Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0040

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.А

Шүүгдэгч                                                       М.М

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 295 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.А-н эсэргүүцлээр шүүгдэгч М.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Х овогт М-н М,

М.М нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Биеийн тамирын сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж, төгсөөгүй атлаа 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр          аймгийн         сумын          дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилд орохдоо 2019 онд тус сургуулийг төгссөн гэх       дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус сургуульд ажилласан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: М.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, М.Мд холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын Газарт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан   дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн хуурамч дипломыг хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.А эсэргүүцэлдээ:

 

... Шүүгдэгч М.М нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Биеийн тамирын сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй атал 2019 онд төгссөн гэх      дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж       аймгийн     сумын        дугаар сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн         дугаартай тушаалаар анх ажилд томилогдож, мөн захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн         дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг хугацаанд нийт 22.621.279 төгрөгийн цалин хөлс олгож үүнээс 9.975.618 төгрөгийг суутгалд төлж, 12.645.661 төгрөгийг гарт буюу өөрт нь олгосон нь Нийгмийн даатгалын лавлагаа буюу цалингийн задаргаа, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд ойлгомжтой, тусгай мэдлэг бүхий шинжээч зайлшгүй томилох шаардлагагүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно. ...” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас шүүгдэгч М.М-г үйлдсэн гэмт хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба тухайн зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 12.645.661 төгрөгийн орлогыг шүүгдэгчээс гаргуулах саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлын талаар маргаагүй буюу хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Харин шүүхэд хандан уг 12.645.661 төгрөгийн хохирлыг багасгаж өгөх хүсэлтийг амаар гаргахдаа “... цаашид ажил хөдөлмөр эрхэлнэ, тэгэхээрээ уг мөнгийг төлж барагдуулна ...” гэсэн боловч шүүхээс хохирлын хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд багаар тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхээс яллагдагч нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэх боломжтой ба яллагдагчийн шүүхэд хандаж гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 295 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

 Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж хэргийг даруй шилжүүлнэ.

 

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх юм.

 

Хэдийгээр М.М нь Орхон аймгийн Прокурорын газарт “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа... ” гэсэн хүсэлтийг гаргаж, прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх боловч

шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “ ...тус сургуульд ажиллаж, хөдөлмөрлөсөн цалингаа авсан. Ажилгүй байгаа тул цалин 12.645.661 төгрөгийг төлнө гэхэд хэцүү байна. Мөнгөний хэмжээг багасгаж өгнө үү... ” гэж мэдүүлсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг “учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн, мөн уг хохирлыг хэдийд, хэрхэн төлж барагдуулах талаар бодитоор илэрхийлсэн байх”-ыг ойлгох ба дээр дурьдсан нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх, мөн хохирлоо нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнээс гадна энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна.

 

Тодруулбал: Хэргийн үйл баримтаас үзэхэд М.М нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл         аймгийн        сумын          дугаар сургуулийн биеийн тамирын багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааруулна.

 

Шүүгдэгч нь хуурамч диплом ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй юм.

 

Прокуророос “... нийт 22.621.279 төгрөгийн цалин хөлс олгож үүнээс 9.975.618 төгрөгийг суутгалд төлж, 12.645.661 төгрөгийг гарт буюу өөрт нь олгосон, ... тусгай мэдлэг бүхий шинжээч зайлшгүй томилох шаардлагагүй...” гэсэн байх боловч М.М-н тус сургуульд ажилласан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэр зэргийг тооцож улсын төсөвт учруулсан хохирлыг нарийвчлан тогтоолгох шаардлагатай байна.

 

Иймд шүүгдэгч М.Мд холбогдох хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                С.УРАНЧИМЭГ