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэгч компанид олгохоор заасан байдаг.

Тийм ч учраас “Б” ХХК-ийн нэр дээр олгогдсон. Шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасны дагуу зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг өгөх ёстой байсан. Гэтэл зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа сунгасан нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа хэдий ч уг маргаж буй үндэслэл, зөвшөөрлийн хугацаа сунгасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүйг нотлох үндэслэл болж чадахгүй буюу нэхэмжлэлийн хангах хэмжээний үндэслэл болохгүй” гэжээ.

Бодит байдалд Барилгын тухай хууль 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан бөгөөд Төрийн мэдээлэл сэтгүүлд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гарсан тул “С” сургууль сунгуулах хүсэлт өгөхөөс хоёр хоногийн өмнө буюу албан ёсоор хэрэгжиж эхэлснийг Нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн агентлагийн албан хаагчид мэдсээр байж, сунгалтыг хууль бусаар хийснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэл болохгүй байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Энэ хуулийн 30.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй, барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол энэ хуулийн 27.2, 28.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авна гэж заасан байдаг.

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан байдаг. “С” сургуулийн дэд захирал З.Э сунгуулах хүсэлтээ 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргахдаа “Б” ХХК-г гүйцэтгэгч компани гэж бичсэн. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хугацаа нь дууссан тул Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д заасны дагуу шинээр тухайн үед үнэхээр “Г” ХХК байсан бол нэр дээр олгох ёстой. 2008, 2016 оны Барилгын тухай хуульд зааснаар “Г” ХХК өөрийн нэр дээр зөвшөөрөл авах үүрэгтэй болгох байтал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хууль зөрчиж сунгалт хийсэн.

Эцэст нь дүгнэхэд “С” сургуулийн захирал Д.З манай компанийн ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөр болох 500.0 сая төгрөгийг өгөхгүй, улсын комисст оруулахгүйн тулд олон олон башир аргаар төрийн байгууллага, албан тушаалтнуудыг ашиглан хууль бус үйлдлүүд хийсэн.

Үүнд Б.Б, “Б” ХХК-ийг зохиомол эрүүгийн гурван хэрэгт гүтгэж, 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр шалгуулсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхээс Б.Б намайг цагаатгасан.

Шүүхэд худал мэдүүлэг өгч гэмт хэрэгт гүтгэсэн “А” ХХК-ийн инженер Б.Б Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байна.

“С” сургуулийн өргөтгөлийн барилгыг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авахдаа улсын комиссын гишүүд болох Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э тэргүүтэй албан хаагчид албан тушаалдаа хайнга хандсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүссэн.

“С” сургуульд давуу байдал үүсгэн, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчин Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт гаргасан П.Д нарын 3 хүний Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрхийг МХЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар цуцалсан.

Архивын ажилтан Б.Н улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллахдаа, архивт бичиг баримт хүлээн авахдаа алдаа гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл авсан.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг “С” сургуульд өгч ажлын хариуцлага алдсан шүүгчийн туслах Н.У ажлаасаа халагдсан.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн хяналтын инженер Н.Б комиссын актанд алдаа гаргасан тул арга хэмжээ авахуулсан.

“С” сургууль, “Г” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хуурамч болохыг Улсын ерөнхий прокурор тогтоосон бөгөөд одоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл” болохыг тогтоолгохоор хэрэг маргаан үүсэн хянагдаж байна.

“С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад “Г” ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгчээр хүлээн авсан нь Барилгын тухай хуулийн зохих заалтанд нийцээгүй болохыг НМХГ-аас 2017 оны 3 дугаар сарын 24-ний тогтоосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ц “С” сургуультай холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэрэг үүсгэхээс удаа дараалан үндэслэлгүйгээр татгалзсан учир ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд сахилгын хэрэг үүсэн шалгагдаж байгаа.

Өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлыг гүйцэтгэсэн “М” ХХК 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад авах улсын комисст хүлээлгэн өгөхдөө барилгын тусгай зөвшөөрөлгүй байсан /тусгай зөвшөөрлөө 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр авсныг МБҮА-ийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичигт дурдсан/ нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14.6-т заасныг зөрчсөн.

Улсын комисст өгөхийн тулд “С” сургууль “Э” ХХК-тай “Зохиогчийн хяналтын гэрээ”-г хуурамчаар хийсэн байсан тул гэрээг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсэн шалгагдаж байна.

“С” сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан комиссын үйл ажиллагааг шалгаж байсан МХЕГ-ын төлөвлөгөөт бус ажлын хэсгийг дүгнэлтээ гаргахыг даалгах, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг маргаан үүсэн шалгагдаж байгаа.

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүн хууль бус болохыг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд иргэний хэрэг үүссэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй захиргааны актыг НХТЕТГ гаргасан байхад миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дугаар шийдвэрт гомдол гаргаж байгааг хүлээн авч, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нар мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдал, үр дагаварт дүгнэлт хийлгүй орхигдуулж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан захиргааны актыг барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан захиргааны акт нь барилгын чанарын доголдлын улмаас бусдад учирсан хохирлыг “Б” ХХК хариуцах эрх зүйн ур дагаврыг үүсгэсэн захиргааны акт биш байна” гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цуцлагдсан, улмаар цаашид “Б” ХХК барилгын ажлыг гүйцэтгэхгүй болсон байхад тус компанийн нэрийг барьж худал мэдээлэл өгч Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх ....... дугаар зөвшөөрлөөр үргэлжлүүлэн сунгалт хийлгэж компанийн нэрийг зөвшөөрөлгүйгээр ашиглан эрх, ашиг сонирхолыг нь хөндсөн акт гаргуулсан байгаа талаар маргасан байхад шүүхээс “Сунгасан акт”-ын үр дагаврыг “...барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн доголдлыг хэн хариуцахыг тодорхойлсон захиргааны акт гэж үзэхээргүй байна” гэж явцууруулан тайлбарлаж, тийм үр дагаврыг тодорхойлсон акт гэж үзэхээргүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Ингэж дүгнэсэн зүйл нь нөгөө талдаа “Компанийн нэр”-ийг зөвшөөрөлгүйгээр ашиглан “Сунгасан акт” гаргуулж компанийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн “Бодит үр дагавар”-ын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй орхигдуулсан. Шүүх зөвхөн барилгын чанарын доголдлын улмаас бусдад учирсан хохирлыг “Бүрэн цутгамал” ХХК хариуцах эрх зүйн үр дагаврын үүсгэсэн захиргааны акт биш байна гэх хэсэгт анхаарлаа хандуулж, харин “Хуулийн этгээдийн нэр”-ийг хөндөөд байгаа нөхцөл байдал, үр дагаврыг зөв тодорхойлж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, улмаар энэ хэсэгтэй холбоотой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй, бодит байдлыг гажуудуулан дүгнэлт хийсэн тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагчаас олгосон “С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн сунгалтад “Б” ХХК-ийн нэр тусгагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэжээ.

Гэтэл “шүүхээс тэмдэглэж байна” гээд байгаа нотлох баримт нь 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 125/2013 дугаар бүхий барилгын ажлын гүйцэтгэгчээр “Б” ХХК гэж олгосон анхны “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийн сунгалт юм. Тэрнээс биш анх олгосон зөвшөөрлөөс өөр “Шинээр” барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон зүйл огт биш бөгөөд энд “Б” ХХК-ийн нэр тусгагдаагүй болохыг “тэмдэглэж байна” гэж субьектив агуулгаар “Бодит байдлыг гажуудуулж” дүгнэлт хийсэн. Зүй нь өмнөх зөвшөөрлийг сунгаж байгаа тохиолдолд гүйцэтгэгч компанийн нэрийг угаас заадаггүй бөгөөд тийм “Нөхцөл бүхий бланк” юм. Гэтэл энд “Гүйцэтгэгч компанийн нэрийг заадаг, тэнд “Б” ХХК-ийн нэрийг заагаагүй байгаа” мэтээр дурдан тэмдэглэсэн нь шүүхээс бодит байдлыг гажуудуулсан, нэг талыг барьсан шийдвэр гаргахад хүргэсэн. Харин шүүхээс заавал дүгнэлт өгөх ёстой байсан нотлох баримт болох “С” сургуулийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан өмнөх барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлийг сунгуулахаар гаргасан хүсэлт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүй, орхигдуулсан, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байдалд хүргэсэн.

Энэ нотлох баримтад буюу хүсэлтэд барилгын ажлыг “Ямар компани гүйцэтгэхийг нөхөн бөглөх хэсэг”-т “Б” ХХК гэж гараар бичиж хүсэлтээ гаргасан байдаг. Сунгуулахаар хүсэлт гаргасан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө буюу 2013 оны 10 дугаар сард талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж “Б” ХХК хийж гүйцэтгэхээ больсон байхад “С” сургууль “Б” ХХК-ийн нэрийг хууль бусаар ашигласан байхад уг зөвшөөрлийн сунгалтыг “Б” ХХК-ийн нэр дээр гаргасан байгаа нь бодит байдал, түүнийг нотолсон хавтаст хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлээгүй төдийгүй гажуудуулан дүгнэлт хийсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж дүгнэлт хийсэн, зарчмын хувьд зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үүнээс үзэхэд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дугаар .......... дүгээр актад гүйцэтгэгч “Г” ХХК, “Я” ХХК гэж тусгагдсан байх тул барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан сунгалт биш, харин ашиглалтад оруулах комиссын акт нь барилгын чанарын доголдлыг хэн хариуцахыг илүү тодорхойлсон захиргааны акт гэж үзэхээр байна” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж маргаж буй захиргааны актын үр дагаврын талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, маргаагүй захиргааны актын үр дагаврын талаар дүгнэлт хийж, илүү тодорхойлсон гэх үндэслэлгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Нөгөө талаар шүүхийн энэ дүгнэлт нь “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн сунгалт” хууль зүйн үр дагаврын хувьд барилын чанарын доголдлыг хэн хариуцахыг тодорхойлсон гэж үзэх боловч ашиглалтад оруулах комиссын акт “илүү” тодорхойлсон харин маргаж буй сунгалт нь “бага” тодорхойлсон гэж үгэн утгаараа ойлгогдохоор дүгнэлт хийсэн.

Хэрэв шүүхээс ийнхүү дүгнэж байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зарчмын хувьд ямарч боломжгүй юм. Ингээд зогсохгүй “Сунгалт хийсэн акт” нь “Б” ХХК-ийн нэр дээр олгогдох ёсгүй байхад тус “Компанийн нэр”-ийг ашиглан олгогдсон, түүний улмаас компанийн нэртэй холбоотойгоор эрх, ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ач холбогдолгүй “барилгын чанарын доголдлыг хэн хариуцахыг тодорхойлсон” эсэх талаар дүгнэлт хийж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Мөн шүүх “...нэхэмжлэгч нь “С” сургуулийн буюу захиалагчийн гаргасан зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн хүсэлтэд “Б” ХХК-ийн нэр тусгагдсан нь манай эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж буй боловч захиалагчийн гаргасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн хүсэлт эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжтэй захиргааны акт биш тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой, ойлгомжтой гаргасан байхад шүүхээс “...хүсэлт нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжтэй захиргааны акт биш” гэж нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлоогүй, нэхэмжлэгчээс “Хүсэлтийг захиргааны акт” гэж огт маргасан зүйл байхгүй байхад ингэж маргасан мэтээр өөрийн үзэмжээрээ “Акт биш”, “Захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлага болгон үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүх өөрөө хийсвэрлэн гаргаж ирсэн нь “Хүсэлт нь захиргааны акт биш” гэх ойлгомжгүй дүгнэлтээр нэхэмжлэлийн бодит шаардлагыг бүхэлд нь нялзаан “Үндэслэлгүй” гэж тайлбарласан. Энэ нь хууль ёсны байх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрлэх, үндэслэл бүхий байх зэрэг зарчмыг алдагдуулснаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадахгүйд хүргэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг тайлбарлан хэрэглэхдээ буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд шүүхээс актын шинжийг тайлбарлахдаа “...“С” сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгасан 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн сунгалт нь дээрх хуульд заасан нэхэмжлэгч рүү чиглэсэн захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээргүй” гэж дүгнэжээ.

Гэтэл Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг ойлгоно” гэж заасан ба Монгол Улсад барилгын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааг эрхлэхийн тулд хуулиар заавал “тусгай зөвшөөрөл” шаарддаг, ийм тусгай зөвшөөрөлтэй компани хуулийн дагуу хийж гүйцэтгэх боломжтой. Энэ утгаараа тусгай зөвшөөрөл бүхий компанид “барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч эрх бүхий байгууллагаас олгодог онцлогтой зөвшөөрөл. “С” сургууль ийм тусгай зөвшөөрөл байхгүй учир тусгай зөвшөөрөл бүхий компани болох “Б” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г анх байгуулж, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл уг зөвшөөрлийг сунгасан сунгалт нь барилгын ажлыг гүйцэтгэгч компани болох “Б” ХХК руу шууд чиглэсэн, ингэхдээ “Б” ХХК нь “С” сургуультай байгуулсан гэрээ цуцлагдан барилгын ажлыг гүйцэтгэхгүй болсон байхад “Б” ХХК-ийг гүйцэтгэхээр зөвшөөрч шууд чиглэсэн шинжтэй байхад нэхэмжлэгч рүү чиглэсэн шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн тухай” 221/ШТ2017/0806 дугаар тогтоолд “...“Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэлтэй биш байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “С” сургуульд олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сунгахдаа гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийн нэр бичигдсэн байгаа нь нэхэмжлэл гаргасан хуулийн этгээдэд гүйцэтгээгүй ажлынхаа төлөө Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үүрэг, хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсч болзошгүй тул энэхүү захиргааны акттай маргах эрхгүй гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсээр байхад давж заалдах шатны шүүхийн тогтоолыг үгүйсгэж үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадахгүйд хүргэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасныг зөрчсөн.

Зөвшөөрлийн сунгалтыг хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн 1.2.1-д “Барилгын ажлыг эхлүүлэх гэж Барилгын тухай хуулийн 13.2, 13.3-т заасны дагуу барилгын норм, нормативын баримт бичгийг баримтлан боловсруулж, магадлал хийсэн зураг төслөөр баригдах барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдэд барилгын ажил эхлүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ойлгоно” гэж хэнд олгож байгаа үйл ажиллагааг ойлгохыг тодорхой заасан байхад бодит байдлаас өөрөөр тайлбарлаж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой шаардлагыг хангаагүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн барилгыг гүйцэтгэх хуулийн этгээдэд, эсхүл хөрөнгө оруулагч болон захиалагчийн хэнд нь олгосон эсэхээс үл хамааран хууль зүйн хувьд зөрчилгүй, агуулгын хувьд алдаагүй байх шаардлагатай.

Хэдийгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас анх олгосон 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаар С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга болох 34х15.4 хэмжээтэй, зоорьтой, 4 давхар ЦТБКарказан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд уг барилгыг гүйцэтгэгч “Б” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, мөн уг зөвшөөрлийн хугацаа дуустал “Г” ХХК барилгын гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажилласан ч тус газраас дээрх зөвшөөрлийн хугацааг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 3 жилийн хугацаагаар сунгахдаа гүйцэтгэгч компанийн нэрийг өөрчлөөгүйг зөвтгөх боломжгүй.

Бодит байдалд гүйцэтгэгч өөрчлөгдсөнийг захиалагч С сургуулийн зүгээс дээрх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргахдаа мэдэгдсэн гэдэг ч, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О “…Барилгын тухай хуульд зааснаар гүйцэтгэгч солигдох тохиолдолд манайд мэдэгдэх үүрэгтэй, харин сунгуулах хүсэлт гаргах батлагдсан маягтад өөрчлөгдсөн хуулийн этгээдийн нэрийг бичих хэсэг байдаггүй, түүнээс “Г” ХХК-ийг гүйцэтгэж буйг мэдээгүйдээ сунгасан зүйл байхгүй…” гэх тайлбараас үзэхэд барилгын үндсэн гүйцэтгэгч нь “Б” ХХК биш болсныг хариуцагч сунгалт хийх үедээ мэдэж байжээ.

Энэ тохиолдолд “…сунгалтын маягтад өөрчлөлтийг оруулах хэсэг байхгүй, эсхүл Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэгчид бус захиалагчид өгдөг…” гэх үндэслэлээр барилгын ажлыг гүйцэтгэхгүй байгаа “Б” ХХК-ийн нэрийг өөрчлөхгүйгээр сунгалт хийсэн нь хууль бус шийдвэр юм.

Зөвшөөрлийн хугацааг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан захиргааны акт нь барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хамт хүчинтэй, эдгээрийг нэгтгэн дүгнэхэд Сант сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч нь “Г” ХХК бус харин “Б” ХХК гэж ойлгогдох бөгөөд үүнийг ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О хүлээн зөвшөөрсөн болно.

С сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан, гэтэл тус сургуулиас сунгуулах хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нь Улсын Их Хурлаас мөн оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан “зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргах”, 30.4-т заасан “барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан бол зөвшөөрлийг шинээр авах” тухай зохицуулалттай нийцэхгүй мэт боловч эдгээр нь С сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зөвшөөрөлд үйлчлэхгүй.

Учир нь Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, …хүчин төгөлдөр байна” гэж заасан, иймд хууль зүйн хувьд С сургуулийн зүгээс барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах, хариуцагчийн зүгээс уг хүсэлтийг үндэслэн сунгалт хийх шаардлагагүй байжээ.

Өөрөөр хэлбэл 2013 онд олгогдсон зөвшөөрлийн хугацаа 2015 онд дууссан ч, дээрх хуулийн дагуу өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч, гэрчилгээ олгох хүртэл хүчин төгөлдөр байхаар зохицуулсныг хариуцагч анхаараагүйгээс одоогийн маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Түүнчлэн бодит байдалд барилгын гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг өөрчлөлгүйгээр зөвшөөрөлд сунгалт хийснээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 806 дугаар тогтоолд “…Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас С сургуульд олгосон барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сунгахдаа гүйцэтгэгчээр “Бүрэн цутгамал” ХХК-ийн нэр бичигдсэн байгаа нь нэхэмжлэл гаргагч хуулийн этгээдэд гүйцэтгээгүй ажлынхаа төлөө Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үүрэг, хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсч болзошгүй тул энэхүү захиргааны акттай маргах эрхгүй гэж үзэх боломжгүй байна…” гэснийг маргааны үйл баримтад хийсэн дүгнэлт гэж үзэхгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь нэг талаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноороо эцсийн шийдвэр, нөгөө талаас нэхэмжлэгчийн маргах эрхийг л нээснээс бус нэхэмжлэл хангагдах үндэслэлийн нэг болохгүй.

Хэрэгт авагдсан Барилга угсралтын ажлын талаар хийсэн зохиогчийн 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 056-16 дугаар Нэгдсэн дүгнэлтэд барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Г” ХХК, ТБ бүтээцээр “Б” ХХК гэж; Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 актад барилгын үндсэн гүйцэтгэгчээр “Г” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Я” ХХК, “М” ХХК, “Э” ХХК, “У” ХХК гэж тус тус тусгагдсан, мөн Барилга байгууламжийн чанарын баталгааг гүйцэтгэгч “Г” ХХК 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан зэргээс үзэхэд сунгалт хийхдээ “Б” ХХК-ийн нэрийг өөрчлөөгүйгээс Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үүрэг, хариуцлагыг хүлээх нөхцөл байдал нэхэмжлэгчид үүсэхээргүй байна.

Түүнчлэн зөвшөөрлийн сунгалт Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу хүчингүй болсон талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09/2584 дүгээр албан бичигт дурдсан, мөн Барилгын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу С сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгснөөр маргаан бүхий сунгалтын хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангалгүйгээр, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Харин шүүхийн шийдвэрт “…сунгалтад “Б” ХХК-ийн нэр тусгагдаагүй, …сунгалтыг нэхэмжлэгч рүү чиглэсэн захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээргүй, …сунгалт нь барилгын чанарын доголдлыг хэн хариуцахтай холбоогүй тул эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжгүй…” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд хэрэв ингэж дүгнэх тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртайг анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0579 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ........... дугаар С сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хугацаа сунгалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН